ВАЦЛАВ ГАВЕЛ: УЛС ТӨР БОЛ ЗОЛИОС ШААРДСАН ТАЛБАР

Нэрт зохиолч Милан Кундера Вацлав Гавелийг өөд болсны дараа “Туулсан амьдрал нь түүний хамгийн гайхамшигтай бүтээл байлаа” гэж хэлсэн байдаг. Эсэргүү гэгдэн хоригдож байсан Вацлав Гавел(1936-2011)1989 онд Чехийн Хилэн хувьсгалыг удирдаж, коммунист тогтолцооны хамгийн бурангуй засгийн нэгийг цус асгаруулалгүйгээр түлхэн унагасан, Чехословакийн сүүлчийн, ардчилсан Чехийн анхны Ерөнхийлөгч юм. Тэрбээр мөн жүжгийн зохиолч, философич байлаа. Түүнд Нобелийн энхтайвны шагнал олгоогүйг уг шагналын түүхэн дэх хамгийн шившигтэй явдал гэж үздэг хүмүүс бий.

Гавелийн 2009 оны арванхоёрдугаар сард Америкийн “Foreign Policy” сэтгүүлд өгсөн ярилцлагыг товчлон хүргэе.

- Берлиний ханыг нураасны тэгш ой энэ жил тохиож байна. Тэр үеийн хүмүүсийн хүсэж тэмүүлсэн, зорьж санасан бүхэн өнөөгийн Чехэд, цаашлаад Зүүн Европын орнуудад биеллээ хэр олсон бол?

- Тэр цагийнхны хүсэн хүлээж байсан бүхний үндэс нь, тухайлбал чөлөөт сонгууль, хэвлэлийн эрх чөлөө зэрэг зүйлс одоо нэгэнт бидний бодит, үнэ төв болжээ. Бид анх замнасан замаасаа гажаагүй, үзэл бодлоосоо ч урваагүй. Гэхдээ бодсон санасан бүхнээ гүйцэлдүүлэх нь бодит байдал дээр хавьгүй хүнд бэрх болохыг ойлгож ухаардаг болсон. Аливаа шинэлэг зүйлд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй гэдэгтэй ч мөн эвлэрдэг болж. Энэ бол том ололт юм шүү.

- Америкийн Ерөнхийлөгч Барак Обама Афганистан руу нэмж 30 мянган цэрэг илгээхээ саяхан мэдэгдлээ. Гэтэл хэдхэн хоногийн дараа түүнд Нобелийн энхтайвны шагнал гардуулах гэж байна. Энхийг тогтоох нэрээр зэр зэвсэгтээ тулдаг болсон өнөөгийн жишгийн талаар та юу хэлэх вэ?

- Үнэхээрийн ёс бус явдал хамар дор болоод байхад дуугүй, жишимгүй сууж болохгүй л дээ. Хүний амь аврахын тулд далайсны өөдөөс нударга зангидах шаардлага хааяа гаралгүй л яах вэ. Гэхдээ тэр бүрт бодолтой, нухацтай байхгүй бол ямар ч зөрчил ихээхэн балагтай. Ялангуяа америкчууд эрх чөлөөгүй гэх улс болгоны хэрэгт оролцож, цэргээ илгээгээд байвал юу болох вэ? Уг нь тэд олон улсын түвшинд бусадтай хэлэлцэж ярилцаад, шийдвэр гаргах хэрэгтэй байгаа юм.

Иракийн жишээн дээр гэхэд л ийм зүйл огт болоогүй. Бидний өрнүүлсэн Хилэн хувьсгал гэгдэх хөдөлгөөний жишгээр эсэргүүцэл тэмцлийг явуулдаг бол уг нь илүү амжилт олно. Гэвч юу ч хийгээд нэмэргүй нөхцөл байдал гэж нэг юм бий. Афганистаны тухайд гэвэл би хөндлөнгийн ажиглагч төдийхөн тул олон зүйл хэлж чадахгүй нь. Гэхдээ “Талибан”-ы эсрэг томоохон хэмжээний цэргийн ажиллагаа, дайралтыг аль эрт, олон жилийн өмнө л явуулах байсан юм.

