Б.ТЭГШБАЯР: Амжилтаараа эх орноо сурталчилж, ард түмэндээ бэлэг барьсан

“Алдар” спорт хороо,“Багануур” ХК-ийн тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр 2016 онд Швейцар улсад зохион байгуулсан дугуйн ханан тойрог замын залуучуудын ДАШТ-ий бөөн гараатай 10 км-ийн уралдаанд түрүүлж, дэлхийн аварга болж, Монголын спортод нэгэн шинэ түүхийг түүчээлэн бичсэн. Өдгөө түүний амжилт үргэлжилсээр. Тэрбээр 2018 онд Малайзын Куала-Лумпур хотод болсон Ази тивийн АШТ-ээс хүрэл, 2019 онд Индонезийн нийслэл Жакартад болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль зүүсэн юм. Мөн БНХАУ-ын Наньжин хотод болсон “Tour of Lishui” олон улсын тэмцээний бөөн гараатай 150 км-ийн уралдаанд хурд сорин тэргүүн байрт шалгарчээ. 2016-2017 онд Швейцарын WCC, 2018 онд Тайванийн “RTS racing” багт уралдаж, 2019 оноос өнөөг хүртэл Беларусь улсын “Ferei” багт хурд сорьж буй түүнийг зочноор урьж ярилцлаа.

-Эх орондоо ирээд нэлээд удлаа. Бэлтгэл сургуулилалт хэр базаав. Цар тахлын хөл хориог манай тамирчид боломж болгон ашиглаж байна.

-Би Индонез улсад болсон тэмцээнд багтайгаа оролцчихоод шинэ оны өмнөхөн эх орондоо ирсэн. Миний хувьд дутуу зүйлээ нөхөж, хүчний бэлтгэлд түлхүү анхаарлаа. Тэмцээн болоогүй ч дугуйн спортын тамирчид цаг хугацааг аль болох үр дүнтэй өнгөрүүлж, бэлтгэл сургуулилалтдаа зарцуулж байгаа. Ирсэн цагаасаа багийнхаа дүү нарт өөрийн мэдэх, чадах зүйлээс заалаа. Би “Ferei” багийнхаа тамирчидтай байнга харилцдаг. Тэд “Европт тэмцээн эхэлчихлээ, чи ирж бидэнтэй хамт уралдаач” гэж яриад, ойрд хорхой хүргээд байгаа.

-Монголын дугуйн спортын тамирчдаас та богино хугацаанд амжилт гаргасан. Бидэнд одоогоор уралдааны талаар ярилцах шинэ мэдээлэл алга. Тиймээс 2016 онд Швейцарт “тэсрэлт” хийж, ард түмнээ баярлуулсан агшныг эргээд нэг дурсаач.

-Миний хувьд унаж, боссон, аз, амжилт давхацсан адал явдлаар дүүрэн жил байлаа. Товчхон хэлбэл, өгсөж, уруудсан нь намайг дугуйн спортод үлдэхийг шалгаж сорьсон. Надад тэр үед сэтгэлээр унаж, бас баярлаж догдолсон мөч олон байв. Японд болох ААШТ-д оролцохын өмнө осолд орж, эмчлүүлээд гартал дөрөвдүгээр сард Дэлхийн дугуйн холбооноос “Бид чамайг Швейцарт бэлтгэл хийлгэхээр сонголоо. Хэрвээ ур чадвартай байвал цааш бэлтгэлийн хугацааг сунгаж, долдугаар сард зохион байгуулах залуучуудын ДАШТ-д оролцуулъя” гэсэн урилга ирэв. Гайхах, баярлах ч зэрэгцлээ. Урилга ирсний учир нь би 2015 онд БНСУ дахь Дэлхийн дугуйн төвийн дэргэдэх Азийн дугуйн сургалтын төвд 45 хоногийн сургалтад хамрагдсан юм. Тэр үед тамирчдын авьяас, чадварыг шалгадаг төхөөрөмжид миний үзүүлэлт өндөр гарсан байж. Тус төвд мэдээлэл нь очиход Монголын дугуйн холбоогоор дамжуулан надад урилга илгээсэн нь тэр. Ингэж ДАШТ-д өрсөлдөх сууриа Швейцарт тавьж билээ. Тэнд хамт сургалтад хамрагдсан тамирчдын үзүүлэлт тэнцээгүй тул ганцаараа шалгарсан. Нэг сарын дараа Дэлхийн дугуйн холбооны гишүүд “Чамайг цаашид бэлтгэл хийлгээд, ДАШТ-д оролцуулахаар шийдлээ” гэв. Миний бэлтгэл хийсэн тойрог замд залуучуудын ДАШТ-ийг зохион байгуулсан нь надад давуу тал болсон.

