Б.СҮНДЭРЪЯА: Төрийн өмчит компанийн засаглалыг буруу хандлага эвдэж байна

“Эрдэнэс Монгол” компанийн Хууль, эрх зүйн газрын захирал Б.Сүндэръяатай төрийн өмчит компанийн засаглалын талаар ярилцлаа.

-Манай төрийн өмчит компаниуд засаглал султай гэсэн хэвшмэл ойлголт бүрдсэн. Төрийн өмчит компаниуд үр ашиг муутай ажилладаг. Үүнийг ерөнхийд нь төр муу менежер гэж нэрлэх нь бий. Засаглалыг нь сайжруулахын тулд юунд анхаарах шаардлагатай вэ?

-Онол, практикийн үүднээс бүрэн тайлбар өгөхийн тулд зөвхөн төрийн өмчит ч биш, компанийн засаглал гэж юу вэ гэдэг нийтлэг ойлголтоос яриагаа эхлэх нь зүйтэй. Ерөнхий сууринаас нь тайлбарлах хэрэгтэй гэсэн үг. Тухайн компани, бизнесийг хөдөлгөж, хянаж буй хоёр механизмыг нийлүүлээд засаглал гэж нэрлэдэг.

Компанийг хөдөлгөх, хянах механизмыг эзэн биетэй этгээд хэрэгжүүлэх нь гарцаагүй. Тэд бол тухайн компанийн засаглалын харилцаанд оролцож байгаа субъект. Компанийн эрх зүйн онолоор гурван этгээдийг засаглалын харилцаанд оролцож байгаа субъект гэдэг. Тухайн компанийг үүсгэн байгуулсан хувьцаа эзэмшигч засаглалын харилцаанд оролцож буй хамгийн эхний субъект болно. Хувьцаа эзэмшигч өөрийн үйл ажиллагааг төлөөлөн хэрэгжүүлэх этгээдүүдийг томилдог. Энэ бол засаглалын харилцаанд орж буй хоёр дахь субъект.

Тодруулбал, компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) юм. Зөвлөлийн гишүүд засаглалын харилцааг тэнцвэртэй байлгахын тулд бодлогын шийдвэр гаргадаг. ТУЗ-өөс томилогдсон гүйцэтгэх удирдлагын баг бодлогын шийдвэрийг нь хэрэгжүүлдэг. Тэгэхээр гүйцэтгэх удирдлагын баг гурав дахь этгээд нь юм. Энэ гурван субъектээр дамжиж, компани хөдөлж, хяналтын механизм нь ажилладаг. Компанийн засаглалын нийтлэг ойлголт энэ. Гэхдээ төрийн өмчит компанийн засаглалын ойлголт арай өөр болдог.

-Ямар ялгаатай юм бол?

-Төрийн өмчит компанийн засаглалын эрх зүй, онолын талаас Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага хэмээх олон улсын байгууллага зөвлөмж, тайлбар өгдөг. Энэ байгууллага төрийн өмчит компанийн засаглалын удирдамж гэсэн баримт бичиг боловсруулсан юм. Дэлхийн 120 улсын жишээ, туршлагад тулгуурлан боловсруулсан уг баримт бичгээр төрийн өмчит компанийн засаглал, түүнийг хэрхэн ойлгох вэ гэдгийг тодорхойлсон. Манай төрийн өмчит компанийн засаглалын онцлог, эрх зүйн орчин, тэр нь олон улсын байгууллагын боловсруулсан баримт бичигтэй хэрхэн нийцдэг талаар ярья.

Төрийн өмчит компанийн тухайд өмчийн эзэн, хувьцаа эзэмшигч гэсэн ойлголт гарч ирдэг. “Эрдэнэс Монгол” төрийн өмчит аль нэг компанийн хувьцааг эзэмшдэг байлаа гэхэд Засгийн газар өмчийнх нь эзэн байх жишээтэй. Энгийнээр тайлбарлавал, төрийн өмчит компанийн хувьцаа, түүнтэй холбоотой харилцааг Компанийн тухай хууль, төрийн өмчит компанийн өмч, түүнтэй холбоотой харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулдаг. Өмчлөх нь эзэмшихээс илүү эрх зүйн чадамжтай байдаг.

