Б.Хансүндэр: Аавыгаа “Спартак”-т бүжиглэхийг үзээд уйлж байснаа тод санадаг

балетчин, Гавьяат жүжигчин У.Осор

Монголын “Пулитцер” гэгддэг БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол өнгөрсөн сарын 26-нд болж, сэтгүүлч Б.Энхцэцэгийн “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөрөг нийтлэл шилдэг дөрвөн бүтээлийн нэгээр шалгарсан. Тус хөрөг уншигчдыг Монголын сонгодог урлагийн түүхэнд тод гэрэлтэж байсан балетчин, Гавьяат жүжигчин У.Осор агсны хүү О.Батсайхан хэмээх эрхэмтэй дахин “танилцуулсан” юм. 

Эл эрхмийн хүү Б.Хансүндэрийг “Нэртэй хүний зүстэй хүү” буландаа урилаа. “Аавынхаа тухай өмнө нь сонин, хэвлэлд ярьж үзээгүй. Намайг ухаан орохоос өмнө өөд болсон болохоор дурсамж бага. Аавын тухай бодохоор үлгэр мэт төсөөлөл л буудаг” гэсээр бидний яриа эхэлсэн юм.

-Гавьяат жүжигчин У.Осор, концертмейстер О.Сарантуяа, Соёлын гавьяат зүтгэлтэн, дархан О.Батцэнгэл, Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий гээд аавын тань талынхан тэр чигтээ урлагийнхан. Ийм гэр бүлд өсөх ямар бол?

-Яг үнэндээ аавыг бурхан болсноос хойш ээжтэйгээ, аавын талынхнаас хол өссөн. Хааяа л уулздаг байлаа. Тийм болохоор ийм, тийм байдаг гэж хэлж мэдэхгүй юм.

-Та бүжиглэдэг байсан байх аа?

-Дунд сургуульд байхдаа реп бүжиглэдэг байв. Даанч ээж намайг бүжиглэхэд их дургүй. Тэгж явсаар ахлах ангид ороод брейк бүжиг сонирхлоо. Овоо ч бүжиглэдэг болж, анхны b-boy (брейк бүжигчин)-уудын нэг болов. Үеэлтэйгээ нийлж, “Snep” гэж хамтлаг байгууллаа. Удалгүй хамтлагийн гишүүд дуулах сонирхолтой болж, уран бүтээл хийж эхэлсэн юм. “Snep” хамтлагийг “Electro city” цомгоо гаргах хүртэл нь хамт байсан.

-Бүжигчин болъё гэж бодоогүй юу?

-Бүжигчин биш, жүжигчин болохыг хүсдэг байсан юм. Харамсалтай нь, ээж “Яагаад ч урлагийн хүн болгохгүй” гэж эсэргүүцсэн. Ингээд ээжийнхээ зөвлөснөөр аялал жуулчлалын чиглэлээр суралцахаар МУИС-д элсэж, 2001 онд АНУ руу үргэлжлүүлэн сурахаар явсан даа. Уг нь намайг багад авга эгч “Хүүгээ балетын сургуульд шалгуулаад үз” гэж ээжид хэлдэг байсан юм билээ. Гэхдээ ээж зөвшөөрөөгүй гэсэн. Урлагийн амьдралын хатуу хөтүүг мэддэг болохоор аргагүй биз. Гэхдээ одоо баярладаг юм, ээждээ.

-Ээж тань спортын гимнастикчин байсан гэсэн. Балетчин, гимнастикчин хүмүүсийн хүүхэд болохоор хөдөлгөөний эвсэл, сонсгол сайтай байх.

-Байсан байх. Бүжгийн хөдөлгөөнийг хараад л сурчихдаг байсан.

-Одоо аавынхаа ах, дүүстэй ойр байдаг юм билээ. Хэзээнээс дотносов?

-Би таван жилийн өмнө АНУ-аас ирсэн. Ирснээсээ хойш л. Хүний нутагт сурч, ажиллахад их зүйл бодож, ойлгодог юм билээ. Ганцаардана, гэрээ, нутгаа санана. Би хэний үр хүүхэд билээ, хэн болох билээ гээд л их юм бодсон.

-АНУ-д кино найруулагчаар суралцсан гэл үү?