-ДАШТ-д дэлхийн шилдгүүдтэй анх удаа өрсөлдөхдөө сүрдсэн үү?

-Тийм ээ, айдас, догдол мэдрэгдэж байлаа. Тэмцээнд 42 орны шилдэг тамирчин өрсөлдсөн. Тамирчдыг хоёр хэсэгт хувааж, шалгарсныг нь дараагийн шатанд уралдуулж, аваргаа тодруулсан юм. Би A хэсэгт хуваарилагдаж, 19 тамирчинтай хурд сорив. Эхний 10 байрт орсон тамирчин шигшээд шалгарна. Бариа ойртох мөчид дугуйны баруун талын зуувч мултарчихлаа. Медаль хүртэхээс илүү шигшээд шалгарчих сан гэж их хичээсэн. Тэгтэл уралдааны замд гэнэт нураан (тамирчид унахыг хэлж байна) болж, тэр дунд уналгүй үлдэж, эхний 10 байрт шалгарлаа. Шигшээд уралдахын өмнө өөртөө “Тэгшээ чамд дахиж ийм зүйл тохиолдохгүй ээ, юу чаддагаа одоо л харуул” гэж хэлсэн. Тэр үед би 18 настай, хүний нутагт Монголоос ганцаараа уралдсан. Надад тэнд өмнөө тулгарсан саад бэрхшээлийг давах, бас өөрийгөө ялах тэмцэл явагдаж байлаа. Шигшээд уралдахын өмнө эл зам дээр болсон өмнөх тэмцээнүүдийг амжиж судаллаа. 2012 онд түрүүлсэн тамирчны бичлэгийг хараад “Иймэрхүү байдлаар уралдаж, давуу талаа гаргая” гэж бодсон. Төлөвлөсөн тактикаараа уралдаж түрүүлсэн. Швейцарт байхдаа англи дасгалжуулагч Б.Скоттын удирдлагад бэлтгэл хийж, амжилт гаргасан юм.

-Таныг түрүүлэхэд дэлхийн шилдгүүд “Монголын тамирчин гэж үү дээ” гэж ихэд гайхсан гэдэг.

-Тэгсэн. Түрүүлэхэд минь тэд итгэж ядсан. Азиас Монголын дугуйчин залуучуудын ДАШТ-д уралдана чинээ огт төсөөлөөгүй байх. Хэрвээ би тэдний анхааралд өртсөн бол өдийд дэлхийн аварга болоо ч уу үгүй ч үү. Намайг уралдааны замд аз, од ивээсэн гэж боддог. Монголын тамирчин түрүүллээ гэж зарлахад гадаадын дугуйчид гайхан, толгой сэгсэрч байлаа. Зарим нь “Энэ одоо медаль зүүчихлээ гэж үү дээ” гэсэн байдлаар хүлээж авсан. Надтай хамт бэлтгэл хийсэн дугуйчдаас Унгар, Аргентины тамирчид ирж баяр хүргэсэн. Медаль гардуулахад тэд “Mongolia, Мongolia” гээд хашхирах нь надад монголчууд ирээд дэмжиж буй мэт байв. 2017 он миний хувьд шилжилтийн жил байсан тул амжилт төдийлөн гаргаагүй. Харин 2018, 2019 онд олон өдрийн уралдаанд амжилттай оролцсоноос гадна Малайз, Индонезэд болсон ААШТ-ээс хүрэл, мөнгөн медаль хүртсэн.

ТҮРҮҮЛЭЭД ЭХЛЭНГҮҮТ БАГИЙНХНЫ МААНЬ ХАНДЛАГА ӨӨРЧЛӨГДСӨН

-Дэлхийн аварга болсны дараа олон орон өөрийн багтаа уралдуулах санал тавив уу?

-Азийн орнуудаас өөрийн улсын дугуйн багт легионероор уралдуулах санал цөөнгүй ирсэн. Макаогийн дугуйн холбооны менежер “Чи бидэнтэй хамт бэлтгэл хийгээч. Хэрвээ хүсвэл манай улсын тамирчин болж болно” гэсэн. Дугуйн спортын багийн менежерүүд тухайн тамирчныг багтаа урьж, уралдаанд оролцуулаад амжилтад хүргэх зорилготой ажилладаг. Учир нь тэдний хийсэн ажлын дүн тухайн тамирчны амжилтаас харагддаг юм.

-Цахим хуудсан дахь найзын тань тоо хэдийн 5000 хүрсэн байна билээ.

