Виталий Кличко Төрийн тэргүүнээ зэмлэв

Украинд үргэлжилж буй улс төрийн эсэргүүцлийн жагсаалыг удирдагчдын нэг Виталий Кличко байдлыг улам хурцатгаж байна. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Виктор Януковичийг хэд хэдэн үндэслэлээр эрс шүүмжилжээ. Тухайлбал, Төрийн тэргүүн өөрийн эд хөрөнгийг нуун дарагдуулсан, хууль бусаар олж авсан гэх баримт түүний гарт байгаа аж. В. Янукович болон түүний гэр бүл татварын мэдүүлгээ буруу мэдүүлдэг болохыг эл баримтад дурдсан байна.

Тодруулбал, Киев хотын дарга 200 сая еврогийн хөрөнгөтэй ч татварын мэдүүлэгтээ ердөө гурван сая евро гэж бичсэн бөгөөд үлдэгдлийг Ерөнхийлөгч нууж, Австри руу дансаар гуйвуулсан гэж тэр мэдэгдсэн байна. Мөн В. Янукович хувийн эзэмшлийн 3500 га ан агнуурын газартай. Үүнээс гадна хүү нь эмч мэргэжилтэй ч дэлхийн толгой баячуудын жагсаалтад багтдаг зэрэг олон баримтад тулгуурлан В. Кличко улсынхаа Ерөнхийлөгчийг шүүмжилжээ.

Тэрбээр “Украинд төр байхгүй. Төрийн тэргүүн нь гэр бүлийн хамт ичгүүр, сонжуургүй аргаар баяжсан” хэмээн ярьжээ.


Г.АРИУН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)