Б.Хурцыг батлан даалтад гаргах шийдвэрийг прокурор эсэргүүцсэн ч амжилт олсонгүй

Авлигатай тэмцэх газрын дэд, Тагнуулын ерөнхий газрын дарга зэрэг албан тушаал хашиж байсан хошууч генерал Б.Хурцыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч өчигдөр батлан даалтад гаргахаар шийдвэрлэлээ. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй үйлдэлд хошууч генералыг холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлд заасан гүйцэтгэх ажиллагааны хууль, журам зөрчсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэж, өнгөрсөн сарын 24-нд хорьсон талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Түүнээс хойш тагнуулын ажилтнууд болох Мөнхгал, Баяраа нарыг цагдан хорьсон билээ. 

Тэднийг 15 хоног цагдан хориод уржигдар суллав. Прокурорын байгууллагаас нэг холбогдогчийг нь суллах хүсэлт ирүүлсэн бөгөөд нөгөөг нь үргэлжлүүлэн хорих, эсэх талаар ямар нэг санал гаргаагүй тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн байна. Харин НПГ-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.2 дахь хэсэгт заасан “Шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр яллагдагч Б.Хурцын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал гаргасныг тус шүүх өчигдөр хэлэлцээд дээрх үндэслэлийг нотлох баримтыг ирүүлээгүй тул прокурорын саналыг хүлээн авахаас татгалзжээ.

Өөрөөр хэлбэл хэн гэдэг шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан гэх баримт мэдээг гаргаагүй гэж шүүгч дүгнэсэн аж. Шүүгчийн энэ шийдвэрийг НПГ-ын хяналтын прокурор эсэргүүцэж анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид хандсан бөгөөд эсэргүүцлийг нь хүлээн авахаас татгалзсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)