Б.ТЭНГИС: Байлдааны самбо бол жинхэнэ эрчүүдийн спорт

БНСУ-ын Сөүл хотод өнгөрсөн есдүгээр сард болж өндөрлөсөн “2019 Chungju martial arts master¬ships” дэлхийн тулааны их наадамд Гавьяат дасгалжуулагч Ж.Баярсайхан, самбо бөхийн олон улсын шүүгч Х.Батхишиг нарын удирдлагад Монголын самбо бөхийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, таван алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. Медалийн тавцанд Төрийн дууллаа эгшиглүүлсэн таван тамирчны нэг нь “Соёл эрдэм” дээд сургуулийн IV курсийн оюутан, ОУХМ Б.Тэнгис. Үзэгчдийн сонирхлыг ихээр татдаг байлдааны самбогоор өрсөлдөн аварга болж, алтан медаль зүүсэн тэрбээр тус улсад маргааш эхлэх самбо бөхийн ДАШТ-д хүч үзэхээр тамирчдынхаа хамт эх орноосоо мордсон билээ. Эл тэмцээнд оролцохоор явахаас нь өмнө түүнтэй ярилцсан юм.

-Самбо бөхийн ДАШТ мөдхөн эхлэх нь. Шигшээ багийн тамирчдаас өөрийг тань байлдааны самбод өрсөлдөх болсныг дууллаа. Дэлхийн шилгүүдтэй хүч сорихын тулд бэлтгэлээ хэр базаав?

-Дасгалжуулагч Г.Үүрцолмонгийн удирдлагад манай баг, тамирчид ДАШТ-д оролцоно. Миний хувьд 90 кг-ын жинд байлдааны самбогоор хүч үзэх юм. Би энэ төрлөөр хичээллээд удаагүй ч чамлахааргүй амжилт гаргалаа. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон самбо бөхийн УАШТ-д түрүүлж, зун нь Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Харин есдүгээр сард болсон самбо бөхийн “2019 Chungju martial arts master¬ships” дэлхийн тулааны их наадамд анх удаа оролцож, алтан медаль зүүлээ. Бөхийн төрлүүдийн арга барил, техникийг байлдааны самбо өөртөө агуулдаг онцлогтой. Тамирчид барилдах явцдаа тулалдана, тулалдах явцдаа барилдана. Самбо бөхийн барилдааныг бодвол байлдааны самбо илүү сонирхолтой, өрсөлдөгч, үзэгч олонтой. Өрсөлдөгчөө ялахын тулд тухайн тамирчнаас овсгоо, эр зориг, ур чадвар, хурд, сэтгэл хөдлөл зэрэг гардаг. Үүгээрээ спортын хүнд төрөлд багтдаг. ОХУ-ын тамирчид байлдааны самбогийн текникийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн байдаг. Тиймээс тамирчдын хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тэдний хөл, гар маш хүчтэй. Тэмцээнд оросуудтай учраа таарч болох тул эн тэнцүү өрсөлдөх хэмжээнд бэлтгэлээ базаахыг хичээлээ. Барилдааны бэлтгэл базаахаас гадна “Ширэн бээлий” клубийн дасгалжуулагч Д.Төрбатын удирдлагад боксын сургуулилалт хийж байна.

-Самбогоор барилддаг хэрнээ жүдогоор ч бас хичээллэх юм. Бөхийн хоёр төрөлд бэлтгэл хийхэд мэдээж маш их ачаалал авдаг байх.

