Б.СОДМЯГМАР: Би мөрөөдлөө зорилго, зорилгоо амьдрал болгосон

Бүжгийг урлаг хэмээн үздэг байсан бол орчин үед спортын нэг төрөлд тооцох болжээ. Спорт гэж тооцох болсны учир нь бүжиг бүжигчнээс спортод байдаг чанаруудыг шаарддаг байна. Бүжгийн спортоор хичээллэсэн хүний эрүүл мэндэд олон өөрчлөлт гарч, эрүүлжих төдийгүй нийгэмшихүйн хувьд ч давуу чанарыг мэдэрдэг. Тухайлбал, эрч хүч их шаарддаг латин, стандарт бүжгээр хичээллэгсэд тэсвэр тэвчээрээр гайхалтай. Тиймээс бүжгийг идэвхтэй амьдралын нэг хэлбэр хэмээн үзэх хүн олон. Дэлхийд бүжгийн спорт өндөр хөгжсөн, шилдэг бүжигчидтэй орноор ОХУ, Герман, Холланд улс зүй ёсоор бичигддэг. ОХУ-ын Москва хотод энэ сарын 7-нд болсон Стандарт формейшн бүжгийн ДАШТ-д долоон улсын шилдэг 12 хамтлаг өрсөлдсөнөөс Монголын “Мастер дэнс” хамтлагийнхан эхний арван байрны наймд жагссан билээ. Тус хамтлагийн ахлагч, багш дасгалжуулагч Б.Содмягмарыг “Залуус” буландаа урьж ярилцлаа.

-Чамлахаар чанга атга гэдэг үг бий. Танай хамтлагийнхан дэлхийн шилдгүүд өрсөлддөг бүжгийн тайзнаа анх удаа “тоосоо өргөсөн” гэхэд боломжийн амжилт гаргалаа. Монголдоо дөнгөж ирсэн байхад тань уулзаж байна. Таны сэтгэгдлээс ярилцлагаа эхэлье.

-ОХУ-аас бид эх орондоо сэтгэл өндөр хөл тавилаа. Москва хотод болсон стандарт формейшн, латин бүжгийн (хос төрөл) ДАШТ-д “Хатантуул”, “Мастер дэнс” хамтлаг оролцсон. Хамтлаг маань байгуулагдаад удаагүй ч дэлхийн бүжгийн тайзнаа шилдгүүдтэй өрсөлдөж, чамлахааргүй амжилт гаргалаа. Бид өрсөлдөгч хамтлагуудаас маш их туршлага хуримтлуулсан. Шигшээ тэмцээнийг багаараа үзэж, бүжгийнхээ дэглэлт, техникийн алинд нь илүү анхаарал хандуулахаа сайн ойлгосон. Тиймээс ирэх жилийн ДАШТ-д амжилт гаргахын тулд өмнөхөөсөө илүү хичээж ажиллана. Ази тивийг төлөөлж оролцохдоо Монголд бүжгийн спорт хөгжиж байгааг бид хичээл зүтгэлээрээ харуулсан гэж бодож байна.

-Таны ярьсантай санал нэг байна. ДБСХ (Дэлхийн бүжгийн спортын холбоо)-ны шүүгчдийн анхаарлыг монголчууд татаж чадсан нь бахархмаар санагдлаа.

-Өмнөх ДАШТ-д Монголын “Улаан сарнай”, “Хатантуул” хамтлаг өрсөлдөж, шигшээд шалгаран, эх орныхоо нэрийг өндөрт өргөж байсан удаатай. Манай хамтлагийнхан энэ том тэмцээнд анх удаа оролцсон нь шүүгчдийн анхаарлыг татсан байх. Биднийг үзүүлбэрээ үзүүлж байхад үзэгчид их дэмжсэн. Шигшээд үлдэж, VI байрт шалгарлаа. Холландын бүжгийн шигшээ багийн дасгалжуулагчтай тэмцээний дараа уулзаж, санал бодлоо солилцсон юм. Тэрбээр “Танай хамтлагийн бүжгийн үзүүлбэр надад их таалагдсан. Монголчууд бүжгийн спортод хүчтэй өрсөлдөгч болжээ. Бид хойшдоо шигшээд шалгарахад амаргүй болох нь гэсэн бодол төрсөн шүү” гэж хэлсэн. Бусад орныхон “Монголын хамтлаг энэ жил сайн байна” гээд гайхаж байсан гэдэг.

-Урлаг, спортын аль алиных нь шинжийг бүжиг агуулдаг. Тиймээс хүмүүс спортын хамгийн хөнгөн төрлийн нэг гэж ойлгодог. Гэтэл тамирчдын зарцуулсан эрч хүч, цаг хугацаа, хөдөлмөрийг нь бодохоор хүнд төрөлд ордог шүү дээ.

