Валютын ханшийг доошлуулах нь Засгийн газарт хамаатай

Монгол Улсын төлбөрийн тэнцэл өнгөрсөн долдугаар сарын байдлаар 343.7 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Төлбөрийн тэнцэл хэмээх албаны хэллэгээр манай улсаас гарч буй болон орж ирж байгаа валютын зөрүүг илэрхийлдэг. Тэнцэл алдагдалтай байна гэдэг нь орж ирж байгаа валютаас гарсан нь илүүг харуулсан үзүүлэлт юм. Энэ тохиолдолд ам.долларын ханш улам өссөөр байна гэсэн үг. Учир нь ам.доллар дутагдаж байна шүү дээ. Эрэлт нь өсөж, хомсдож буй зүйлийн үнэ нэмэгддэг нь эдийн засгийн хууль. Монголбанкныхан оны эхний найман сарын байдлаар зах зээлд цэвэр дүнгээр 800 сая ам.доллар нийлүүлжээ. Өөрөөр хэлбэл, валютын ханшийн өсөлтийг тогтворжуулах зорилгоор, төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөж, дээрх хэмжээний ам.долларыг валютын нөөцөөсөө зарцуулсан гэсэн үг.

Төвбанкнаас зарласан ханшаар ам.доллар өчигдөр 2854.07 төгрөгтэй дүйж байлаа. Сүүлийн сард ам.долларын ханш тогтвортой байв. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд ам.долларын ханш 187 төгрөгөөр чангарчээ. Статистик мэдээллээс харвал, “ногоон”-ы ханш 2010 оны есдүгээр сарын эцэст 1328 төгрөгтэй тэнцэж байв. Тэгвэл одоогоор хоёр дахин өсөөд байна. Манай улс байнга төлбөрийн тэнцлийн алдагдалтай явсаар ам.долларын ханшийг ийн өсгөсөн гэхэд хилсдэхгүй. Төлбөрийн тэнцлийн алдагдлыг манай улсын валютын багахан нөөц нөхөж чадахгүй учраас ам.долларын ханшийг тогтворжуулж чаддаггүй юм. Тэнцэл алдагдалтай байгаа учраас валютын ханш өсөж буйг олон нийт сайтар ойлгох хэрэгтэй.

Манайхны гадаад худалдаанд түлхүү хэрэглэдэг ам.доллар, юанийн ханш өсөхөөр олон нийт Монголбанк ажлаа хийхгүй байна гэж буруушаадаг. Энэ бол эндүүрэл юм. Төлбөрийн тэнцлээ ашигтай гаргаж, валютын ханшийг тогтворжуулах гол үүргийг Засгийн газар хүлээх ёстой. Валютын зохицуулалтын тухай хуульд “Засгийн газар валютын зохицуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд “1/ гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээ авах; 2/ Монгол Улсын гадаад төлбөрийн тэнцэл зохиож, биелэлтэд нь хяналт тавих; 3/ гадаадаас авах Засгийн газрын зээл, түүний төлбөртэй холбогдсон санал боловсруулах, хэрэгжүүлэх; 4/ хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” хэмээн тусгаж, энэ үүргийг нь даалгасан байдаг.

Засгийн газар яагаад гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах үүрэг хүлээдэг билээ гэж гайхаж магадгүй. Үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх нь Засгийн газрын хийх ажил. Өөрөөр хэлбэл, гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын идэвхтэй үйл ажиллагаанаас шалтгаалдаг хэрэг. Дээр дурдсанчлан ам.долларын ханш хоёр дахин өссөн нь Засгийн газар валютын эх үүсвэрийг нэмэгдүүлээгүйтэй холбоотой. Үе үеийн Засгийн газар тогтворгүй, муу ажилласны горыг олон түмэн ийн үүрч байна.

