В.ЭНХЦЭЦЭГ: Цагдаа нарынхаа дэмжлэгээр ажлаа хийгээд л явж байна

УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа нийслэлд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болж энэ үеэр таван хүн амь насаа алдаж, олон арван хүн гэмтэж бэртсэний олонх нь цагдаагийн алба хаагчид байсан. Төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, нийгмийн хэв журам сахиулах албаа гүйцэтгэж явсан олон офицер, ахлагч энэ эмх замбараагүй байдлын улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, зарим нь цагдаагийн албанд тэнцэхгүй болж ажлаасаа гарсан нь ч бий.

Гэмтсэн цагдаа нараас нэг бус хүн өвчин нь хүндэрсний улмаас хорвоог орхисон. Тухайн үед Эргүүл хамгаалалтын газар, өдгөө Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтэст ажиллаж буй ахмад В.Энхцэцэг 2008 оны долдугаар сарын 1-нд тархиндаа гэмтэл авсан юм. Тэрбээр МАХН-ын төв байрны үүдэнд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаад хэн нэгний шидсэн том чулуунд оногдсоноос эмчийн хяналтад орж, байсхийгээд л эмнэлэгт хэвтдэг болжээ. Тухайн үед Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн эмч нар гэмтлийг хөнгөнд тооцсон ч, унаж, татдаг хүн болсоор таван жилийг ардаа орхижээ. Хэдий тийм ч тэрбээр ажлаа хийсээр байгаа юм.

Одоогоос гурван жил орчмын өмнө түүнтэй уулзахад тэрбээр тухайн үеийн ТТАХНЭ-т хэвтэж эмчлүүлэн, бие нь нэлээд хүнд байсан юм. Түүнийг эргүүлд гарч байх үед нь ярилцлаа.

-Та бид хоёр гурван жил орчмын өмнө, таныг эмнэлэгт байхад уулзаж ярилцаж байсныг бодвол бие тань сайжирчээ.

-Тийм ээ. Тэр үед бие маань маш хүнд байсан. Гэмтлээсээ болж ухаан санаа маань ч тийм сайнгүй байсан үе шүү дээ. Одоо харин сайн эмч, хамт олныхоо буянаар нэг үеэ бодвол сайжирсан. Цагдаагийн алба хаагч хамт олныхоо дэмжлэгээр ажлаа хийгээд явж байна. Гэхдээ л байсхийгээд эмнэлэг барааддаг.

-Гурван хүүхэд чинь дажгүй биз дээ. Таныг эмнэлэгт хэвтэхэд хоол цай дөхүүлж өгч чадаж байна уу?

-Өнгөрсөн намраас гурван хүүхэд маань ээлжилж өвчин ороогоод, жаахан тиймхэн байсан. Том нь хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг чамд би ярьж байсан байх. Тэр маань эмнэлэгт хэвтээд, хоёр дүү нь ч бас гэмтэж бэртээд хэцүү л байлаа. Одоо харьцангуй гайгүй болсон. Нөхөр маань биднийг орхиод явсан болохоор би хүүхдүүдийнхээ хамтаар хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг юм. Том хүү маань миний асрамжинд байхгүй бол болдоггүй тул хамтдаа л байдаг. Биднийг эмчилдэг эмнэлгийнхэн маань ч таньдаг болоод байгаа байх.

-Яагаад хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг гэж. Төлбөрийг нь та хэд төлөхөд хүнд байгаа биз дээ?

-Хэвлэлийнхэн та нар миний амьдралын тухай олон нийтэд ойлгуулж өгснөөр сайн санаат хүмүүс надад тусалсан юм. Нэгэн гэр бүлийнхэн намайг “Монг-Эм” хэмээх хувийн эмнэлэгт хандахыг зөвлөснөөр доктор Мэндсайхан гэж сайн эмчийн гараар эмчлүүлж, овоо сайн болоод байгаа минь энэ. 2011 онд танай сонинд ярилцлага өгч байхдаа би туранхай, цонхигор царайтай, юмаа мартдаг хэцүү хүн байсныг чи санаж байгаа биз дээ. Одоо тэр үеэ бодвол шал өөр болсон. Тэр эмнэлгийн эмч нар уламжлалт эмчилгээ хийснээр бие минь сайжраад байгаа юм. Хувийн эмнэлэг мэдээж төлбөртэй байлгүй яах вэ дээ. Цалингийн зээл аваад төлбөрийг нь төлөөд, дөрвүүлээ хэвтдэг. НЦГ-аас надад тусламж болгож тодорхой хэмжээний мөнгө шийдэж өгснийг нь шууд л эмчилгээнийхээ төлбөрт шилжүүлсэн.