Эзэмшинэ гэхээр тухайн хөрөнгийг өмчлөхгүй. Зөвхөн эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой харилцааг хэрэг жүүлнэ. Хувийн аж ахуйн нэгжийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч нэг байдаг бол төрийн өмчит компанид хоёр эзэн гарч ирдэг. Манай төрийн өмчит компаниуд ийм онцлогтой. Өмчлөгч нь давамгай эрх эдлэх гээд байх тал ч бий. Төр хувьцаа эзэмшихтэйгээ хамт өмчлөлийн эрхээ хэрэгжүүлдэг. Тэгэхээр нэг этгээд зүүн гараараа бизнес эрхлээд, түүнийгээ баруунаараа хянаад буй хэрэг. Нэг этгээд өөрөө бизнес эрхлээд, хяналтаа тавьж буй нь олон улсын байгууллагын боловсруулсан компанийн засаглалын зарчмыг шууд зөрчдөг.

Учир нь хяналтыг хөндлөнгөөс хийх ёстой. Чиний алдаа, оноог өөр этгээд хөндлөнгөөс хянах нь илүү үр дүнтэй нь энгийн логик биз дээ. Манай төрийн өмчит компаниудын өөр нэг онцлог нь энэ. Компанийн засаглалын онолын хувьд хувьцаа эзэмшигч, ТУЗ, гүйцэтгэх удирдлага гэсэн гурван субъект нэг нь нэгнийхээ үйл ажиллагаанд шууд оролцож болдоггүй. Заавал нэг нь нөгөөгөөрөө дамжиж оролцдог. Хувьцаа эзэмшигчээс гаргасан саналыг ТУЗ хэлэлцэнэ, тэгээд бодлогын шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэх удирдлагадаа өгнө.

Хувьцаа эзэмшигч ТУЗ-ийг алгасаж, компанийн өдөр тутмын үйл ажиллагааны үүргийг гүйцэтгэх удирдлагад өгөх хууль зүйн боломж байхгүй. Гэтэл манайд хувьцаа эзэмшигч буюу Төрийн ордонд суугаа хүмүүс төрийн өмчит компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд шууд оролцдог буруу хэвшил тогтсон. Өөрөөр хэлбэл, улс төрийн нөлөө төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд орж ирдэг гэсэн үг. Нам сонгуульд ялахын тулд мөрийн хөтөлбөр боловсруулдаг. Ялалт байгуулбал эмхлэн байгуулсан Засгийн газар нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх учиртай.

Засгийн газрыг намын нөхөд бүрдүүлдэг. Ингээд төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд намын бодлогын нөлөө ч орж байна. Ер нь манай төрийн өмчит компанийн засаглалын хувьд учир замбараагүй байдал үүссэн гэж хэлж болно. Улс төрийн нөлөө их орж байгаа учраас төрийн өмчит компанийн үйл ажиллагаа сонгуулийн циклээр хэмжигддэг болсон. Ийм байдал нь төр муу менежер юм шиг харагдуулдаг. Уг нь онолын үүднээс харвал төр муу менежер байх боломжгүй.

-Яагаад муу менежер байх боломжгүй гэж?

-Дэлхийд төрийн өмчит компанийг ашгийн төлөө болон нийтэд үйлчилдэг гэж хоёр хуваадаг. Нийтэд үйлчилдгийн жишээгээр нийтийн тээврийн компаниудыг дурдаж болно. Ийм компаниуд ашиг олохоос илүүтэй нийгэмд үзүүлэх үр нөлөө нь сайн байх шаардлагатай. Ийм компаниудыг жишээлж, төр сайн, муу менежер байх тухай яриад хэрэггүй. 

Харин “Эрдэнэс Монгол” шиг ашгийн төлөө бизнес эрхэлж байгаа компаниудын хувьд ярихаас өөр аргагүй. Түрүүнд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зургаан зарчмын талаар дурдсан. Уг зарчмаар төр өмчлөгчийн хувьд яаж, хувьцаа эзэмшигчийн хувьд хэрхэн ажиллах ёстой вэ гэдгийг маш сайн заасан. Компанийн засаглалын зарчмуудыг амьдралд иж бүрэн хэрэгжүүлж чадаж байна уу гэдгээс төр сайн, эсвэл муу менежер байх нь хамаарна.

-Тэгвэл төрийн өмчит компаниуд засаглалын ямар зарчмуудыг хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

-Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан зарчмын нэгдүгээрт, үр ашигтай, зөв бодлогод суурилсан хууль, эрх зүйн орчноор хангах ёстой гэсэн байдаг. Манай Компанийн тухай хууль маш сайн. Компанийн засаглалын үндсэн хэлбэрийг суулгаж чадсан хууль. Засаглал хэрэгжүүлж байгаа субъектуудын эрх, үүрэг, ялангуяа зөв хуваарилалтын зарчмын ойлголтыг суулгаж чадсан. Амьдралд хэрэгжүүлж чадахгүй байгаа шалтгаан нь засаглалын зөв хуваарилалтаа компанийн дүрэмд буруу тусгадагтай холбоотой юм.

Эрх мэдлийн зөв хуваарилалт, тэнцвэржүүлэлт байхгүйгээс манай төрийн өмчит компаниуд дотроо байнга хэрүүл зодоонтой байгаа юм шиг анзаарагддаг. Ялангуяа төрөөс томилдог гүйцэтгэх удирдлагын баг хоорондоо эрх мэдлийн хуваарилалтаасаа шалтгаалж зөрчилдөх нь элбэг. Төрийг бүрдүүлж буй хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал бие биенийхээ үйл ажиллагаанд оролцох ёсгүй. Гэтэл засаглалын зөв хуваарилалт хийгээгүйгээс өнөөдөр нэг нэгнийхээ ажилд оролцдог. Монгол Улсын Ерөнхийлөгч бол хууль зүйн хувьд бэлгэдлийн этгээд.

Гэтэл өнөөдөр томилгоо хийгээд сууж байна. Засаглалын зөв хуваарилалт алдагдсанаас ийм зүйл болж байгаа юм. Төрийн энэ бурангуй байдал компанид халдаад байна. Компанийн удирдлагын багийн гишүүд “Би Ерөнхий сайдаас томилогдсон”, “Би УИХ-ын даргаас томилогдсон”. Тэгэхээр энэ ажилд оролцоно” гэдэг. Өөрөөр хэлбэл, зарим нь эрх мэдлээсээ хэтэрсэн ажилд оролцож, шийдвэр гаргах гэж оролддог гэсэн үг. Үр ашигтай хууль, эрх зүйн орчноор хангасан ч хэрэгжүүлж чадахгүй байгаа ийм нөхцөл үүсэж байна.

-Төрийн өмчит компанийн үндсэн зарчмуудыг дэлгэрэнгүй яривал бидний алдаа, оноо тодорхой харагдах юм байна гэж бодогдлоо.

-Олон улсын байгууллагаас гаргасан зарчмуудтай төрийн өмчит компаниудын төрх байдлыг харьцуулахаар алдаа, оноо нь тодорхой харагддаг юм. Үндсэн зарчмуудын талаар бодитой ойлголт өгвөл зөв дүгнэлт хийхэд нь ч тустай гэж бодож байна. Дараагийнх нь төр өмчлөгчийн үүргээ гүйцэтгэхдээ хувьцаа эзэмшигчийн байр сууринаас хандах ёстой гэсэн зарчим бий. Би өмчийн эзэн гэсэн өнцгөөс хандаж болохгүй. Ингэхийн тулд төр маш идэвхтэй, мэдээлэлтэй өмчлөгч байх ёстой. Манай төр компанийн дотоод үйл ажиллагааны талаар маш муу мэдээлэлтэй байдаг. Гэсэн ч үйл ажиллагаанд нь өмчлөгчийн байр сууринаас хандаж оролцдог.

Огт мэдээлэлгүй бол сайн менежер байж чадахгүй. Тэгэхээр төр, засаг төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд хувьцаа эзэмшигчийн байр сууринаас оролцох нь зөв юм. Гуравдугаарт, хувь нийлүүлэгчдэд эрх тэгш хандана гэсэн зарчимтай. Төрийн хувьд хувь нийлүүлэгч гэхээсээ илүү өөрийн бизнесийн үйл ажиллагааны оролцогч субъектуудэд эрх тэгш хандах ёстой. Чилийн зэсийн “Коделко” төрийн өмчит компанийн жишээг татъя. Тус компанийн хувьцааг Чилийн Засгийн газар, Сангийн яам, хөрөнгө оруулалтын сан гэсэн гурван субъект эзэмшдэг. Тэгэхээр гурван эзэндээ тэгш хандаж байж өмчлөлийн зарчим хангагдана гэсэн үг.

