Б.УУГАНБАЯР: Монгол Улсад системийн сэтгэлгээ нэн шаардлагатай байна

Систем динамик буюу үр ашигтай шийдвэр гаргалтыг дэмжих аргачлалын талаар ШУТИС-ийн Системийн сэтгэлгээний лабораторийн эрхлэгч, доктор(Ph.D), дэд профессор Б.Ууганбаяртай ярилцлаа.


-Юуны түрүүнд систем динамик загварчлал гэж юу вэ гэдэг асуултаар яриагаа эхэлье.

-Систем динамик буюу үр ашигтай шийдвэр гаргалтыг дэмжих аргачлал нь Монголд нэн шинэ ойлголт. Энэхүү аргачлалаар нийгмийн үзүүлэлт, улс орны өмнө тулгамдаж буй асуудлууд, үр ашиг, эдийн засгийн хөгжлийг судалдаг. Мөн тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлийг тооцох замаар ирээдүйн төлөв байдлыг загварчилж харуулдаг математикийн шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт арга юм. Өөрөөр хэлбэл, систем динамик загварчлалаар эрх баригчдын шийдвэр хэр зэрэг оновчтой байх вэ гэдгийг харж болно. Амьд организм байдагтай адил систем динамикийн загварчлал харилцан хоорондоо нягт уялдаа холбоог үүсгэж байдаг. Тэр уялдаа холбоо урган гарах нөлөөллийг бид судалдаг.

"АЛИВАА ЭРСДЭЛИЙГ СИСТЕМ ДИНАМИК АРГАЧЛАЛААР УРЬДЧИЛАН ТООЦООЛЖ, АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ"

-Шийдвэр гаргалтад нөлөөлөх хэрэгсэл гэж ойлголоо. Анх хэдэн оноос үүсэж хөгжсөн бэ?

-Анх 1960-иад онд Массачусестийн технологийн их сургуулийн эрдэмтэн Жей Форрестер гэж хүн Систем динамикийн суурийг тавьсан байдаг. Тэрээр маш олон харилцан уялдаатай фактор, хүндрэлтэй асуудлыг математик загварчлал ашиглан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Ингэхдээ хамгийн анх АНУ-ын Детройт хотыг авч үзсэн бөгөөд ямар дэд бүтцийг хөгжүүлбэл тус хот ямар байдлаар тэлж хөгжих, хүн ам нь хэдээр нэмэгдэх зэргийг загварчилсан юм. Түүний ажлаас үндэслэгдээд цаашаагаа бизнесийн байгууллагуудын стратегийг тодорхойлдог “Аж үйлдвэрийн динамик” хэмээх нэр томьёо бий болсон. Дараа нь Форрестерын шавь Деннис Медоус энэ ажлыг үргэлжлүүлж, “Өсөлтийн хязгаар” хэмээх бүтээлээрээ  дэлхийг бүхэлд нь загварчилсан. Тухайлбал, тэрээр дэлхийн хүн ам 2100 онд огцом буурч, улмаар дэлхий сүйрнэ гэж мэдэгдсэн.  Энэхүү мэдэгдэл нь тухайн цаг үед нэлээд шуугиан тарьж байв. Дараа нь Д.Медоуз мэдэгдэхдээ “Энэ бол гунигт зөгнөл биш. Хэрэв бид байгаль дэлхийтэйгээ энэ янзаар харьцсаар байвал энэ зүйлтэй гарцаагүй нүүр тулгарна” хэмээн анхааруулсан байдаг.

Өдгөө систем динамик нь дэлхийн ихэнх улс оронд хөгжсөн. Маш олон улс орны төрийн болон хувийн байгууллагууд шийдвэр гаргалтдаа ашиглаж байгаа. Массачусестийн их сургууль дээр энэ чиглэлээр мэргэшсэн хамгийн том баг бий. Тэд зарим улс орны Засгийн газартай хамтарч ажилладаг. Харин манай улсад систем динамик нь харьцангуй сүүлд нэвтэрлээ.


