Б.Шоовдор: Би Нур-Султаны дэвжээнээс ганзага хоосон ирж байгаагүй

Б.Шоовдор чөлөөт бөх

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчдаас Б.Шоовдор Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, “Монголиа опен”-ы аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий таван түрүүтэй. Тэрбээр 2015 онд И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-д түрүүлснийхээ дараа үндэсний шигшээ багт хөл тавьж, ДАШТ-д анх удаа хүч үзсэн. 

Тэгвэл өнгөрсөн жил Унгарын Будапешт хотод болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд барилдаж, Мексикийн бөх Ромеро Бониллаг 4:2-оор ялж, хүрэл медаль хүртэн дэлхийн медальтан болж байлаа. Харин энэ жил Казахстаны Нур-Султанд зохион байгуулсан ДАШТ-д мөн л хүрэл медаль өвөртөлж, дэлхийн хошой медальтан болсон юм. Дэлхийн дэвжээнд ийн гурван жил дараалан медалийн төлөө барилдана гэдэг том амжилт.

-Нур-Султаны дэвжээнээс хүрэл медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн Танд баяр хүргэе. Зөвхөн шилдгүүд л хүч үздэг ДАШТ-ээс эх орондоо ганзага дүүрэн ирж, бөхийн спорт сонирхогчдын магнайг тэнийлгэлээ.

-Баярлалаа, энэ удаагийн ДАШТ миний оролцсон тав дахь тэмцээн. Тэндээс хүрэл медаль өвөртөлж ирсэндээ сэтгэл өндөр байна. Миний хувьд өнгөрсөн жилийнхээ амжилтыг ахиулахаар барилдсан ч зооны аваргын тэмцээнд ялагдаж, хүрэл медаль хүртлээ.

-Ялагдал ялалтыг ч бас авчирдаг. Хойшдоо хожигдохгүй байх том сургамж болдог шүү дээ.

-Өмнө нь би Канадын бөх Линда Мораистай барилдаж, хоёр ч удаа ялж байлаа. Ялсан бөхөд амархан ялагдчих бодол төрдөггүй юм билээ. Өрсөлдөгчөө өмнөх шигээ хожно гэсэн бодолтой дэвжээнд гарсан. Гэхдээ өөртөө бардаж, түүнийг басаагүй юм шүү. Би түүнд торгуулийн оноогоор ялагдсан. Тамирчин хүн өрсөлдөгчөөсөө байнга суралцаж, өөрийнхөө ялалт, ялагдалд дүгнэлт хийх ёстойг мэдэж авлаа. Бидний тэмцээн үүгээр өндөрлөхгүй, хойшдоо олон тэмцээнд таарна. 

Тэр цагт түүнийг заавал ялна.Тэмцээний цаг дуусахад 30 секундэд өрнөсөн барилдаан бидний хэн нь ялахыг шийдсэн. Сүүлийн долоон секунд дутуу байхад хөлд нь орж хоёр оноо авсан ч шүүгч буцааж үзээд надад оноо өгөлгүй түүнд өгсөн. Тэмцээний явцад учраа бөхөөсөө анзаарсан зүйл олон бий. Өмнө нь би түүнийг барьж барилддаг байсан бол энэ удаа биедээ ер дөхүүлэхгүй бултаад байсан. Хүч, бярны хувьд илүү чадалтай болчихсон санагдсан.

-Шигшээ багийн тамирчдаас нэр тань содон сонсогддог. Анх сонсчихоод эрэгтэй тамирчин гэж андуурсан удаатай.

-Аав волейболын спортоор олон жил хичээллэсэн. Намайг төрөхөд Гавьяат цол хүртсэн Ц.Шоовдор дасгалжуулагчийн нэрийг хайрласан гэдэг. Сургуульд ороод ааваасаа “Та надад яагаад ийм сонин нэр өгсөн юм бэ. Эрэгтэй хүний нэр шиг муухай сонсогдоод байна” гэхэд аав Ц.Шоовдор багшийн зургийг харуулаад, “Волейболын спортод амжилт гаргасан ийм нэртэй эмэгтэй бий. Аав нь охиндоо сайн тамирчин болоорой гэж ерөөж, нэрийг нь өгсөн.

