Б.ЭРДЭНЭБАТ: Авлига, хээл хахуулийг зогсоовол Монголын эдийн засаг хоёр дахин нэмэгдэх байх


Манай сонины “Уншигч-сурвалжлагч”-аар “Голомт” банкны Нөөцийн удирдлагын газрын Арилжааны хэлтсийн захирал Г.Мөнх-Эрдэнэ ажиллалаа. Санхүүгийн зах зээлийн өсөх ирээдүйтэй, залуухан шинжээч тэрбээр МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.Эрдэнэбатыг урьж, эдийн засгийн нөхцөл, монголчуудын хөгжлийн хандлагын талаар ярилцав.

...Прагматик байгаасай. Зэс, нүүрсний үнэ, том төслүүдээ хөдөлгөнө гэсэн улиг болсон зүйлээ бүү яриасай. Бидэнд хэрэгжүүлж буй том төсөл олон бий. Манай улс гурван сая гаруй хүн амтай. Европын жижиг хотынхтой тэнцэх эдийн засагтай улс. Гэтэл дэлхийн топ уурхайнууд ажилладаг. Ийм том төслүүдээ сайн удирдаж сураасай гэж хүсэж байна...

-Коронавирус тархаад хагас жил өнгөрлөө. Улс орнууд анх цочир хүлээн авч, хилээ хааж байсан. Тэгвэл барууны орнууд эдийн засгаа бодоод, хорио цээрийн дэглэмээ сулруулж байна. АНУ-ын хөрөнгийн зах зээл коронавирус тархахад огцом унасан. Тэгвэл эргээд өмнөх түвшиндээ хүрч өслөө. Гэтэл эдийн засгийн бодит үзүүлэлтүүд нь унаад байдаг. Энэ нөхцөл ихээхэн сонирхол татах боллоо. Үүнээс гадна “Ковид-19”-өөс шалтгаалсан эдийн засгийн хямралыг V хэлбэртэй байна гэсэн таамаг дэвшүүлж байсан. Одоо U, L хэлбэртэй байна гэсэн таамаг дэвшүүлээд байна. Олон улсын зарим шинжээч 1929 оны хямрал шиг урт хугацаанд үргэлжилнэ гэж дүгнэсэн байна лээ. Та энэ талаар ямар байр суурь, дүгнэлттэй байна вэ?

-Улс орнууд хорио цээрийн хатуу дэглэмтэйгээр хэр удаан хугацааг өнгөрүүлж чадах вэ гэдгээ төсөөлөн тооцоолж, шийдвэр гаргаж байна. “Ковид-19” өвчнийг эмчлэх эм, вакциныг ойрын ирээдүйд гаргачихна гэсэн найдвар байгаа бол хорио цээрийн хатуу дэглэмээ мөрдсөн хэвээр хэсэг хугацаанд тэсэх шийдвэр гаргах байсан болов уу. Гэтэл аюулт өвчнийг эмчлэх эм, вакциныг ойрын хугацаанд гаргах найдвар алга. Хорио цээрийн дэглэмтэй удаан тэсэх ямар ч аргагүй. Тиймээс коронавирусийн халдварт өртөх нь өртөг, эдийн засгаа хэт унагахаас сэргийлье гэсэн бодлого руу зарим орон шилжиж байна. Ялангуяа өндөр хөгжилтэй орнууд ийм бодлого баримтлах болсон нь илт анзаарагддаг. Гэхдээ зарим нь хатуу бодлогоо барьсан хэвээр байна. Жишээ нь, Хятад улс хатуу хоригоо мөрдсөөр байгаа. “Ковид-19”-ийн нөлөөлөл улс орон бүрт харилцан адилгүй учраас хариу үйлдэл нь өөр өөр. Сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч, Эдийн засгийн зөвлөлийн нэг гишүүн нь, Английн Төвбанкны ерөнхий эдийн засагч “Сэргэлт маш хурдан байна. Тиймээс эдийн засаг богино хугацаанд сэргэнэ” гэсэн өөдрөг төсөөлөл хэлэх боллоо. Бодит амьдралд нөхцөл байдал ямар байгааг бодъё. 1870 оноос хойш ийм олон улс эдийн засгийн хямралтай байсан тохиолдол үгүй. Эдийн засгийн 1929 оны хямрал ч ийм олон улсыг хамраагүй. Өндөр хөгжилтэй, дэлхийн эдийн засгийн нийт эрэлтийг тодорхойлдог улсууд хямралд өртсөн учраас амархан сэргэхгүй болов уу. “Ковид-19”-тэй холбоотойгоор “Хүйтэн дайн-2” гэсэн нэр томьёог олон улсын шинжээчид хэрэглээд эхэллээ. АНУ, Хятадын худалдааны дайн аль хэдийн эхэлчихсэн байсан. Хятадаас коронавирус тархсанаар хоёр улсын харилцааны хурцадмал байдал улам нэмэгдлээ. Одоо улс орнууд чөлөөт худалдаа эрхэлж, ажиллах хүчнээ солилцон, санхүүгийн нөөц бололцоо чөлөөтэй хөрвөдөг байгаа. Тэд үр ашгийн нэмэгдэл авна, эдийн засгийн өсөлтийнхөө хөдөлгүүр болгоно гэж үнэмшиж байсан. АНУ, Хятадын харилцаа улам хүйтрэн “Хүйтэн дайн-2” тохиовол улс орнуудад АНУ тэргүүтэй барууны, эсвэл Хятадыг дагах сонголт тулгаргана. Өөрөөр хэлбэл, олон улстай харилцаж, эдийн засгаа өсгөх боломж хомс болно гэсэн үг. Үүнийг дэлхийн эдийн засагт нүүрлэж буй сөрөг шок гэж би бодож байна.