-Манай бага ахын найз жүдо бөхийн тамирчин, ОУХМ Б.Тэмүүлэн +100 кг-ын жинд барилддаг юм. Ахтай ярьж хөөрөхөөр манайхаар байнга орж гардаг. Нэг өдөр ахад “Дүү чинь том биетэй юм, жүдогоор барилдуулаач” гэж зөвлөжээ. Би хүүхэд байхдаа бөхийн төрлүүдийн спортоор хичээллэх сууриа жүдогоор эхлүүлсэн. Тэр цагаас хойш томоохон тэмцээнд оролцдог болж, залуучуудын УАШТ-д хоёр удаа, Зүүн Азийн АШТ-д нэг удаа түрүүлж, мөн насанд хүрэгчдийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Байлдааны самбогийн УАШТ-д оролцох бодолгүй байтал ах нар “Чи барилддаг юм чинь оролцоод үз” гэж ятгасан. Байлдааны самбогоор 90 кг-ын жинд ОУХМ Б.Тэмүүжин сайн өрсөлддөг. Олон ч удаа улсын аварга болсон. Мөнгөн медалийн төлөө түүнтэй хүч сорьж хожоод, алтын төлөө тулалдаж түрүүлсэн. Самбо бөх болоод байлдааны самбогоор хичээллэхэд жүдогоор барилддаг минь их нөлөөлсөн. Байлдааны самбо бол жинхэнэ эрчүүдийн спорт. Энэ тэмцээнээс ирээд жүдо бөхийн бэлтгэлд гарна. Жүдогийн тамирчид самбо бөхийн тэмцээнд байнга оролцдог. Жүдогийн бэлтгэл тарангуут үргэлжлүүлээд самбо бөхийн бэлтгэл базаадаг болохоор ачаалал ихтэй. Залуу насны эрч хүчээр бэрхшээлийг даван туулж байна. Бэлтгэл хэтрүүлж хийхээр цөмрөх тохиолдол бий. Тийм үед сайн амрах хэрэгтэй. Тамирчин хүн бэлтгэлээ тохируулж хийхгүй бол уяа сойлгыг нь тааруулаагүй морьтой ялгаагүй.

-Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар самбогийн шигшээгийнхэнтэй бэлтгэл хийж байгаа харагдсан. БНСУ-д болох ДАШТ-д оролцох нь ээ?

-Тийм ээ, тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байгаа. Туршлагатай тамирчин тул бидэнд мэдэх, чадах зүйлээрээ харамгүй тусалж, зааж зөвлөдөг юм. Түүнтэй хамт тэмцээнд явахаар цаанаа л нөмөр нөөлөгтэй. ДАШТ-д олон орны шилдэг тамирчин өрсөлддөг болохоор бид ч гэсэн давуу талаа харуулах ёстой.

СПОРТ, ТЭМЦЭЭН, ХИЧЭЭЛ АЛЬ АЛИНААС НЬ ХОЦРОХГҮЙГ ХИЧЭЭДЭГ

-Оюутан хүнд хичээл, спорт, тэмцээн гээд аль алинд нь завгүй гүйх заримдаа амаргүй санагддаг уу?

-Бөхийн төрлүүдийн спортод хөл тавьсан ч сургууль, хичээлээ орхигдуулаагүй. Оюутнууд хичээлээ тараад гэртээ харих, эсвэл дуртай зүйлээ хийдэг бол би бэлтгэлээ базаахаар спортын танхимд ирдэг. Спортоор хичээллэж, цагийг үр дүнтэй өнгөрүүлж байгаадаа харамсдаггүй. Тэмцээний талбарт эх орныхоо, өөрийн нэрийг сайнаар гаргах нь залуу хүний хийх ёстой зүйлийн нэг гэж боддог. Би “Соёл эрдэм” дээд сургуулийн япон хэлний орчуулагчийн ангид суралцдаг, IV курсийн оюутан. Ерөнхий боловсролын сургуулиа Японы Нисэхийн ахлах сургуульд дүүргэсэн. Япон хэл мэдэх учраас орчуулагчийн анги сонгосон. Надад хичээлдээ явах, бэлтгэл базаах, гадаад, дотоодын тэмцээнд оролцох гээд зав бага. Өглөө гараад, орой гэрийн бараа харна. Намайг гадагшаа тэмцээнд явахаар болбол сургуулийн удирдлага хичээлээс чөлөөлж, ангийн нөхөд лекцийг минь нөхөж бичдэг. Тэмцээнээс ирээд шалгалтаа өгнө. Энэ мэтчилэн спорт, тэмцээн, хичээл аль алинаас нь хоцрохгүйг хичээдэг.

-Японд жүдогоор хичээллэдэг байсан уу. Тэнд суралцсан бүхэн одоо хэрэг болж байгаа байлгүй.