-Эхний хэдэн жил хичээл, ажил гэсэн чиглэлтэй л амьдарлаа. АНУ-д амьдардаг гэсэн атлаа түүх өгүүлэх зураг юу ч байдаггүй. Сургуулиа төгссөний дараахан миний нэг танил “Лос-Анжелес хот руу явъя” гэхээр нь “За” гээд л дагаад явлаа. Очтол миний дунд сургуулийн найз тэнд киноны сургуульд сурч байгаа гэнэ шүү. Их гоё санагдсан. Виржиниа руу буцсаны дараа ч нөгөө найзын ярьсан зүйл, сургууль нь бодогдоод салдаггүй. Хэд хоногийн дотор бүх зүйлээ зарж, онгоцны нэг талын тасалбар аваад л шууд явсан. Ингээд кино найруулагчаар суралцахаар сургуульд орсон.

-Урлагийн мэргэжил эзэмшүүлэхгүй гэдэг ээж тань энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Одоо ээж минь намайг бүх л талаар маш их дэмждэг. Киноны сургуульд ороод л нүд нээгдсэн дээ. Яг үнэндээ анхнаасаа энэ чиглэлээр сурахгүй яав даа гэж бодсон. Бид кино үзээд сэтгэлийн таашаал аваад л өнгөрдөг. Гэтэл ард нь ямар их ажил өрнөдгийг хараад үнэхээр биширсэн. Энэ мэргэжилд дурласан. Тэнд найруулахаас гадна зураг авах, кино зохиол бичих, продюсерлох зэрэг тал бүрийн мэдлэгтэй болж төгсдөг. Ийм цогц мэдлэг, туршлага олгохоор оюутны хөрвөх чадвар илүү сайн болно.

-Монголд ирээд кинонд ажиллав уу?

-Нутагтаа нэг л их дэврүүн хүн ирлээ. Уран бүтээл хийхийн тулд хөрөнгөтэй байх хэрэгтэй. Тиймээс хувийн бизнестэй болох ёстой гэж бодлоо. Ингээд “Avocado creative kitchen” гэж зоогийн газар нээлээ. Жил гаруй гардаж ажиллуулаад хөл дээр нь босгочихвол тогтмол орлоготой болно гэж бодсоных. Гэтэл тийм байсангүй. Нөгөө газраасаа жаахан л холдчихвол үйл ажиллагаа нь доголдчих гээд. Яг тэр үед миний үеэл Б.Тамир “Миний ах атаман” киногоо бүтээхэд арын албанд нь тусалж ажилласан.

-Тэгэхэд өөрөө кино хийх хүсэл оволзсон байх.

-Үнэхээр тэгсэн. Ингээд “One night” киног Э.Алдартай хамтран хийсэн. Гэхдээ энэ кинонд найруулагчаар биш, продюсероор нь ажилласан юм. Залууст урам зориг өгөх, гэгээлэг сэдэвтэй кино хийхийг хүссэн дээ. Гэхдээ зардлаа нөхөж чадаагүй л дээ. Шатчихсан.

-Шатчихаад шантарсан уу, эсвэл улам л урагшлах ташуур болсон уу?

-Шар хөдөлсөн. Гэхдээ алдаагаа олж харсан. Алдаагаа давтахгүй, улам хичээхэд урагшилж л таарна.

-Киноны зохиол бичдэг үү. Олонх найруулагч зохиолоо өөрөө бичдэг шүү дээ.

-Бичнэ гэдэг хүссэн хүн бүрийн чадчихдаг ажил биш. Тийм ч болохоор зохиолч гэж нандин, чухал мэргэжил бий. Цаасан дээр дүр амилуулдаг мундаг хүмүүс шүү дээ. Би бичих гэж оролдсон ч чадахгүй, санаанд хүрэхгүй юм билээ. Тийм болохоор л сонирхолтой кино зохиол хайж байгаа.

-Дараагийн уран бүтээлээ хэзээ хийх вэ?

-Төдийд өдийд гэж хэлж мэдэхгүй юм. Гэхдээ эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг гэдэг дээ. Бодсон зүйл мэдээж бий. Эхний ээлжид олон улсын наадамд зориулж богино хэмжээний кино найруулахаар төлөвлөж байна. Гэхдээ болоогүй ээ.

-О.Бат-Өлзийн “Jiij”, Б.Тамирын “Фантастик” продакшн, Б.Одончимэгийн “Donna” энтертайнменттай хамтран ажиллах боломжтой биш үү. Яагаад болоогүй гэж?

-Хэн нэгний нэр, нөмөр нөөлөгт ажиллахыг хүсэхгүй байна л даа. Хувь уран бүтээлчийн үүднээс бие даан эхлэхийг хүсэж байгаа юм. Юутай ч энэ төрлийн уран бүтээл хийж эхлэхээр аавынхаа нэрээр “Baab” фильм байгуулсан.

-Аавын тань тухай “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөргийг уншсан биз дээ. Аавынхаа амьдрал, уран бүтээлээс сэдэвлэж кино хийх бодол бий юү?