Зочин Б.ЭРДЭНЭБАТ МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч,доктор, профессор

-Та эдийн засгийн хямрал удаан үргэлжилнэ гэж дүгнэж байна. Удаан үргэлжлэх нь манай улсад хохиролтой. Хямрал удаан үргэлжилбэл манай гол түүхий эд болох зэс, нүүрс, алтны экспорт өсөхгүй. Үүнээс хамаараад манай улсын төсвийн алдагдал тэлэх, ам.долларын ханш өсөх, банкуудын чанаргүй зээл нэмэгдэх гэх мэт сөрөг үр дагавар гардаг. Алтны үнэ өсчихлөө. Зэсийн үнэ “Ковид”-ийн өмнөх түвшиндээ мөд хүрэхгүй юм шиг байна. Нүүрсний үнэ ч төдийлөн өсөхгүй нь. Миний бодлоор ирэх жил ч эдийн засгаа өндөр өсгөж чадахгүй юм шиг санагдаж байна. Түүхий эдийн үнээр дамжсан сөрөг нөлөөлөл хэдий хугацаанд үргэлжилж, хэр гүнзгийрэх бол?

-Монгол Улс 2004 оноос хойш замнаж эхэлсэн уул уурхайд тулгуурласан эдийн засгийн чиг баримжаагаа өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсныг илэрхийлэл таны асуултаас харагдаж байна. Уул уурхайн салбарт үнэ маш өвөрмөц байдлаар тогтдог. Уул уурхай бол асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг, маш цөөн нийлүүлэгчтэй байдаг. Тухайн түүхий эдийн үнэ унасан ч нийлүүлэлтийг нь танах боломж байдаггүй. Нэгэнт асар их хөрөнгө зараад байгуулчихсан уурхай, цооногийг хаах боломжгүй. Үнэ унахаар нийлүүлэгчид олборлолтынхоо хэмжээг бүгд нэмдэг. Хөрөнгө оруулалтын өгөөжийг тогтмол байлгах, өрсөлдөгчөө зах зээлээс шахаж гаргах зорилгоор өртгөөс нь бага үнээр ч бүтээгдэхүүнээ борлуулах тохиолдол бий. Монгол Улсын хувьд экспортын номер нэг бүтээгдэхүүн нь түүхий нүүрс. Дараа нь зэс ордог. Алт бол нүүрс, зэс хоёроос харьцангуй бага орлого оруулдаг экспортын бүтээгдэхүүн. Бид нүүрс, зэсийн зах зээлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Хятадын нүүрс экспортлогч компаниуд ОПЕК маягийн байгууллага байгуулъя, нүүрснийхээ үнийг тогтмол барья, гадаад тоглогчдыг оруулж ирэхгүй байя гэсэн бодлогын бичиг баримт боловсруулах гээд Засгийн газраа лоббидож байна. Энэ нь манайх шиг Хятадын зах зээлд нүүрс нийлүүлдэг улсын хувьд сөрөг мэдээ. Эдийн засагт ахиу зардал гэсэн ойлголт байдаг. “Ковид” урд хөршийн эдийн засгийн үйл ажиллагааг огцом зогсоосон. Хятадын цахилгааны хэрэглээ маш хурдацтай буурсан. Олон цахилгаан станц үйл ажиллагаагаа зогсоосон. Цахилгаан станцуудыг дахин ажиллуулахдаа ахиу зардлыг нь тооцох нь зүйн хэрэг. Аль болох ахиу зардал багатайг нь л дахиж ажиллуулна. Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцуудын ахиу зардал тэг байдаг. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний станцуудыг түрүүлж ажиллуулж байна. Ингэхээр нүүрсний цахилгаан станцуудын үйл ажиллагаа төдийлөн сэргэхгүй. Дэлхийн дулааралтай холбоотойгоор Хятадад ирж буй олон улсын дарамт ч сэргээгдэх эрчим хүчний станцуудыг илүүтэй ажиллуулахад нөлөөлж байгаа биз. Ерөнхийдөө манай экспортын гол бүтээгдэхүүний эрэлт буурах нь. Тиймээс нүүрсний үнэ төд байна, тэдэн тонныг экспортолж чадна гэсэн итгэл найдварт тулгуурлан эдийн засгаа зохион байгуулах ямар ч боломжгүйг санах хэрэгтэй.