-Би Японд жүдогоор хичээллэдэг, цагаан бүстэй байлаа. Тэнд хар бүс дураараа бүсэлж болдоггүй юм. Цагаан бүсний тэмцээнд түрүүлсэн тамирчин хар бүс авах эрхтэй. Тиймээс цагаан бүсний тэмцээнд түрүүлж, хар бүстэй болсон. Анхны авсан медаль алт байсан болохоор их баярлаж, урамшсан. Нисэхийн сургуульд сурахын хажуугаар жүдогоор хичээллэж, тамирчин болох гараагаа эхэлсэн. Японы тамирчид аливаа зүйлд бууж өгөх дургүй, дайчин, тэмцэгч. Тэд бөхийн спортоор багаасаа хичээллэдэг болохоор тамирчны жаргал, зовлонг эртнээс мэддэг. Суралцах хугацаандаа өөрийгөө хөгжүүлж чадсандаа баярладаг. Япончуудын ажилсаг, хөдөлмөрч, шударга, хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаг зан чанараар нь бахархдаг. Хэнийг ч ялгалгүй харилцдаг тэдний зан олон орны хүмүүсийн сэтгэлийг татдаг. Өндөр хөгжилд хүрсэн Японы нууц энэ бүхэнтэй холбоотой. Би япон найзуудтайгаа байнга холбоотой байдаг. Тэмцээнд заримтай нь учраа таарч өрсөлддөг. Япон тамирчид их найрсаг. Уулзалгүй удсан ч өмнөх шигээ халуун дотноор угтдаг юм.

-Дасгалжуулагч Г.Үүрцолмонгийн бэлтгэл хийлгэдэг тамирчид самбо бөхийн тэмцээнд байнга цахиур хагалдаг. Тэрбээр зан чанарын хувьд дуу цөөтэй, зарчимч. Шавь нартаа магтаал, шүүмжлэлийн аль алийг нь харамгүй хэлдэг хүн шиг санагддаг.

-Тийм ээ, багш их шударга. Буруу зүйл хийвэл алдаанаасаа суралцаж, амжилт хэрхэн гаргаж болох талаар зөвлөдөг. Тамирчны бурууг нүүрэн дээр нь түс тас хэлнэ. Сэтгэлийн дэм дутсан үед багшаас урмын үг сонсох сайхан. Тэр даруй л сэргэдэг. Бидний сэтгэл ямар байгааг хараад л мэддэг. Тухайн үед шавь нартаа яг хэрэг болох зөвлөгөө өгч чаддаг. Гарын барьцыг хүчтэй байлгах тал дээр их анхаардаг. Дэвжээнд гарахын өмнө “Хичээгээрэй, үзүүлээд өг. Өрсөлдөгчөөсөө эмээх хэрэггүй. Хожно, ялна гэж гарсан бол зорьсноо биелүүлэх хэрэгтэй. Дараа нь ингэх, тэгэх байж гэж харамсах болно. Ялсан, ялагдсан ч тэмцээд л дуусга” гэж захидаг.

-Миний дүгнэж байснаас багш тань өөр хүн юм. Шавь нараа бэлтгэл хийлгэхдээ сэтгэл догдлолоо илүү гаргадаг хүн байна шүү дээ.

-Жүдо, самбо, байлдааны самбогоор хичээллэхэд сэтгэл хөдлөл, эрч хүч, хурд шаарддаг юм. Сэтгэлээр унаад, эрч хүч жаахан сулраад ирэхээр дэвжээгээ тойрч, хашхираад хэд гүйхэд сэргээд ирдэг. Багшийг “Эрчтэй эрчтэй, хурдан хурдан” гээд танхимаар нэг хашхирахаар бид ч бас дагаж хашхираад бэлтгэл хийнэ шүү дээ. Тэмцээнд орилоод мэх хийх, чив чимээгүй мэх хийх асар их ялгаатай. Хашхираад хийсэн мэх илүү хүчтэй болж, өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйд нөлөөлж, барьц алдуулах жишээтэй. Амжилтын тухай боддог бол тамирчин хүн өөдрөг үзэлтэй, дасгалжуулагч багшаа, хамт бэлтгэл хийдэг нөхдөө, бас дэвжээгээ хүндэлдэг ёс жудагтай байх хэрэгтэй. Өөрийгөө дайчлах чадвар хамгийн чухал. Өөрт буй ур чадвараа нөхөдтэйгөө хуваалцаж, нөхдөөсөө ч суралцах нь зөв.

ТЭМЦЭЭНД ЯЛАХ МЭДРЭМЖ ИХ ГОЁ САНАГДДАГ

-Тамирчдад бэртэл гэмтэл гэж нэг том бэрхшээл байдаг. Энэ бүхэнтэй нүүр тулахаар халширч, зодог тайлах тухай бодож байв уу?

