Виллар Пероза дахь гайхамшиг

Н.Энхбаяр


Италийн хөлбөмбөгийн талаар дагнан бичдэг сэтгүүлч Ж.Хорнкасл “Ювентус” багт К.Роналду анхны тоглолтоо хэрхэн хийсэн тухай сурвалжилга бэлтгэснийг сонирхуулъя.

К.Роналду эль-класико, “Аваргуудын лиг”-ийн финалд олон удаа тоглож байсан ч Виллар Перозад хэзээ ч хөл тавьж байсангүй. Тэрбээр “Ювентус”-ийн өмсгөлтэй анх удаа алдарт “Альянц Стадиум”-д бус, Туринээс зүүн зүгт 60 км зайд орших жижиг тосгонд тоглов.

“Ювентус” К.Роналдугийн төлөө төрөлх цэнгэлдэх хүрээлэндээ уг тоглолтыг зохион байгуулж болох байсан ч уламжлалдаа үнэнч хэвээр үлдсэн юм. Бьянконери шинэ улирлыг 1931 оноос хойш жил бүр Кизонагийн хөндийгөөс эхлүүлсээр иржээ. Учир нь Виллар Пероза бол “Ювентус”-ийн ерөнхийлөгч Аньеллигийн төрсөн нутаг юм.

Дөрвөн мянган хүн амтай тус тосгонд энэ удаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчний нэг К.Роналду очсон нь түүхэн үйл явдал байлаа. “Ювентус”-чүүд үдээс хойш 16.00 цагт ирэх байсан ч хөгжөөн дэмжигчид өглөөнөөс эхлэн тосгоныг “эзэлжээ”. Тамхины дэлгүүрийн эзэн Д.Мерло руу хамаатных нь бүх хүн Италийн өнцөг булан бүрээс утасдаж, тасалбар олж өгөхийг хүссэн гэнэ. Тасалбар уг нь хямдхан, 15-25 евро боловч олж авах амаргүй байлаа.

Тасалбаргүй бол Виллар Пероза руу нэвтрэх бараг боломжгүй. Учир нь ийш явах галт тэргэнд зөвхөн тасалбартай зорчигчийг л оруулж байв. Тосгонд хэв журам сахиулахаар 600 гаруй цагдаа илгээсэн ч бараг анзаарагдсангүй. Учир нь тэд хар, цагаан өмсгөл өмссөн фэнүүдийн давалгаанд “живжээ”.

Энэ тоглолтод “Юве”-гийн залуучуудын багийн төвийн хамгаалалтын хослол М.Анзолина, Р.Капеллини нар К.Роналдугийн эсрэг гарлаа. Гэвч тэд ердөө найман минут л тэсэв. Португал довтлогч тоглолтын найм дахь минутад шинэ багийнхаа төлөө анхны гоолоо оруулахад багавтар цэнгэлдэхэд цугласан таван мянган хүн “Сий”, дараа нь “Криштиану” гэж хашхирав. Төдөлгүй Роналду унаж татаж, гоол оруулах дөхсөн агаад II хагаст талбайд гарсангүй.

Харин тоглолт дуусахад тэрбээр аль хэдийнэ талбайг орхисон байв. К.Роналду магадгүй К.Эврагийн зөвлөгөөг мартаагүй биз. Цагтаа “Юве”-д тоглож байсан франц хамгаалагч “Чи өөрийгөө хурдан гэж бодож байна уу. Тэгвэл Виллар Перозагийн хөгжөөн дэмжигчдээс зугатах гээд үзээрэй” гэсэн байдаг. Харин Э.Жан, Л.Бонуччи энэ тухай мэдээгүй бололтой, өмсгөлөө булаалгаад дотуур хувцастайгаа үлдчихсэн, фэнүүдэд гарын үсгээ зурж өгч байв.

Ийнхүү тоглолт өндөрлөж, хүмүүс гэртээ харьснаар Виллар Пероза ахин нам гүм тосгон болж хувирав. Эрхэм Аньелли өвөг дээдэс шигээ ялам мод зарахаа больж, хавьгүй том бизнес эрхэлдэг болсныхоо ачаар төрөлх тосгондоо К.Роналдуг авчрах чадал чинээтэй болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)