Б.ЭРДЭНЭЧИМЭГ: Айдастайгаа “нүүр тулах” гэж “Үр” кинонд тоглосон


Дунд сургуулийн сурагч байхдаа жүжигчин Г.Золбоотыг нэг их хөөрхөн, өндөр, гоолиг эмэгтэйтэй хамтран тоглосон киног үзэж байв. “Ямар хөөрхөн эгч вэ” гээд л нүд салгалгүй үзсэнээ санадаг юм. Тэр нь “Амилсан чөтгөр” кинонд тоглосон жүжигчин Б.Эрдэнэчимэг байв. Дараа нь түүнийг олон киноноос харсан. Монголын кино урлаг уналтад орж, цөөхөн хэдэн уран бүтээлч “голыг нь тасалчихалгүй” үргэлжлүүлэх үед ч тэрбээр дэлгэцийн урлагт ажилласаар л байсан юм. Одоо ч эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж яваа жүжигчин Б.Эрдэнэчимэгийг “Нямын зочин”-оор урилаа.

-Ярилцлагаа таны хамгийн сүүлд ажилласан уран бүтээлийн тухай асуултаар эхэлье. “Үр” аймшгийн киног залуу хамт олон бүтээсэн байна. Яагаад эл уран бүтээлд тоглохоор шийдэв?

-Би 2006 оноос багшилж буй. Шавь нар, залуу уран бүтээлчдийг ажиллаж хөдөлмөрлөн, мэргэжилдээ эзэн болж, бусдаас онцгой байгаасай гэж боддог. Тиймээс залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллах дуртай. Залуу найруулагч Чентэй өнгөрсөн жил “ТВ-9” телевизийн Сар шинийн баярт зориулсан теле зохиомжид тоглох үеэрээ танилцсан юм. Түүнээс хойш хэдэн сарын дараа бие даан кино хийхээр зорьж буйгаа надад хэлээд, зохиолоо уншуулсан. “Үнэхээр хийхээр зориглож байгаа бол эгч нь дэмжинэ. Гэхдээ битгий яар. Маш сайн төлөвлөж, тооцоолоорой” гээд тоглохыг зөвшөөрсөн. Зохиол нь ч сонирхолтой санагдсан юм.

-Та өмнө нь аймшгийн төрлийн кинонд тоглож байсан бил үү?

-Их азтай нь найруулагч нар надад ихэвчлэн сайхан бүсгүй, сайхан эмэгтэйн дүр ногдуулдаг. Би Чен найруулагчийг цаашлуулж, “Бусад найруулагч намайг сайн, сайхан эмэгтэй гэж харж, тийм л дүрд тоглуулсаар ирсэн. Гэтэл чи намайг ийм аймаар төрхөөр харж, дүрд тоглуулахаар сонгох ч гэж дээ” гэтэл “Таныг өмнө нь тоглож байгаагүй дүрд ажиллуулахыг хүссэн” гэсэн.

-Энэ төрлийн кинонд дуртай юу?

-Юун дурлах. Би тоглох нь битгий хэл айгаад үзэж ч чаддаггүй. Шөнийн цагаар гэртээ өрөөнүүдийнхээ хооронд явахдаа хүртэл айж, харанхуйд толинд харахаас ч эмээдэг хүн. Айхгүй ч гэсэн аягүй гэдэг дээ. “Үр” кинонд тоглох санал ирсний дараа “Ер нь ийм төрлийн кинонд тоглочихвол айдсаа дарж чадна. Нөгөө талаас, тоглох явцдаа айлгах болон айхдаа гаргадаг хүмүүсийн сэтгэл хөдлөл, хувирлыг анзааръя” гэж хүссэн. Жүжигчин хүн чинь байнга л суралцаж, мэдэхгүйгээ мэдэхийн төлөө явдаг шүү дээ.

-“Үр” киноны танилцуулгыг харлаа. Таныг “аймаар” болгож өөрчилжээ. Нүүрээ хувиргасны дараа толинд хараад өөрөөсөө цочсон уу?