-Манай улсын хувьд систем динамик нь хэзээнээс хөгжиж эхэлсэн бэ?

-2002 онд ШУТИС-ийн ректор асан Д.Бадарч багш Монгол Улсад систем динамикийн суурийг анхлан тавьсан байдаг. Тэрээр анх Массачусестийн технологийн их сургууль дээр очоод  Стермэн гэж хүний лекцэд суугаад, “Энэ зүйл манай улсын ирээдүйд их том дэвшил авчирна. Үүнийг Монголд хөгжүүлэх ёстой” гэж үзсэн. Ингээд ШУТИС-ийн дэргэд “Систем динамикийн хүрээлэн”-г байгуулсан байдаг. Тэгээд тал талаас залуусыг авчирч сургаж байсан боловч удалгүй ажлаа өгөөд ЮНЕСКО руу явчихсан. Үүний улмаас хүрээлэнгийн үйл ажиллагаа олон жилийн турш зогсонги байдалд орчихсон.  ШУТИС-ийн ректор Б.Очирбат эрдмийн ажлаараа систем динамикийг судалснаар энэ салбар Монголд үргэлжлэн хөгжих гэрлийг асаасан. Мөн удалгүй миний бие 2009 онд энэ чиглэлээр докторын ажлаа хамгаалсан. Ингээд Б.Очирбат тэргүүтэй бидний нөхөд хүрээлэнгийнхээ залгамж халаа болж, 2016 онд ШУТИС-ийн дэргэд Систем динамикийн төвийг байгуулсан. Одоо энэ төвд ажиллаж байгаа залуус бүгд миний шавь нар.

-Систем динамик загварчлалын арга зүйг салбар бүрд ашиглах боломжтой юу? 

-Мэдээж тийм. Жишээ нь 2012 онд Монгол Улсын Засгийн газар гадаадын компаниар Т-21 хэмээх анхны загварыг хийлгэсэн. Энэ бол Монгол Улсын макро эдийн засагт хийсэн судалгааны загварчлал юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, байгаль орчны ирээдүйн төлөвийг тодорхойлсон супер загвар. Энэ загварын дагуу салбар яам бүрд систем динамикаар мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэсэн. Харамсалтай нь төд удалгүй Засгийн газрын удирдлагууд солигдоод энэ чиглэлээр ажиллаж байсан мэргэжилтнүүд бүгд ажлаасаа чөлөөлөгдсөн.

"СИСТЕМ ДИНАМИК НЬ БҮГДИЙГ СИСТЕМЭЭР АВЧ ҮЗДЭГ"

-Тэгэхээр энэ шинжлэх ухаанаар юмсыг урьдчилан тооцоолдог байх нь. Ер нь биелэх магадлал хэдэн хувь бэ?

-Системийн динамикийн аргачлал нь  цаанаа ердийн дифференциал тэгшитгэлээр илэрхийлэгддэг юм. Энэ нь хэдэн арваас хэдэн зуун ширхэг дифференциал тэгшитгэлийн систем юм. Маш их дата болон мэдээлэл дээр суурилж загварчлал бий болно. Загварчлалыг хийхийн тулд аливаа асуудлыг системээр нь авч үздэг. Олон хувьсагч ордог учраас загварчлал нь төлөвлөсөн байгаа онох магадлал их өндөр. Ер нь бол 90 хувийн магадлал бий гэж үздэг. Үүнийг би баталгаатай хэлж чадна.

Жишээ нь түрүүн хэлсэнчлэн 2012 онд Монгол Улсын макро эдийн засгийн Т-21 гээд загвар бий. Энэ загварыг бид сүүлд 2018 онд Монгол Улсын хүн ам дээр тулгаж үзэхэд ердөө гурван мянган хүний зөрүүтэй гарсан. Тийм болохоор биелэх магадлал өндөр гэсэн үг.


