Б.ХАШГЭРЭЛ: Олон улсад ажиллана гэсэн зорилгоо биелүүлж явна

Дэлхийн цөөнгүй оронд геологийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Плюс минералс” компанийн захирал Б.Хашгэрэлтэй Сенегал улс руу явахынх нь өмнө ярилцсанаа хүргэе.

-Таныг геологийн салбарт докторын зэрэг хамгаалсан хамгийн залуу хүн гэх юм билээ. Хэзээ, ямар сэдвээр хамгаалсан бэ?

-Би 2009 онд 26 настайдаа Японы Цүкүбагийн их сургуульд “Оюутолгойн ордын геологи, геохими, хувирлын тогтвортой изотопын судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Одоо хүртэл Монголд геологийн шинжлэх ухаанд хамгийн залуудаа доктор болсон гэгдэж байгаа.

-Оюутолгойн ордын геологи хайгуулын ажлаар эрдмийн зэрэг хамгаалжээ. Тус төсөлтэй хэрхэн холбогдов?

-2003 онд ШУТИС-ийн геологийн ангид суралцаж байхдаа тухайн үеийн “Айвенхоу майнз” компанид үйлдвэрлэлийн дадлага хийхээр очсон анхны оюутан нь би. Тухайн үед тэнд 20 орчим гэр барьчихсан, хайгуулын ажлаа эхлүүлж байв. Гадаад, дотоодын мэргэжилтнүүд цуглачихсан түүхийн эхлэлийг бичилцэхээр ажиллаж байсан гэж ойлгож болно. Би багаасаа эрдэс, чулуулагт дуртай байсан тул уурхайн бүх зүйл нь шинэ соргог, сонирхолтой байсныг үгээр илэрхийлэх аргагүй. Дадлагын оюутнуудыг төрөл бүрийн ажил хийлгэдэг жишгээр юу л хий гэнэ түүнийг нь гүйцэтгэдэг байв. Өөрт ногдсон ажлаа дуусгачихаад спектрометрийн багажаар судалгаа хийдэг гадаад мэргэжилтнийх нь ард очоод зогсчихно. Англи хэлний түвшин тааруу байсан учраас сайн асууж лавлаж чадахгүй. Гэсэн ч харж, ажиглаж, сонирхсоор бага багаар ойлголцон, сурч эхэлсэн. Улмаар сургуулиа төгсөөд “Айвенхоу майнз”-ын менералогийн лабароторид ажилд орсон юм. Ажиллах хугацаандаа цаашид илүү ихийг сурч мэдэх зорилгоо компанийн удирдлагад хэлж, магистрт сурахад минь туслаач гэсэн хүсэлт гаргасан. Компани ч татгалзаагүй, надад тэтгэлэг олголоо. Тэр нь өдгөө “Оюутолгой” компаниас оюутнуудад өгдөг тэтгэлэгт хөтөлбөрийн эхлэл болсон болов уу. Компанидаа ажиллахын хажуугаар магистрын зэргээ хамгаалаад, 2005 онд Япон улс руу тэтгэлгээр докторт суралцахаар шалгарч явсан. Эрдмийн ажлаараа Оюутолгойн ордыг судалж байсан тул 2009 он хүртэл төслийн багт амралтаараа ажиллан, байнга холбоотой байсан.

-Монголд төдийгүй дэлхийд дээгүүрт жагсах нөөцтэй, том уурхайг байгуулах үед ажиллаж, ордынх нь шинж чанараар эрдмийн ажлаа эхлүүлж байсан нь дурсамжтай зүйлийн нэг биз.

-Анхны өрөмдлөгүүдийг хийж, зэсийн агууламж сайтай дээж гарч ирэхэд бид маш их баярлаж байсан. Мэдээж залуу хүний хувьд Монголын хамгийн том уурхайг байгуулах үед нь таарч, ордынх нь судалгаагаар зэрэг хамгаалсандаа сэтгэл өндөр байдаг.

