Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай ОУПХ-ны төлөөлөгчид эмнэлэгт нь очиж уулзжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой асуудлаар Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны Хүний эрхийн хорооны төлөөлөгчид манай улсад ажиллаж буй билээ. Тэдэнтэй УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, дээрх хэргийг судлах үүрэгтэй түр хорооныхон болон УИХ дахь АН-ын зарим гишүүн өнгөрсөн долоо хоногт уулзсан. Тус холбооны Хүний эрхийн хорооны дарга Александра Жерков, Али Абдула Аларади нар өнгөрсөн баасан гарагт дээрх хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзсаныг эх сурвалжууд мэдээлэв. 

ШШГЕГ-ын харьяа хаалттай 401 дүгээр хорих анги буюу Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй дээрх хоёр хүнтэй тус тусад нь уулзахад хорих ангийн хянагч, хэлмэрчээс өөр хүн байлцуулаагүй, албаны хүмүүс, яам, агентлагийн төлөөлөгч нарыг ч оролцуулаагүй юм байна. Хилсээр ял шийтгүүлсэн гэж дүгнэж буй дээрх хоёр хүний аюулгүй байдлыг хангах үүднээс ийнхүү өөр хүмүүс оролцуулаагүй аж.

Үүнээс өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар Александра Жерков, Али Абдула Аларади нартай уулзахдаа ОУПХ-ноос тавьсан хүсэлтийн дагуу иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзах нөхцөл боломжийг бүрдүүлсэн талаар танилцуулсан юм.

Уг хоёр төлөөлөгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзахаасаа өмнө эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзсэн гэдгээ УИХ-ын даргад ярьсан байна.

Г.ОРЧЛОН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)