-Монгол Улсын хувьд нэн шинэ ойлголт гэж та хэллээ. Тийм болохоор нийгэм хэрхэн хүлээж авч байна вэ?

-Орчин үеийн хүмүүс шийдвэр гаргалтыг дэмжих хэрэгсэл гэдэг талаас нь хардаг болсон. Магадгүй дээр үед хүмүүс арай өөрөөр хүлээж авах байсан байх. Нэг жишээ дурдахад, Цагдаагийн ерөнхий газар бидний ажлыг өндрөөр үнэлсэн. Бид тэдэнд Сонгинохайрхан дүүргийн гэмт хэргийн загварыг хийж өгсөн юм. Харин одоо тус газрын удирдлагуудын дунд гэмт хэргийн загварыг Монгол Улсын хэмжээнд хийлгэе гэсэн яриа яригдаж байна.

Нэмж хэлэхэд, иргэдийн эсэргүүцлээс айгаад нэг гаргасан шийдвэрээсээ буцдаг эрх баригчид ядаж систем динамик аргачлалаар төлөвлөсөн ажлаа туршаад үзчих хэрэгтэй. Дараа нь тэр загварчлалаа иргэдэд үзүүлээд сууж байвал тэд ойлгож хүлээж авна шүү дээ. Тийм зүйлгүй болоод л манай эрх баригчид шийдвэрээсээ буцдаг байх.


-Энэ шинжлэх ухаанаар бизнесийн байгууллагуудын маркетингийн бодлогыг чиглүүлэх боломжтой юу?

-Бидний хувьд энэ чиглэлээр хараахан хийж эхлээгүй байна. Ер нь бол цаашдаа ажиллахаар төлөвлөж байгаа. Түүхэнд бизнесийн байгууллагуудын шийдвэр гаргалтад нөлөөлсөн том жишээнүүд бий. Тэдгээрээс нэгийг дурдвал, 1980-аад онд АНУ-ын автомашины зах зээл хямарсан. Яагаад гэвэл тухайн үед АНУ-ын зах зээлд япон машин ид орж ирсэн бөгөөд америкчууд голцуу япон машин унадаг болсон. Улмаар АНУ-ын автомашины зах зээлд томоохон байр суурь эзэлж байсан компаниуд дампуурлын ирмэгт тулсан байдаг. Яг тэр үед Женерал моторс компани систем динамик загвар хийдэг хүмүүст хандаж маркетингийн бодлогоо өөрчлөх чиглэлээр загвар хийлгэсэн. Дараа нь судлаачид боловсруулсан загвараа компанийн дарга нарт танилцуулсан. Удалгүй тус компани алдагдалгүй, хэвийн үйл ажиллагаагаа явуулдаг болсон. Харин өрсөлдөгч Форд компанийн хувьд 400 сая ам.долларын алдагдал хүлээж байсан жишээ байна.


-Танай төв Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудаар загвар хийсэн үү?

-Тийм ээ. Өнгөрсөн хавар бид НЗДТГ-тай гэрээ хийгээд агаарын чанарын үзүүлэлтийн судалгааг хийж өгсөн. Үүгээр зогсохгүй, түгжрэл, ногоон байгууламж, гэр хорооллын барилгажилт, хөрсний бохирдол зэрэг асуудлуудыг загварчлалд оруулсан. Одоо бид үүнийгээ өргөжүүлээд Улаанбаатар хотын нийгэм эдийн засаг, дэд бүтцийг загварчлахаар төлөвлөсөн байгаа.

-Тэгэхээр систем динамик аргачлалаар нийслэлийн түгжрэл, автомашины өсөлтийг тооцоолох боломжтой байх нь ээ?

-Түрүүн хэлсэнчлэн систем динамик нь бүх шалтгаан нөхцлийг системийн үүднээс судлан шинжилдэг. Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд гэдгийг систем загварчлалаар харуулсан байгаа. Олон улсад тээврийн хэрэгслийн дундаж хурд 10 км цагаас доош орвол тэг зогсолт гэж үздэг. Тус загварчлалаар тэг зогсолт 2020 оны намар Улаанбаатарт болно гэсэн тооцоолол байна.