Шигшээ багийн эмэгтэй волейболчдоос тоглолтынхоо ур чадвараар их гайхагддаг. Монголынхоо нэрийг өндөрт өргөж, ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн алдартай тамирчин байгаа юм. Түүн шиг волейболын спортын техник, тактикийг төгс эзэмшсэн шилдэг тоглогч Монголд одоогоор тодроогүй байна” гэж хэлсэн. Түүнээс хойш нэрээ муухай гэж голж, эмзэглэхээ больсон. Нэг өдөр хичээлээсээ ирээд эгч нартаа “Энэ нэр надад ерөөсөө таалагдахгүй юм. 

Хүмүүст аав, ээждээ гологдсон хүүхэд шиг бодол төрүүлбэл яах юм бэ” гэж уурлахад Болор эгч “Чиний нэр гоё шүү дээ. Хүний нэр сольж болдог газар байвал би очоод Шоовдор нэрийг тань авмаар байна” гэж билээ. Чөлөөт бөхөөр амжилт гаргаж, дэлхийн дэвжээнд Баатаржавын Шоовдор нэрээр дуудуулж, медаль хүртсэн болохоор нэрэндээ одоо их дуртай болсон шүү.

ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД ААВЫНХАА НЭРИЙГ ДУУДУУЛЖ ГАРАХ ХАМГИЙН САЙХАН

-Волейбол тоглодог охин бөхийн спорт руу урвачихсан нь сонирхолтой санагддаг. Чөлөөт бөх сэтгэлийг тань юугаараа тэгтэл их татав.

-Аав маань биеийн тамирын багш, волейболын спортын мастер цолтой. Намайг энэ спорт руу хөтөлсөн. Би волейболоор таван жил хичээллэж, “Уурхайчин” клубийн багт тоглосон. Спортын төрлүүдээс волейбол Монголд үүсэж хөгжсөнөөрөө хамгийн залууд ордог. Багийн спорт манайд тэгтэл сайн хөгжөөгүй болохоор бөхийн спорт руу хөл тавихаар шийдсэн. Энэ тухайгаа гэрийнхэндээ хэлтэл эгч нар маань таатай хүлээж аваагүй. 

Тэгэхээр нь аавтай ярилцаад “Би чөлөөт бөхөөр хичээллэмээр байна” гэхэд их уриалгахан дэмжсэн. Волейбол тоглодог байсан суурь бөхөөр хичээллэхэд их тус болдог. Хэрвээ спортоор хичээллээгүй бол өнөөгийн амжилтад хүрэхгүй байсан болов уу. Бөхийн спорт амархан биш, эрсдэл ихтэй. Тамирчнаас зориг, тэвчээр, сэтгэлийн хат маш их шаарддаг. Би чөлөөт бөхөд хожуу хөл тавьсан. Намайг 20 настай хичээллэж эхлэхэд үеийнхэн хэдийн шигшээ багийн тамирчин, ОУХМ цолтой болчихсон байлаа.

-Аав тань охиноо дэлхийн дэвжээнд шилдгүүдтэй хэрхэн барилдахыг харлаа. Нэрээр нь дуудуулж медаль хүртэнэ гэдэг аавдаа барьсан том бэлэг гэж бодож байна.

-Аавтайгаа хамт явсан анхны том тэмцээн энэ байлаа. Хүний амьдралд баярт үйл явдал олон тохиодог. Дэлхийн дэвжээнд аавынхаа нэрийг дуудуулж гарах хамгийн сайхан мөч байв. Үзэгчдийн дунд аав маань суугаа, би ялагдаж болохгүй гэж өөртөө хэлээд дэвжээнд гарсан. Хүрэл медаль хүртчихээд ордон суугаа үзэгчдээс аавыгаа түрүүлж хайсан. Намайг медаль хүртэхийг хараад аавын сэтгэл нь огшиж их баярласан. 

Аав, ээжийнхээ ачийг хариулж чадахгүй юм гэхэд баярлуулахсан гэж олон жил бодож явсан хүслээ ийн биелүүллээ. Аавтайгаа баяраа хуваалцсаны дараа ээжтэй холбогдоход “Охиндоо баяр хүргэе. Ээж нь баярлаад олон зүйл ярьж чадахгүй нь” гээд уйлж байлаа. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс медаль хүртчихээд аавтай холбогдоход яг ээж шиг баярлаад “Миний охин сайн байна. Аав нь охиноороо бахархдаг” гээд уйлж байв. Тэмцээн дөхөхөөр аав “Миний охин бэлтгэл хийж байхдаа бэртэж гэмтэв, шатаар өгсөж уруудахдаа анхаарал болгоомжтой яваарай” гэж зөвлөдөг.

