Б.Шаравын бодлын илгээмж ба “БУГАН ХАЛИУН”

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хааны одонт Б.Шаравын сэтгэлд хоногшсон хөгжмийн бүтээлүүд уран зурагт мөнхрөх нь. Зураач, дизайнер Т.Хулан, хөгжмийн зохиолч хоёр хамтарч үзэсгэлэн гаргах гэж байсан нь бүтээгүй. Гэхдээ зураач бүсгүй эхлүүлснээ гүйцээж, хөгжмийнзохиолч ахтай юуны тухай ярилцаж, хамтран шийдэж, бодлоо нийлүүлэн уран бүтээлчдийн баяр жаргалд умбаж байснаа үзэгчидтэй хуваалцахаар шийдсэн байна. Түүний уран бүтээлийн “Бодлын илгээмж” үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 23-нд “Joroikhulan” арт галерейд болно. Хөгжимд нь зурах санаа, сэдэл бараг гурван жилийн өмнөөс эхтэй юм билээ. Зураач бүсгүй Б.Шаравын “Сэтгэлийн эгшигт”-т илүү дуртай, сонсох бүртээ хайлан урсах шахдаг аж. Хэдэн ч удаа сонссон уйдахгүй, урландаа зурж суухдаа байнга эгшиглүүлдэг гэнэ. Зураач нэг өдөр энэ л хөгжмийг сонсож суухдаа санаанд бууснаа аажим зурж эхэлж гэнэ. Яруу сайхан хөгжим өнгө ялдам уран зураг болон хувирсан түүх ердөө энэ. Ердөө гэх нь оновчтой бус байж мэднэ. Хөгжмийн бүтээл зураачийн сэтгэлийн, зүрхнийх нь нэгээхэн хэсэг болох хүртэл боловсроход хэр хугацаа орсон гэх вэ.

Хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг” нь зураг болчихсон, үзэсгэлэнгийн үзмэр болсныг харсан бас нэгэн уран бүтээлч эмэгтэй зураач Т.Хулангаас “Чи ганцхан бүтээлд нь зурсан юм уу. Нэмж бусад зохиолд нь зурна биз дээ” хэмээн асууж гэнэ. Тухайн үед “Үгүй ээ, нэг удаа аяндаа ингээд зурчихсан юм” гэж хэлсэн ч тэр агшинд бодолд нь бүтээн туурвихын их хүслийн оч бадарчээ.

Хэдэн сарын турш Б.Шаравын гэсэн хөгжим бүрийг сонсож гүйцээд нэмж олж мэдэхийн “шунал”-д хөтлөгдөн, хөгжмийн зохиолчтой холбогдож, улмаар гэрт нь давхиад очжээ. Зурснаа үзүүлж гэнэ. Хөгжмийн зохиолч, зураач хоёрын уран бүтээлийн тухай хэдэн цагийн туршийн яриа, сэтгэл хөдлөл, инээд хөөрт автсан хөгжмийн зохиолчийн гэргий Ч.Ганчимэг багштай гурвуул шөнө дүл болтол суусан нь энэ оны хавар эрт юм санж.

Богд уулын ар хормой дахь гэрээс нь гараад, уул ташуудан уруудаж явахад нь хөгжмийн их зохиолчийн “Сэрсэн тал” найрал хөгжмийн бүтээл нь зураачийн сэтгэлд үүр, шөнийн заагаар хаанаас ч юм эх нутгаа, энгүй их номин ногоон талаа, эсвэл ижил сүргээ зорин, гэхдээ яагаад ч юм нууцаар, тун сэрэмжтэй тэмүүлэх, сүргийн манлай эцэг адууны давхил, туурайнх нь төвөргөөн мэтээр буугаад байсан аж. Тэр үдэш зүрхэнд нь ассан гэрэл, хөгжмийн зохиолчийн “Сэрсэн тал”-аас нь сэдэвлэсэн бүтээл “Буган халиун” нэрээр үзэгчдийн мэлмий, оюунд хүрэхэд бэлэн болжээ. Бусад зохиолд нь туурвисан зургуудын тухай зураглах нь илүүц биз ээ.

Зургаа яагаад “Буган халиун” гэж нэрлэснийг асуухад зураач “Монгол морины, адууны эцэг өвөг нь буга юм гэсэн домог байдаг. Хурдан морины цолд ч гэсэн тэгж өгүүлдэг шүү дээ. Үүр, шөнийн заагаар төвөргөж яваа энэ адууны харцыг сайн ажиглавал, хүнээр бол бодлогошронгуй. Ижилдээ, өөрийн адуун сүрэгтээ ямар нэг шалтгаанаар ихэд яарч яваа, магадгүй айсуй аюулаас урьтаж сүрэгтээ очин, тэднийгээ хураан тохинуулахаар хурдалж яваа мэт. Эсвэл хүнээр бол хол газарт зорьсноо амжуулаад гэр рүүгээ яарч буй өрхийн тэргүүн ч юм шиг. Аль ч тохиолдолд адууны өвөг буга хамт, хэрэг гарахад аврах, хамгаалах, дэмжиж, туслахад бэлэн байгаа юм шиг. Б.Шарав гуайн “Сэрсэн тал” бүтээл надад ийм зураг өглөө. Үзэсгэлэнгээ яагаад “Бодлын илгээмж” гэж нэрлэсэн талаар ярья. Б.Шарав гуай бодож, би зурж, гүйцэтгээд байгаа юм шиг. Бид хоёр хамтарч ажиллаад, үзэсгэлэн гаргана гэж ярьж байсан болохоор, бас зургуудыг минь хараад шүүмжилж, санаа оноо хэлж, нэмж сонсох хөгжим бүхий CD өгч, номоо дурсгаж, гарын үсэг зурж суусан нь нүдэнд харагддаг. Ер нь хөгжмийн зохиолч ахтай өнөөдрийг хүртэл хамт байгаа юм шиг санагддаг юм. Арга ч үгүй байх, түүний бодол санаа зураг болж буугаад байгаа, би тэгж итгээд байгаа болохоор тэр болов уу. Хөгжмөөс төрсөн зургуудаараа “Б.Шарав” сантай хамтарч үзэсгэлэн гаргах гэж байгаадаа их баяртай байна” гэлээ.

Зураач Т.Хулан СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургууль, Япон улсын Окинава мужийн Урлагийн их сургууль төгссөн, зураач, графикч, дизайнер мэргэжилтэй. Мэргэшил нь хүүхдийн номын зураач бөгөөд мастер цолоо “Нүүдэлчин хүүхдийн номын сан” сэдвээр хамгаалжээ. Тэрбээр үзэгчдэдээ уран бүтээлийн бие даасан 11 дэх үзэсгэлэнгээ өргөн барих гэж буй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)