Дундаж хурдад нөлөөлөгч гол хүчин зүйлүүдийн нэг бол нийтийн тээврийн чанар хүрэлцээ юм.  Нийтийн тээврийн чанарыг нэмэгдүүлж, хүрэлцээг хэдэн хувиар нэмбэл тэдэн хувиар түгжрэл буурна гэх мэтчилэн тооцоо судалгаа гаргасан. Түгжрэлийг тооцоолохдоо Улаанбаатар хотын хүн ам цаашид хэдээр нэмэгдэх, автомашины өсөлтийн дундаж үзүүлэлт, дэд бүтцийн хөгжил зэрэг мэдээллээс үндэслэж тооцдог. Ингээд түүн дээрээ байгууллага, аж ахуй нэгж хэрхэн өсөн нэмэгдэх зэргийг тооцоолсны үндсэн дээр түгжрэлийг тооцно.

"АСАР ОЛОН ХУВЬСАГЧ БОЛОН ПАРАМЕТРЫН УЯЛДАА ХОЛБООНООС ЗАГВАРЧЛАЛ БИЙ БОЛДОГ"

-Нийслэл хот энэ онд түгжрэлийг бууруулах чиглэлээр хэд хэдэн төлөвлөгөө гаргасан. Түүнд нь дүүжин гүүрнээс эхлээд олон төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх талаар тусгасан байна лээ. Танай байгууллага үүнд судалгаа хийв үү?

-Мэдээж хийж үзсэн. Ер нь бол түгжрэлийг бууруулах хамгийн чухал ажил бол нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, автомашины хэрэглээг багасгах. Япон улсад насанд хүрсэн иргэдийн 15-16 хувь нь автомашин ашигладаг. Гэтэл манай улс 70 хувьтай ашиглаж байна. Энэ ашиглалтыг бууруулах ёстой. Үүний тулд нийтийн тээврийг хөгжүүлэх хэрэгтэй юм. Нийтийн тээвэр, сургуулийн автобус, гүүрэн гарц зэргийг сайжруулж, түүндээ маш сайн хяналт тавьж ажиллах ёстой.

2012 онд манай хотод түгжрэл ид өрнөж байсан. Тухайн үед нийслэлийн удирдлагууд дугаарын хязгаарлалт хэмээх арга хэмжээг аваад нэг хэсэг гайгүй болгосон. Гэвч харамсалтай нь  энэ нь богино хугацааны арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, дугаарын хязгаарлалт нь 2-3 жилийн хугацаанд түгжрэлийг багасгадаг бөгөөд урт хугацааны арга хэмжээ биш юм. Гэтэл манайх 8 жил энэ арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлснээр иргэдийг хоёр автомашинтай байх сонголт руу түлхсэн. Одоо ямар байдалтай байгааг бид харж байна.


-Загварчлалыг бүтээхдээ тооцооллыг хэрхэн хийдэг вэ?

-Хамгийн гол нь хийсэн загвар дээрээ харьцуулах юм. Загварчлалын параметр үзүүлэлтүүдийг яаж өөрчилбөл үр дагавар нь сайнаар болон муугаар нөлөөлөх эсэхийг харьцуулж хардаг. Өөрөөр хэлбэл, асар олон хувьсагч болон параметрын уялдаа холбооноос загварчлалыг бий  болдог юм. Тэгээд нэг хэсэгт нь нөлөөлөл үзүүлэхээр бусад хэсэгт нь ямар өөрчлөлт бий болж байгааг харуулдаг. Жишээ нь МҮХАҮТ-д хийж өгсөн бидний ноолуурын загвар дээрээс үүнийг харж болно. Манай улсын ноолуур татваргүйгээр Хятад руу гараад явчихдаг. Тэгвэл загвар дээр татварыг хийсвэрээр нэмэгдүүлснээр дотоодод хэдий хэмжээний ноолуур үлдэх, үүнийг дагаад ажлын байр хэдээр нэмэгдэх, татварын орлого хэрхэн нэмэгдэх зэргийг харж болно. Үүнийг МҮХАҮТ Засгийн газрын шийдвэр гаргагчдад нөлөөлөх гэж хийлгэсэн гэж ойлгож болно. Яг одоогийн байдлаар бид тус танхимын махны квотын судалгаан дээр ажиллаж байна.

