Б.Чинбат: Нийслэлд дөрвөн тарвага оруулж ирснийг илрүүлсэн

Нийслэлийн Онцгой байдлын газар болон Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид нийслэлийн шалган нэвтрүүлэх таван товчоонд хяналт, шалгалт явуулжээ. Энэ талаар тус газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чинбатаас тодрууллаа.

-Зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, орон нутагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорио тогтоосонтой холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн дөрөвдүгээр зөрлөг, Тэрэлжийн уулзвар, Баянзүрх дүүргийн Хонхор, Хан-Уул дүүргийн Кувейтийн амны уулзвар, Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд өнгөрсөн сарын 16-наас энэ сарын 10 хүртэл 24 цагаар НОБГ, ТЦА-ны Замын цагдаагийн газар хамтран хөдөлгөөнт хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд нийслэл рүү орсон автомашин, иргэдийн ачаа, тээшийг шалгахад тарваганы мах тээвэрлэсэн, оруулахыг завдсан зөрчил илрээгүй. Гэхдээ нийслэлд дөрвөн тулам худалдаалах гэж байсныг илрүүлсэн. Тухайлбал, төмөр замын төв буудлын хажууд байрлах “Тоса” худалдааны төвд хоёр удаа тус бүр хоёр тулам зарах гэж байсныг илрүүлж, ЗӨСҮТ-д шилжүүлэхэд шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн Налайх дүүрэгт нэг тарвага үхсэн байна гэсэн дуудлагын дагуу ажиллаж, шинжлүүлэхэд халдвар илрээгүй. Энэ сарын 15-наас аравдугаар сарын 15-ныг дуустал авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт, шалгалт хийнэ.

-Нийслэлд үер, усны дуудлага хэр байна. Энэ он гарснаас хойш тохиолдсон аюул ослын талаар мэдээлэхгүй юү?

-Энэ он гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 1278, ой, хээрийнх тав гарсан. Аврах, эрэн хайх ажиллагааны 144 удаагийн дуудлагад алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 1446 иргэний амь аварч, 63 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хамгаалсан байна. Гал түймэрт өртөж, 23 хүн нас барсны хоёр нь хүүхэд байсан бөгөөд 23 иргэн түлэгдсэн. Гол, усны ослоор 22 хүн эндсэний найм нь хүүхэд. Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилсан мэдээллээр бол найм, есдүгээр сард нийт нутгаар дуу цахилгаантай, түр зуурын аадар бороо орох төлөвтэй. Үерийн аюулаас сэргийлэх зорилгоор нийслэл, дүүргийн мэргэжлийн байгууллагууд хамгаалалтын далан, суваг, шуудуу, авто замын ус зайлуулах шугамыг тогтмол цэвэрлэж, ус нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдлыг хангаж байна. Голуудын усны түвшин нэмэгдсэн, амралт зугаалгын улирал үргэлжилж байгаатай холбоотойгоор усны ослын дуудлага тасрахгүй байгаа. Одоогоор живсэн хоёр хүний цогцсыг эрэн хайж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)