Б.Эрдэнэ-Болд: Өвдгөн дээрээ тулаад сууж байх үедээ буудуулснаа мэдсэн

Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан “Өнөөдөр”-ийн зочноор Зэвсэгт хүчний 084 дүгээр анги буюу Тусгай томилгоот батальоны Сургагч ахлагч Б.Эрдэнэ-Болдыг урьж ярилцлаа.

-Танд Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 98 жилийн ойн баярын мэнд хүргэе! Юун түрүүнд өөрийгөө уншигч олондоо танилцуулна уу.

-Би 1980 онд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн. Бага насаа өвөө, эмээ дээрээ өнгөрүүлсэн. Нас бие гүйцээд цэргийн хүн болох хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд анх хугацаат цэргийн албаа Баян-Өлгийн хилийн отрядад хааж байлаа. Монгол Улсынхаа дархан хилийг манаж явах үедээ бүх амьдралаа эх орныхоо төлөө зориулахаар шийдсэн дээ. Миний бие одоо Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид Тусгай радио холбооны сургагч багшаар ажиллаж байна. Мөрдөс зүүгээд 20 жил өнгөрчээ.

-Хамгийн анх хилийн цэрэгт хугацаат цэргийн албаа хааж байсан гэлээ. Хилчин байлдагч үеэ дурсвал?

-Би Баян-Өлгийд байрлах хилийн отрядад 1999 онд татагдсан. Тухайн үед цэрэгт татагдсан залуучуудын дийлэнх нь боловсролын түвшин доогуур байсан. Ихэвчлэн бага ангиасаа сургуулиа орхиод аав, ээждээ туслахаар мал дээр гарсан залуус байдаг байлаа. Карентин дуусаад би ахлах байлдагч цол хүртсэн. Хуучин цэрэг болсныхоо дараа түрүүч цол аваад отряд дээр шинэ цэргүүдийн жагсаалын дарга хийдэг болсон.

-Хуучин цэрэг болсныхоо дараа застав руу томилогдоогүй гэж үү?

-Шинэ цэргүүдийг тангараг өргөсний дараа би ангийн захирагч руу очоод застав руу явах хүсэлтээ өгсөн. Застав үзэхгүйгээр цэргийн албыг дуусгамааргүй байна гэдгээ илэрхийлсэн. Захирагч намайг “Аль застав руу явах хүсэлтэй байгаа юм?” гэхэд би “Даяангийн застав” гээд шууд л хариулсан.

-Мэдээж анги бүр дор хаяж 5-6 заставтай байдаг шүү дээ. Даяангийн застав нь юугаараа онцлог байв?

-Тэр заставыг манай дээд оны ах нар үнэхээр сайхан байгальтай гэж ярьдаг байсан. Ховор ан амьтад ихтэй, уулаараа арц ургасан, голоо дагаад л янз бүрийн жимсний мод ургадаг гээд л их сайхан шүү дээ. Даяангийн застав дээр очоод хилийн манаа гэдгийг жинхэнэ утгаар нь үзсэн дээ. Хилийн баганаас баганын хооронд хил манаад явж байхад үнэхээр сайхан байж билээ. Тэр үед Хятадаас Монгол руу чиглэсэн хоёр хил зөрчигч илрүүлж байлаа. Монгол Улсынхаа дархан хилийн манаанд зогсож байхдаа монгол хүн болж төрснөөрөө омогшдог юм билээ.

-Цэргийн алба хаана гэдэг эр хүн бүрийн бахархал байдаг. Үүн дотроо тусгай томилгоот батальон буюу Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ялгах тэмдэг зүүнэ гэдэг бүр ч их бахархалтай шүү дээ. Та тус ангид хэзээнээс алба хааж эхлэв?

-Би 084 дүгээр ангид 2004 оноос эхлэн 15 дахь жилдээ ажиллаж байна.

-Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэнхэр дуулгатнуудаа илгээгээд 18 жил өнгөрчээ. Таныг нэлээн олон удаа тус ажиллагаанд оролцсон гэж дуулсан. Аль улс орнуудад үүрэг гүйцэтгэв?

-Би энхийг дэмжих ажиллагаанд нийтдээ дөрвөн удаа оролцсон. Анх 2007 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд наймдугаар ээлжийн үүрэг гүйцэтгэсэн. Дараагаар нь 2008 онд Афганистан, Сьерра-Леон зэрэг улс орнуудад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэлээ. Мөн 2012 онд Афганистан улсад АНУ-ын цэргийн багтай хамтарсан “НАТО-гийн шийдвэртэй дэмжлэг” гэх ажиллагаанд оролцсон. Түүнчлэн 2015 онд ХБНГУ-ын цэргийн багтай хамтран Афганистанд үүрэг гүйцэтгэсэн зэрэг нийт дөрвөн удаа олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцлоо.