Мөн Барилгын хөгжлийн төвтэй хамтраад 330 сумын хүн амын өсөлт бууралтын хэтийн төлөвийг гаргахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тэдгээр сумдын хүн амын шилжилт хөдөлгөөн, суурьшил зэргийг судалж байгаа юм.


-Танай төв байгаль экологи чиглэлийн төсөл дээр ажиллаж байгаа гэж дуулдсан. Ямар төсөл вэ?

-Массачусестийн технологийн их сургуулийн профессор Стермэн гэдэг хүн дэлхийн дулаарлын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг тодорхойлохоор ажиллаж байна. Тэр хүн “2100 он гэхэд дэлхийн цаг уур дунджаар целсийн 4 градусаар дулаарна” гэж үзсэн. Харин манай улсын хувьд сүүлийн 30 жилд хоёр градус орчмоор дулаарсан. Бид яг үүн шиг Монгол Улсын байгаль, цаг уурын хэтийн төлөвийг судалж байна. Тухайлбал, “ENSUR” гээд төсөл бий. БОАЖЯ болон НҮБ-ээс хамтран санаачилсан энэхүү төсөл нь Монгол орны ногоон байгалийг доройтуулахгүй байх зорилготой юм. Энэ төслийн хүрээнд бид Завхан аймгийн Их-уул, Тосонцэнгэл суманд судалгаа хийж байгаа бөгөөд орон нутгийн бэлчээр ямар шалтгаанаар доройтсон, мөн бэлчээрийг сэргээхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой зэргийг судалж байна. Малын хөлийн татвар тавих, малаа бууруулах зэргээр шийдвэл ямар үр дүн гарах вэ гэдгийг тооцоолохоор ажиллаж байна.


-Систем динамик нь шинжлэх ухааны их олон онол дээр суурилдаг юм шиг санагдлаа. Ер нь яг хэдэн онол дээр суурилж байна вэ?

-Математик талаасаа бол эхний боловсруулалтын үе шат нь  статистик судалгаанаас үндэслэгдэнэ. Өөрөөр хэлбэл статистикийн регресс болон корреляцийн шинжилгээ хийгдэнэ.  Дараа нь дифференциал тэгшитгэлээр загварчлал илэрхийлэгддэг. Нөгөө талаараа хамгийн оновчтой бөгөөд шинэлэг хувилбарыг олохын тулд оновчлолын онол их чухал. Өөрөөр хэлбэл, олон хувилбаруудаас зөвийг нь олохын тулд оновчлолын онолын мэдлэг байх ёстой. Тэгээд мэдээж тухайн судалж байгаа зүйлийнхээ динамикийн талаар сайн мэддэг байх хэрэгтэй.

"БИД ДЭЛХИЙН ХӨГЖИЛТЭЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЭН АЛХАЖ БАЙНА"

-Ер нь энэ аргачлалыг судалъя гэвэл залуус юунаас эхлэх ёстой вэ?  

