Венесуэлийн Ерөнхийлөгчийн аминд халдахыг завджээ

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн аминд тэсрэх бөмбөг суурилуулсан, хэд хэдэн дрон ашиглан халдахыг завдсан тухай тус улсын Харилцаа холбооны яамнаас мэдээлснийг ВВС уламжлав. Уг халдлагын үеэр хүний амь эрсдээгүй. Харин Үндэсний гвардын долоон цэрэг шархаджээ. Н.Мадуро хөрш Колумби улсын удирдлагыг уг халдлагад буруушаасныг Богота няцаасан байна.

Тус улсын армийн 81 жилийн ой өнгөрсөн бямба гарагт болжээ. Энэ үйл явдлыг тохиолдуулан хийсэн цэргийн ёслолын жагсаалын үеэр Венесуэлийн Ерөнхийлөгч үг хэлснийг шууд дамжуулж байсан дүрс бичлэг гэнэт тасарснаа эргээд сэргэхэд тал тал тийшээ гүйж буй цэргүүд харагджээ.

Бичлэгээс тодруулбал, Мадуро улсынхаа эдийн засгийн байдлын тухай үг хэлж байтал дуу нь гэнэт алга болж, индэр дээр байсан хүмүүс бүгд зэрэг дээш харсан байна. Үүний дараа камер цэргүүд бужигнаж байгаа дүрс харуулаад шууд нэвтрүүлэг тасарсан байна. Дэлбэрэх дуу гарсан тухай гэрчүүд мэдээлжээ.

Харилцаа холбооны сайд Хорхе Родригесийн мэдэгдсэнээр Ерөнхийлөгчийнх нь зогсож байсан газраас холгүйхэн хоёр дрон дэлбэрсэн байна. “Нисдэг нэг төхөөрөмж миний ойролцоо хүчтэй дэлбэрсэн. Нөгөө нь хэдхэн секундийн дараа ажиллагаанд орсон” гэж Н.Мадуро халдлагын дараа үг хэлэхдээ мэдэгджээ.

Гэрэл зураг, нийгмийн сүлжээнүүдээс харвал хамгаалагчид нь Мадурог сум үл нэвтрэх хамгаалалтад оруулсан байна. Халдлага үйлдсэн байж болзошгүй хэд хэдэн этгээдийг баривчилсан гэж Венесуэлийн Ерөнхийлөгч хэлжээ.

Халдлагын хариуцлагыг “Богино цамцтай цэргүүдийн үндэсний хөдөлгөөн” гэдэг олны сайн мэдэхгүй бүлэглэл хүлээсэн байна. Дронуудыг мэргэн буучид устгасан ч эрх баригчдын эмзэг байдлыг харуулж чадлаа гэж тус бүлэглэлийн гишүүд нийгмийн сүлжээнүүдээр мэдэгджээ.

Мадуро ард түмэндээ хандаж үг хэлэхдээ дотоодод төдийгүй хөрш Колумби дахь дайснууд нь өөрийнх нь эсрэг үгсэн хуйвалдсан хэмээн мэдэгджээ. “Хилийн чанадад, тухайлбал, АНУ-д байгаа этгээдүүдэд бид хариуцлага тооцох болно. Мөрдөн шалгалтаас үзвэл халдлагыг зохион байгуулагчдын олонх нь АНУ, тухайлбал, Флорида муж улсын харьяат аж.

Дональд Трампын Засгийн газар гадаад улс, тэр дундаа Венесуэлд халдлага үйлдэж буй террорист бүлэглэлүүдтэйгээ тэмцэхэд бэлэн гэж найдаж байна” гэж тэрбээр онцолсон байна. Харилцаа холбооны сайд Х.Родригес нь барууны сөрөг хүчнийг буруушаагаад, “Тэд сонгуульд ялагдсаныхаа дараа дахин ялагдлаа” гэжээ.

Мадуро өнгөрсөн тавдугаар сард Төрийн тэргүүнээр улиран сонгогдсон. Санал хураалт сөрөг хүчний эсэргүүцэл өрнөсөн, олон зөрчил гарсан тухай мэдээллийн дор болсон билээ. Тэрбээр 5.8 сая гаруй санал (сонгогчдын 68 хувь) авсан бол түүний гол өрсөлдөгч болох сөрөг хүчнээс нэр дэвшсэн Анри Фалькон 1.8 сая санал авсан байна.

Эрх баригчдынхаа дэвшүүлсэн хувилбарт итгэхгүй байгаагаа сөрөг хүчний төлөөлөгчид мэдэгдэв. “Юу болсныг бид мэдээгүй. Харилцаа холбооны сайд сөрөг хүчнийг буруутгаж байгааг сонслоо. 20 жил ийм зүйл хийгээгүй сөрөг хүчнийг сэжиглэж буйд итгэхэд бэрх байна” гэж “Ардын хүсэл зориг” намын тэргүүн Хаслер Иглесиас хэлжээ.

Мадурогийн ойролцоо ямар ч дрон байгаагүй гэж хэргийн газарт байсан гал сөнөөгчид мэдээлснийг “Associated press” агентлаг эш татав. Венесуэлийн Ерөнхийлөгчийг үг хэлж байх үед хийн баллон дэлбэрсэн гэсэн хувилбарыг гал сөнөөгчид дэвшүүлсэн байна.