Б.Цогтгэрэлийг улс төрийн зорилгоор мэдээлэл тавьсан гэв

  “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн 52 сая төгрөгөөр өөртөө массажны сандал авсан, охин Б.Буянжаргалын сургалтын төлбөрт 102 385 101 төгрөгийг Канадын Торонтогийн их сургууль руу шилжүүлсэн гэх мэдээлэл цахим орчинд ил болов. Хамгийн гол нь дээрх их хэмжээний мөнгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүгээс гаргасан гэх. Мөн тус үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаяр "Эмчилгээний зардал" гэж 219 063 796 төгрөгийг байгууллагаасаа гаргуулан авчээ. Зам тээврийн дэд сайд асан Б.Цогтгэрэл энэ тухай мэдээллийг анх цахим орчинд ил болгосон юм. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэнтэй холбоо тогтоов. Нэрээ нууцлахыг хүсэн эх сурвалж “Иргэн Б.Цогтгэрэл өнөөдөр хэдэн мэдээлэл оруулжээ. Дахиад 19.00 цагт мэдээлэл хийнэ гэсэн. Энэ хүнийг мэдээлэл хийх бүрд зөрүүлээд сандал, машин, төлбөр ийм учиртай гээд тайлбар хийхгүй. Мэдээллээ багцалж өгнө. Жишээ нь, массажны сандлыг эмнэлэг, сувиллын цогцолборт эмчилгээний зориулалтаар авсан. Өөрөөр хэлбэл, тэр сандал захирлын өрөөнд байхгүй. Мөн жилийн өмнө машины тендер нээлттэй зарласан. Худалдан авалтын төлөвлөгөө гаргаж, зориулалтыг нь бичээд Сангийн яамаар батлуулдаг. Албаны хэрэгцээнд авах машиныг Х.Бадамсүрэн захирал хувьдаа ашиглах нь гэж гүтгэж болохгүй. Хуулийн зохицуулалт бий. Хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулсан. Тийм ч учраас бүгдийг нь шилэн дансанд ил байршуулсан. Шилэн Цогоо албан тушаал аваад хамхидаг. Бусад үед бусдын ажлыг харлуулж, үг үйлдлийг гуйвуулж, анхаарал татах үүднээс ташаа мэдээлдэг байж болохгүй” гэж ярьсан юм. Ямартай ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хуулийн хэлтэс болон Олон нийттэй харилцах албанаас орой Б.Буянжаргалын сургалтын төлбөрийг хуулийн аль заалтын дагуу шилжүүлсэн, ажилтнуудын эмчилгээний зардлыг ямар үндэслэлээр олгосноо албан ёсоор мэдээлэх юм байна.    


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)