-Нүүр хувиргах ажлыг ийм мундаг хийдэг болсон гэж үнэндээ бодоогүй. Өмнө нь ямар ийм кинонд тоглож үзсэн биш. “Үр” кинонд нүүр хувиргагч Г.Хос-Эрдэнэ ажилласан. Нүүрэнд зориулалтын маск нааж, түүнийгээ хувирган, намайг ёстой л “аймшгийн” болгосон. Хамгийн аймаар нь зургаа ихэвчлэн шөнө, харанхуй газар авхуулсан. Зургийн талбайд очоод хамаагүй явж болохгүй, нэг буланд сууна. Босож явахаар бол заавал хүн дагуулж, “Би явж байна шүү” гээд анхааруулна. Надаас хүн цочоод ухаан алдчихвал яах билээ.

-Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуягтай хэд дэх удаагаа хамтран тоглов?

-Дөрөв дэх удаагаа нэг уран бүтээлд хамтран ажиллалаа. Би Хүүхэд, залуучуудын театрт байхаасаа л Оёгоо (Ц.Төмөрхуяг) ахыг шүтдэг байлаа. Хамтран тоглох болгондоо баяртай байдаг юм.

-Тус уран бүтээл аймшгийн төрлийнх боловч кинонд үйлийн үрийн талаар өгүүлэх юм билээ. Та ер нь үйлийн үрийг юу гэж ойлгодог вэ?

-Эл кинонд би тэрсхэн хоёр хүүгээ үлдээгээд өвчнөөр үхэж буй ээжийн дүрд тоглосон юм. Үхтэл үр харам гэдэг дээ. Мөн юу тарина, түүгийгээ хураана гэдэг. Хийсэн үйлийнхээ төлөөсийг төлж буй гэр бүлийг кинонд харуулна. Нэг талаас үрдээ хоргодсон эх, нөгөө талаас нөхрийнхөө үйлийн үрийг эдэлж буй эхнэр.

-Таны ажилласан хэд дэх дэлгэцийн уран бүтээл байв. Ер нь жагсаалт, тоо гаргаж үзэв үү?

-Би багцаагаар 60 гаруй кинонд тоглосны 40-өөд нь гол дүр байдаг. Мөн тайзны хэд хэдэн уран бүтээл бий. “Үр”-ээс өмнө “Дурсаж яваарай”, “Он цагийн эрэлчид” гэж хоёр кинонд тоглосон. Удахгүй үзэгчдэд хүргэх байх.

-2006 оноос багшилж байгаа гэсэн. Багшлахаар уран бүтээлд ажиллах цаг зав хомс болдог байх даа.

-Мэргэжлийнхээ дагуу багшилдаг болохоор ажлаасаа төсөөрнө гэж байхгүй. Харин ч оюутнуудаас суралцах зүйл их. Тэр нь сонирхолтой. Тэгээд ч одоо залуугийнх шиг байнга киноны санал ирдэггүй болохоор давхцах, цаг зав олдохгүй гэсэн асуудал гарахгүй.

-Таныг дунд сургуульдаа математикийн анги төгссөн, жүжигчин болоогүй бол инженер болох байсан гэж сонссон. Хэрхэн жүжигчин болсон юм бэ?

