Б.ЯНЖИНДУЛАМ: Миний гол дүрд нь тоглосон киног ирэх сард Хятад, Солонгос, Монголд гаргана

Залуу жүжигчин Б.Янжиндуламыг үзэгчид БНСУ-ын Үндэсний их сургуулийг төгссөн гэдгээр нь эчнээ мэднэ. СУИС-д суралцаж байгаад БНСУ-ийн нэр хүндтэй сургуульд жүжигчин мэргэжлээр таван жил суралцсан тэрбээр өдгөө эх орондоо уран бүтээлээ туурвиж буй. 

БНСУ-ын шилдэгт тооцогддог “Jump comic martial art performance” хөгжимт жүжигт тоглуулах уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг Монголд хийх үед Б.Янжиндулам оролцож тэнцжээ. 

Ингээд 2009 онд тус улсыг зорьж, театрт нэг жил гаруй ажилласан байна. Театртайгаа байгуулсан гэрээгээ дуусангуут Монголдоо ирэн СУИС-д элсэж, Б.Хишигзаяа багшийн шавь болжээ. Улмаар БНСУ-д тэтгэлгээр суралцах боломжийг алдалгүй элсэж, суралцаж төгссөн аж. Тэрбээр Солонгосын үндэсний их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн Монголын анхны уран бүтээлч юм. 

БНСУ-д суралцах хугацаандаа олон ангит кино найруулдгаараа алдартай Пак Жон Хитэй танилцжээ. Тэр найруулагч түүнд Артур Миллерийн “The crucible” жүжгийн сонгон шалгаруулалтад оролцох боломж олгосноор уран бүтээлийн замналаа эхэлсэн байна. 

Хамгийн анхны сонгон шалгаруулалтдаа тэнцэн, Солонгосын үндэсний театрын алдартай уран бүтээлчидтэй хамтран ажилласан юм. Монголын үзэгчдийн эчнээ мэдэх Солонгосын алдарт жүжигчин И Сүн Жэй ч тус уран бүтээлд тоглосон байдаг. Түүнчлэн монгол, солонгос, англи хэлээр ярьж “Юн Сун” хэмээх кинонд тогложээ.


-Таныг спортын гимнастикийн улсын шигшээ багийн тамирчин байсан гэж сонссон. Хэзээнээс урлагт дурласан юм бэ?

-Хүүхэд нас минь гимнастикийн танхимд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Спортын гимнастикаар арван жил хичээллэсэн. Хамгийн сүүлд 2006 онд Дохад болсон Азийн наадамд өрсөлдсөнөөс хойш тэмцээнд оролцоогүй. Багадаа дуулж, бүжиглэдэг байсан ч жүжигчин болно гэж бодож байгаагүй. 

Хуулийн чиглэлээр суралцаж байхдаа NTV телевизээс зохион байгуулдаг “Би бүжиглэж чадна” шоу нэвтрүүлэгт оролцож, түрүүлсэн юм. Тэр үеэс л урлагт илүү татагдсан. Улмаар БНСУ-ын “Jump comic martial art performance” хөгжимт жүжигт тоглуулах уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг Монголд явуулахад оролцож, тэнцээд жил гаруй театрт ажилласан. 

Ингээд Монголдоо буцаж ирээд жүжигчний мэргэжлээр суралцахаар шийдсэн юм. Гэр бүлийнхэн минь тийм ч дуртай байгаагүй. СУИС-д жил сураад, үргэлжлүүлэн Солонгосын үндэсний их сургуульд суралцах боломж олдож, явсан даа.

-Монгол, Солонгосын урлагийн сургуулийн сургах арга барил ялгаатай юу. Хэр идэвхтэй оюутан байв?

-Монголдоо нэг жил сурсан минь их нэмэр болсон. Солонгосын үндэсний их сургуулийн жүжигчний ангийг жил бүр өөр өөр багш дааж авдаг. Тэр нь оюутнуудад их өгөөжтэй. Түүнчлэн мэргэжлийн хичээлүүдийг илүү нарийвчилж заадаг. Жишээ нь, бүжгийн хичээлийг гэхэд л хөгжимт жүжгийн, цэнгээнт, орчин үеийн гэхчлэн нарийвчлан заадаг. 

Мөн гадаад хэл, морь унах, усанд сэлэх, гольф тоглох зэрэг сонирхолтой хичээл заадаг байв. Оюутнуудаа тал бүрийн авьяастай, ямар ч нөхцөлд ажиллах чадвартай болгож бэлддэгээрээ давуу талтай. Анх очоод хичээлээ гүйцэд ойлгохгүй уйлдаг байлаа. Гэхдээ багаасаа спортоор хичээллэсэн болохоор ч тэр үү, би их шазруун зантай.