-ТИС-ийг хаяад ҮБТДС руу шилжин суралцсан гэл үү. Ийм шийдвэр гаргасныг бодоход бөхийн спорт хүсэл мөрөөдлийг тань хүчтэй татаж дээ.

-“Уурхайчин” клубт волейбол тоглодог зургаан охин ТИС-д суралцахаар оюутан боллоо. Би нэг жил сураад ҮБТДС руу шилжсэн. Тэгсэн сургалтын албаны дарга “Чи ийм гоё сургууль хаяж, яах гэж тамирчид бэлтгэдэг сургууль руу явах гээд байгаа юм бэ” гээд дурамжхан байв. Хүний хүсэл мөрөөдлийг хэн ч хязгаарлахгүй шүү дээ. Тэр үед “Би хүсэл мөрөөдлийн төлөө сурч чаднаа” гэж бодож байлаа. Бөх ид сонирхдог байх үедээ хичээлээсээ тарж ирчихээд гэрийнхээ хашаан доторх турник дээр өдөр бүр суниана. Тэгтэл их дурласны хэрэг амжилт гаргахад нөлөөлсөн.

Шинэ сургуульд ортол эгч нар “Чи эмэгтэй хүүхэд байж юунд бөх болох гэж зүтгээд байгаа юм бэ. ТИС улсын нэр хүндтэй сургууль, олон ч элсэгчтэй” гэж цааргалсан. Хичээлийнхээ хажуугаар бэлтгэл хийх үед эгч нарын хэлсэн үг хааяа бодогдож, “Би сургуулиа хэрэггүй ч хаячихав уу даа” гэж эргэлздэг байв. Тэгээд 2011 онд анхныхаа оролцсон тэмцээнээс медаль хүртчихээд зогсож байхдаа “Би буруу зүйл хийгээгүй юм байна” гэж бодсон. ҮБТДС-ийг 2014 онд дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс медаль хүртсэн О.Насанбурмаа, Т.Түвшинтулга бид гурав нэг сургуулийн төгсөгч.

МИНИЙ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ АЛХАМ АЛХМААР БИЕЛЖ БАЙГАА

-Шигшээ багийн шилдгүүдтэй бэлтгэл хийж, тэмцээнд анх оролцож байхад ямар бодол төрж байсан бэ?

-Би 2015 онд чөлөөт бөхийн шигшээ багт орсон. Шилдгүүдээс эхэндээ их ичдэг байлаа. Тэдэнтэй бэлтгэл базааж байхдаа спортын мастер цолтой болж үзэх юм сан гэж их бодно. Спортын мастер болчихоод, ОУХМ цол авчих юм сан гэж мөрөөддөг байв. Тамирчин хүн амжилтын төлөө ингэж шунаж урагшилдаг. Би ч бас тэдний адил тэмүүлсэн. 

2014 оны Казахстаны Нур-Султанд болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, ОУХМ цолтой болж байлаа. Орон орны бөхийн дэвжээ өөр. Надад Нур-Султаны дэвжээ ээлтэй санагддаг. Би тэндээс ганзага хоосон ирж байгаагүй. Миний хүсэл мөрөөдөл алхам алхмаар биелж байгаа. Хүн мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж, зорилгодоо хүрэх л сайхан. Хэрвээ зорьж зүтгээгүй бол ДАШТ-ээс гурвантаа медаль хүртэж чадахгүй ч байх байсан юм бил үү.

-Шигшээ багийнхны дунд хөл тавиад хэнтэй анх нөхөрлөж байв?