-Нэг хэсэг таны бие улам дордож, ажилдаа явчихаад харихдаа гэрээ олохгүй болсон байсан гэж Цагдаагийн ар гэрийн холбооныхон хэлж байсан.

-Өнгөрсөн жил тийм байсан. Энэ жил овоо гайгүй байгаа шүү. Энэ бол сайн эмч нарын л буян гэж бодож байгаа. Чих шуугин, толгой өвдөж, даралт огцом өснө. Заримдаа хөл гуйвж, удаан ярихаар хэл орооцолдоод байдаг маань харьцангуй гайгүй болж байна. Түүнээс биш хүнд арга хэмжээ авах гэж суухдаа л ухаан балартаад унадаг байсан юм.

-Одоо та дөрөв хаана амьдарч байна. Түрээсийн байранд л байна уу?

-Ажилдаа ойр гэж бодоод Хайлаастад айлын байшин хөлсөлж байгаа. Ус, түлээ, нүүрс гээд зарлага ихтэй юм. Өмнө нь 32-ын тойрог, Гандангийн дэнж орчимд байшин түрээсэлж амьдарч байсан. Жил бүр түлээ нүүрсний үнэ нэмэгдэж байгаа болохоор түрээсийн байшинд байх хэцүү л байгаа. Харин өнгөрсөн долоо хоногт надад “Ахмадын орон сууц”-анд байранд орох гэрчилгээ олгосонд маш их баяртай байгаа. НЦГ-аас 10-аад алба хаагчийг үүнд хамруулсны нэг нь би. Одоо бид дөрөв 37 ам.метр талбайтай орон сууцанд амьдарна гээд баяртай л байна. Материалаа бүрдүүлээд очтол дараалал ихтэй байгаа учраас ирэх долоо хоногт ир гэсэн. Тэр болтол материалаа бүрдүүлж амжина. Хэд хоног түрээсийн байрандаа тэсэж байгаад орно доо. Түрээсийн байшинд ус, түлээ нүүрс зөөж хэрэглэх, энэ орон сууцанд төлбөр төлөх хоёрын орон сууцны төлбөр нь хямд байгаа учраас би байранд орох болсондоо баяртай байгаа. Энэ дашрамд НЦГ болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн удирдлага, хамт олондоо маш их талархаж буйгаа илэрхийлье.

-Эргүүлд гарч байхдаа ядарч байна уу?

-Сайн залуучуудтай хамт явдаг болохоор тэд маань намайг дэмжээд, би ажлаа хийгээд л явж байна. Ажлаа хийж цалингаа авахгүй болохоор хүүхдүүдийг минь надаас өөр тэжээх хүн байхгүй юм чинь. Группт орчихвол тэтгэвэр бага тогтоогдох болохоор би тэсээд л ажлаа хийж явна. Ирэх жил би тэтгэвэрт гарч магадгүй. Манай хамт олон ч тэтгэвэрт гартлаа ажиллаж бай гэсэн болохоор би тэднийхээ дэмжлэгээр ажлаа хийж явна. Заримдаа машинт эргүүлийн офицероор хонох үе ч бий. Өнгөрсөн зун Хүй долоон худагт 3000 морьтны наадам болох үеэр намайг тийш нь хамгаалалтад явуулах гэж байсан юм. Тэгэхэд дарга нар маань бие муутай хүн эндээ жижүүрт гар гэсний дагуу би үлдсэн. Тэгтэл нэг согтуу нөхөр агсам тавиад манай хэлтсийн хонгилд байдаг хяналтын камерийн дор намайг цохиж унагасан. Согтуу хүнд цохиулж унаснаас бас л гэмтэж, “Тархины зураг авахуул” гэж байсан л даа. Гэвч тэр үед мөнгө төгрөгний хүрэлцээгүй байдлаас болоод авахуулж чадалгүй өнгөрсөн.

Тэрбээр ийнхүү ярьсаар албан үүргээ гүйцэтгэхээр явсан юм. Тэрбээр эмнэлэгт босож чадахгүй хэвтэж байхад нь орхиод явсан нөхрийнхөө талаар нэг их зүйл ярихыг хүссэнгүй. Харин орон сууцанд хамруулсанд үнэхээр баяртай, эрхийн бичгээ халаасандаа нандигначихсан явна лээ.


 Г.ЦОЛМОН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)