-Түрүүн хэлсэнчлэн монголчуудын хандлага их өөрчлөгдсөн. Нэг үеэ бодвол манайхан шийдвэр гаргахдаа судалгаа шинжилгээн дээр үндэслэдэг болсон гэж боддог. Тийм ч учраас яг энэ хандлагаа ашиглаад манай залуус юу чаддагаа харуулах ёстой. Үүнийг суралцъя гэвэл заавал математикийн мэдлэгтэй байх хэрэггүй. Ерөөсөө л тухайн судлах гэж байгаа зүйлээ бүрэн гүйцэд мэдэрчихсэн байхад хангалттай. Ингэхийн тулд сайн програм хангамжтай байх ёстой.

Манай улсын хэмжээнд эрдэмтэн судлаачид зөндөө бий. Харамсалтай нь тэдний бүтээл зүгээр л цаасан дээр үлдээд архивт тоосонд дарагдаад орхигддог. Систем динамикийн давуу тал нь тэдгээр судалгааг компьютер дээр загвар болгодог учраас илүү хүртээлтэй бөгөөд сонирхолтой. Өөрөөр хэлбэл, судалгааны арга зүйгээ хүнд танилцуулахад илүү боловсронгуй хэрэгсэл болж байгаа юм.

-Нууц биш бол програмын төрөл, өртгийн талаар мэдээлэл хуваалцаач.

-Богино хугацааны загварчлал бүтээдэг “Anylogic” гэдэг програм 20 мянган ам.долларын үнэтэй. Энэ програм нь аливаа загварчлалыг хүүхэлдэйн кино шиг боловсронгуй, 3D байдлаар харуулдаг. Харин бидний ашиглаж байгаа дунд болон урт хугацааны загварчлалыг бүтээдэг “Vensim” гэж програм хоёр мянган ам.долларын үнэтэй. Уг програмыг сурахад долоо хоногийн хугацаа л шаардагддаг. Харин бие даан шинэ загвар бүтээж сурахад бага зэрэг цаг хугацаа орно. Судалгаа шинжилгээний ажил хийдэг судлаачид бид судалгаандаа заавал орчин үеийн програм хангамж ашиглах хэрэгтэй. Энэ нь мэргэжлийн програм буюу лицензтэй програм байж л бидний ажлын үр дүн илүү өндөрт хүрнэ.  

Саяхан бид Норвегид болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд өгүүллэг өгсөн. Тэгэхэд тэндхийн эрдэмтэд бидний өгүүллэгийг нэлээд өндөр төвшинд боловсруулсан байна гэж үнэлсэн. Энэ нь бидний сайн програм хангамж ашиглаж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж явсны үр дүн юм.


-Бидний ярилцлага үүгээр өндөрлөж байна. Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Өнөөдөр Улаанбаатар хотод гэлтгүй нийгэмд маш их асуудал бий. Гэтэл эрх баригчид нотолгоонд суурилсан шийдвэр гарахгүй байгаад харамсаж байна. Жишээ нь “Алсын хараа 2050” төслийг систем динамик загварчлалын аргаар тооцоолсон бол илүү бодитой, илүү үр дүнтэй болох байлаа. Миний хувьд Засгийн газрын үндсэн чиглэлийг систем динамик загварчлалын аргачлалаар загварчлаад харчихвал зүгээр санагддаг юм. Иймд шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаан дээр тулгуурлаж шийдвэр гаргаач гэж эрх баригчдаас хүсье. Эцэст нь хэлэхэд, Монгол Улсад системийн сэтгэлгээ нэн шаардлагатай байна.


-Ярилцсанд баярлалаа. Танай байгууллага, хамт олонд амжилтын дээдийг хүсье.


БОЛОВСРУУЛАН ГАРГАСАН СИСТЕМИЙН ДИНАМИК ЗАГВАРУУД:

-“Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг системийн динамик загварчлалын аргаар судалж, эрсдэлийг тооцох нь” сэдэвт улсын тусгай захиалгат төслийн хүрээнд “Монгол улсын макро эдийн засгийн Т-21” загвар дээр 2016-2017 онд ҮАБЗ-ийн ажлын албаны захиалгаар амжилттай ажиллаж хүлээлгэн өгсөн.