Эхэлсэн зүйлээ заавал дуусгаж, үр дүнг нь үздэг. Сургуулийн багш нар, ангийнхан минь ч надад их тусалдаг байсан. Нөгөөтээгүүр солонгосчууд хариуцлагатай, тууштай, чармайлттай хүмүүсийг их үнэлдэг. Мэдэхгүй, ойлгоогүйгээ гүйцэх гэж хичээдэг байсныг минь харж, дэмждэг байв. Үүний хүчээр төгсөхдөө шилдэг оюутнаар шалгарч, сургуулийнхаа нэрэмжит бөгжөөр шагнуулсан. Хүн хичээвэл юу ч хийж чадна гэдгийг тэр үед илүү их мэдэрсэн.

-Оюутан байхдаа Солонгосын хэд хэдэн кино, жүжигт тоглосон юм билээ. Төгсөөд яагаад Монголдоо ирэхээр шийдсэн юм бэ. Тэндээ үлдсэн бол аль нэг студи, продакшнд харьяалагдах ч байсан юм бил үү?

-Солонгост оюутнууд хоёрдугаар дамжаа төгстөлөө ямар ч уран бүтээлд ажиллах эрхгүй. Тэгсэн тохиолдолд сургуулиас шууд л хөөдөг. Оюутан байхдаа тэгж хөөгдсөн алдартай олон жүжигчин бий. 

Би гуравдугаар дамжаанаасаа эхлээд Солонгосын үндэсний театрын жүжиг, бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосон. Гэхдээ тэндхийн зах зээл ямар том, өрсөлдөөн ихтэй билээ. Тэгээд ч би тэнд гаднын хүн шүү дээ. Тийм болохоор Монголдоо ирж ажиллахаар шийдсэн.

-Ажиглах нь ээ, та ихэвчлэн адал явдалт, тулаант төрлийн кинонд тоглоод байна уу даа?

-Би энэ төрлийн кинонд маш дуртай. Тамирчин байсан, тайзны хөдөлгөөн түлхүү заалгасан учир надад илүү дөхөм. Монголдоо ирээд продюсер Г.Ундармаа, “U” фильмийн “Амьдралоги” кинонд анх тоглосон. Энэ жил продюсер С.Уран, Б.Амарсайхан нарын “The Mongolian connection” кинонд тоглолоо. 

Найман улсын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн кинонд ажиллах нь надад маш том завшаан. Түүнээс гадна би хичээж төгссөн, хөдөлмөрсөн учир заавал Солонгосын кинонд тоглоно гэсэн мөрөөдөл тээгээд л явдаг байлаа.

Энэ мөрөөдлөө биелүүлж “Good pictures” энтертайнментын продюсер, найруулагч Юн Ё Чаны бүтээж буй киноны гол дүрд тоглолоо. Тус киног ирэх сарын сүүлчээс Монгол, Солонгос, Хятадын үзэгчдэд хүргэх юм билээ. Цаашдаа Солонгосын уран бүтээлчидтэй дахин хамтран ажиллах тухай ярилцаж байгаа.

-Яагаад киноны энэ төрөлд илүү дуртай юм бэ. Буудах, тулалдах, өндрөөс үсрэх гээд маш эрсдэлтэй үйлдлүүдийг хийх болно. Эмэгтэй жүжигчний хувьд амаргүй биш үү?

-Би өөрийгөө өөрчлөхөөс айдаггүй. Их сургууль төгсөхдөө эрэгтэй хүүхдийн дүрд тоглож байлаа. Үсээ халимаг болгож, бүдүүн хоолойгоор ярьж тоглох надад сонирхолтой санагдсан. Нэгдүгээрт, сурсан, чаддаг зүйлээ харуулах боломжтой киноны төрөл нь адал явдалт, тулаант.

Хоёрдугаарт, би жүжигчнээс маш их ур чадвар, хөдөлмөр шаардсан дүрд тоглохыг хүсдэг. Хэний ч чадах биш, зөвхөн би л чадах дүрд тоглохыг хүсдэг. Ер нь энэ төрлийн кинонд тоглодог эмэгтэй жүжигчин маш ховор. Би яагаад тэдгээрийн нэг болохын тулд хичээж болохгүй гэж.

-Орлон тоглогчгүй, бүх эрсдэлтэй үйлдлийг өөрөө гүйцэтгэдэг юм билээ. Бэртэж гэмтэхээс айдаггүй юм уу?

-Үгүй ээ. Өөрөө хариуцлагатай, байнгын бэлтгэлтэй байх ёстой шүү дээ. Тамирчин байсны давуу тал минь энэ. Хэчнээн хүнд нөхцөлд зураг авхуулж байсан ч хийж үзэх, заавал ард нь гарах гэсэн зан минь дийлдэг. Гар, хөлөө зүсэх, шалбалах, булгарах, хөхрөх энүүхэнд. Усанд живэх шахаж ч байлаа. Гэхдээ уран бүтээлийн ард гарсны дараа сэтгэл маш их хангалуун болдог.