-Уншаад сэтгэл маш их хөдөлсөн. Гэхдээ аавынхаа тухай кино хийнэ гэх мэт том зүйл бодоогүй ээ. Эмээж байна. Найруулагчийн хувьд бодохоор аавын амьдрал, уран бүтээлийн замнал их сонирхолтой кино болохоор түүх. Гэвч хүүгийнх нь хувьд эмзэг сэдэв.

-Таны санаанд аавын тань ямар төрх тод үлдсэн бэ?

-Их өндөр, өтгөн хөвсгөр үстэй төрх нь л тод үлджээ. Бас их сайхан биетэй, хаанаасаа ч сайхан харагддаг. Аавыгаа өнгөрөхөд би зургаан настай байлаа. Аавын тухай надад үлдсэн дурсамж их бүдэг. Яг л зүүд шиг. Хүмүүсийн дурсамж, ярианаас л аавынхаа тухай сонсож, төсөөлдөг. Хүн бүр гоё, сайхнаар дурсаж ярьдаг нь сайхан. Гэвч тэдгээр дурсамжийг би санахгүй, тэдний мэдэрснийг мэдрээгүй нь харамсмаар.

-“Энэ зан, тэр дадал чинь аавтайгаа адилхан юм” гэсэн үг сонсдог уу?

-Өөрөө хэлж мэдэхгүй юм. Ээж минь заримдаа миний хийсэн үйлдэл, байгаа байдлыг хараад “Аав чинь яг ингэдэг байж билээ” гэдэг юм. “Ярьж байгаа нь адилхан. Уурлахдаа гаргадаг авир нь төстэй” гээд л. Тийм үг сонсох сайхан шүү. Зан чанарын хувьд ч төстэй тал бий байх.

-Аавынхаа тайзан дээр бүжиглэхийг харж байсан уу?

-Жаахан байхад аав намайг тайзны хажууд суулгаж үлдээчихээд тоглолтдоо ордог байлаа. “Томоотой байхгүй бол Жамъяндагва багш загнана шүү” гээд л айлгана. “Спартак”-т бүжиглэхийг нь тэгж үзсэнээ мартдаггүй юм. Төгсгөлд нь уйлж байснаа тод санаж байна. Саяхан аавын тухай баримтат нэвтрүүлэг хийх үеэр архиваас “Хунт нуур” зэрэг балетад бүжиглэсэн бичлэгүүдийг нь үзсэн. Үнэхээр гайхалтай.

-Сүүлд хэзээ ДБЭТ-аар орсон бэ. Багын тань дурсамж сэргэдэг биз?

-Хааяа балет үздэг л юм. Сүүлд театраар орохдоо багадаа аавыгаа хүлээгээд суудаг байсан тайзны хажуугийн хэсэгт очиж харсан. Яг л аавыгаа хардаг байсан тэр өнцгөөс. Их сонин мэдрэмж төрдөг юм билээ. Тэр тайзан дээр аавтай минь холбоотой олон дурсамж шингэж үлдсэн болохоор тэр байх. Тэр өдөр аавын “алтан партнёр” байсан Х.Гэрэлчимэг эгчтэй таарсан. Гэхдээ намайг таниагүй. 

Би ч “Балетчин О.Батсайханы хүү” гэж хүн болгонд мэдэгдэхийг хүсдэггүй. Эмээдэг юм. Юу ч хийж амжаагүй байж аавынхаа нэрээр түрээ барьж, сэвтээгээд яах юм бэ. Яах вэ, ахмад, аавтай хамтран тоглож байсан уран бүтээлчид санах л байх. Түүнээс биш, залуу уран бүтээлчид бараг мэдэхгүй дээ.

-“Аав минь байсан бол...” гэж бодох үе амьдралд тань их олон тохиолдож байсан уу?

-Үе үе ч биш. Байнга л төрдөг. Хүүхэд байхдаа “Аав минь байсан бол сайхан даа” гэж боддог байлаа. Жаахан томроод “Аав минь байсан бол надад зааж, зөвлөнө дөө” гээд үргэлж санадаг байв. Ер нь амьдралдаа чухал шийдвэр гаргах эгзэгтэй мөчүүд, яахаа мэдэхгүй төөрөлдсөн үедээ аавыгаа эрхгүй л үгүйлдэг. Гэхдээ хүнд хэцүү үеэс илүү аз жаргалтай, амжилт гаргасан үедээ аавыгаа илүү санадаг. Юу гээч. Аав минь амьд байсан бол би бүжигчин болох байлаа. Ямар ч эргэлзээгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (27)