-Манайхан маш их хэмжээний нүүрс экспортолно гээд төмөр зам бариад байгаа шүү дээ.

-Манайхан эдийн засгийн хуулиудаас гажууд маш олон шийдвэр гаргаж байна. Жишээ нь, бид Энэтхэгийн Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа. Энэ нь эдийн засгийн хэд хэдэн хуулийг зөрчсөн. Байгалийн хуулийг зөрчихөөр юу болдгийг бид мэднэ. Байшин дээрээс үсэрвэл дэлхийн татах хүч үйлчлээд, хэдэн давхраас вэ гэдгээсээ хамаараад, амиа алддаггүй юм гэхэд бэрттэлээ унана. Эдийн засагт өргөжилтийн үр өгөөжийн хууль гэж байдаг. Бараа, бүтээгдэхүүнийг олон тоогоор үйлдвэрлэвэл өртөг нь буурдаг. Бид дотооддоо олборлож буй багахан газрын тосоо боловсруулж, шатахуун үйлдвэрлэвэл литр нь хэдэн төгрөгийн үнэтэй болох бол. Хойд хөршийн их хэмжээгээр үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахгүй нь мэдээж. Нэгэнт барьсан үйлдвэрийнхээ өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг хамгаалахын тулд бид ОХУ-аас шатахуун импортлоход өндөр татвар тогтоох ёстой болно. Чөлөөт худалдаатай зах зээлд бага зардалтай аж ахуйн нэгж оршин тогтдог. Харин зардлаа бууруулж чадахгүй байгаа нь дампуурдаг. Мөн эдийн засгийн ийм хуулийг зөрчинө. Зарим бараа, бүтээгдэхүүний импортын татварыг өндөрсгөснөөр эдийн засгийн өнөөгийн үр ашгаа бууруулах ч магадлалтай. Бүгдийг дотооддоо үйлдвэрлэнэ гэж муйхарлавал Хойд Солонгос, Кубынх шиг хаалттай, гажууд эдийн засагтай болж хувирах аюултай. Уг нь төр, засаг эдийн засгийн шинжлэх ухааны салбарынхаа ололт, амжилтад тулгуурлан шийдвэр гаргаж байх ёстой юм. Харамсалтай нь есийн тос, 24-ийн чихэр гэж хуучин нийгэмд хөдөлшгүй үнэ тогтоож байсан итгэл үнэмшлээр тархиа угаалгачихсан хүмүүс эдийн засгийн шийдвэр гаргаж байна.

Уншигч-сурвалжлагч Г.МӨНХ-ЭРДЭНЭ “Голомт” банкны Нөөцийн удирдлагын газрын Арилжааны хэлтсийн захирал

-Экспортын нөхцөл, дотооддоо гаргасан шийдвэрүүдийг харсан ч тэр, эдийн засгийн үр ашигтай байж чадахгүй гэж дүгнэж байна. Бид ирэх дөрвөн жилд бондуудын их хэмжээний өр төлнө. Эдийн засгийн тооцоо, судалгаагүй шийдвэр гаргадаг хүмүүст их хэмжээний өр төлөх үүрэг ногдлоо. Одоогоор өрөө төлөх нөөц байхгүй. Хуримтлуулсан ганц ч төгрөг манай улсад алга. Өр төлөхийн тулд ямар бодлого баримталж, шийдвэр гаргах ёстой гэж та бодож байна вэ?

