Б.СОЛОНГО: Сүрьеэгийн нийт тохиолдлын гуравны нэгийг нь л илрүүлж, эмчилж байна

Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Солонготой ярилцлаа.

-ДЭМБ-ын судалгаагаар манай улс дэлхий болон бүс нутгийн хэмжээнд сүрьеэгийн өвчлөлийн түвшнээр эхэнд бичигдэх болсон. Улмаар халдварт өвчнөөр нас барах шалтгааны нэгдүгээрт эл өвчин бичигдэж байна. Тэр дундаа эмд тэсвэртэй сүрьеэгийн тархалт өссөөр буй. Нэгэн цагт энэ өвчний тархалтыг бууруулснаараа үлгэр жишээ болж байсан манай улс ийм байдалд хүрсэн нь юутай холбоотой юм бэ?

-Сүрьеэ нь дэлхийд дахин сэргэж буй өвчнүүдийн нэг болоод байна. Манай улсад жил бүр сүрьеэгийн 4000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь өвчлөл өндөртэй орны тоонд багтахад хүргэж байна. Гэтэл хамгийн харамсалтай нь саяхан хийсэн судалгаагаар бид сүрьеэгийн нийт тохиолдлын зөвхөн гуравны нэгийг нь л илрүүлж, эмчилж байгаа нь тогтоогдсон. Үүний цаана оношлогдоогүй, эмчилгээнд хамрагдаагүй тохиолдол гуравны хоёрыг нь эзэлж байна гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, сүрьеэтэй гурван хүн тутмын нэгийг нь л оношилж, эмчилж байна. Халдвартай хэлбэрийн сүрьеэгээ илрүүлж, эмчлэхгүй бол жилд 10-15 хүнд халдвар тараадаг талаар судалгаа бий. Хүн амын дунд сүрьеэгийн талаарх мэдлэг, мэдээлэл муу, эмнэлэгт ханддаггүй, өвчилсөн хүмүүсийг нь ялгаварлан гадуурхах хандлага давамгайлдаг, салбарын хүний нөөц, санхүүжилт хангалтгүй гэх мэт олон хүчин зүйлийн талаар нэрлэж болно л доо. Гэхдээ сүрьеэгийн өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл бол ядуурал, ажилгүйдэл, стресс, бухимдал. Ядуурлаас болж сүрьеэгээр өвчилдөг. Сүрьеэ нь эргээд ядуурал бий болгодог. Энэ гинжин хэлхээг таслаагүй цагт сүрьеэгийн өвчлөлийг бууруулах боломжгүй. Дэлхий дээрх сүрьеэгийн тохиолдлуудын 90 гаруй хувь нь дандаа ядуу буурай, хөгжиж буй орнуудад бүртгэгдэж байна.

-Тийм ээ, сүрьеэг “ядуусын өвчин” гэдэг. Манайд үүгээр өвчилж, халдвар авсан хүмүүсийн бүлгийг харвал энэ тодорхойлолт яв цав нийцэж байна уу. Өөрөөр хэлбэл, энэ өвчний эрсдэлт бүлэгт эмзэг бүлгийнхнээс гадна өөр ямар хүмүүс багтаж байна вэ?

-Сүрьеэгээр хэн ч өвчлөх эрсдэлтэй. Учир нь ганц манай улс гэлтгүй дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь энэ өвчний халдвар авсан байдаг гэж үздэг. Халдвар авсан хүн өвчлөх, эсэх нь тухайн хүний дархлаа хэр сайн байгаагаас хамаарна. Яагаад ядууралтай холбоод байна вэ гэхээр ажилгүй, орлого багатай, ядуу байх нь хоол, тэжээлийн дутагдалд орох, дархлаа сулрах гол нөхцөл болдог. Мөн бие махбодын дархлааг сулруулах өвчин эмгэгтэй байх, эсэх нь ч хамаатай. Тиймээс дархлааны тогтолцооны өвчин эмгэгтэй, ХДХВ-ийн халдвартай, ДОХ, чихрийн шижин, хорт хавдар гэх мэт дархлаа сулруулах өвчин эмгэгтэй хүмүүс хамгийн их эрсдэлтэй гэсэн үг. Гадаадын орнуудын хувьд дархлаа султай, өндөр настай хүмүүс сүрьеэгээр илүүтэй өвчилдөг бол манай орны хувьд ид хөдөлмөрийн насны буюу нийгмийн идэвхтэй харилцаанд байдаг 16-44 насныхан, оюутан залуучуудын дунд тархалт хамгийн их байна. Энэ бол тун таагүй үзүүлэлт. Нөгөө талаас энэ нь манай хүн амын дунд сүрьеэгийн тархалт өндөр, үүгээр өвчлөх биологи, нийгэм, эдийн засгийн эрсдэлт хүчин зүйл их байгааг харуулж буй хэрэг.