-Намайг анх ирэхэд нутгийн эгч Гавьяат тамирчин Ц.Энхжаргал барилддаг байлаа. Бэлтгэл базааж байгаа тамирчдаас Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, мөн С.Наранцэцэг нарыг хараад “Ямар сайн барилддаг тамирчид вэ. Тэдний хэмжээнд хүрчих юмсан” гэж боддог байлаа. Тэр үеэс бид өнөөг хүртэл сайхан нөхөрлөж яваа. Дэлхийн улс орнууд эх орныхоо нэрийг дэвжээнд гаргаж байгаа тамирчдынх нь амжилтаар тухайн улсыг мэддэг болдог. Үндэсний шигшээ багийн тамирчин байх давуу талтай. Гадагшаа тэмцээнд оролцох гэж зардал хайхгүй. Шигшээ багийн тамирчид тив, дэлхийн тэмцээнд оролцдог болохоор нэр хүндтэй.

-Тамирчин хүн ганцаар хичээгээд амжилт гаргах хэцүү. Амжилтынх нь ард гэр бүлийнх нь тус дэм, багшийнх нь хөдөлмөр байдаг шүү дээ.

-Шигшээгийн тамирчин болох үеэс манайхан сайн дэмжсэн. Би өнөр өтгөн айлын охин. Таван эгч, нэг дүүтэй. Эгч нар надаас “Миний дүүд юу хэрэгтэй байна, бид чамд яаж туслах вэ” гэж байнга асуудаг юм. Хоорондоо ярилцаад тэмцээнд оролцох зардалд мөнгө нэмэрлэнэ. Би аав, ээждээ эрх өссөн. Надаас бусад нь гэр бүлтэй болж, амьдралд хөл тавьсан. 

Олуулаа өссөний сайхныг олон зүйл дээр хардаг. Сар шинийн баяр, улсын баяр наадам, төрсөн өдрийн баярыг ах, дүүсээрээ хамт тэмдэглэдэг. 2015 оноос хойш аав, ээж надтай хамт Улаанбаатарт амьдарч байгаа. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум миний төрж өссөн нутаг. Намар тэмцээн бага байдаг болохоор жил бүр аав, ээжтэйгээ нутгаа зорьж, хэд хоног амраад ирдэг юм.

-Энэ удаагийн ДАШТ-д ааваасаа гадна П.Сумъяа багшийгаа дагуулж явсан гэл үү?

-Тийм ээ. Багш маань чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн мөнгөн үеийн тамирчин. Өнгөрсөн жилийн ДАШТ-д багшийгаа хамт авч явах гэсэн боловч виз нь гараагүй хойшилсон. Харин энэ жилийн тэмцээнд багштайгаа хамт явлаа. Амжилт гаргахад багшийн минь хөдөлмөр, хичээл зүтгэл салшгүй холбоотой. 

Би анх Хан-Уул дүүргийн дасгалжуулагч А.Энхтөр багшийн удирдлагад хичээллэж, дараа нь “Алдар” спорт хорооны тамирчин болж, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр нарын удирдлагад жил гаруй бэлтгэл сургуулилалт базаасан. Тэгээд “Цастын барс” клубийн дасгалжуулагч, ОУХМ Д.Батням багшаар чөлөөт бөх үргэлжлүүлэн заалгаж байгаад, “Хасу мегастарс” клубийн дасгалжуулагч П.Сумъяа багшийн удирдлагад 2014 оноос эхлэн өнөөг хүртэл хичээллэж, амжилтын төлөө зүтгэж явна.

-П.Сумъяа багш медаль хүртсэн шавьдаа урмын үг харамгүй хэлдэг байлгүй.

-Багш намайг нүүрэн дээр минь хэзээ ч магтаж байгаагүй. Гэхдээ миний тухай хүмүүст ярьсан байдаг юм. Тэдэнд “Б.Шоовдорыгоо амжилт гаргуулаад, гавьяат цолтой болгочих юм сан. Тэгвэл багш дасгалжуулагч болсны минь үр дүн гарах нь тэр” гэж ярьсан байхыг нь сонссон. Юутай ч багшийгаа миний төлөө санаа тавьж, амжилт гаргуулахын төлөө хичээж зүтгэдгийг мэдсэн. 

Энэ ташрамд намайг амжилт гаргахад байнга дэмжиж тусалдаг Биеийн тамир, спортын газар, Үндэсний чөлөөт бөхийн шигшээ багийн удирдлага, Спорт анагаах ухаан төв, “Хасу Мегастарс”, “Од” клубийн хамт олон, мөн Ховд аймгийн ЗДТГ, Эрдэнэбүрэн сумын зон олон, аав ээж, дасгалжуулагч багш нартаа талархаж явдгаа уламжилъя.

Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)