-Дэлхийн аварга болж, медаль хүртэж байгаа бичлэгийг минь нийгмийн сүлжээнд тэр даруй цацсан. Өглөө босоод утсаа үзтэл олон хүн найзын хүсэлт илгээсэн байв. Гавьяат тамирчин, агсан Ж.Өлзий-Орших ахтай Катарт болсон засмал замын ДАШТ-ий үеэр уулзахад “Өглөө сэртэл дугуйн алдартай багийн менежерүүд “Найз аа, танай энэ хүү дэлхийн аварга болчихлоо” гээд бичлэг явуулсан байхыг хараад өөрийн эрхгүй дуу алдсан. Тэр өдөр надад маш олон хүн баяр хүргэсэн шүү. Ах нь чамаар их бахархдаг” гэж билээ.

Монголчууд дэлхийн аварга болсон тамирчнаа угтан авч буй агшин. 2016 он

-Монгол Улсын тамирчин гэхээр багийнхан тань хэрхэн хүлээж авдаг вэ?

-Европын орнуудад дугуйн спорт үндэснийх нь спорт шиг өндөр хөгжсөн байдаг. Тэнд хүн болгон дугуйгаар хичээллэж, уралдаанд оролцох эрх нээлттэй. Дугуйн баг нь легионер тамирчдаас бүрддэг. Намайг Монголынх гэхээр манай багийнхан эхэндээ тоомжиргүй ханддаг байв. Тэдний хандлагаас “Энэ хэр их удах вэ, биднээс ур чадвараараа тэгтэл цойлж гарахгүй дээ” гэсэн шинжтэй харилцах нь анзаарагдана. Хэдэн сар хамт бэлтгэл хийсний дараа хэн нь ямар хүн бэ гэдэг нь зан чанар, хүмүүжил, төлөвшлөөс нь танигдаад ирсэн. Тэмцээнд авьяас, чадвараараа ялгарч эхлэнгүүт тэдний хандлага өөрчлөгдөж, найрсгаар харилцдаг болсон. Би багийнхаа дугуйчдаас Хорват, Унгарын тамирчинтай дотно нөхөрлөдөг. Бид үзэл бодол, хүсэл сонирхлоороо нийлдэг.

-Багаасаа дугуйгаар хичээллэсэн таныг мэргэжлийн тамирчин болоход гэр бүлийнхний тань дэмжлэг их нөлөөлсөн гэдэг. Ээж тань Асгат сумын сургуулийн сурагчдад зориулж, дугуйны зогсоол хүртэл байгуулсан гэнэ билээ.

-Миний бага нас Сүхбаатар аймгийн Асгат сумд өнгөрсөн. Ээж минь сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын алба хашдаг. Шинэ сургууль бариулж, сурагчдадаа зориулан дугуйн зогсоол байгуулсан. Одоо манай сумд дугуй унадаггүй хүүхэд ховор. Намар хүүхдүүд хичээлдээ дугуйгаар ирдэг гэсэн. Ээж сургуулийнхаа сурагчдын дунд дугуйн уралдаан зохион байгуулж, шагнан урамшуулдаг юм. Намайг хүүхэд байхад эмээ, аав, ээж минь шинэ дугуй авч өгч эрхлүүлдэг байв. Юу ч мэдэхгүй жаахан хүү дугуйтай ингэж анх нөхөрлөсөн. Манай гэрийнхэн хүсэл, сонирхлыг минь дэмждэг байсан нь хожим тамирчин болоход нөлөөлсөн.

ЗӨВ ТООЦООЛЖ, ТӨЛӨВЛӨСНӨӨ УР ЧАДВАРТАЙГАА ХОСЛУУЛБАЛ АМЖИЛТ ОЙРХОН ЮМ БИЛЭЭ

-С.Төмөрхуяг багш тань хаана ч очсон хүмүүст “Миний шавийг таних уу” гээд л таныг магтаж ярьдаг гэсэн.

-Сумынхаа биеийн тамирын багшаар дугуйгаар хичээллэхийг заалгаж, аймгийн АШТ-д оролцдог байв. Есдүгээр ангиа дүүргээд аймгийнхаа сургуульд шилжин, Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч, ОУХМ С.Төмөрхуяг багшийн удирдлагад бэлтгэл хийж, УАШТ-д өрсөлддөг боллоо. Дугуйгаар хичээллэх дуртайг минь багш олж хараад зөв хөгжүүлсэн. Намар хичээл эхлэхэд багш “Чи УАШТ-д түрүүлж, аварга болж чадах уу” гэхэд “Чадна” гэж итгэлтэйгээр хариулж билээ. Би хэлсэндээ хүрч, багш амласнаараа надад тэмцээний хувцас бэлэглэсэн. Багш минь тэмцээнд оролцох зардлыг маань өөрөөсөө гаргадаг байв. Намайг дэлхийн аварга болсноос хойш багшийн удирдлагад аймгийн сургуулиудын хүүхдүүд дугуйгаар хичээллэдэг болсон. Багш сэтгэлийн догдлол ихтэй. Намайг түрүүлэхэд “Шавь минь дэлхийн аварга боллоо” гээд баярлаад уйлсан гэдэг. Намайг тамирчин болгохоор анх бэлтгэл хийлгэхдээ “Багш нь аавын тань оронд аав болж, чамайг бүх талаар дэмжинэ” гэж байв. Би тэр үед аавыгаа цаг бусаар алдчихсан байлаа. Аав, ээж, багшийнхаа ачийг амжилтаараа бага боловч хариулсан гэж боддог. Тэмцээнд түрүүлсэн тамирчныг эхлээд эх орон, дараа нь аавынх нь, тэгээд өөрийнх нь нэрээр дууддаг. Миний хувьд амжилтаараа эх орноо олон улсад сурталчилж, ард түмэндээ бэлэг барьсан гэж боддог.