-Анх 2007 онд Иракт үүрэг гүйцэтгэж байсан гэлээ. Ямар үүрэгтэйгээр оролцож байв?

-Тэр бол миний анхны ажиллагаа. Манай цэргийн багийнхан НҮБ-ын энхийг сахиулагчдаас бүрдсэн цэргийн дивизийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байсан.

-Тухайн үед таны амьдралд нэгэн гэнэтийн хачирхалтай үйл явдал тохиолдсон гэдэг. Энэ тухай уншигчиддаа нэг хуваалцах уу?

-2007 оны аравдугаар сар хүртэл би Иракт үүрэг гүйцэтгээд гурван сар болсон байлаа. Аравдугаар сарын 3-4-ны шилжих шөнө би харуулын цамхаг дээр шөнийн дуран харааны хэрэгслээр ажиглалт хийгээд зогсож байтал гэнэт толгойд алхаар дэлсээд авах мэдрэмж төрсөн. Үүний дараа гэнэт өөрийн эрхгүй харуулын цамхагийн хананд дуулгатай толгойгоороо мөргөөд унаад өгсөн.

-Тухайн үед тайван байдалтай ажиглалт хийж байсан хүн гэнэтийн тийм зүйлд шоконд орсон байх даа?

-Мэдээж шүү дээ. “Юу болоод өнгөрвөө” гээд гайхаад цочролд ордог юм билээ. Дараа нь алгуурхан шалан дээрээс гараа аваад өвдгөн дээрээ тулаад сууж байх үедээ буудуулснаа мэдсэн. Тэрхэн зуурт би харуулын цамхагийн буланд суурилуулсан Америкийн холбооны хэрэгслээр “Төвөө тавдугаар цэг рүү чиглэсэн буудлагын халдлага илэрлээ, шуурхай бүлэг хүч нэмэгдүүл” гэсэн мэдээ өгсөн.

-Хаанаас буудсаныг нь тогтоож чадсан уу?

-Буудуулсны дараа босоод шөнийн дурангаар ажиглалт хийгээд харж байтал манай харуулын цамхагаас чанх урд 800 орчим метрт байрладаг нэгэн дэлбэрэлтэнд өртсөн балгасны дээрээс хоёр зэвсэгтэй хүн үсрээд бууж байхыг харсан. Тэр үед хариу арга хэмжээ аваад ротын пулемётоор гүйж байсан хоёр зэвсэгтэй хүнийг дагуулж шүршсээр байгаад 100 сумаа дуусгасан даа. Үүний дараа төвөөс холбооны станцаар “Тавдугаар цэгээ, мэдээгээ давтаарай, хаанаас буудав” гэхэд нь би “80 градусын 800 метрийн балгаснаас хоёр хүн миний чиглэлд гал явууллаа. Хариу арга хэмжээ авч, гал явууллаа” гэсэн илтгэл өгсөн.

-Таныг мэдээ өгсний дараа шуурхай бүлэг хэр хурдан ирэв?

-Төд удалгүй шуурхай бүлгийнхэн ирж миний харуулын цамхагийн хажуугийн галт байруудыг хамгаалж хүч нэмэгдүүлсэн. Тэр хооронд манай багийн удирдлагууд болон Польш, америкийн цэргүүд миний байрлал дээр ирсэн. Манай төв дээр сууж байсан холбогч офицерууд польшийн дивизүүдэд миний мэдээг дамжуулсан.

-Дараа нь алан хядагчдад олон улсын цэргүүдийн зүгээс ямар хариу арга хэмжээ авав?

-Хиймэл дагуулаас авсан зургийн дагуу эргүүл хийж байсан польшийн онгоц руу мэдээ өгсөн. Удалгүй эргүүлийн онгоц ирж, балгасыг шугам татаад зүсэж буй мэт буудаад, бөмбөгдсөн. Шөнө байсан болохоор лазераар буудаж байгаа юм шиг харагдаж, яг л кино шиг зүйл болж билээ. Шалаар нэг тарсан пулемётны хонгионуудаа түүж байх үеэр шалан дээр нэг товч хэвтэж байхыг хараад би их гайхсан.

-Юунд гайхна гэж?

-Намайг шөнийн дурангаар ажиглалт хийгээд зогсож байтал яг миний хоёр хөлөн дунд нэг зүйл “тор, тор” гээд ойгоод унах чимээ гарсан. Тэгэнгүүт нь би шөнийн дурангаа нүднээсээ дөнгөж салгаад доошоо тонгойтол гэнэт хойшоогоо үсрээд явснаа санасан. Өөрөөр хэлбэл эрүү доошоо дарагдах агшинд сум яг миний духанд чиглэн ирж таарсан. Тэр сум миний дуулганы саравчнаас ердөө нэг хуруу дээр зоогдсон байсан.