-Бэртэж гэмтсэн үед ээж, ах нар, найз нөхөд минь дэмжиж, тусалдаг. Үг гэдэг хүчтэй, сэргээж, бас унагаж ч чадна. Ойр дотнынхоо хүмүүсийн зөвлөхийг сонсоод, эдгэнгүүтээ бэлтгэл хийхээр дэвжээндээ гардаг. Ээж миний барилдахыг эхэндээ үздэггүй байсан бол сүүлийн үед сонирхох болсон. Би дөрвөн хүүтэй айлын отгон нь. Ээждээ багаасаа эрхэлж өссөн. Ах нар минь өрх тусгаарласан болохоор би ээжтэйгээ хамт амьдардаг. Намайг бүх талаар тохь тухтай байлгадаг хүн бол ээж минь. Харин барилддаг болсон цагаас ах нар дэмждэг болсон. Аваргын төлөө өрсөлдөж байвал ах нар дээлийн зах мушгиж сууна, ялагдчихвал “Дараа дараагийн тэмцээн чамайг хүлээж байна. Түүнийг хожих цаг ирнэ шүү дээ” гэх зэргээр сэтгэлийг минь засдаг. Ах нар минь тэмцээн үзсээр байгаад жүдо, самбо бөхийн дүрэм мэддэг болсон байна лээ. Миний жинд өрсөлддөг тамирчдын барилдааны онцлог, техникийг нь судалчихсан, тэгээрэй ингээрэй гэж надад хэлж байдаг юм.

-Тантай ярилцах сонирхолтой байлаа. Бөхийн өөр төрлөөр хичээллэдэг үү?

-Сонирхуулахад, кураш бөхөөр бас барилддаг, Азийн АШТ-ээс хошой мөнгөн медаль өвөртөлсөн. Кураш бөх Казахстаны үндэсний спорт. Энэ бөх жүдо шиг босоогоос барилддаг. Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар кураш бөхийн Азийн холбооны ерөнхийлөгч шүү дээ. Кураш бөхийн барилдаан өөрийн гэсэн онцлогтой. Дэвжээнд барилдаж байхдаа өрсөлдөгчийнхөө биед хүрэх бүрт оноо авдаг. Би бөхийн гурван төрлөөр хичээллэдэг. Байлдааны самбогоор хичээллэх үеэсээ холимог тулаан сонирхдог болсон. Тэмцээнд оролцохын өмнө бэлтгэлээ сайн базааж, сэтгэл зүйгээ сайтар бэлддэг. Дэвжээнд “Ялна” гэж өөртөө хэлээд гардаг. Тамирчин хүн өрсөлдөгчөө басаж болохгүй. Барилдахын өмнө учраа бөхөө судална, судалж амжаагүй тохиолдолд барилдах явцдаа арга барилыг нь мэдэж, тактик боловсруулдаг.

-Тамирчдад бахархаж дурсдаг тэмцээн байдаг. Дэвжээнээс хүртсэн медалиудаа харахаар өөрийн эрхгүй бодогддог дурсамж бий юү?

-Зүүн Азийн жүдо бөхийн АШТ-ий бүсийн аваргын төлөө БНСУ-ын бөх, Азийн аварга тамирчинтай барилдах амаргүй байлаа. Түүнийг хожихын тулд хамаг хүчээ шавхаж, бүхнээ гаргасан. Алтан медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын тамирчинтай бас эн тэнцүү хүч үзэж түрүүлсэн. Тэр тэмцээн одоо дурсамж болон үлджээ. Би медаль хүртсэн тэмцээнийхээ бичлэгийг үзэх дуртай. Ялагдсан бол сургамж авах, ялсан үед урам авч алдаа, оноогоо олж хардаг юм. Тэмцээнд ялах мэдрэмж их гоё санагддаг. Тэмцээнээс тэмцээнд амжилт гаргах урам өгдөг.

-Багаасаа спортод дуртай, дайчин, шийдэмгий өссөн тань таныг амжилт руу хөтөлжээ. Тамирчин хүнийг ийм зан чанар нь алдрын тавцанд гаргасан байдаг юм билээ.

-Би хүүхэд байхын хөдөлгөөнтэй. Ширээний теннис, сагсан бөмбөг, усанд сэлэлтээр хичээллэж байгаад бөхийн төрлөөс жүдог сонгосон. Ширээний теннисний тэмцээнд түрүүлээд дүүргийн аварга болж байлаа. Шинэ оны дараа жүдо бөхийн УАШТ болно. Хэрвээ түрүүлбэл шигшээ багийн тамирчин болох юм. Тиймээс амжилттай оролцож, аварга болохыг зорьж байна даа.

Бэлтгэсэн: Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)