-Дугуйн тамирчид бөөн, цуваа гараа, олон өдрийн, эвсэл ханан тойрог, уулын замын уралзаанд амжилт гаргах өөрийн гэсэн арга барилтай байдаг. Та аль төрөлд нь сонирхолтой вэ. Монголын дугуйчдыг хатуужилтай, ачаалал даах чадвараар гадаадын тамирчдаас илүү гэж үнэлдэг гэл үү?

-Монголын цаг агаар эрс тэс. Ийм уур амьсгалд өссөн монгол тамирчдын давуу тал олон өдрийн уралдаанд харагддаг. Манай дугуйчид хөрвөх чадвартай, орчиндоо маш хурдан зохицдог. Миний хувьд урагшаа гарч, тасарч уралдах дуртай. Ингэж уралдахдаа эрчээ алддаггүй. Ойрын зайнд тэсрэлт хийж барианд орох, эсвэл ганцаарчилсан, цуваа гараа, таван км-ийн уулын уралдаанд оролцдог. Дугуйн спортын тамирчид голдуу 20-25 насандаа оргил амжилтаа гаргадаг. Гэхдээ тэсвэр тэвчээрийн спорт тул зарим тамирчин 30 хүрсэн хойноо дэлхийн аварга болсон байдаг. Гадаадын тамирчид бэлтгэл сургуулилалтдаа өөрийгөө бүрэн зориулж, амьдралынхаа хэв маягийг амжилтын төлөө хандуулдаг. Тэд амжилтад хүрч болох бүх боломжийг судалдаг. Тиймээс хоол, жин, бие, сэтгэл зүйн бэлтгэлдээ маш их анхаарна. Биеийн жин бага зэрэг өөрчлөгдөхөд л амжилтад сөргөөр нөлөөлдөг. Тамирчдын уралдаан шатар, даамын нүүдэлтэй төстэй. Түрүүлэхийн тулд ухаан зарж, тактик боловсруулна. Японы тамирчид засмал замын уралдаанд өндөр ач холбогдол өгдөг бол БНСУ-ынх ханан тойрог замд хүчтэй өрсөлддөг. Үүнээс тамирчдын уралдах арга барил, онцлог нь харагддаг.                                                                                                                                                                                                                                      
-Монгол залуус дугуйн спортоор сонирхож хичээллэдэг болжээ. Тэдэнд гадаадын дугуйн мэргэжлийн багт уралддаг таны урам хайрласан үг, зөвлөгөө хэрэг болох байх.

-Энэ спортоор хичээллэж байгаа бол тууштай байгаарай. Хэр тэвчээр гаргаж хөдөлмөрлөнө тэр хэрээрээ амжилт ирнэ. Ганц, хоёр тэмцээнд түрүүлчихээд өөрийгөө мундаг болчихлоо гэж бүү бод, бас ялагдчихаад амжилт гаргахгүй нь гэж битгий шантар. Спортын ертөнцөд унаж, босох аль аль нь байдаг л юм. Тамирчин хүн хэцүү гэж бодсон бүхнээ даван туулж байж зорилгодоо хүрдэг. Спортод алсын хараатай ханддаг тамирчин хождог юм. Амжилт гаргахад ганц биеийнхээ хүчинд найдах ёсгүй. Аливаад дүгнэлт хийн, зөв тооцоолж, төлөвлөснөө авьяас, ур чадвартайгаа хослуулах хэрэгтэй. Энэ ташрамд, “Алдар” спорт хороо, “Багануур” ХК, Монголын дугуй спортын холбооны хамт олонд болон бэлтгэл сургуулилалт хийж, тэмцээн, уралдаанд оролцдог тамирчдадаа баярлаж талархсанаа уламжилъя.

Багануур ХК-ийн захирал Номинчулууны хамт


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)