Тэгэхээр Засгийн газар төлбөрийн тэнцлийг ашигтай гаргах, ам.долларын эх үүсвэрийг сайжруулахын тулд юу хийх ёстой вэ гэсэн асуулт ургаж мэднэ. Ингэхийн тулд гадаад руу урсдаг валютаа багасгах хэрэгтэй. Жишээ нь, газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулсны дараа манай улс жилд тэрбум ам.доллароор хойд хөршөөс шатахуун худалдаж авах шаардлагагүй болно. Ийм хэмжээний валют дотоодод үлдэнэ. Тиймээс газрын тосны үйлдвэр бол төлбөрийн тэнцлийг сайжруулах маш том төсөл. Импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж улстөрчид ярьж байгаа нь цаанаа төлбөрийн тэнцлийг сайжруулах санаа агуулж буй юм. Өндөр хүчин чадалтай цементийн үйлдвэрүүд ашиглалтад оруулснаар импортыг нь бараг тэглэсэн. Энэ нь мөн л төлбөрийн тэнцлийг сайжруулж буй хэрэг.

Засгийн газар төлбөрийн тэнцлийг сайжруулах, цаашлаад валютын ханшийг тогтворжуулах, нөөцөө нэмэгдүүлэхийн тулд экспортын орлогоо өсгөх бодлого баримтлах хэрэгтэй. Уг нь Засгийн газар ийм бодлого баримталсаар байгаа. Гэвч дорвитой үр дүн гараагүй байна. Зэс, нүүрс, төмрийн хүдэр гэсэн эрдэс түүхий эд л манай улсын экспортын орлогын 90 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр уул уурхайн бус бараа, бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ийм бодлого баримтлахгүй бол манай улсын төлбөрийн тэнцэл алдагдалтай, валютын ханш өссөөр байх нь дамжиггүй. Төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхөхөөр гадаадаас зээл авч таарна. Энэ нь өрийн дарамт үүсгэн, эдийн засгийг туйлдуулах болно. Манай эдийн засаг ийм муу замаар явж байгаа. Ийм замаас гарахын тулд экспортын орлогоо өсгөхөөс өөр гарцгүй. Бид юу үйлдвэрлэвэл хойд, урд хоёр хөршийнхөө зах зээлд борлуулж чадах вэ гэдгийг бодох ёстой.

Төлбөрийн тэнцлийн статистикаас уул уурхайн түүхий эдийн үнэ унасан үед манай улсын төлбөрийн тэнцлийн алдагдал үлэмж хэмжээгээр өсөж буйг харж болно. Энэ бол гажуудал. Дэлхийн зах зээлд үнийн савлагаа үүсэх бүрт манайд ам.долларын ханш өсөж байх нь. Экспортыг нэмэгдүүлэх бодлого нь хангалттай үр дүнд хүрдэггүй ч Засгийн газар гар хумин суудаггүйг дурдах нь зүй.

Хятадуудтай жилд 50 сая тонн нүүрс борлуулах ойлголцолд хүрлээ. Нүүрс экспортолдог боомтуудад “Ногоон гарц” түр журам хэрэгжүүлснээр нийлүүлэлт огцом нэмэгдэв. Сангийн сайд 10 хувийн хүүтэй “Мазаалай” бондыг таван хувийн хүүтэй “Номад”-аар сольж чадсанаа зарлалаа. Өндөр хүүтэй зээлээ хямдаар солихоор манай улсаас гадагшлах ам.долларын хэмжээ бага боловч буурна гэсэн үг. Үүгээр зогсохгүй зээлжих зэрэглэл сайжрах гэх мэт эерэг дохио өгөх нь гарцаагүй. Засгийн газар ойрын хугацаанд төлбөрийн тэнцлээ сайжруулах ийм ажил хийгээд байна.

Монголбанкныхан энэ жил нэг тэрбум ам.долларын алт худалдаж авна гэсэн төсөөлөлтэй байгаа. Үүнээс гадна түншлэгч орон, олон улсын байгууллагаас 700 сая ам.долларын зээл авна. Ингэхээр төлбөрийн тэнцэл энэ ондоо санаа чилээх асуудал болохгүй гэнэ. Төлбөрийн тэнцлийн алдагдал долдугаар сарынхаас 300 сая ам.доллароор буурсныг дагаад валютын ханшийн өсөлт ч тогтворжжээ. Гэхдээ өр тавьж, гадаад төлбөр тооцоогоо хийн, валютын ханшаа тогтворжуулж байгааг санах хэрэгтэй. Энэ бол муу сонголт. Харин сайн сонголт нь экспортоо нэмэгдүүлж, валютын нөөцөө зузаалах юм. Энэ нь Засгийн газарт хамаатай ажил гэдгийг дахин сануулъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)