ВИНОД АХУЖА: Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад ухаалаг мал аж ахуй шаардлагатай

Дэлхий нийтийн өмнө тулгамдсан томоохон асуудлын нэг нь уур амьсгалын өөрчлөлт болоод байгааг хэн хүнгүй мэддэг болсон. Эрчимтэй “явж” буй уур амьсгалын өөрчлөлт нь хөдөө аж ахуйн салбарын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд багагүй хүндрэл учруулж байгаа. Манай улс 66.4 сая гаруй малтай, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэхийн тулд ухаалаг хөдөө аж ахуйг нутагшуулах шаардлагатай аж. Энэ талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Монгол дахь суурин төлөөлөгч, доктор Винод Ахужатай ярилцлаа.

-Уур амьсгалын өөрчлөлт өдгөө ямар түвшинд байна вэ?

-Дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй томоохон асуудал бол уур амьсгалын өөрчлөлт. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж сүүлийн 70 жилд уур амьсгал эрчимтэй өөрчлөгдсөн. Монгол Улсад энэ байдал, тэр дундаа дулаарал эрчимжиж байна. Дэлхийн дунджаас гурав дахин их буюу жилд 2.4-2.7 градусаар нэмэгдлээ. Мөнх цэвдгийн зузаан 20-30 сантиметрээр багасаж, ургамлын бүрхэвч сийрэгжин, ус шингээх чадвараа алдсанаас үүдэн цөлжилт эрчимжиж, гамшгийн давтамж өсөх болсон. Энэ нь булаг, шанд ширгэж, ган, зуд болоход хүргэдэг. Ган бол зудын суурь. Тарга аваагүй мал зудад нүд аних нь тодорхой шүү дээ.

Мал аж ахуй эрхэлдэг дэлхийн олон орон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тус бүртээ арга хэмжээ авч байна. НҮБ-ын ХХААБ-аас “Уур амьсгалд ухаалаг хөдөө аж ахуйн хандлагыг мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоонд туршин нэвтрүүлэх” төслийг 2018 оноос Монголд хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор туршилтын төсөл муугүй хэрэгжиж байгаа. Монгол шиг олон малтай улсад зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийн нэг гэж бид үзсэн юм.

-Ухаалаг мал аж ахуй гэж юуг хэлээд байгаа юм бол, та тайлбарлаж өгөхгүй юү?

-Дэлхий бол бидний гэр орон. Хүн бүр өөрийн гэр орноо өөд татах нь мэдээжийн хэрэг. Тиймээс гэр оронд минь аюул учруулаад буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүн бүр тэмцэх нь чухал. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулахад дэлхийн улс орон бүр өөрсдийн нөөц бололцоогоор хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсэн. Монгол Улс олон сая малтай. Тиймээс малчид мал маллахдаа, өдөр тутмын амьдралдаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой гэдгийг батлах, зөв зохистой мал аж ахуйг нутагшуулахын тулд туршилтын төслөө хэрэгжүүлж байна. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болох хүлэмжийн хийн ялгарлын 14.5 хувь нь мал аж ахуйгаас гардаг. Тухайлбал, хивэгч малын хэхрэлтээс 39, өтөг, ялгадаснаас 26, тэжээл бэлтгэж, тээвэрлэхээс 21 хувийн хүлэмжийн хий ялгардаг. Мал хивэхэд метан, өтөг ялгадаснаас азотын давхар исэл, тэжээл тарихад нүүрсхүчлийн хий их хэмжээгээр ялгардаг гэсэн үг.

Төв Азийн эрс тэс уур амьсгалд мянга мянган жил монгол мал дасан зохицож ирсэн. Гэвч дэлхийн дунджаас өндөр, эрчимтэй явж буй дулаарлыг гүйцэж дасан зохицож чадахгүй байна. Тиймээс тарга хүч авхуулж, дасан зохицох чадамжтай болгохын тулд сайн үүлдрийн мал, тэжээл, маллагаатай байх хэрэгтэй. Үүний тулд зах зээл тогтвортой байх нь зүй ёсны хэрэг. Зах зээлийн эргэлт муу учир малын тоо толгой ихсэж, түүнээс үүдэн бэлчээр талхлагдаж байна. Уг нь малын тоо биш, чанар чухал.

