Валютын ханш бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө

Монголбанкнаас инфляцын богино хугацааны төсөөллийн таамаглалыг өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Инфляцын түвшин хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.9, Улаанбаатар хотод 7.9 хувьтай байжээ. Махны экспортын хэмжээ энэ онд өндөр хэвээр байж, үнэ нь өнгөрсөн оны өөрчлөлттэй төстэй байх хүлээлт байгаа гэнэ. Иймээс махны үнийн жилийн өсөлт энэ оны турш 10-аас дээш хувьтай байна гэж Төвбанкныхан таамаглав. 

Түүнчлэн гадаад валютын ханш чангарч байгаагаас шалтгаалан импортын бараа, бүтээгдэхүүний үнэ энэ оны эхний саруудад аажмаар нэмэгджээ. Цаашид ханшийн дам нөлөө импортын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөхөд нөлөөлнө гэж тэд үзлээ. Засгийн газраас цахилгаан, дулааны үнэ тарифыг өөрчлөхөөр ярьж буй. Улмаар цахилгаан, дулааны үнийг ирэх сард нэмэхээр болсон юм. Эрчим хүчний үнэ нь эдийн засгийн суурь үнэ болдог. Цахилгааны үнэ нэмэгдсэний дараа бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэж, ханшаа өсгөх нь ойлгомжтой. Гэхдээ үнэ тарифыг хэр хэмжээгээр нэмэх нь инфляцын өсөлт хэрхэхийг шийдвэрлэнэ.

Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурснаар дотоодын шатахууны үнэ өнгөрсөн оны арванхоёр, энэ жилийн нэгдүгээр сард доошилсон. Иймээс цаашид шатахууны үнэ харьцангуй тогтвортой байх төлөвтэй гэнэ. Мөн хатуу түлш буюу хэрэглээний нүүрсний үнэ өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард өсөөд, шинэ оны эхэнд буурсан билээ. Хатуу түлшний үнэ цаашид тогтвортой байх төлөвтэй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)