-Та тэгвэл яахын аргагүй ус уух тавилантай байжээ. Хэрэв товч тасраагүй байсан бол та бид хоёр өдийд ярилцаад суухгүй байж шүү. Товч яагаад гэнэт тухайн агшинд тасрав гэдэг их сонин юм.

-Намайг Ирак явах гэж байхад миний нэг онжав Сьерра-Леоне улсад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж ирчээд надад срочик шиг нимгэн китель өгч явуулсан. Тэр “миний найз халуун газарт харуул хамгаалалтанд гарахдаа энийг өмсөж байгаарай” гэж захисан. Иракад ирээд би тэр кителийг өмсөж үзтэл хамгийн доод талынх товч нь хоёр гуравхан утасан дээр тогтсон, унжсан юм л яваад байсан. Бид нар тэр доод талын товчийг нээх товчлоод байдаггүй байсан болохоор тоодог ч үгүй байв. Хажууд үргэлж миномёт, пуужин харваад  дэлбэрэлт болж байхад хэр баргийн зүйлд санаа тавьж амждаггүй байсан юм. Найзын маань өгсөн кительны товч гурван сарын турш санжигнаж явсны эцэст эгзэг нь таарсан ч юм уу, тухайн агшинд газар унаж таарсан юм даа.

-Буудуулсны дараа сэтгэл санаа хэр байсан бэ?

-Мэдээж эвгүй байсан. Гэхдээ бүр ч айхтар шоконд ороод, ухаан алдаад байх зүйл байгаагүй. Харин удирдлагууд намайг хэд хоног харуул хамгаалалтанд гаргаагүй. Харин цэргийн байранд жижүүр, жижүүрийн туслах хийлгэсэн. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа би хамгаалалтандаа үргэлжлүүлээд гарч эхэлсэн. Харуулд зогсож байхад санаа дагадаг ч юм уу, холоос мэргэн бууч ажиглаад байгаа юм шиг үе үе эвгүй мэдрэмж төрдөг болсон.

-Ер нь монгол цэргүүд бусад улс орны цэргүүдээс онцгойрдог гэж сонссон. Тухайлбал, бөмбөг дэлбэрвэл бусад улсын цэргүүд орон доогуураа шургадаг бол манайхан шууд буу руугаа гүйдэг гэсэн.

-Тийм ээ. Монгол хүний цусанд эртнээс эрэлхэг дайчин чанар өвлөгдөж ирсэн гэж бид боддог. Монгол хүн цаг уурын ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай. Цагийн байдал хүндэрсэн үед зоримог, шийдэмгий чанараараа бусад улсын цэргүүдээс ялгардаг шүү.

-Таныг халдлагад өртөж, суманд оногдсоныг тухайн үед БХЯ, ЗХЖШ-ынхан нууцлаад өнгөрсөн байсан.

-Хэрэв энэ үйл явдлыг нууцлаагүй байсан бол тухайн үед Иракт үүрэг гүйцэтгэж буй цэргүүдийн ар гэрийнхний санаа нь зовох зэрэг түвэгтэй асуудлууд гарч ирэх учраас энэ асуудлыг нууцалсан болов уу гэж би боддог юм. Харин 2012 онд энхийг сахиулагчдын 10 жилийн ойгоор хэвлэгдсэн энхийг сахиулагчдын тухай номон дээр энэ үйл явдлын тухай бичсэн байсан. Тэр үед л олон нийтэд ил болсон доо. Намайг Афганистанд байхад хэд хэдэн сонин, телевизээс ирж ярилцлага авч байлаа. Хамгийн сүүлд 2017 онд энхийг сахиулагчдын 15 жилийн ой болоход миний буудуулсан дуулгыг “Монгол цэргийн музей”-д нээгдсэн энхийг сахиулагчдын буланд үзмэр болгон мөнхөлсөн байна лээ.

-Тэр үйл явдлын тухай уран сайхны кино хийх гэж байгаа сурагтай. Зохиол нь бичигдсэн үү?

-Сайн мэдэхгүй л байна. Ямартай ч шат шатандаа яригдаад явж байгаа гэсэн. Шийдэгдчихвэл зураг авалт нь удахгүй эхлэх байх.

Ярилцлагын төгсгөлд зэвсэг нэгт нөхдөдөө цэргийн баярын мэнд дэвшүүлвэл?

Зэвсэгт хүчин гэж байхгүй бол улс эх орон үгүй. Тиймээс энэ чухал салбарын нэг хэсэг болж үүрэг гүйцэтгээд явж байгаа нь бид бүгдийн бахархал юм. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, төлөв даруу, үүргээ нэр төртэй гүйцэтгэдэг байх эрхэм чанарын эзэд нь цэргийн алба хаагчид юм. Иймд нийт зэвсэг нэгт нөхдөдөө Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 98 жилийн ойн баярын мэнд хүргэе!


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)