Б.ӨСӨХБАЯР: Нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдийг шалгаж байгаа

ЦЕГ, МХЕГ зэрэг хэд хэдэн байгууллага “Нөхөн сэргээлт-2020” аяныг гурван сар хэрэгжүүлсэн. Тэд улсын хэмжээнд хяналт, шалгалт хийж, 30 798 га талбай эвдэрснийг тогтоосон. Үүний 3148 га талбайд 8.3 тэрбум төгрөгөөр биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийлгүүлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн, хошууч Б.Өсөхбаяраас тодрууллаа.

-Нөхөн сэргээлтийн зардлыг хаанаас гаргасан бэ?

-Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Булган, Өмнөговь, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Ховд аймагт 202.6 га талбайг орон нутгийн болон улсын төсвийн 873 сая төгрөгөөр нөхөн сэргээсэн. Мөн 257 аж ахуйн нэгжээс төвлөрүүлсэн 7.5 тэрбум төгрөгөөр 2989.7 га талбайд биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийлээ. Улаанбаатар хотын долоон дүүргийн нутаг дахь 234 га талбайг нэг тэрбум төгрөгөөр нөхөн сэргээсэн. Үүний 500 саяыг нь улсын төсвөөс, үлдсэнийг нь аж ахуйн нэгжийн хөрөнгөөр шийдэв. Мөн эвдэрч сүйдэн эзэнгүй орхигдсон 4750 га талбайг орон нутгийн болон төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн.

-Нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдтэй эхнээс нь хариуцлага тооцоод эхэллээ. Энэ төрлийн зөрчил буурах хандлага байна уу?

-Аяны хүрээнд хууль бус олборлолттой холбоотой 181 дуудлага, мэдээллийг иргэд бидэнд ирүүлсэн. Үүнээс гэм буруутайг тогтоосон 100 хэргийг шалгаж байна. Одоогоор 11 аж ахуйн нэгжийн хууль бус үйл ажиллагааны улмаас 437 га талбай эвдэрснийг тогтоож, буруутай этгээдүүдээр 340 га талбайг нь нөхөн сэргээлгэсэн. Бид Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Сэлэнгэ, Төв аймгийн нутагт 10 удаа шалгалт хийж, ашигт малтмал хууль бусаар олборлож буй 40 хэргийг илрүүлсэн. Үүнээс нөхөн сэргээлт хийгээгүй 11 аж ахуйн нэгжийг шалгаж байгаа. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумд 1277.6 га талбай эвдэрснийг тогтоож, нөхөн сэргээлт хийлгүүлэхээр аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагад мэдэгдэл хүргүүллээ. Төв аймгийн Заамар сумд 68, Булганы Бүрэгхангайд 47 га талбайг нөхөн сэргээсэнтэй газар дээр нь очиж танилцсан. Уул уурхайтай холбоотой гэмт хэрэг өмнө оны мөн үеийнхээс 69.5 хувиар өссөн байна. Засгийн газрын хөтөлбөрийн дагуу ЦЕГ, БОАЖЯ, УУХҮЯ, ХЗДХЯ хамтарч уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон 8000 га талбайг 2020-2024 онд нөхөн сэргээхээр төлөвлөсөн.

Бэлтгэсэн: О.Алуунгуа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)