-Эдийн засгийн тооцоо, судалгаанд суурилсан шийдвэр гаргаач, сэтгэлийн хөөрөл, хоосон хүсэл мөрөөдөлдөө тулгуурласан популист шийдвэр бүү гаргаач гэж хэлэх байна. Хүмүүс бодит амьдралаас маш их тасарчихлаа. Байгалийн баялаг гэж зүйл бидний нүдийг таглачихаад, тархийг зүгээр сууж байгаад сайхан амьдарна гэсэн хуурмаг төсөөллөөр угаачихаад байна. Дэлхийд хөгжлийн түвшингээр ижил бусад оронтой харьцуулахад манай улсын нэг хүнд ногдох өр хэд дахин өндөр байгаа. Энэ бол манай байгалийн баялгийг барьцаалж олгож байгаа зээл шүү дээ. Бидний дээр ярилцсан нөхцөлийг гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагууд харж л байгаа. Тэд манай зээлийг маш хатуу нөхцөлтэйгээр сунгах болно. Олон улсын санхүүгийн зах зээлд нэгэн сонирхолтой нөхцөл үүссэн. Дотооддоо болон өндөр хөгжилтэй орнууд зээл гарахаа больсон хөрөнгө оруулалтын банкууд хөгжиж буй зах зээлтэй улс руу үйлчилгээгээ хандуулах болсон. Хөрөнгө оруулалтын том банкууд хөгжиж буй оронд бонд босгож өгөөд, өндөр шимтгэл авдаг. Тухайн улсад мөнгө босгох шаардлагагүй байсан ч шимтгэл авахын тулд лобби хийж, бонд босгож өгсөн тохиолдол олон бий. Гадаадын хөрөнгө оруулалтын банкны башир аргад өртсөн олон орны нэг Монгол Улс болчихлоо. Ийм алдаануудыг тооцоо, судалгаагүйн улмаас гаргасан. Тиймээс шийдвэр гаргахдаа орчин үеийн эдийн засгийн ойлголтыг хэрэглээсэй гэж боддог.

-Тооцоо, судалгаатай шийдвэр гаргахын тулд шинжлэх ухааны үндэслэл бүхий мэдлэгтэй хүмүүсийг сонгох шаардлагатай. Би Монгол Улсад мөнгө дутаагүй гэж боддог. Татварын орлого нэмэгдэж байна, өчнөөн тэрбум ам.долларын хөрөнгө босголоо. Гэтэл оновчтой зарцуулж чадаагүй. УИХ-ын сая сонгогдсон гишүүдийн 53 нь шинэ хүн. Би өмнөх парламентаас илүү чанартай бүрэлдэхүүнтэй УИХ бүрдлээ гэж бодож байгаа. УИХ-ын шинэ гишүүдийн хандлага зөв шийдвэр гаргаж чадах болов уу?

-Шинжлэх ухааны нэр барьсан хүмүүсийн тоо маш их нэмэгдэж байна. УИХ-ын шинээр сонгогдсон гишүүдийн 33 хувь нь өөрийгөө эдийн засагч гэж тайлбарладаг. Тэдний хэд нь орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухааныг хүлээн зөвшөөрдөг юм бэ гэвэл миний хувьд нэг ч байхгүй гэж хэлнэ. Хүнийг хэлснээр нь биш, хийснээр нь дүгнэдэг болж хувирахгүй юм бол, өөрсдийгөө тийм болгож боловсруулахгүй бол Монгол хөгжихгүй. Шийдвэр гаргагчдаас илүү олон түмний боловсролыг нэмэгдүүлэх нь хамгаас чухал. Өөрийгөө эдийн засагч гээд хэлчихээр нь итгэчихэж байгаа нь манай ард түмэн эдийн засгийн шинжлэх ухаан гэж юу байдгийг мэддэггүйтэй холбоотой. Бид өөрсдийгөө өөрчилж, ЗХУ-ын бага ястнууд шиг болохгүйн тулд мэдлэгт тулгуурлаж хөгжсөн Сингапур, Хонконгийн хойноос явмаар байна.

-Шинэчилсэн Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болсон. Ерөнхий сайд мэргэжлийн Засгийн газар бүрдүүлж, салбар бүрийг толгой мэргэжилтнүүдээр нь удирдуулах болов уу?

-Мэргэжлийн Засгийн газар бүрдүүлэх талаар улиг болтлоо ярилаа. Бид үргэлж зөв ярьдаг. Зарим тохиолдолд буруу ярьж буй хүн олоход маш хэцүү. Гэтэл зөв зүйл хийж буй хүн маш ховор. Ерөнхий сайд хэлсэндээ хүрдэг юм бол мэргэжилтнүүдээр өөрийгөө тойрон хүрээлүүлээсэй гэж хүсэж байна. Монголын ард түмэнд тодорхойгүй байдал нүүрлэсэн үед итгэл найдварыг нь бүү хөсөрдүүлээсэй гэж бодох юм. Хүний нөөцийн хувьд бусад оронтой харьцуулахад манайх дордоод байхааргүй болсон. Дэлхийн түвшинд хүрчихсэн, салбар удирдаад, бодлого боловсруулаад явах олон хүн Монголд бий.

