Венесуэлийг крипто валют аврах уу

Венесуэлийн эрх баригчид 2008 оноос хойш үндэсний валютдаа хоёр дахь удаагаа өөрчлөлт орууллаа. Хямралд автсан тус улс мөнгөн тэмдэгт дэх таван тэгийг авч, крипто валют болох петротой ханшийг нь адилтгав. Петрогийн нэгжийн үнэ нь тус улсад олборлодог нефтийн нэг торхныхтой адил буюу 60 ам.доллартой дүйцэх аж.

“Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийн дагуу банкны систем өөрчлөлтөд түргэн зохицож байна” гэж Венесуэлийн Дэд Ерөнхийлөгч хатагтай Дельси Родригес тэмдэглэжээ. Түүний хэлснээр төрийн болон хувийн банкуудын цахим үйлчилгээний идэвх амралтын өдөр ч 90 гаруй хувьтай байгаа гэнэ.

Тус улсын эрх баригчид петрогоор хийх хэлэлцээр газар тариалангийн салбарын төлөөлөгчидтэй 25 гол нэрийн барааг байгуулжээ. Ийм замаар эрх баригчид нь венесуэлчүүдийн худалдан авах чадвар, барааны үнэ хоорондын тэнцвэрт байдлыг олох бодолтой байна.

Өнгөрсөн зургадугаар сарын эцсээр ажил эрхэлж буй венесуэлчүүдийн баталгаат хамгийн доод орлогын хэмжээг 5.2 сая боливарт хүргэжээ. Харьцуулан үзвэл, хар зах дээр нэг ам.доллар одоо 60 орчим боливартай тэнцэж байна. Валютын өөрчлөлт хийхээс өмнө энэ ханш зургаан сая боливартай тэнцэж байжээ.

Венесуэл улс нийгэм, эдийн засгийн хурц хямралд автан, барааны үнэ эрчимтэй өсөж, валютын ханш нь унасан билээ. Парламентын санхүүгийн хорооны сүүлчийн тооцоогоор өнгөрсөн сард инфляц нь 83 мянган хувьтай гарчээ. Олон улсын валютын сангийн урьдчилан таамагласнаар тус улсын инфляц оны эцсээр нэг сая хувьтай болно. Үнийн өсөлтийн албан ёсны мэдээллээ Венесуэл улс сүүлийн хэдэн жил нийтлээгүй байна.

Ийм хүнд байдал нь венесуэлчүүд олноороо цагаачлах шалтгаан болжээ. НҮБ-ын мэдээгээр Венесуэлээс 2.3 сая хүн дүрвэсний олонх нь Колумби, Эквадор, Перу, Бразил руу гарсан аж. Цагаачдын хөлд дарагдсан Эквадор, Перу улсын эрх баригчид энэ сард хил нэвтрэх журмаа чангатгажээ. Одоо венесуэлчүүд тэдгээр улсад нэвтрэхийн тулд урьдынх шиг иргэний үнэмлэхээр бус, паспорт үзүүлэх шаардлагатай болсон байна.

Барагцаагаар энэ он гарснаас хойш Эквадорт Венесуэлийн 450 мянга, Колумбид өнгөрсөн оноос хойш нэг сая гаруй иргэн иржээ. Хэрэв эдийн засгийн байдлаа өөрчлөхөөр тус улсын эрх баригчдын авсан арга хэмжээ амжилт олохгүй бол эх орноо орхих венесуэлчүүдийн тоо улам өсөхөөр байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)