Маш их хугацаа алдсан нь хэнд ч илэрхий. Тэгж хугацаа алдсан учраас л алан хядагчид энэ олон жил хүчээ зузаатгаж, хүрээгээ тэлсээр байна. Ерөнхийлөгч Обама өмнөх Ерөнхийлөгч нарынхаа ажлыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй байдалд орсон байх л даа. Бүх цэргээ шуудхан татаж чадахгүй, сая саяар нь цэрэг илгээж болохгүй тийм хүнд нөхцөлд байгаа болохоор аргагүй ийм шийдвэр гаргаа биз.

- Зүүн Европ дахь Оросын байр суурь, нөлөөллийн талаар та ямар бодолтой байна вэ. Америкчууд Европ анд нөхдөөсөө холдож хөндийрлөө гэхэд Орос, Европын харилцаа хаашаа эргэх бол?

-Америкчууд биднээс хөндийрөхгүй ээ. Харин тэд Төв Европыг дэлхийн хамгийн аюултай бүс нутаг гэдгийг нэг л ойлгохгүй, ойшоохгүй байгаад миний санаа зовдог. Дэлхийн их дайн тулаанууд Иран юм уу, Солонгосын хойгоос биш, харин Европоос л эхэлдэг шүү дээ. Америкчууд биднийг үргэлж холбоотноо гэж үзнэ, тэгэх сонирхол нь ч буурахгүй. Тэд пуужин эсэргүүцэгчээ өөр бүс нутагт байрлууллаа гээд биднээс холдож байна гэсэн үг биш. Харин Оросын тухайд тэнд маш нарийн түвэгтэй бүтэц, зохион байгуулалт бүхий, коммунизмаас ч илүү дарангуй шинжтэй улс төрийн тогтолцоо бүрэлдэж байх шиг санагдаад байгаа.

Гэхдээ Оросын Зэвсэгт хүчин өргөжин тэлж, бүс нутаг дахь нөлөөгөө бэхжүүлэхийн тулд бусдыг айлган сүрдүүлж байна уу гэвэл үгүй. Оросын Европт нөлөөлөх гэсэн бодлого өнөө цагт эдийн засгийн дарамт шахалтаар л илэрдэг болсон. Томоохон компаниуд нь манай пүүс компаниудыг худалдан авч, түүгээрээ дамжуулан улс төрд нөлөөлөх гэх мэтээр. Бид Оростой дайсагналаа гээд юу ч хожихгүй.

Тиймээс түншийн харилцаатай байх нь чухал. Бас үзэл бодлоо оросуудад хэрхэн зөв илэрхийлэх вэ гэдэгт илүү сайн суралцах хэрэгтэй байна. Тэднийг байгалийн хий юм уу, түлш шатахуун өгөхгүй гэхэд нь бид “Зүгээр дээ” гэж хариулах хэмжээнд хүрэх хэрэгтэй байгаа юм. Өөрөөр бол бид гэрэл цахилгаан, түлшээ хэмнээд сурчихад л болоод явчихна.

- Хятад тэргүүтэй Азийн орнууд хурдтай хөгжиж байна. Дорнын хүчирхэгжилт Европын ирээдүй, аюулгүй байдалд заналхийлэх болов уу?

-Би л хувьдаа Хятадыг аюултай гэж боддоггүй. Хятадууд газар нутгаа тэлэх, эсвэл бусдын өмч рүү халдах бодолгүй, тэгэх ч шаардлагагүй хүмүүс. Харин улс орныхоо нэг хэсэг хэмээн тунхагласан Төвд зэрэг орныг хатуу гараар захирсан хэвээр байна байх. Гэхдээ тэр бол ангид тусдаа асуудал. Хятадын эдийн засгийн өсөлт сайн байгаагаас харахад энэ улс цаг нь ирэхээр дэлхийн талыг санхүүгийн үүднээс захирахыг ч үгүйсгэх аргагүй. Тэгсэн ч түүнийх нь цаана газар нутгаа тэлэх, бусадтай дайсагнах бодлого нуугдахгүй болов уу.