-Хөгжлийн урт хугацааны зөв шийдлийг гаргахын тулд зөв хүмүүсээр улсаа удирдуулах ёстой гэж боддог юм. Эндээс л зөв хөгжил эхэлнэ. Та санал нийлэх үү?

-Аливаа хөгжил, инстутицийн бүрэлдэхүүний нэг хэсэг нь хүн байдаг. Тэгэхээр хүнээс эхлэх нь маргаангүй. Түүхэн улбаанаас хараад монголчуудыг оппортунист гэж дүгнэдэг. Энгийнээр хэлбэл, өөрт нь ашигтай байх юм бол ямар ч зарчмаас ухарч чаддаг, хэлсэн үгэндээ хүрдэггүй, тухайн цаг үед ойрын ирээдүйд хэр ашигтай вэ гэдгийг чухалчилдаг хүмүүс гэсэн үг. Ийм хүмүүс учраас тусгаар тогтнолоо хадгалж үлдсэн гэж зарим түүхч үздэг юм билээ. Хэлсэндээ байдаг байсан бол тусгаар тогтнолоо алдсан байх байж. Өмнөхөө тодруулаад хэлэхэд, бид дэлхийн жишигт хүрсэн хүмүүсийг шийдвэр гаргах түвшинд ажиллуулмаар байгаа юм. Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээ шалгаруулаад, тэднийгээ дэвшүүлмээр байна. Сонгуулиар манайхан нэгнээ дэлхийн топ эдийн засагч гэж магтаад л байна лээ. Гэтэл топ эдийн засагч маань google-ийн ганц илэрцтэй баймаар байна шүү дээ. Бидний давтан давтан гаргаж буй алдаа байгалийн баялгийн хараалтай холбоотой. Үүнийг би олон жил ярьж байна. Монголчууд байгалийн баялагтаа дулдуйдаад л яваад байх юм шиг. Удахгүй бид Венесуэлийн араас орох юм биш биз гэж санагддаг. Венесуэл гэж автобусны жолооч улсыг нь удирддаг, хэн нь байгалийн баялгийн өгөөжийг хүртэх вэ гэж дотооддоо иргэний дайн хийдэг, хоёр Ерөнхийлөгч, хоёр парламенттай, иргэд нь өсгөлөн, инфляц нь гаарсан улс бий боллоо. Уг нь газрын тосны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог орон. Тэдний араас яваад байх шиг. Боловсролтой хүн Монгол Улсыг удирдах шаардлага байна уу гэдэгт иргэд маань эргэлздэг боллоо. Энэ бол бид буруу тийшээ яваад байгаагийн илэрхийлэл.

-Та мэргэжлийн Засгийн газар байгуулаасай гэж хүсэж байна гэсэн. Гэвч таны хүсэл биелэхгүй байх магадлал маш өндөр. Юутай ч эдийн засгийн ярвигтай үед шинэ Засгийн газар байгуулагдах нь. Шинэ Засгийн газар ямар бодлого баримталж ажиллаасай гэж хүсэж байна вэ?

-Прагматик байгаасай. Зэс, нүүрсний үнэ, том төслүүдээ хөдөлгөнө гэсэн улиг болсон зүйлээ бүү яриасай. Бидэнд хэрэгжүүлж буй том төсөл олон бий. Манай улс гурван сая гаруй хүн амтай. Европын жижиг хотынхтой тэнцэх эдийн засагтай улс. Гэтэл дэлхийн топ уурхайнууд ажилладаг. Ийм том төслүүдээ сайн удирдаж сураасай гэж хүсэж байна. Дараа нь эдийн засгийн үр ашигтай байдлаа сайжруулаасай гэж хүсье. Эдийн засгийн үр ашгаас маш их зулгааж байгаа зүйл бол авлига, хээл хахууль. Үүнийг зогсоож чадвал Монголын эдийн засаг хоёр дахин өсөх байх. Гадаад руу урсдаг, мөнгө угаалтын хэрэгсэл болгодог тансаг хэрэглээ багасах биз. Төр эдийн засгийн оролцооноосоо зайлсхийгээд хууль хэрэгжүүлэх, гэрээ биелүүлэх, аюулгүй байдлаа хангах гэсэн үндсэн асуудалдаа илүү анхаараасай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)