-Геологийн зөвлөх үйлчилгээний компани байгуулсан юм билээ. Энэ талаараа тодруулаач.

-Докторын зэргээ хамгаалаад 2011 онд Монголд ирж, Оюутолгойд ажиллаж байсан австрали мэргэжилтэнтэй хамтран компаниа байгуулсан. Оюутан байхдаа л чаддаг зүйлээрээ дэлхийд өрсөлдөхүйц мэргэжилтэн болох сон, монголчууд, Монголын компани гадаадад гарч ажиллах боломж бий гэж бодож, төлөвлөж байсан юм. Тэгээд олон улсад геологийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Плюс минералс” компани байгууллаа. Бидний анхны захиалга Лаос улсаас ирж байв. Тухайн үед буюу 2012 онд Лаос нь манай Оюутолгой шиг зэсийн арвин нөөцтэй ордоо ашиглаад дуусаж байсан юм билээ. Манай компанийнхан тус орд орчимд хайгуулын ажил эхлүүлсэн. Ордын чөмгөн дээж, өмнөх судалгаанд нь үндэслэн нэг сар гаруйн хугацаанд хийсэн хайгуул, тооцооллоор зэсийн нөөц, геологийн тогтцыг тодорхойлон, байршлын зургийг нь гаргаж өгсөн юм. Түүнээс хойш өдгөө хүртэл лаосчууд бидний ажлын үр дүнг ашиглан, шинэ хүдрийн биет илрүүлэн, тухайн ордыг ашиглаж буйг дуулахад таатай байдаг. Лаост бидний ажиллаж байсан талбай Америк, Вьетнамын дайнаас үлдсэн тэсрэх бөмбөг (мина) ихтэй бүс учир геологичдын урд түүнийг илрүүлэх төхөөрөмжтэй, сапёрчид явна. Араас туслах ажилчид дагана. Сонирхолтой ч гэх үү, онцгой орчинд ажилласан нь санаанаас гардаггүй юм.

-Танай компанийнхан гадаадын хэдэн улсад ажилласан бэ. Компанийнхаа онцлог, давуу талыг юу гэх вэ?

-Манай компани 2-3 хүний бүрэлдэхүүнтэй, спектрометрийн тусламжтайгаар хөрс, чулуу, газрын гүний “бичээс” тайлдаг ажил хийдэг. Эмч нар зүрхний бичлэг уншин, хүний биеийг судлан, эмчилдэг бол геологичид газрыг оношилдог гэж ойлгож болно. Хэр мэдлэгтэй эмч байна, төдий чинээ зөв онош тавин, өвчнийг илааршуулдагтай адил, геологичдын чадвар, туршлага, мэдрэмж, олж авсан боловсрол нь ажлынх нь үр дүнг тодорхойлдог. Ер нь зөвлөх үйлчилгээний багийнхан цөөхүүлээ байх нь олонтоо. Шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд ажиллан, үнэн бодит мэдээллийг захиалагчдадаа хүргэдэг нь бидний давуу тал. Өөрсдийн хийдэг ажлаар аль ч улсын, ямар ч компанийн мэргэжилтнүүдээс дутахгүй гэж боддог. Гадаадын олон орноос бидэнд хамтран ажиллах санал тавьдаг. Маргааш Сенегал руу явна. (Аравдугаар сарын 26-нд) Өмнө нь Замби, Мали, Эквадор, Чили, Аргентинд ажиллаж байсан. Мөн Ази болон Зүүн өмнөд Азийн орнууд, Америк, ОХУ зэргийг оролцуулбал олон улс бий. Сүүлийн хоёр жилд Японд түлхүү ажиллаж байна. Япон Улс нь газрын баялаг ихтэй. Олон зуун жилийн өмнөөс уул уурхайн салбараа хөгжүүлчихсэн, гүний уурхай нь үйл ажиллагаа явуулж байхад, хөрсөн дээр нь амьдрал “буцалж” байдаг сонирхолтой орны нэг. Мөн монгол компаниудтай хамтран ажилладаг. Ер нь зундаа Монголд түлхүү ажиллаад, хүйтэн сэрүүний улиралд дулаан орон руу явах нь элбэг.