Таван хошуу малаас адуунаас бусад нь хивэгч. Хивэгч мал маш их хэмжээний метан хий ялгаруулдаг. Жишээлбэл, үхэр өдөрт дунджаар 200, хонь, ямаа 40-50 литр хий ялгаруулдаг. Уураг ихтэй сайн чанарын тэжээл өгвөл хурдан шингэж, хийн ялгарлыг сааруулах боломжтой. Монгол мал зуны гурван сар л ногоон өвсөөр хооллодог шүү дээ. Бусад улиралд шингэц муутай борог тэжээлтэй тул метан хий их ялгаруулдаг. Энэ хийг багасгахын тулд уураг, шим тэжээлтэй өвс хэрэглэх шаардлагатай гэсэн үг. Ийм өвс хэрэглээд байвал дөрвөн улиралд сүү, мах, ноолуурын гарц ижил байна гэж манай төслийнхөн тооцсон.

...Хивэгч малын хэхрэлтээс 39, өтөг, ялгадаснаас 26, тэжээл бэлтгэж, тээвэрлэхээс 21 хувийн хүлэмжийн хий ялгардаг. Мал хивэхэд метан, өтөг ялгадаснаас азотын давхар исэл, тэжээл тарихад нүүрсхүчлийн хий их хэмжээгээр ялгардаг гэсэн үг...

Малын ялгадаснаас азотын давхар исэл их ялгардаг тул богино хугацаанд хөрсөнд шингээн, бордох замаар хүчилтөрөгч болгон хувиргах боломжтой. Метан, азотын давхар исэл, нүүрсхүчлийн хий нь агаар мандалд шингэж, задардаггүй тул уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нөлөөлдөг.

-Төслөө хаана хэрэгжүүлж байгаа юм бэ?

-Дундговийн Луус, Хэнтийн Цэнхэрмандал, Төв аймгийн Батсүмбэр сумын 7000 гаруй малтай долоон өрхөд уг төслөө хэрэгжүүлж буй юм. Малчдын малаа маллах дадал, зуршил нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байх хэрэгтэй. Ухаалаг мал аж ахуй гэдэг нь дулаарлын эрчийг сааруулах юм. Дээр дурдсанчлан уураг, ашиг шим ихтэй өвсөөр малаа тэжээвэл хийн ялгарал багасна. Гурван сумд тус бүр хоёр га талбайд царгас, овьёос тарина. Овьёос бол ногоон тэжээл шүү дээ. Монголчууд уг нь сайн тарьдаг. Гэвч түүнийгээ зүгээр л хураагаад авчихдаг юм билээ. Хурааж авсныхаа дараа шим тэжээл, уургаар баяжуулаад дарш бэлтгэх хэрэгтэй. Мал шүүслэг тэжээл идвэл метан хийг бууруулахаас гадна тарга хүч сайн авдаг. Тэжээлийн олон наст ургамал дундаа царгас уургийн агууламж хамгийн өндөртэй. Монгол орны байгаль, цаг уурын эрс, тэс уур амьсгалд дасан зохицох чадвартай ургамал. 

Монгол эрдэмтдийн гаргаж авсан “Бургалтай” сортын царгасаар малын тэжээл бэлдэх ажлаа төслийнхөн эхэлсэн. Уг ургамлыг нэг удаа арчилж, тордоод тарьчихвал дараа жилээс нь өөрөө байгалийнхаа жамаар урган, 5-10 жил дахин тарих шаардлагагүй. Дээрх ургамлын 20-22 хувь нь уураг. Усалгаа сайтай бол жилд хоёр удаа хураасан ч болдог. Хөрсний үржил шимийг сайжруулдаг, химийн бордоо хэрэглэдэггүй ургамал учир мөн л хийн ялгарлыг багасгах ач холбогдолтой. Бид энэ жил гурван сумд худаг гаргах гэж багагүй хугацаа зарцууллаа. Энгийн үед малчид өдөр тутамдаа малаа услахдаа шахуурга ажиллуулдаг. Өртөг өндөртэйгөөс гадна цахилгаан их зарцуулдаг. Цахилгаан нь хүлэмжийн хийн ялгарлыг өдөөдөг учир бас л уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг. Иймээс нарны эрчим хүчээр ажилладаг худаг гаргасан. Үүлэрхэг өдрүүдэд цахилгаанаа есөн цаг хадгалах боломжтой.

Малчид нэгдүгээрт, шим тэжээлтэй өвс тарьж, дарш бэлтгэх, хоёрдугаарт, малаа услахдаа нарны эрчим хүч ашиглавал дулаарлыг багасгахад хувь нэмрээ оруулж буй нь тэр.

-Дээр дурдсан сумдыг хэрхэн сонгов?

-Цөлөрхөг хээрийн бүсийн Луус сумд хонь, ямаа тус бүр 100, ой, хээрийн бүсийн Цэнхэрмандалд 60, Батсүмбэрт хагас эрчимжсэн мал аж ахуйн 120 үхэр тэжээн туршиж байна.