“Орон нутгийн экологи, нийгэм, эдийн засгийн үнэлгээ, хөгжлийн загвар”  сэдэвт ШУТ Сангийн төслийг 2018-2019 онд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

“Дундговь аймгийн стратеги хөгжлийн загвар боловсруулах нь”  сэдэвт Дундговь аймгийн захиалгат төслийг 2018-2019 онд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

-“Сэлэнгэ аймгийн стратеги хөгжлийн загвар боловсруулах нь”  сэдэвт Сэлэнгэ аймгийн захиалгат төслийг 2019 онд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

-“Монгол улсын ноолуурын салбарын динамик загвар” сэдэвт МҮХАҮТанхимын захиалгат төслийг 2019 онд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

Симуляцийн үр дүн: Угаасан болон самнасан ноолуурын экспортонд гаргах татварыг тус тус 20 хувь болгох

-“Сонгино хайрхан дүүргийн гэмт хэрэг, зөрчлийн динамик загвар боловсруулах нь сэдэвт ХЗДХЯамны захиалгат ажлыг ЦЕГ-ын МДШШУ-ын албаны хамт олонтой хамтран 2019-2020 онд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.   

-ҮАБЗ-ийн ажлын албаны захиалгаар Монгол улсад коронавирус халдвар орж ирвэл хүн амд хэрхэн тархах системийн динамик загвар боловсруулсан.  

Коронавирусын тархалт /Улаанбаатар хот/

2020 оны 07.20

1. Ямар нэгэн хорио цээрийн дэглэм байх үед халдвар тархвал /Хугацааны интервал өдрөөр/

2. Одоо байгаа үед (Маскны хэрэглээ 70 хувь, ариун цэвэр сахилт 50 хувь, гамшигаас хамгаалах бэлэн байдлын зэрэг 1 байхад) халдвар тархвал /Хугацааны интервал өдрөөр/

3. Эдийн засагт үзүүлэх нөлөө /Хугацааны интервал улирлаар/

Нийслэл Улаанбаатар хот нь 2018 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 66.6 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд хотын эдийн засгийн 58.4 хувийг үйлчилгээний, 41.3 хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 0.4 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. Нийслэлийн эдийн засагт худалдаа, зочид буудал, зоогийн газар, боловсруулах үйлдвэрлэл, уул уурхай, олборлолт, санхүү, бизнес, тээвэр, мэдээлэл, холбооны үйл ажиллагаа хамгийн их эзлэх хувийн жинтэй байна. Эдийн засгийн бодит өсөлт жилд дунджаар 8.7 хувь байсан ба хамгийн их өсөлт барилга, аж үйлдвэрийн салбарт гарсан байна. Нэг хүнд ногдох ДНБ 2018 онд зах зээлийн дүнгээрээ 14.9 сая төгрөг байна.

Коронавирусын хөл хорионы улмаас Улаанбаатар хотын Худалдаа Үйлчилгээний салбар 25 орчим хувиар унасан бөгөөд энэхүү нөлөө 12-16 улирал буюу 2 жил орчим хугацаанд үргэлжлэх магадлалтай байна. 

Коронавирусын хөл хорионы улмаас Улаанбаатар хотын Аж үйлдвэрлэлийн салбар 9 орчим хувиар унасан бөгөөд энэхүү нөлөө 12-16 улирал буюу 2 жил орчим хугацаанд үргэлжлэх магадлалтай байна. 

Коронавирусын хөл хорионы улмаас Улаанбаатар хотын ажилгүй иргэдийн тоо 100 мянга орчмоор нэмэгдэх магадлалтай байна. 

Коронавирусын хөл хорионы улмаас Улаанбаатар хотын ядуурлын түвшин 24 хувиас 26 хувь болж нэмэгдэх төлөвтэй байна. 

Коронавирусын хөл хорионы улмаас Монгол улсын ДНБ-д учирсан алдагдлын хэмжээ /тэрбум, ам.доллараар/

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ()