Б.Сүхбаатар: Төрийн албыг 50-иад жил тасралтгүй залгуулжээ

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Б.Сүхбаатар өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Үйлчилгээний гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнууллаа. Тэрбээр улсад нийт 43 жил тасралтгүй ажилласнаас 24 жилд нь төрийн албаны дунд шатанд буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Засаг даргын зөвлөхөөр ажилласан юм. Б.Сүхбаатар нь сүүлийн таван удаагийн засаглал эхлэх үед аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж, ИТХ-аар батлуулан мөрдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Сүхбаатар аймгийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг эрдэмтэн мэргэд, холбогдох байгууллагуудын хүчин туслалцаатайгаар шинэчлэн боловсруулахад мөн хүчин зүтгэсэн билээ. Түүнчлэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласны сацуу Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар 13, Ядуурлыг бууруулах зөвлөлийн даргаар 10 жил ажиллаж, ажлыг нь тогтмолжуулжээ. Төрийн мэргэшсэн бөгөөд жинхэнэ албан хаагч асан Б.Сүхбаатар гуай 2016 онд тэтгэврийн насны дээд хязгаарт хүрч тэтгэвэртээ гарсан хэдий ч “Амжилтын талст” нийгэмд үйлчлэх ТББ-ыг байгуулж, залуу ажилтнуудад ажлын дадлага, туршлага, мэдлэгээсээ хуваалцаж, туслалцаа үзүүлсээр байгаа юм.

Түүнээс шагналаа гардсаных нь дараа баярын сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Хамт олон, хань, үр хүүхэд, найз нөхөд, намайг гэсэн бүх хүнд баярлалаа. Би төрийн албанд 50 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Ажлынхаа гарааг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас эхлүүлж байлаа. Эзэмшсэн мэргэжил маань багш ч үүгээрээ ганцхан жил ажиллаад төрийн албанд тасралтгүй зүтгэжээ. Ингэхдээ аймгаасаа өөр газарт ажилласангүй ээ. Сүүлийн 25 жилд нь Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газарт ажилласан байна. Энэ хугацаанд төрийн албыг тасралтгүй залгуулж, үнэнчээр зүтгэхийг урьтал болгож ажилласныг маань төр, засаг үнэлсэн болов уу” хэмээсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)