-Манай улсад геологийн салбар хэр хөгжсөн гэж та боддог вэ. Геологичдын мэдлэг, чадварыг хэрхэн үнэлэх бол?

-Миний мэдэж буйгаар МУИС, ШУТИС нь геологи, геохими, геофизик, өрөмдлөгийн маш сайн мэргэжилтнүүд бэлтгэдэг. Манай багш нар өндөр боловсролтой, оюутнууддаа үлгэр жишээ болохуйц чадварлаг. Тухайлбал, ШУТИС-ийн геологийн С.Жаргалан багшийгаа дурдмаар байна. Багш нар маань аль болох олон хүүхдийг гадаадад тэтгэлгээр сургахад анхаарч, үе үеийн оюутнууддаа “гүүр” болж ирсэн. Канад, Австрали, Азийн улсуудад багаар болон компанид харьяалагдан ажилладаг Монголд боловсрол эзэмшсэн олон геологич, геофизикч, өрөмдлөгийн мэргэжилтнүүдтэй таарч байсан. Ер нь монголчуудын чадвар, оюуны потенциал бусад улсын иргэдийнхээс давуу гэдэг нь анзаарагддаг. Гэхдээ мэдээж хувь хүний хөдөлмөр, хичээл зүтгэл хамгаас чухал. Хүний залуу нас бол эрдэм мэдлэгийг хичээн сурч, аливаад хүчээ сорин, илүү боловсрох алтан үе байх. Үүнээс гадна төр, засгаас мэргэжилтнүүдээ дэмжих, олон улсад сургах, дадлагажуулах, хангалттай цалин хөлс олгох орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй болов уу.

-Зарим хүн геологи, уул уурхайн салбарт шүүмжлэлтэй ханддаг. Байгаль орчин сүйтгэж байна, хөрөнгө оруулагчдыг хөөж явуулъя гэх нь ч бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Геологи хайгуулын ажил бол шинжлэх ухаан. Үүний тусламжтайгаар бид газрын хөрс, гүний хэв шинжийг тодорхойлон, дүн шинжилгээ хийж, шаардлагатай мэдээллээ олж авдаг. ОХУ гэхэд газар нутгийнхаа 85 хувийг бүрэн судалсан байдаг. Гэтэл манайх 40 орчим хувьд нь дунд шатны судалгаа хийсэн. Тиймээс би хувьдаа геологийн суурь судалгааг төрөөс хүч хаяж, чадварлаг мэргэжилтнүүдийн оролцоотойгоор тасралтгүй хийх ёстой гэж боддог. Харин геологийн нөөцийн мэдээлэлд тулгуурлан уурхай байгуулах өөр хэрэг. Ашигт малтмал олборлон, уурхай байгуулж, өгөөжийг нь хүртэхэд цаг хугацаа, хөрөнгө хүч, дэвшилт технологи, орчин үеийн техник, туршлага шаардлагатай. Тиймээс манай улс уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчидтай хоршихоос өөр аргагүй. Ер нь гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр, уурхайнуудаас олж буй мөнгөн ашгаас илүүтэйгээр монголчуудын мэдэж, сурч буй мэдлэг, туршлага, дадлага, технологи нэвтрүүлэх зэрэгт хамгийн их ач холбогдол өгдөг хүмүүсийн нэг нь би.