Дорнын ард түмнүүдийн шашин, соёлын онцлогт их учир бий. Загалмайтны юм уу, исламын зарим судар бичигт номлодогчлон тэд л бүх дэлхийг эзлэн суух хувьтай, өөрсдөөс нь өөр шүтлэгтэй хүмүүс бол буруу номтон, тэднийг сургавал зохино гэх мэтийн үгс буддын шашинд байдаггүй шүү дээ. Магадгүй үүнээс болоод ч би Хятадыг аюулгүй гэж боддог байх.

 

...Ерөнхийлөгчөөр томилогдсоноосоо хоёрхон хоногийн дараа би Далай ламыг урьж байлаа. Би түүнийг шууд тэгж урьж залсан бараг анхны төрийн тэргүүн байх. Хүн бүр л миний үйлдлийг шүүмжилж, болчимгүй алхам хийлээ гэцгээж байсан. Дараахан нь Хятадын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд хоёр манай улсад бас айлчилсан. Тэгэхэд тэд надад Далай ламын тухай янз бүрийн ном, элдэв баримт сэлт үзүүлсэн юм...

 

- Ерөнхийлөгч Обамаг Далай ламтай товлосон уулзалтаа цуцалсны дараа та тухайн үедээ бол онц гойд санагдаагүй хэр нь хожим олон түмнийг шуугиулсан үйлдэл гаргасан.

- Бид түүхээ мартаж болохгүй. Францын Ерөнхий сайд Эдуар Даладьег 1938 онд Мюнхенд болсон хэлэлцээрт оролцоод ирэхэд улс түмэн нь тэр аяараа түүнийг сайшааж, германчуудтай найрамдчихлаа гэж баярлаж байсан. Гэтэл тэр эрсдэлтэй юу ч хийгээгүй, золиос гаргаагүй. Тэр явдал эцэс сүүлдээ сая сая хүний амийг авч одсон олон жилийн дайн дажны эхлэл байсан шүү дээ. Төрийн түшээд угтаа шийдвэр гаргасан л бол золиосноос айх хэрэггүй юм.

- Та их хялбаршуулж яриад байх шиг. Төрийн тэргүүн хүн хэдий жижиг мэт санагдавч илүү ярвигтай, аюултай зүйлд хөтөлж мэдэх шийдвэр гаргаж болохгүй биз дээ?

- Улс төр бол золиос шаардсан талбар шүү дээ. Улстөрчид бид өдөр бүр л муу муухай зүйлсийн дундаас сонголт хийх хэрэгтэй болдог. Аль нь илүү аймшигтай вэ, аль нь гай бага тарих вэ гэдэг нь л чухал болохоос огт хохиролгүй, золиос гаргалгүй хоцрох ямар ч боломж байхгүй. Ерөнхийлөгчөөр томилогдсоноосоо хоёрхон хоногийн дараа би Далай ламыг урьж байлаа. Би түүнийг шууд тэгж урьж залсан бараг анхны төрийн тэргүүн байх. Хүн бүр л миний үйлдлийг шүүмжилж, болчимгүй алхам хийлээ гэцгээж байсан.

Дараахан нь Хятадын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд хоёр манай улсад бас айлчилсан. Тэгэхэд тэд надад Далай ламын тухай янз бүрийн ном, элдэв баримт сэлт үзүүлсэн юм. Тэр нь хэдийгээр суртал ухуулгын, нэг талыг барьсан зүйлс байсан ч гэсэн тэдний надад өөрсдийгөө ойлгуулах гэж хичээж байгааг би хүндэтгэхээс аргагүй байлаа. Тэд ч намайг өөрсдөөс нь айгаагүйг хүндэтгэсэн болов уу гэж бодож байна.

Г.ЛХАГВА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)