-Намайг дунд сургууль төгсдөг жил Хүүхэд, залуучуудын театр залуу жүжигчид шалгаруулж, гадаадад сурган, шинэ боловсон хүчнээ бэлтгэх болов. Ингээд тус театрынхан хоёр, гурваараа хуваагдан нийслэлийн бүх дунд сургуулиар явж, төгсөх ангийн хүүхдүүдийг шалгасан юм билээ. Би нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг төгссөн. Хичээлээ хийгээд сууж байтал ангид Гавьяат жүжигчин Н.Мягмар, Н.Оюунсүрэн эгч орж ирлээ. “Та нарын олонх нь ирээдүйн мэргэжлээ сонгочихсон байх. Гэхдээ урлагт хайртай, жүжигчин болохыг хүсэж байгаа хүүхэд байвал хичээлийнхээ дараа шалгуулаарай” гэв. Математикийн анги болохоор ч тэр үү, манай ангийнхан огт сонирхоогүй. Шалгуулахгүй байя гэтэл сэтгэл нэг л сонин болоод болдоггүй. Бодож, бодож юмыг яаж мэдэх вэ гээд хичээлээ тараад яваад очтол нэлээд олон хүүхэд цуглачихаж. Тэгэхээр нь хүлээж тэвчилгүй гараад явчихлаа. Орцныхоо үүдэнд иртэл нэг л буруу шийдвэр гаргасан мэт санагдаад буцаад сургууль руу алхав. Очтол хүүхдүүд овоо шингэрчихэж. Хүлээж байгаад шалгууллаа. Ингээд сургуулиасаа 12-уулаа тэнцэж, дараагийн шалгаруулалтад орох болов. Дараагийнхад нь манай дүүргийн сургуулиудаас тэнцсэн хүүхдүүд цуглажээ. Би ч халгаж, халгаж шалгуултал тэнцлээ. Дараа нь хотын хэмжээнд шалгарсан хүүхдүүдтэй өрсөлдөж, тэнцээд, 20-иулаа Украины Харьков хот руу жүжигчнээр суралцахаар явсан даа.

-Буцаж очоогүй бол та өдийд юу хийж яваа бол?

-Инженер юм уу, эдийн засагч болчихсон л яваа байх.

-Украинд очоод л “нүд нээсэн” үү. Сонгосон мэргэжлийнхээ онцлогийг ч очсон хойноо ойлгосон байх?

-Үнэхээр өөр, гоё орчинд очсон. Тэнд байхдаа бие дааж, сайн сургуульд мэргэжил эзэмшээд ирсэн дээ.

-Гэхдээ төгсөөд ирэхэд тань таагүй нөхцөл угтсан байх.

-1992 онд төгсөөд Монголдоо иртэл нийгэм өөрчлөгдөж, бүх зүйл ороо бусгаа болчихсон байв. Хүмүүс театр үзэх нь ч багасчихсан. Би хавар нь төгсөж ирээд, намар наймдугаар сарын 14-нөөс Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж эхэлсэн юм. 1998 онд татан буугдах хүртэл нь ажилласан даа. Дараа нь “Шинэ үе” продакшнд хэсэг ажилласан. Нэг талаас амьдралаа залгуулах, нөгөө талаас урлаг, тайзнаас хөндийрөхгүйн тулд ажиллаж байлаа.

-Та анх ямар кинонд дүрээ үлдээсэн юм бэ?

-Х.Дамдин найруулагчийн “Амилсан чөтгөр” кинонд анх тоглосон. Анх гол дүрд нь шалгуулсан юм. Гэхдээ эсрэг дүр. Би уг нь эерэг дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлнэ гэж мөрөөддөг байв. Ямар сайндаа л шалгуулах үедээ туслах найруулагчаас нь “Танай кинонд эерэг дүр байгаа юу” гэж асууж байх вэ дээ. Гэхдээ азтай нь, “Амилсан чөтгөр” киноны гол дүрд биш, туслах ч гэлээ эерэг дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Анхны кино болохоор их сандарч, хөглөсөн. Дараа нь Н.Ганхуяг найруулагчийн “Хэлтгий заяа” кинонд тоглосон. Гэхдээ “Хэлтгий заяа” киног эхлээд үзэгчдэд хүргэсэн. Дараа нь эсрэг дүрд ч нэлээд тоглосон. “Байлдан дагуулагч”, “Зүүд шиг хайр”, “Салж чадамгүй хайр”, “Зүрх зогсохгүй” гээд олон кино бий.

-Камерын урд анх гарсан хөгтэй дурсамжаасаа хуваалцаач?

