Ван Чюанань: Монголын өв соёл, язгуур урлаг миний сэтгэлийг үнэхээр татдаг

“Алтан хальс” кино наадам энэ сарын 4-8-нд үргэлжилж буй. Уг арга хэмжээний нээлтийн үзвэрээр Хятадын найруулагч Ван Чюананийн бүтээл “Өндөг”-ийг сонгон толилуулсан. Арт хаус төрлийн эл бүтээлд төрөхөөс үхэх хүртэлх хүний амьдралын тасралтгүй тойргийг сонирхолтойгоор үзүүлсэн байна. 

Энэ жил Берлиний наадамд өрсөлдсөн тус киноны гол дүрд Монголын жүжигчин Б.Норовсамбуу, Э.Дуламжав нар тоглосон бөгөөд Францын зураглаач Эймерик Пиларски дэлгэцнээ буулгажээ. Хятадын зургадугаар үеийн найруулагч Ван Чюанань 2007 онд Өвөрмонголд зургийг нь авсан “Туяагийн хурим” киногоороо Берлиний олон улсын кино наадмын “Алтан баавгай” шагнал хүртсэн аж. Түүнийг “Алтан хальс” кино наадамд оролцож, уран бүтээлчдэд мастер хичээл заах үеэр нь цөөн хором ярилцлаа.

-Кино урлагтай амьдралаа холбоход хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?

-Багадаа кино үзэх дуртай байлаа. Дуртай гэхэд ч багадна. Тэр үеийн найруулагчдын бүтээсэн кино бүрийг үзэхийг хичээдэг байв. Нөгөө талаас их олон зүйл сонирхдог, сониуч зантай байлаа. Тэр зан минь их нөлөөлсөн байх. Тухайн үеийн найруулагчид Хятадын кино урлагийн түүхэнд их нөлөө үзүүлсэн гэж боддог юм. Тухайлбал, Жан Имоу найруулагчийг нэрлэж болно. Ингээд 1987 оноос Бээжингийн Кино урлагийн дээд сургуульд суралцсан.

-Жан Имоу найруулагчийн үеийн уран бүтээлчдийн арга барил таны үеийнхэнд хэр нөлөөлсөн бэ. Мэдээж тэднийг харж суралцсан байж таарна.

-Хятадын тавдугаар үеийн найуулагчдын хийсэн бүтээл манай үеийнхний уран бүтээлийн замнал, ирээдүйг чиглүүлсэн гэж боддог. Тухайн үед Хятад улсад бүх зүйл хаалттай байлаа. Тийм үед найруулагчид кино урлагаар дамжуулан Хятад орныг дэлхийд таниулж, хятад соёлыг түгээсэн. Тэдний бүтээл Хятадын кино урлаг өнөөдрийн түвшинд хүрэхэд их нөлөөлсөн.

-Уран бүтээлчийн зам хөөн, кино урлагийн тогоонд ажиллахаар шийдэхэд гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Намайг кино урлаг сонирхож, энэ чиглэлээр суралцах шийдвэр гаргах үед бүх зүйл одоогийнхоос өөр байлаа. Би Шияаньд гэдэг газарт төрсөн. Манай нутгийг дундад улсын хувьсгалын төв гэдэг. Тэнд төрсөн хүн кино урлагт хөл тавих нь тухайн үед хэцүү байв. Би багадаа бүжгийн дугуйланд суралцдаг байсан юм. Нэг удаа Францад аялахаар очоод Женни гэж охинтой танилцсан. Түүнд дурлаж, бид хайр сэтгэлийн холбоотой боллоо. Нутагтаа буцаж ирэхэд надад кино хийх хүсэл төрсөн. Эндээс харахад уран бүтээлд хайр нөлөөлдөг байж болох юм.

-Та анх ямар кино найруулсан бэ?

-“Сар хиртэлт” киногоо хийсэн. Нэг эмэгтэйн хоёр өөр дүр төрх, амьдралыг зэрэгцүүлж харуулахыг оролдсон юм.

-2006 онд та “Туяагийн хурим”-аараа Берлиний кино наадмын “Алтан баавгай” шагнал хүртсэн. Энэ киног хийх сэдэл их сонирхолтой байдлаар төрсөн гэсэн. Тэр тухайгаа яриач?