-Тандалт, эрт илрүүлгийн шинжилгээ, судалгаа хангалтгүй учраас өвчин тархаж байна гэж ойлгож болох уу?

-Тархалт нэмэгдэхэд дээр хэлсэнчлэн олон хүчин зүйл нөлөөлж байна. Ганцхан жишээ дурдахад, эмчилгээгээ санаатай тасалсан тохиолдолд албадан эмчлэх, хариуцлага тооцох тогтолцоо манайд байхгүй. Орон гэргүй болон архины хамааралтай хүмүүсийг хэвтүүлэн эмчлэх байр ч алга шүү дээ. Манай орны хувьд идэвхгүй илрүүлэлт буюу сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид ханддаг. Сүүлийн жилүүдэд идэвхтэй илрүүлэг буюу эрсдэлт бүлгийн хүн амд хүрч, үзлэгт бүрэн хамруулах байдлаар сүрьеэгийн тохиолдлуудыг илрүүлэх ажлыг гадаадын санхүүжүүлэгч байгууллагуудын тусламжтайгаар хүн амын тодорхой, цөөн бүлгийн дунд хийж эхлээд байна. Гэхдээ энэ нь өртөг өндөртэй учраас өргөн хүрээнд хийхэд хүндрэлтэй.

-Тэгэхээр сүрьеэгийн нийт тохиолдлын дийлэнх хувийг хаана илрүүлж байна вэ. Өрхийн эмнэлгийн түвшинд 20 орчим хувийг нь илрүүлдэг гэж сонссон юм байна.

-Сүрьеэгийн тусламж, үйлчилгээг ХӨСҮТ, аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансер, өрх сумын эмнэлэг, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн олон нийтийн сайн дурын ажилтны сүлжээгээр дамжуулан хэрэгжүүлдэг. Удаан хугацаагаар ханиалгах, цэртэй буюу цустай ханиалгах, шөнө хөлрөх, турах, халуурах гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт зайлшгүй хандах шаардлагатай. Мөн сүрьеэтэй өвчтөний ар гэрийнхэн үзлэгт зайлшгүй бүрэн хамрагдах ёстой.

-Сүүлийн 15 жилийн хугацаанд Монголд сүрьеэгийн эсрэг үйл ажиллагааг манлайлан, санаачилгыг бүхий л талаар гартаа авч зүтгэсэн хүч нь “Глобаль” сан. Танай байгууллага ч тус төслийн хүрээнд олон жил үйл ажиллагаа явуулж ирсэн юм билээ. Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн хэрэгжүүлж буй арга хэмжээ сүрьеэгийн эсрэг тэмцэлд яагаад чухал болохыг тайлбарлахгүй юу?

-Сүрьеэгээр өвчлөхөд үүсгэгчээс гадна дээр дурдсан олон хүчин зүйл нөлөөтэйг дахин дурдъя. Үүнтэй адил энэ өвчний тархалтыг бууруулахад олон зүйл нөлөөлдөг. Сүрьеэгийн тохиолдлыг илрүүлэх нь мэдээж чухал. Үүнээс гадна илрүүлсэн өвчтөнөө бүрэн эмчлэх, эмчилгээг үр дүнтэй дуусгах нь цаашид халдвар тараахаас сэргийлэх хамгийн чухал алхам. Сүрьеэгийн эмчилгээ доод тал нь зургаан сар, цаашлаад хоёр жил үргэлжилдэг. Хамгийн хэцүү нь өвчтөн өдөр бүр атга шахуу эмийг эмч, эмнэлгийн ажилтны хяналт доор уух ёстой. Гэтэл өвчтөнүүдийн олонх нь өдөр бүр эмнэлэгт ирж эмээ уух боломжгүй байдаг. Хэвтрийн, нялх хүүхэдтэй, эмнэлгээс хол амьдардаг, унааны ч мөнгөгүй, ажлын цаг нь таардаггүй гэх мэт олон шалтгааны улмаас эмчилгээгээ тасалж, шантарч, дутуу хаядаг. Эдгээрийг шийдэх, үйлчилгээг өвчтөнд ойртуулах, эмчилгээний хяналтыг сайжруулах, үр дүнг нь нэмэгдүүлэх, тархалтыг бууруулахад хувь нэмэр оруулах нь манай нийгэмлэгийн гол зорилго. Энэ үйл ажиллагаагаа “Глобаль” сангийн төслийн хүрээнд олон улсын байгууллагуудын зөвлөмж болгодог олон нийтэд суурилсан тусламж, үйлчилгээг хэрэгжүүлж ирсэн. Уг эмчилгээний амжилт улсын дунджаас 10 гаруй хувиар өндөр байдгийг энд зориуд тэмдэглэмээр байна. Өөрөөр хэлбэл, энэ үйл ажиллагаа өвчтөнд ямар шаардлагатай, үр дүнтэй вэ гэдгийг харуулж буй хэрэг. Төслийн үнэлгээ, судалгааны үр дүн ч дээрх үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг харуулдаг.