Манай Засгийн газар “Би дангаараа эзэн” гэсэн байдлаар хандах нь түгээмэл. Ингэхдээ бизнесээ ашигтай ажиллуулах талаас ерөөс хардаггүй. Өмчийн эзэн учраас тэнд хэнийг томилох вэ гэдгээ л ярьдаг. Хувьцаа эзэмшигч нэг талаас хөрөнгө оруулагчийн байр сууринаас хандах ёстой. Гэтэл манайхан “Хувьцаа эзэмшиж байгаа учраас би хөрөнгө оруулагч нь” гэж ярьдаггүй. “Би хувьцаа эзэмшигч учир чи энэ төслийг хэрэгжүүл. Мөнгөө олж ир” гэдэг байдлаар гүйцэтгэх удирдлагад нь ханддаг. Сайн хууль, эрх зүйн орчинтой байлаа гэхэд төр компанийнхаа талаар мэдээлэл муутай, дээрээс нь өмчлөгчийн байр сууринаас ханддаг учраас эрх тэгш, хүртээмжтэй байх зарчим алдагдаж байна. Эзэн гэдэг ойлголтоор хандахаа засах л хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, оролцогч талуудтай зөв харилцах зарчим. Төр хувьцаа эзэмшигчийн хувьд тухайн бизнесийн харилцаанд оролцогч талуудтай зөв харилцах ёстой. Ингэхийн тулд оролцогч талуудын нөлөөллийн үнэлгээг хийх хэрэгтэй. Түүнийгээ дотоод, гадаад гээд ангилчих нь зөв. Дотоод оролцогч талуудад төрийн өмчит компанийн хувьцаа эзэмшигч, ТУЗ, гүйцэтгэх удирдлагын болон менежментийн баг, ажилчид, тэдний ар гэр багтана. Ингээд эдгээрээс компанид хамгийн өндөр оролцоотой нь аль субъект вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй.

Шууд болон шууд бус байдлаар оролцох субъект аль вэ гэх мэтээр нөлөөллийн үнэлгээ хийх хэрэгтэй. Гадаад оролцогчдод төрийн бүх шатны байгууллага, бусад харилцагчид орно. Гадаад, дотоод нөлөөллийн үнэлгээ хийхээр тухайн компанийн үйл ажиллагаа хаашаа чиглэх вэ, оролцогч талууддаа хэрхэн хандах вэ гэдэг нь илүү тодорхой харагддаг. Тавдугаарт, ил тод, нээлттэй байх зарчим. Ил тод, нээлттэй байдлыг индексээр тогтоодог. Монголын төрийн өмчит компаниудын ил тод, нээлттэй байдлыг индексээр тогтооход хэцүү. Монголын төрийн байгууллага, төрийн өмчит компаниудыг ил тод, нээлттэй байлгая гээд Шилэн дансны тухай хууль баталсан. Энэ бол дэвшил. Тухайн компанийн үйл ажиллагаа нээлттэй байх тусам бизнес нь үр ашигтай, зөв явах боломж нь нэмэгддэг.

Онолын хувьд тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, ТУЗ, гүйцэтгэх удирдлагын баг, аудит хийсэн санхүүгийн тайланг ил тод мэдээлэх ёстой. Төрийн өмчит зарим компани энэ зарчмыг хэрэгжүүлэхгүй байх тохиолдол бий. Хамгийн сүүлд буюу зургадугаарт, төр шударга өрсөлдөх ёстой гэсэн зарчим. Ялангуяа хувийн компанитай шударга өрсөлдөх боломжийг төр олгох ёстой. Төрийн компани хэзээ ч дампуурдаггүй давуу талтай. Үйл ажиллагаа нь муудахаар төр дэмжээд явчихдаг учраас тэр. Гэтэл хувийн компанийг татвараа төлөөгүй гээд төр дампууруулчихдаг. Иймээс шударга өрсөлдөх боломж олгох ёстой юм.

-Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулахын тулд манайхан таны дурдсан зарчмуудыг хэрэгжүүлдэггүй юм биш үү?

-Компанийн тухай хуулийг олон улсын жишигт нийцсэн эрх зүйн хувьд их чадамжтайг түрүүнд хэлсэн. Дээрх зургаан зарчмыг энэ хуульд бүрэн тусгасан. Төр өмчлөгчийн байр сууринаас хандах асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд бүрэн суулгасан. Хуулийг зөв ойлгох, хэрэглэх, тайлбарлах хэрэгтэй. Практикт хууль буруу хэрэгжүүлэх, ойлгох, тайлбарлах зүйл их байна. Өмчлөгч, эзэмшигчийн хувиар төр компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд маш их оролцож байна.

Төрийн оролцоог бууруулахгүй бол энэ зургаан зарчмыг хуульд хэчнээн сайн тусгасан ч хэрэгжихгүй. Хамгийн гол нь төр өмчлөгчийн биш хувьцаа эзэмшигчийн байр сууринаас хандах зарчмаа хэрэгжүүлэхгүй байна. Төр би өмчлөгч нь гээд бүхнийг шийдэх гээд байвал засаглалын зарчим алдагдана. Харин хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч гэсэн байр сууринаас хандаж эхэлбэл сайн засаглалын зарчмууд хэрэгжиж эхэлнэ. Төрийн оролцоог хязгаарлахгүй бол байх ёстой хэм хэмжээнээс хэтрээд, бизнесийн үйл ажиллагаанд тээг болоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)