Б.Эрдэнэбулган: Аялал хүнд тулгарсан асуудлаа өөрөө шийдэхэд сургадаг

Багадаа аавтайгаа хамт Хятад улсаар аялсан цагаас хойш аялах сонирхолд хөтлөгдсөөр өдгөө 26 насандаа 20 орноор аялсан Баярбатын Эрдэнэбулгантай аяллын сонин сайхан болон улс орнуудаар хэрхэн аялах боломжтой талаар ярилцлаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Батбаярын Эрдэнэбулган гэдэг. Би 2016 онд МУИС-ийг Газар зохион байгуулалтын менежмент мэргэжлээр төгссөн. Одоо Дэлхийн зөн олон улсын байгууллагад хөгжлийн чиглүүлэгч хийдэг.

 -Хэзээнээс эхэлж аялах болов?

-Аавтайгаа хамт багаасаа аялж эхэлсэн. Мөн анх наймдугаар ангид манай багш зорилгын дэвтэртэй болох санал хэлж, ааваараа дэвтэр авахуулж байсан юм. Тэгээд дэвтэр дээрээ “Дэлхийгээр аялна” гэсэн зорилго тавьсан. Тэгээд л хүсэл, мөрөөдлөө биелүүлэхээр аялалд гарсан даа.

Анх 2015 онд дүүтэйгээ Азийн орнуудаар аялсан. Дараа нь Монгол дахь “AEISEC” олон улсын байгууллагын төсөлд шалгарч Польш Улсын нэгэн  цэцэрлэгт англи хэлний багшаар ажилласан. Төслийн хугацаа зургаан долоо хоног байсан. Гэсэн хэдий ч би Польш орныг илүү мэдмээр санагдаад анх ярилцлага авсан хүндээ дахин нэг сар байх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Тэр хүн миний хүсэлтийг баяртайгаар хүлээж авсан.

-Хамрагдсан төслийнхөө талаар тодруулж яриач?

-“AEISEC Mongolia” олон улсын сайн дурын байгууллага нь 28 хүртэлх насны сайн дурын ажил хийх хүсэлтэй залуусыг бүртгэдэг. Бүртгүүлсэн хүмүүс нь тусгагдсан хөтөлбөрүүдээс өөрсдийн дуртайгаа сонгож, сонирхолдоо нийцсэн төслийг сонгон хүсэлтээ илгээдэг.  Тэгээд  тодорхой шатны шалгууруудад тэнцэж байж урилга авдаг.

-Нийт хэдэн орноор аялсан бэ?

-Нийтдээ 20 орноор аялсан. Зүүн өмнөд Азийн орнууд руу хоёр ч удаа явсан. Эхлээд дүүтэйгээ, дараа нь нөхөртэйгээ хамт аялсан.

-Аяллын зардлаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Ажил хийгээд мөнгөө хуримтлуулаад аялдаг. Хуримтлал үүсгэхдээ авч байгаа цалингийнхаа 50-60 хувийг аялалдаа хадгалах журмаар явдаг.

-Сонирхолтой аяллын дурсамжаасаа хуваалцаач?

-Дурсамж гэхээсээ илүү бүтэлгүйтэж байсан нь илүү санаанд бууж байна. /инээв/ Өмнө нь дүү бид хоёр тус тусдаа аялаж байсан ч 2016 оноос хамтдаа аялахаа төлөвлөн мөнгөө цуглуулж, 2017 оны 11сараас эхлэн Зүүн өмнөд Азийн долоон орноор аялах төлөвлөгөө гаргасан.

Тэгээд анхны аялалаа Тайланд улсын Бангкок хотоос эхлүүлэхээр болсон юм. Гэтэл онгоц нисэхээс хагас цагийн өмнө тахинд суухдаа паспорт мөнгө зэрэг хамаг зүйлсээ алга болгосноо мэдээд нэлээд сандарсан юм. Онгоц 12:00 цагаас нисэх байсан. Би ч нөгөө үнсгэлжингийн үлгэр шиг амьтан цүнхээ үлдээсэн байж магадгүй хэмээн нөгөө тахиныхаа жолооч ахтай ярьлаа. Ашгүй жолооч маань бид хоёрыг буулгасан газраа ирэхээр болов. Ингээд машинд нь нь эд зүйлсээ хайж байтал жолооч "та хоёр байрласан буудалруугаа залгаж үзсэн үү" гэв. Бид хоёр ч  буудалруугаа залгаагүйгээ санаж залгатал үүдний сандал дээр унагаачихсан байхад хүн авчирч өгсөн. Ирээд ав гэдэг байгаа. Нисэх цаг ч нилээн дөхсөн байсан хэдий ч хүмүүсийн ачаар амжсан юм. Тухайн үедээ нэлээдгүй сандарсан ч одоо бодоход их дурсамж болж үлдсэн байна.

- Бусад орны соёлыг өөрийн оронтой харьцуулж хардаг уу?