Монгол орны мал аж ахуйн үйлдвэрлэл, тэр дундаа хонь, ямаа, үхэр, хагас эрчимжсэн саалийн фермийн малын ялгаруулдаг метан хийн бодит хэмжээг гаргах нь төслийн өөр нэгэн зорилт. Өмнө нь олон улсын нэгдсэн тоо авчихдаг байсан. Одоо бол улс бүрт бодит тоо гаргахаар ажиллаж байна. Байгаль, цаг уурын нөхцөлөөс үүдэн улс бүрийн мал онцлогтой шүү дээ.

Малаа чанаржуулахгүй энэ хэвээр байвал бэлчээрийн даац хэтэрч, нөхөн сэргээх боломжгүй болтол нь талхлаад, ургамлын бүрхэвч, зүйлийн бүрэлдэхүүнийг нь үгүй хийнэ. Энэ янзаараа байвал хүлэмжийн хий маш их ялгарна. Үүнийг тогтвортой хэмжээнд нь байлгахын тулд бэлчээр шим тэжээлтэй өвс ургамалтай байх шаардлагатай.

-Төслийн үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

-Гурван сумд хийсэн туршилт үр дүнгээ өгөөд батлагдчихвал бид Монгол Улсын Засгийн газарт өргөн барина. Бодлогодоо тусгаж, бүх малчны өдөр тутмын амьдралд хэвшүүлэх нь Засгийн газрын ажил. Олон улсын байгууллага үндэсний хэмжээнд урт хугацаагаар хэрэгжүүлэх аргагүй. Бидэнд тийм эрх ч байхгүй.

Ер нь хүн өөрийнхөө юмыг тордож, хайрлах, хөгжүүлэх ёстой шүү дээ. Гэвч Монголын Засгийн газар энэ тал дээр муу ажилладаг. Бид судалгаа, туршилт хийгээд бэлэн болгочихоод байхад бодлогодоо тусгадаггүй. Тайлан нь яам, Засгийн газарт очоод гацчихдаг. Нэг бол хариуцсан эзэнгүй, үгүй бол хүн нь солигдчихсон байдаг. Малын тоонд бус, чанарт яаралтай анхаарахгүй бол зуд болоход олон мал үрэгдэнэ. Зуд болохоор тухайн улсын Засгийн газар нь олон улсын байгууллагад хүсэлт тавьж тусламж авдаг. Дараа нь манай байгууллага судалгаа хийж эхэлдэг. Хаана, хэдэн өрхийн, хэчнээн мал зудад өртсөнийг судална. Ямар тусламж үзүүлэх вэ гэсэн судалгаа хийсээр байтал 3-4 сар болчихно. Тэгээд туслах гээд очиход хэвтэрт ороод гурав, дөрвөн сар болсон малыг хэчнээн тэжээгээд ч босохгүй шүү дээ. Нэг ам.долларын тусламж үзүүлбэл долоон ам.долларын алдагдлаас урьдчилан сэргийлдэг гэсэн төслийн үр дүн бий. Зуд болохоос өмнө малаа чанаржуулах ёстой гээд баталгаа нь гарчихсан ч Монголын Засгийн газраас малчдад туслахгүй байна.

-Аливаа төслийг хэрэгжүүлж, үр дүнг нь гаргахад хүндрэл бэрхшээл их байдаг бололтой.

-Өөр нэг бэрхшээл нь боловсон хүчин. Наад захын жишээ дурдъя. “Уур амьсгалд ухаалаг хөдөө аж ахуйн хандлагыг мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоонд туршин нэвтрүүлэх” төсөлд малаас ялгарч буй метан хийг хэмжих тусгай вакум төхөөрөмж хэрэг болсон юм. Өртөг өндөр боловч үүнийг авчраад хэмжиж болно. Гэхдээ Монголд ажиллуулж чадах боловсон хүчин алга. Тиймээс л жин, сүүний гарц, тэжээл зэрэгт нь суурилан туршилт хийж байна. Мөн айл бүр малаа чиглэл чиглэлээр өсгөх нь чухал. Мах, сүү, ноолуурын чиглэлээр малаа өсгөдөг хүн бол ашгаа ч олно, мал нь ч чанартай байна шүү дээ. Монголд малаас гарах бүтээгдэхүүнийг нэмэхэд илүү их хөрөнгө оруулах шаардлагатай. Түүнчлэн малчдын хийсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх хэрэгтэй. Байгалийн нөөцөө хамгаалах, хадгалах нь чухал тул малаа өсгөх нь үр дүнтэй ажил биш. Бас мал аж ахуйгаас ялгарч буй хүлэмжийн хийнээс бордоо ч үйлдвэрлэж авч болно. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, тэгэхдээ яаж үр бүтээлтэй байх вэ гэдгийг л шийдэх нь чухал.

Бэлтгэсэн: Ж.Отгонтуул


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)