Б.Цэгмид: Бид тэртээ тэргүй 30 хоног баривчлагдахаа мэдэж байсан учраас Сүхбаатарын талбай руу машинтай орсон

Өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр Автомашинтай жагсаал зохион байгуулагч Б.Цэгмид Сүхбаатарын талбай руу машинтай дайран орсон билээ. Олон нийтийн газар эмх замбараагүй байдал үүсгэсэн түүнийг цагдаагийн алба хаагчид баривчилсан. Тэгвэл өнөөдөр тэрбээр "Улсаа аврах ард түмний хөдөлгөөн"-тэй хамтран мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Манай Засгийн газар Хятадын Засгийн газартай хамтын ажиллагааны хүрээнд хүлэмжийн аж ахуйн зориулалтаар Хятадын “Тьянжин фүүдс” компанид 50 га газар олгохоор болж түүнийг нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан баталгаажуулсан. Улмаар хүлэмжийн аж ахуй эрхлэгч нарт мэдэгдсэн байдаг юм. Үүнээс үүдэж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагаас бидэнд мэдэгдэл өгөөгүй байхад Цагдаагийн байгууллагаас дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Тухайлбал, жагсаал зохион байгуулбал зөрчлийн тухай хуулиар 30 хоног баривчлана гэж мэдэгдсэн. Мөн “Тохох хэрэг байгаа шүү” гэж утсаар дарамталсан. Ингээд жагсаал эхлэхэд амжиргаа цагааны жолоочийг цагдаа нар дарамтлаад буулгачихсан юм. Машинаа өөрөө барихаас өөр аргагүй байдал хүрч, жагсаалаа эхлүүлсэн. Гэтэл өөдөөс ачилтын машинууд гарч ирсэн. Машины тэвшин дээр “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-ий Жагар, Эрдэнэбаяр нар шаардлага тавьж байсан юм л даа. Цагдаа нар ч аль хэдийнэ дарамт шахалтаа эхэлчихсэн байсан нь миний “лайв”-аас тодорхой харагдана. Хятадуудад газар өгөхийг эсэргүүцэж байгаагаа олон түмний сонорт хүргэе гэдэг үүднээс Сүхбаатарын талбай руу машинтай давхиж орох шийдэлд хүрсэн. Яагаад гэвэл биднийг тэртээ тэргүй 30 хоног баривчлахыг мэдэж байсан юм л даа" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (114)