Б.Халиун: “Монгол ньюс”-ийнхэнтэйгээ 29 дэх жилдээ ажиллаж байна, эндээс хаашаа ч явахгүй

Манай “Монгол ньюс” компанийн ерөнхий нягтлан бодогч Б.Халиун Алтан гадас одонгоор энгэрээ цоолуулсан баярт үйл явдал өчигдөр тохиов. Хамт олон, сэтгүүлч нөхөд нь түүнд баяр хүргэн, бужигнасан сайхан өдөр байлаа. Хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр тэрбээр баярын нулимс бөмбөрүүлэхийн сацуу “Бал эрхлэгч минь 13 жилийн өмнө тодорхойлсон “Алтан гадас” одонг авсандаа их баяртай байна. Эрхлэгчтэйгээ уулзаж байгаа ч юм шиг, сэтгэл их хөдөлж байна” гэсэн. “Буруу сонсов уу, хэрвээ тийм бол ямар олон жилийн дараа одон ирэв ээ” гэж бодсоор товч ярилцлаа.

-Та түрүүн “Бал эрхлэгч 13 жилийн өмнө энэ шагналд тодорхойлсон” гэсэн. Олон жил өнгөрчээ.

-Харин тийм. Бараг мартчихсан байсан юм. Гэтэл манай “Өнөөдөр” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Заяабат өвлөөс “Утасдах байх шүү” гэх болсон. “Мартын 8”, Эх үрсийн баяр өнгөрсөн, чимээгүй л байлаа. Заяа дарга өөрөө буруутай юм шиг санаа нь зовно оо (хөхрөв). Уржигдар нисэх буудалд ажлаар явж байтал “Чингэлтэй дүүргээс ярьж байна” гэхээр нь татварын асуудлаар байх нь гэж бодоод, элдэв зөрчилгүй юм сан яах гэж байгаа юм бол гэж гайхсан. 

Гэтэл “Танд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон Алтан гадас одонг гардуулна” гээд товлосон цаг хугацааг хэлсэн. Өдрийн сайныг өөрөө сонгоод, сайныг юу байх вэ, санхүүгийн хүмүүст сарын эхний өдөр хамгийн гоё байдаг болохоор наймдугаар сарын 1-нд одонгоо авлаа. Гоё байна. Хамт олон минь хүндэтгэлийн ширээ засчихсан хүлээж байлаа. Б.Нандинтүшиг эрхлэгч маань ирж баяр хүргэлээ. 

Энэ өдөр би бурхны оронд байгаа Бал эрхлэгч, өнөөдөр “Монгол ньюс” компанийнхаа сайн сайхан, хөгжлийн төлөө мөр зэрэгцэн хамтарч ажиллаж байгаа Н.Шүр эгч, Нандиадаа, Номиндоо их баярлаж байна. Ийм сайхан гэр бүлтэй ерөөлөөр учирч, 29 дэх жилдээ нэгэн зорилгын төлөө хамтарч ажиллаж байна даа.

-Та нэг байгууллагад 29 жил нягтлан бодогчоор ажилласан юм уу?

-1990 онд төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины газарт ажилд орсон юм. Эхэндээ бичиг хэргийн ажил эрхэлж байлаа. “Өнөөдөр” сониноо байгуулагдахад тооцооны нягтлан болсон. Хүүгээ төрүүлээд ирэхэд эрхлэгч “Оюуны өргөө” сургуульдаа ажиллуулж байгаад, тэндээсээ “Монгол ньюс” компанийн ерөнхий нягтлан бодогч болгосон юм.

-Б.Нандинтүшиг эрхлэгч баяр хүргэж үг хэлэхдээ таныг ажилдаа ч, хамт олондоо ч үнэнч санхүүч гэсэн. Үнэхээр нэг ч удаа болов алдаа гаргаж байгаагүй юү?

-Ажлаа цаг тухайд нь хийгээд, жил, хагас жил, улирал тутамд тайлан, балансаа сайн гаргаад байхад алдаа гаргах зай, завсар байхгүй л дээ. Ажлыг хойш тавих, цаг тулгах, хам хум хандах зэрэгт алдаа гаргах магадлалтай. Бусдаар гайгүй ээ.

-Олон жил нэг байгууллагад нэг л ажлаа хийх уйтгартай биш үү?

-Үгүй. Надад олон жил өнгөрсөн гэж ерөөсөө бодогдохгүй байна. Саяхан л ажилд орж байсан шиг санагдаж байна. Ерөнхий нягтлангаар томилогдож байсан минь ч саяхан мэт байна. Энэ нь ажилдаа сэтгэл хангалуун, хамт олонтойгоо эвтэй байдагтай холбоотой болов уу. Ажил дээр стресстэй ч юм уу, ямар нэг юманд дургүйцэх байдлаар ажиллахад өөр байж магадгүй. 

Надад тийм зүйл байхгүй ээ. Байгууллагын санхүүгийн ажлыг хариуцлагатай авч явах нь нягтлан бодогчдын үүрэг. Ялангуяа ерөнхий нягтлан бодогч мэргэжлийн ур чадвартай байхаас гадна хүмүүсийн итгэл даадаг, хамт олны өмнө хариуцлагатай байх ёстой.

-Тийм хариуцлагатай санхүүч учраас таны энгэрт Алтан гадас одон гялалзалаа гэж ойлгож байна.

-Баярлалаа. Энэ дээлийг би “Март”-аар хийлгэсэн юм. Цэнхэр өнгө сонгосон нь учиртай. Олон жил хамт ажиллаж байгаа Заяа, Эрка эгч хоёр маань Цагаан сараар гоё цэнхэр өнгийн дээл өмсөж ирдэг нь их таалагддаг юм. Тийм болохоор ийм өнгийн дээлтэй болъё гэж бодсон. Тэгээд ч энэ Алтан гадас одонд цэнхэр өнгө байдаг юм байна. Их зохицож байгаа шүү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)