Б.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Уран бүтээлчдийн чансаа, бүтээлийн чанар ахисан

“Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 19-25-нд 12 дахь удаагаа болно. Тус наадмын уралдаант хэсгийн шүүгч Б.Түмэн-Өлзийгөөс цөөн асуултад хариулт авлаа.

-12 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадам ямар онцлогтой болох вэ?

-Өнгөрсөн жил орчмын хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ихэнх кино наадмыг цахим хувилбараар зохион байгуулж байгаа. Манай “Улаанбаатар” кино наадмын уралдаант хэсгийн гадаадын шүүгчид ч цахимаар оролцож байна. Мөн Азийн кино урлагийн салбарын тэргүүлэх найруулагч нарын шилдэг бүтээлийг Азийн кино үзвэрээр үзэгчдэд хүргэж, хүүхдийн кино үзвэрийг шинээр толилуулах гэж байгаа юм. Үүнээс гадна өнөө жилийн наадамд Монголын ах, дүү хоёр найруулагчийн бүтээл голлох номинацад өрсөлдөж буйгаараа онцлог. Тодруулбал, Ж.Жамъянсүрэн найруулагч “Хөхөө”, Ж.Сэнгэдорж “Гэргий” бүтээлээрээ наадамд чансаагаа сорьж байгаа юм.

-Өнөө жилийн онцлох орноор яагаад Францыг сонгов?

-“Улаанбаатар” кино наадам болон Монголын урлагийн зөвлөлийн шийдвэрээр энэ жил кино сонирхогчдод Францын найруулагчдын бүтээлүүдийг толилуулахаар төлөвлөсөн. Францчууд урлаг, соёл, загварын чиг хандлага, тэр ч бүү хэл, хоолны соёлоороо бахархдаг хүмүүс. Үүний нэгэн адил өөрийн өнгө аяс, онцлогтой кино урлагаараа бахархаж, дэлхийд таниулж байгаа улс.

-Ер нь франц кинонууд ямар онцлогтой байдаг вэ?

-Дэлхийн кино урлагийн түүхэнд францын уран бүтээлүүд олон онцлогоороо ялгардаг. Тухайлбал, авангард киног францчууд анх удаа үзэгчдэд хүргэж байлаа. Мөн “Шинэ давлагаа” гэх урсгалыг кино урлагт оруулж ирсэн. Уянгын реализмын төрлөөр олон сонирхолтой уран бүтээл туурвиж байв. Ер нь Францын кино бүрт гардаг хөнгөн чанарын хошигнол нь үзэгчдийн сонирхлыг их татдаг. Хамгийн гол нь Францын кинотеатруудад гаргах контентын 50-иас илүү хувийг үндэсний кино эзлэх ёстой гэсэн Засгийн газрынхаа бодлогын дагуу уран бүтээлүүд “үйлдвэрлэдэг”. Тиймээс жилд олон уран бүтээл “төрдөг”, тэндээс уран бүтээлчид чанарждаг юм байна.

-Наадмын “Хангарьд” уралдаант хэсэгт энэ жил нийт хэчнээн бүтээл ирүүлснээс хэдийг нь шилдэгт өрсөлдүүлэхээр сонгов?

-Энэ жил есөн уран бүтээл бүртгүүлснээс нээлтийн кино, шилдэг уран бүтээл, шилдэг найруулагч, зохиол, продюсер номинацад уран бүтээлчдийг тодруулна.

-Манай уран бүтээлчдийн чадвар, бүтээлийн чанар хэр ахисан байна вэ?

-Наадамд ирүүлсэн бүтээлүүдээс харахад манай уран бүтээлчдийн чансаа, бүтээлийн чанар ахисан байна. Кино зохиолын судалгаа сайн, найруулга чамбай байлаа. Зураг авсан байдал, кадрын зохиомж, жүжигчдийн тоглолт, түүнчлэн эвлүүлэг гэхчлэн мэргэжлийн ур чадвар ахисан нь илт харагдсан. Хамгийн гол нь киноны пост продакшны гүйцэтгэлд анхаардаг болсон нь анзаарагдлаа.

-Танд ямар уран бүтээл илүү сэтгэгдэл төрүүлэв?

-Ж.Жамъянсүрэнгийн “Хөхөө” кино сэтгэгдэл их төрүүллээ. Энэ бүтээлийг харахад хуучны, сонгодог арга барилтай кино үзэж буй мэт санагдсан. 1970-аад оны Франц, 1980-аад оны Зөвлөлтийн мастеруудын кинонууд тийм байдаг шүү дээ. Зургийн удаан, тайван өрнөлтэй, дэвшүүлсэн санаа нь маш ойлгомжтой. Гол санаа нь хүн. Хүн хэмээх нэрийг хэрхэн авч явах, яаж хүнээрээ үлдэх вэ, ёс заншил, уламжлалаа хэрхэн хайрлах вэ, мөн гэр бүл, эцэг, эхдээ хэрхэн элбэрэлтэй хандах вэ гэдгийг маш энгийн боловч сонирхолтойгоор харуулсан бүтээл.

-Шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс багтсан бэ. Гадаадын шүүгчид манай уран бүтээлүүдэд ямар “дүн” тавьсан бол?

-Монголоос Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн, Монголын үндэсний кино хорооны тэргүүн Н.Оргил, зохиолч, судлаач П.Батхуяг болон миний бие оролцсон. Гадаадын шүүгчид ямар “дүн” тавьсныг хараахан мэдээгүй. Цахимаар оролцож, саналаа нууцаар явуулсан. Би ч өөрийнхөө саналыг өгсөн. Өнөөдөр нэгдсэн хурлын үеэр эхний байдлаар дүн, мэдээлэл гарах байх.

-Олон улсын кино үзвэрийн хэсэгт үзүүлэх уран бүтээлүүдийг хэрхэн сонгов?

-Наадмыг зохион байгуулагчид Канн, Берлин, Торонто, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч шилдэг кино уран бүтээлийг Монголын үзэгчдэд танилцуулахыг зорьдог. Энэ удаагийн наадмын үеэр 2019-2020 онд бүтээсэн, Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын бүрэн хэмжээний 19 уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалт зохион байгуулна.

-Шинээр хүргэх “Үзэхийн хязгаар” хэсгийн талаар дэлгэрүүлэхгүй юү?

-Тус хэсгийг “Говийн зэрэглээ” Монголын уран сайхны киногоор нээнэ. 1980 онд бүтээсэн энэ киног HD форматад хувирган, олон улсын кино наадамд анх удаа танилцуулах гэж байна.

-Форумын үеэр ямар ямар сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх вэ?

-“Ковид-19 ба кино урлаг” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөсөн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)