-Байнга бэлтгэл хийдэг гэсэн. Өдрийн хэдэн цагийг биеийн тамирын танхимд өнгөрүүлдэг вэ?

-Хүчний бэлтгэлээс гадна сунгалтын дасгалууд ч хийх ёстой. Мөн биеийн жингээ тогтмол барих хэрэгтэй. Долоо хоногийн зургаан өдөр, өдөрт тогтмол гурван цаг бэлтгэл хийдэг. Мөн экстрем спорт их сонирхдог.

-Ямар төрлийн дүр, кинонд огт тоглохгүй гэж боддог вэ. Жишээ нь, эротик кинонд тоглуулах санал ирвэл яах вэ?

-Огт тоглохгүй төрөл гэхээр хэлж чадахгүй юм. Тухайн киноны төрлөөс биш, зохиолыг нь уншиж байж л шийднэ. Гэхдээ аль болох эротик кинонд тоглохоос цааргалдаг. Харин аймшгийн кинонд сайн тоглож чадах мэт санагддаг шүү.

-Жүжигчин болно гэхэд гэр бүлийнхэн тань дуртай байгаагүй гэсэн. Одоо хэр дэмждэг вэ?

-Маш сайн дэмждэг. Намайг Солонгосын үндэсний театрын жүжигт тоглоход аав, ээж минь үзсэн. Зорилгодоо үнэнч байж, түүнийхээ төлөө зүтгэж байгааг минь харсан учраас.

-Гараагаа тайзны уран бүтээлээс эхэлсэн гэлээ. Одоо энэ төрлийн бүтээлд дахин тоглох хүсэл байдаг уу?

-Тийм хүсэл бий. Гэхдээ боломж хомс шүү дээ. Боломж олдвол цааргалахгүй ээ.

-Зохиол бичих гэж оролддог уу?

-Сонин сонсогдож магадгүй. Би их бодитой, тод зүүдэлдэг. Уран зөгнөлт, адал явдалт кино шиг л зүүдэлнэ шүү дээ. Тийм сонирхолтой зүүдээ бичиж авдаг юм. Дараа, хэзээ нэгэн цагт надад хэрэг болох ч юм бил үү. Хэтдээ кино зохиол бичин, продюсерлож, бие даан кино бүтээх хүсэлтэй.

-Жүжигчин хүн ямар ур чадваруудыг эзэмших ёстой вэ. Та өөртөө ямар шаардлага байнга тавьдаг вэ?

-Бүгдийг чаддаг байх ёстой. Тийм болохоор цаг үргэлж өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйл сурах ёстой гэж боддог.

-Шинэ дүрийн санал аваад зургаа авхуулахын өмнө сэтгэл зүйгээ яаж бэлддэг вэ?

-Би чадна л гэж өөрийгөө зоригжуулдаг. Мөн дүрээ, хийх үйлдлүүдээ маш сайн бодож, тунгаадаг. Бас хамтран тоглох жүжигчдээ аль болох судлахыг хичээдэг. Сүүлийн кинонд тоглохын өмнө өөрийгөө нэлээд бэлдсэн. Гадаадын кино, дээр нь гол дүр учраас надад муу байх эрх байхгүй. Тэнд Янжиндулам биш, Монголын жүжигчин гэж дуудуулах учраас. Тиймээс маш их чармайж ажилласан.

-Тоглосон киногоо дэлгэцээр үзэхэд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Маш их сандардаг. Хүмүүс хэрхэн хүлээж авах бол, ямар магтаал, шүүмж хэлэх бол гэж хүлээдэг. Хамтран ажилласан багаараа маш их бахархдаг.

-Кинонд нь тоглохыг хүсдэг найруулагч бий юү?

-Ж.Сэнгэдорж найруулагчийн кинонд тоглож үзэх сэн гэж хүсдэг. “The Mongolian connection” киноны нээлтийн үеэр анх танилцсан. Киноныхоо дүрийн сонгон шалгаруулалтад оролцож, шалгуулаарай гэсэн. Мөн “Фантастик” продакшны уран бүтээлд тоглохыг хүсдэг. Адал явдалт, тулаант гэлтгүй киноны бүх л төрлөөр чадварлаг туурвидаг хамт олон шүү дээ.

-Үргэлжлүүлэн сурах бодол бий юү?

-Урлагийн биш, өөр чиглэлээр суралцах бодол бий. Одоохондоо мэргэжлээрээ ажиллахын хажуугаар хувийн бизнес эрхэлж буй болохоор арай болоогүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)