-Энд тэнд явж байхад тань сонирхолтой, мартагдамгүй олон зүйл тохиолддог болов уу. Ажил мэргэжлийнхээ онцлогоос хуваалцаач

-Папуа шинэ Гвинейд хүн иддэг омгийнхон буюу биеэ янз бүрээр гоёдог хүмүүсийн амьдардаг газартай ойрхон ажиллаж үзсэн. ОХУ-ын Чукоткад баавгай элбэг тул түүнийг үргээх дохиолбор, зориулалтын буу зэргийг биедээ байнга авч явах шаардлага гардаг юм билээ. Янз бүрийн майхан, урц, дөрвөн багана тулж, түүнийгээ гялгар цаасаар бүрсэн “гэр”-т хонох нь ч бий. Лалын орнуудад шашных нь дагуу хувцаслан, гивлүүр зүүдэг. Ер нь маш олон хүнтэй танилцан, тэдний амьжиргаа, хоол хүнс, улсынх нь өнгө төрх, газарзүй, геологийн тогтцын талаар ойлголттой болдог.

Миний амьдрал ажлаас минь шууд хамааралтай гэж болно. Учир нь миний нөхөр мөн геологич мэргэжилтэй Д.Даваа-Очир гэж залуу бий. Японд магистрын зэрэг хамгаалсан, ширэнгэн ойд гурван сар ажиллаж байсан. Мөн л шалгаруулалтад тэнцэн Монголоос анх удаа Антрактид тивд дөрвөн сар судалгаа хийсэн байдаг. Бид жилийн ихэнхийг нааш, цааш явж өнгөрөөдэг. Заримдаа замынхаа дунд тааралдах нь ч бий. Нэг удаа хэн хэнийхээ ажилтай ойрхон болзохоор төлөвлөн, Гималайн уулын бэлд уулзаж байсан юм байна.

Монголд байх үедээ, амарвал аль болох гэртээ хүүхдүүддээ анхаарал хандуулж, төрөл бүрийн хоол хийдэг. Ер нь хоол хийх хоббитой болохоор мэргэжлийн номоос гадна хоолны жор, технологийн ном цуглуулж, хоол, бялуу л хийдэг дээ, би. Бас байгалийн ямар ч нөхцөл, хаана ч ажиллах шаардлага үүсдэг тул спортоор хичээллэн, усанд сэлдэг. Ер нь геологичид эрүүл биетэй, бага зэргийн саад бэрхшээлийг даван туулах тэсвэртэй, ядаж л эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэгтэй байхыг хичээдэг. Түүнчлэн би орон орны геологич бүсгүйчүүдтэй танилцахыг хичээдэг. Тэд аль сургууль төгссөн, ямар туршлага хуримтлуулсан, хаана ажиллаж байсан болон юу бодож мөрөөддөг, ямар нөхцөлд амьдардгийг нь тодруулж, ярилцах дуртай.

-Ер нь яагаад геологич мэргэжлийг сонгосон бэ. Шинэ залуу геологичид, өөрсдийн компаниа байгуулж буй хүмүүст хандан юу хэлэх вэ?

-Миний аав, ээж геологич. Би хоёр настайгаасаа л геологийн ангиар “хэсэж” эхэлсэн тул багаасаа эл шинжлэх ухаанд татагдсан. Аав минь энэ салбарт 42 жил ажиллаж, Монголын үйлдвэрлэлийн геологийн холбоог үүсгэн байгуулалцсан. Одоо ч олон төсөл, хөтөлбөрт ажилладаг. Сүүлийн үед нийгмийн хариуцлагын хүрээнд гэх үү, геологийн салбарт 10 гаруй жил ажилласан хүний хувьд оюутнууд, залуу геологичдод сургалт хийн, зөвлөгөө өгөх ажилд идэвхийлэн оролцож буй. Өөрийн мэддэг, чаддаг бүхнийг заах сан, тэднийг цаашид өсөн дэвжих, чадварлаг мэргэжилтнүүд болох боломжийг нь бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах сан гэж хичээдэг. Салбартаа амжилт гаргах, улмаар дэлхийн ажилчин болохыг хүссэн хэн бүхэн юуны түрүүнд, гадаад хэл шамдан сурч, техник технологийн мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Англи болон бусад хэлээр мэдээлэл авах, ном унших нь залуу мэргэжилтнийг их зүйлд сургана. Өөрийгөө болон хамт олноо чадавхжуулсан байхад олон боломж нээлттэй байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)