-Мэдээж хардаг. Монголчууд бид огт уурлах хэрэггүй зүйл дээр уурлаж, стресстдэг юм шиг санагддаг. Тухайлбал, гадаадад бидний үеийн залуус автобусанд явж байгаад сандал тавьж өгөхөд дургүйцдэг. Учир нь өөрсдийгөө залуу гэж боддог. Харин Монголд 30 наснаас дээш болон 40 дөнгөж хүрч байгаа хүмүүс өөрөөсөө залуу хүмүүсийг заавал суудал тавих ёстой гэж шаарддаг. Энэ мэт сэтгэлгээний хувьд бага зэргийн ялгаа ажиглагддаг. Мөн өөр нэг анзаарсан зүйл нь европчууд цаг их барьдаг. Цаг бариад сурчихаар хүн хүлээж чадахаа больдог юм билээ.

-Тэгвэл та Монгол орныхоо соёлыг хэрхэн таниулдаг вэ?

-Цэцэрлэгт багшилж байхдаа өдөр бүр Монгол дээлээ өмсдөг байсан. Учир нь Монгол хувцас их гоё гэдгийг хүүхдүүдэд таниулж, мөн оньсон тоглоомуудыг сонирхуулж байсан. Тухайлбал, шагай чинь яс шүү дээ. Тиймээс хүүхдүүдэд их сонирхолтой санагддаг байсан. Ер нь цаашид оньсон тоглоомуудыг авч явах нь зөв санагдсан.

-Улс орнуудаар аялаж явахад Монголдоо өөрчилмөөр зүйл санаанд нь буудаг уу?

-Монголын аялал жуулчлал бага зэрэг асуудалтай. Тухайлбал, наад зах нь замын асуудал байна. Мөн ариун цэврийн газруудын орчин зэрэг жижиг асуудлууд их бий. Уг нь шийдэл нь байдаг. Гэхдээ сүүлийн үед арай ухамсартай болсон санагддаг. Мэдээж ихэнх нь хувь хүмүүстэй холбоотой асуудлууд байдаг. Жишээлбэл, Бид хүүхдүүддээ багаас нь байгальд хог хаяж болохгүй гэдгийг ойлгуулж, өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй.

Польш улсад цэцэрлэгт англи хэлний багшаар ажиллаж байхад ажиглагдсан нэг зүйл нь хүүхдүүд нь огт хог хаядаггүй. Мөн хог хаясан тохиолдолд цэвэрлэгч цэвэрлэх ёстой биш өөрсдөө цэвэрлэдэг. Энэ мэт жижиг соёлоос эхлэх хэрэгтэй.  Ер нь боловсролын системд бага зэрэг өөрчлөлт оруулж нийгэм талын хичээлийн цагаа илүү нэмэх хэрэгтэй гэж боддог.

“Сайн судалбал боломжийн үнээр тансаг аялж болдог”

-Аялал танд юу өгдөг вэ?

-Аяллын нэг давуу тал нь тулгарсан асуудлаа өөрөө шийдэж сурдаг. Тэгээд мөн олон хүнтэй харилцдаг учир илүү нээлттэй байдлыг шаарддаг. Тэр л аяллын хүнд өгдөг том зүйл гэж боддог.

-Хүмүүс ном тэмдэглэлийн дэвтэр зэргийг аяллын цүнхэндээ хийдэг. Та аяллын тэмдэглэл бичдэг үү?

-Мэдээж бичдэг. Гэхдээ тэмдэглэлийн дэвтэр дээр биш нөүтбүүк дээр бичдэг. Цаасан дэвтэр дээр их зүйл бичих залхуутай санагддаг. Аялалд явахдаа ном бараг уншдаггүй. Ихэнх зүйлсээ утаснаасаа хардаг.

 Уг нь ганц хоёр блог хийж эхэлсэн юм. Одоохондоо бизнесийн чиглэлээр магистрт сурч байгаа болохоор ажил, хичээл давхцаад цаг бага байна. Цаашид олон зүйлийг оруулах болно.

-Аялахаар төлөвлөж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүмүүс аяллыг их үнэтэй гэж боддог. Гэхдээ сайн судалбал боломжийн үнээр тансаг аялж болдог. Тэр дундаа хосууд аяллын компаниудаар жуулчилж явахаас илүү өөрсдийн маршрутаар аялах хэрэгтэй. Онгоцныхоо тийзийг өөрчлөхгүй юм гэхэд зориг гаргаад өөрсдийн маршрутаар аялаарай гэж зөвлөмөөр байна.

-Одоо аялахгүй болохоор ямар байна вэ?

-Жаахан уйтгартай. Цар тахал намжихаар аялалд гарна.

-Нууц биш бол мөрөөдлөөсөө хуваалцаач?

-Монголдоо 24 цагийн номын кафетай болохыг мөрөөддөг.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Бямбасүрэн 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)