-Би бодит амьдралаас сэдэвлэн кино хийх дуртай. “Туяагийн хурим”-ыг ч тэгж хийсэн. Энэ киног бүтээхэд Монголын уртын дуу их нөлөөлсөн. Амжилтад хүрэхэд ч уртын дуу чухал үүрэг гүйцэтгэсэн. Эгэл хүний амьдралыг уртын дуутай холбож өгснөөр энэ кино онцлог болсон.

-Энэ жил “Өндөг” киног олон улсын наадмуудад “сойж” байна. Монголчууд эх дэлхийгээ дээдэлж, байгаль, уур амьсгалд зохицож нүүдэллэж амьдардаг. Та үүнийг харуулахыг хичээсэн байсан. Яагаад ийм сэдвээр кино хийх болсон бэ?

-Тус уран бүтээлээрээ хүн, байгалийн холбоог харуулахыг хүссэн. Орчин цагт хүмүүс суурин газарт төвлөрөн амьдарч байна. Монгол хүн байгальтай илүү ойр байдаг гэж боддог учраас киноныхоо зургийг Монголд авсан. Хүн бол байгалийн нэг хэсэг. “Өндөг” бол амьд ертөнцийн эхлэл гэж бодож хийсэн.

-Үнээ тугаллаж буй хэсэг хүмүүст их хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Үүгээр юу өгүүлэхийг хүссэн юм бэ?

-Үхэх, төрөх, хайрыг арга билгийн хувиралт гэж ойлгуулахыг зорьсон. Хонь гаргах, үнээ тугаллах, хүн төрөх нь амьдралын тойргийн нэг хэсэг. Зураг авах үеэр дөрвөн үнээ тугаллах байсан. Өнөөдөр үү, маргааш уу гээд бид хүлээж байсан юм. Гэтэл шөнө нь тугалласан. Тэр агшныг манай зураглаач алдалгүй авч чадсан нь киноны сонирхолтой хэсэг болсон доо. Энэ сайхан нутагт ирж, хийсэн киног минь үзэгчид шимтэн үзээсэй гэж хүсэж байна.

-Монголын язгуур урлагаас сэдэвлэн бүтээж, эсвэл Монголд киноны зургаа авч, цаашлаад манай уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна, Та. Монголд их элэгтэй байх нь?

-Монголын өв соёл, язгуур урлаг миний сэтгэлийг үнэхээр татдаг.

-Манай уран бүтээлчидтэй хамтран дахин кино хийх үү?

-Монголын түүх миний сонирхлыг их татдаг. Ялангуяа монгол морь, морин цэргийн тухай кино хийхийг хүсэж байгаа.

-Ажих нь ээ, та кинондоо хэний ч мэдэхгүй нэгэн, эсвэл бүр хамгийн шилдэг “од”-ыг тоглуулдаг юм билээ. Яагаад дүрүүдээ ингэж сонгодог юм бол?

-Мэргэжлийн жүжигчид дундаас хамгийн мундгийг нь, эсвэл хэн ч танихгүй хүнийг сонгодог нь миний онцлог. Мэргэжлийн бус хүнээр өөрийн хүссэн дүрийг гаргуулах нь сонирхолтой санагддаг. Тийм ч болохоор би аль болох жүжигчиндээ дүрийнх нь онцлогийг тайлбарлаж, ойлгуулсны дараа зургийг нь авч эхэлдэг.

-Бүтээл бүртээ та өөрийн ямар онцлогийг шингээхийг хүсдэг вэ?

-Амьдралын үнэн, бодит зүйлийг уран сайхны аргаар, гоо зүйтэйгээр илэрхийлэхийг хичээдэг. Хар бараан сэдэв аль болох хөндөхгүй байхыг хүсдэг юм. Аливаа зүйлийн сайн сайхан талыг тодруулж харуулах дуртай.

-Сүүлийн жилүүдэд АНУ-д ажиллаж, амьдарч байгаа гэсэн. Одоо ямар уран бүтээл хүргэхээр зэхэж байна вэ?

-Хүн амьдралаа өөрөө л бүтээдэг. Тийм болохоор хүссэн зүйлээ хийж амьдрах нь амттай. Тийм ч болохоор дуртай зүйлээ хийж буй хүн амжилтад хүрдэг байх. Нэлээд хэдэн киноны санаа бий. Гэхдээ хэлэхэд эрт байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)