...Гадаадын орнуудын хувьд дархлаа султай, өндөр настай хүмүүс сүрьеэгээр илүүтэй өвчилдөг бол манай орны хувьд ид хөдөлмөрийн насны буюу нийгмийн идэвхтэй харилцаанд байдаг 16-44 насныхан, оюутан залуучуудын дунд тархалт хамгийн их байна. Энэ бол тун таагүй үзүүлэлт. Нөгөө талаас энэ нь манай хүн амын дунд сүрьеэгийн тархалт өндөр, үүгээр өвчлөх биологи, нийгэм, эдийн засгийн эрсдэлт хүчин зүйл их байгааг харуулж буй хэрэг...

-“Глобаль” сан манай улсад олгох сүрьеэгийн эсрэг санхүүжилтээ 2020 оноос зогсоож болзошгүй байгаа. Монгол Улс үүнд бэлэн үү?

-Аливаа гадаадын санхүүжилттэй төслүүд тогтвортой байдлын талаар байнга сануулдаг, шаарддаг. Санхүүжилт зогсоход та нар яаж цаашид үргэлжлүүлэх вэ, танай Засгийн газрын оролцоо ямар байх вэ гэдгийг байнга нягталдаг. Харамсалтай нь, “Глобаль” сангийн санхүүжилтээр үр дүнтэй хэрэгжиж буй үйл ажиллагаанууд цаашид тогтвортой үргэлжлэх, эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Нэг жишээ хэлэхэд, үр дүн нь 95-96 хувьтай байдаг, олон нийтэд суурилсан шууд хяналттай эмчилгээний хамрах хүрээ гэхэд л жил бүр буурсаар байгаа. Учир нь санхүүжүүлэгч төсвөө бууруулахад Засгийн газраас энэ санхүүжилтийг нөхсөөр, төсөл дуусахад 100 хувь төрийн санхүүжилтэд шилжиж, цаашид тогтвортой үргэлжлэх ёстой. Санхүүжүүлэгч үүнийг л шаарддаг. Гэтэл манайх ингэж нөхөхгүй байгаа учраас жил бүр санхүүжилт болон хамрах хүрээ багасаж байна.

-Сүрьеэгээр нэгэнт өвчилсөн бол урт хугацааны, тасралтгүй эмчилгээ шаарддаг. Эмчилгээг үр дүнтэй байлгах хамгийн гол хүчин зүйлийг та юу гэж хэлэх вэ?

-Эмчилгээ үр дүнтэй болох нь хоёр талын хамтын ажиллагаа, хүчин чармайлтаас шууд хамааралтай. Ялангуяа сүрьеэгийн эмчилгээ удаан үргэлжилдэг, өвчилсөн хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага их байдгаас эмчилгээ хийлгэж байгаагаа нуудаг. Иймээс нэг талаас эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэг, ур чадвар, өвчтөнтэйгөө хэрхэн харилцах вэ гэдэг нь маш чухал. Нөгөө талаас өвчтөний эрүүл мэндийнхээ төлөөх идэвхтэй оролцоо юу юунаас илүү. Манайд ажиглагддаг нэг зүйл нь иргэд эрүүл мэнддээ хайнга ханддаг, эмч, эмнэлгийн ажилтнууд араас нь хөөцөлдөх ёстой юм шиг л байдаг. Мөн сүрьеэтэй өвчтөнүүдийн хувьд ар гэрийн дэмжлэг хамгийн чухал байдаг. Тиймээс таны ойр дотнын хэн нэгэн сүрьеэгээр өвчилсөн бол ойлгохыг хичээж, эмчилгээгээ үр дүнтэй дуусгахад нь дэмжлэг үзүүлээрэй гэж хэлмээр байна. Сүрьеэ амьсгалын замаар, яг л ханиад, томуу шиг халдварладаг. Өөрөөр хэлбэл, сүрьеэгээр өвчилсөн нь тэр хүний буруу биш шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)