Б.Энхбаатар: Эрхүүгийн загварын долоо хоногт оролцоно

“Кадр” брэндийг үүсгэн байгуулагч загвар зохион бүтээгч Б.Энхбаатар европ болон монгол хувцасны хэв маягийг хослуулсан, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой “Намрын өнгө”, “Монгол бахархал”, “Галт шувуу”, “Аясгалан” зэрэг загварын цуглуулгаа олны хүртээл болгосон. 

Монгол хувцасны загвар, элемент, гоёл чимэглэлийг ямар ч төрлийн хувцастай хослуулахад дэгжин, тансаг харагдуулж болдгийг урласан бүтээлүүдээрээ харуулдаг тэрбээр өнгөрсөн аравдугаар сард Казахстанд зохион байгуулсан “Асфара” загварын шоунд эх орноо төлөөлөн оролцсон юм.

“Кадр” брэнд хаврын шинэ цуглуулгаа гаргажээ. Түүнээс энэ талаар тодрууллаа.

-“Кадр” брэндийн шинэ цуглуулгад хэчнээн төрлийн, ямар онцлогтой загварууд багтав?

-Энэ хавар, ирэх намар тренд болох загварууд гаргалаа. Дан монгол дээлний шинж агуулсан гэхээс илүүтэй дундад Азийн улсуудын загварын хэв шинжийг шингээхийг хичээсэн.

-Ямар өнгөөр голчлон “тоглосон” бэ?

-Хэзээ ч хоцрогддоггүй, үргэлж загварын ертөнцөд ноёлдог саарал, сонгодог хар, энэ жил тренд болж буй улаан хүрэн өнгөөр дагнасан. Өдөр тутмын хувцас гэдэг утгаар нь хөнгөн, дулаан, цэвэрлэхэд хялбар тааран, даавуун материал түлхүү сонгосон.

-“Асфара” загварын шоунд эх орноо төлөөлөн оролцсоноос хойш таны загварын чиг хандлага өөрчлөгдөв үү?

-Тус шоунд өсөх ирээдүйтэй, брэндийг нь дэлхийн хэмжээнд гаргах боломжтой загвар зохион бүтээгчдийг шалгаруулан урьдаг. Энэ шоунд оролцсон учраас би илүү шинэлэг, сонирхолтой загваруудаар хүмүүсийн нүдийг хужирлах ёстой. Зөвхөн үндэсний хэв шинж агуулсан бүтээгдэхүүнийг дотоодын хэрэглэгчдэд зориулан урлах биш, загвар сонирхогч гадаадынхны сонирхлыг татахуйц цуглуулга гаргах ёстойг уг шоунд оролцсоны дараа ойлгосон. Энэ удаагийн цуглуулга ч тийм зорилготой.

-Дахин энэ төрлийн шоунд оролцох уу. Санал ирж байна уу?

-Иран, Итали, Турк зэрэг орны загварын шоунд бүтээлүүдээ үзүүлэх санал ирсэн. Харамсалтай нь, зардал маш өндөр гарах учраас бүгдэд нь оролцох боломжгүй.

-Зуны загварын цуглуулгаа хэзээ толилуулах вэ?

-Ирэх дөрөвдүгээр сарын 11-нээс эхлэх Эрхүүгийн загварын шоуны үеэр зуны цуглуулгаа танилцуулна. Дундад зууны үеийн язгууртнуудын хувцасны элементүүдийг агуулсан загвар сүүлийн үед моодонд орж байна. Энэ хэв маягийг загварууддаа тусгалаа. Монголын загвар сонирхогчдод зориулж тавдугаар сараас худалдана.

-Өнгөрсөн хоёр жил та “Playtime” хөгжмийн наадамд зориулан цуглуулга гаргасан. Ирэх зун гаргах уу?

-Рок хөгжим сонирхогчид маш өвөрмөц стиль, өөрийн гэсэн ертөнцтэй. Тиймээс тэдэнд таалагдах загварууд зохиох амаргүй. Загвар зохион бүтээгчээс маш сонирхолтой, бүтээлч байдал, уран сэтгэмж шаарддаг. Ирэх зун ч тус хөгжмийн наадамд зориулсан цуглуулга гаргана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)