-Төмөр замын гурван өрөө хуучны байранд зураг авхуулах боллоо. 27- 28 настай эмэгтэйн дүр л дээ. Гэтэл би овор багатай. Тиймээс үсээ нэлээд оворжуу болгож янзлуулаад, нүүрээ будуулаад сууж байв. Хүмүүс “Чиний нөхрийн дүрд Г.Золбоот тоглоно. Ёстой сайхан залуу, сайн ч жүжигчин. 10-аад кинонд тоглочихсон” гэхийг нь сонсоод их сандарлаа. Удалгүй “Миний эхнэр хаана байна” гэсээр нэг залуу ороод ирэв. Яасан ч царайлаг юм. Нөхөр томилолтоор явах болж, би хувцсыг нь бэлдэж өгөөд, үнсээд явуулах ёстой хэсгийн зургийг авхуулах ёстой боллоо. Танихгүй хүнийг “Миний нөхөр” гэж бодож үнсэх хэцүү юм билээ. Сандраад, ичээд. Чаддаггүй. Х.Дамдин найруулагч “Чи яагаад хальс үрээд байгаа юм бэ. Сургууль соёлыг нь төгссөн гэсэн биз дээ” гээд загналаа. Тэгэхээр нь “Та энэ жүжигчнээ өчигдөр танилцуулахгүй яасан юм бэ” гэчихлээ. Аминдаа зураг авхуулахын өмнө танилцуулчихсан бол ингэж биеэ барихгүй шүү дээ гэсэн санаагаар хэлсэн юм. Гэтэл “Өчигдөр танилцуулсан бол та хоёр яах байсан юм” гээд л намайг “явуулж”, бөөн инээдэм болж байлаа. Тэгж байтал өдрийн хоолны цаг болоход Г.Золбоот бид хоёрыг тусад нь нэг өрөөнд оруулчихсан. Хооллох зуураа танилцаж, арай гэж зургаа авхуулсан даа.

-Тэрнээс хойш та хоёр “алтан партнёр” болсон байх аа?

-Г.Золбооттойгоо 10 гаруй кинонд хамтран тогложээ. Хайр дурлалын сэдэвтэй олон кинонд эхнэр, нөхөр, “Эзэнгүй айл” телевизийн олон ангит кинонд нэг айлын хүргэн, бэр болж байлаа.

-Та ганц хүүтэй. Хүү тань урлагт дуртай юу?

-Миний хүү 28-тай. Төрсөн цагаасаа л ээжийгээ дагаад театрын тайзны ард, эсвэл киноны зураг авах талбайд өссөн юм чинь дуртай байлгүй яах вэ.

-Урлагийн мэргэжил эзэмшинэ гэж таныг айлгаагүй юу?

-Наймдугаар ангид байхдаа жүжигчин болно гээд намайг цус харвуулах шахсан. Урлагийн мэргэжлийн нарийн ширийн, хатуу хөтүүг мэдэх болохоор аль болох өөр мэргэжил сонгоосой гэж хүсдэг байлаа. Ингээд хүүтэйгээ ярилцаж, ятган, сүүлдээ уурлаж, тэгээд аргадаж байж өөр мэргэжил сонгуулсан. Миний хүү олон улсын худалдааны чиглэлээр Италид суралцаж, төгссөн.

-Та эмээ болсон уу?

-Эмээ болоод зургаан сар гаруй болж байна.

-Эх хүн болоход бүсгүйчүүдэд хамгийн сайхан, нандин мэдрэмж төрдөг. Тэгвэл эмээ болж, ачаа харахад бас л сонин зүйл мэдэрдэг байх. Та юу мэдэрсэн бэ?

-Найзуудаа бодвол хожуу эмээ боллоо. Тэднээсээ юу мэдэрснийг нь сонсож л байлаа. Гэтэл өөрөө эмээ болж, ачаа харах сонин юм билээ. Аавынх нь багын төрх санаанд тодроод л, юу нь төстэй байгааг нь адилтгаж хараад л. Ачаа томрох тусам “амиа тавих” байх аа.

-Нас ахих эмгэнэлтэй юү. Уран бүтээлчийн хувьд хүссэн дүрдээ сонгогдож, тоглож чадахаа болино гэдэг гунигтай байх.

-Жам юм даа. Шуналтай хүний хувьд харамсалтай л байх. Харин би гунигладаггүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)