-Бүжгийн спортод багаараа оролцож байж амжилт гаргадаг. Бүжгийн талбайд 16 тамирчин нэг хүн шиг хөдөлнө. Тэмцээнд тамирчид эрч хүч, хөлс, хөдөлмөр их зарцуулдаг. Манай багт их, дээд сургуулийн оюутан, ЕБС-ийн сурагч, ажил хийдэг хүмүүс бий. Өглөө, өдөр завгүй тул орой ажил, хичээлээ тараад 21.00 цагаас эхлэн бэлтгэлээ базаадаг. Бүжгийн спортын тамирчдад амрах зав тун хомс. Шөнөжин бэлтгэл хийчихээд, үүрээр гэртээ харих нь цөөнгүй. Бүтэн жил бэлтгэл хэрхэн базааснаа зургаан минутад харуулж, үр дүнг нь шүүгчдээс сонсоно гэдэг өндөр үүрэг хариуцлага. Тэмцээнд амжилт үзүүлэхийн тулд дуртай зүйлээсээ татгалзаж, амралт, нойр, хоолоо умартан өөрийгөө золих үе бий. Хожим харамсахгүйн тулд сэтгэл зүйгээ бэлдэж, зөвхөн бүжгээ бодоод хичээж зүтгэсэн өдөр олон. Бүжгийн спортын гайхамшгийг олонд мэдрүүлэх амаргүй. Спорт бусад төрлөөс хувцаслалт, нүүр будалт, үс засалт, биеэ авч яваа соёлоороо эрс ялгардаг. Энэ утгаар яривал манай хамтлаг чадварлаг сайн бүжигчидтэй.

-Бүжгийн спортод нас харгалздаггүй. Найман настай балчраас 80 настай бууралд тэмцээнд оролцох боломж нээлттэй. Үүнээс үзэхэд бүжгээр хичээллэдэг хүмүүс эрүүл амьдарч, урт насалдаг болов уу?

-Спортын хамгийн гайхамшигтай, дэгжин төрөлд уран гимнастик, бүжиг багтдаг. Бүжгээр хичээллэсэн хүн хөдөлгөөний дутагдалд орохгүй, илүүдэл жинтэй болохгүй. Бүжиг уян хатан байхыг шаарддаг. Бүжгийн хичээл бие халаах, сунгалтын дасгалаар эхэлдэг. Гэдийх, бөхийх хөдөлгөөн хийдэг тул бүжгээр хичээллэдэг хүн уян хатан болдог. Ажиглаж байхад бүжигт дуртай хүмүүс амьдралд идэвхтэй ханддаг. Манай клубт ахмадууд ирж бүжиглэх дуртай. Тэд “Хөгжмийн аялгуунд бүжиглэхээр сэтгэл сэргээд сайхан, хотын дуу чимээ, ажил, амьдралын стрессээ мартдаг” гэдэг юм. Бүжигчин хүний бие хөнгөн, сэтгэл нь өөдрөг, хандлага нь зөв байдаг. Миний хувьд бүжгийн спортыг амьдралын зөв хэв маяг гэж үздэг. Бүжигчид юманд нямбай, цэгцтэй ханддаг байдлаараа, стиль имижээрээ ч энгийн залуусаас ялгардаг. Нүд рүү нь харахад гэрэлтээд цаанаа л өөр. Тийм залуустай гудамжинд тааралдаад “Уучлаарай, та бүжиглэдэг үү” гэж асуухаар “Тийм ээ. Бүжгээр хичээллэдэг байсан” гэж хариулдаг. Тэгэхээр бүжгийн спортоор богино хугацаанд хичээллэсэн ч бие, сэтгэл зүйд өөрчлөлт гарсан нь харагддаг. Бүжгийг хоббигоо болгож, хоббигоо амьдралын хэв маяг, эрүүл амьдрах үндэс болгосон хүн олон. Би тэдний нэг.

ДУРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ, АМЬДРАХ ХАМГИЙН САЙХАН

-Тэгвэл бүжиг таны амьдралын салшгүй хэсэг болжээ гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ, амьдралаа бүжиггүйгээр төсөөлдөггүй. Би мөрөөдлөө зорилго, зорилгоо амьдрал болгосон. Тиймээс бүжиглэх гэж өдөр бүр клубтээ ирдэг. Хийж байгаа зүйл маань надад сонирхолтой санагддаг болохоор амьдралд шантарч, бухимдах зүйл бараг гардаггүй. Багш, дасгалжуулагч Ч.Анхбаяр бид хоёр бүжгийн спортоор 20 жил хичээллэж байна. Нэгдүгээр ангид байхдаа цэнгээнт бүжгээр анх хичээллэж, бүжгийн спортын тамирчин болох гараагаа эхэлсэн. Тэр үед А.Мөнгөнхуяг багш Монголд бүжгийн спортын холбоо байгуулж, бүжгийг спорт талаас нь хөгжүүлэн залуусыг хичээллүүлсэн. Бид өөрсдийн хамтлагаа байгуулж, баг бүрдүүлээд дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөж байгаа маань сайхан санагддаг. Аз жаргал гэж юу юм бэ гэж асуусан хүнд би дуртай зүйлийнхээ төлөө сэтгэл хангалуун ажиллаж, амьдрахыг хэлнэ гэж хариулдаг юм.

-Бүжигчид голдуу өөрийнхөө ажил, мэргэжлийн хүрээнээс амьдралынхаа сонголтыг хийсэн байдаг юм билээ. Та ч бас тэдний нэг үү?

-Миний эхнэрийг Э.Ариунзаяа гэдэг, гоо сайханч. Эхнэртэйгээ ярилцаад, Ч.Анхбаяртай хамтарч “Мастер дэнс” хамтлагаа байгуулж байв. Хамтлагийн маань бүсгүйчүүдийн хувцаслалтаас гадна сайхан харагддаг зүйл бол нүүр будалт. Эхнэр минь ажилд маань сэтгэл гаргаж тусалдаг. Биднийг ажил маань байнга холбоотой байлгадаг юм. ДАШТ-д оролцсон гадаадын бүжигчдээс манайхны нүүр будалт, хувцаслалт дутахгүй. Манай хамтлагийнхны амжилт, ажил үйлс өөдрөг яваа нь ханийн минь хичээл зүтгэлтэй холбоотой. Нэгнээ ойлгож, дэмжээд ажиллахад амжилт гаргадаг юм билээ. Бүжгийн клуб байгуулсан цагаас эхлээд хань минь жаргал, зовлонг маань хуваалцаж, гурван жил надтай хамт зүтгэсэн. Өнгөрсөн зун надаас “Та нар ДАШТ-д оролцох хэмжээнд бэлтгэгдлээ. Би одоо өөрийн гэсэн гоо сайхан, нүүр будалтын салон нээж ажилламаар байна” гэж санал тавьсан. Эхнэрийнхээ саналыг дэмжиж, “Master dance make up studio” нэртэй салон нээж өглөө.

УХРАХ ЭРХ БАЙХГҮЙ, УРАГШЛАХ Л ЗАМ БИЙ

-Тамирчдад хөгжилтэй зүйл бишгүй л тохиолддог. Дурсамж болгон ярих зүйл таны амьдралд ч гэсэн байдаг биз дээ?

-Тэмцээний үеэр нэг хөгжилтэй зүйл болдог юм байна. ДАШТ-д оролцож байгаа хамтлагийнхныг бүжиглэхэд багш дасгалжуулагчийг нь урьж, өмнө нь суулгадаг юм. Тэгсэн Ч.Анхбаяр бид хоёр бүжиглэх учраас ярилцаад эхнэрээ дасгалжуулагч багш болгож гаргахаар боллоо. Тэгсэн эхнэр “Би та нарыг дасгалжуулаагүй. Айж байна” гээд зөвшөөрдөггүй ээ. Тэмцээн эхлэх гээд байдаг, эхнэр гарахгүй гэж зөрүүдлээд нэлээд сандаргасан. Тэгсэн бүжгийн тэмцээн ч эхэллээ, эхнэр уригдаад, бидний өмнө суучихав. 

Дэлхийн бүжгийн тайзнаа бидний бүжиглэхийг эхнэр хараад сэтгэл нь их догдолсон гэсэн. Бүжиглэх зуураа эхнэрээ хартал уйлчихсан сууна. Тухайн үед бид хэддүгээр байр эзлэх нь чухал бус, хамгийн гол нь аваргуудын бүжиглэдэг тайзан дээр бүжиглэж, тэндээс гоё мэдрэмж авах л зорилготой байсан. Хамтлагаараа амьсгаа дарж зогсоод, шүүгчийн үнэлгээг сонсоод үнэхээр их баярласан. Бид ирэх жилийн тэмцээнд амжилттай оролцож, байраа урагшлуулах зорилго тавьсан. Тиймээс ухрах эрх байхгүй, урагшлах л зам бий. Бодож төлөвлөсөн зүйл олон тул өмнө нь гаргаж байсан хөлсөө гурав дахин урсгана.

-Хүүхдүүд тань бүжиг сонирхдог уу?

-Манайх хоёр охинтой. Бид хүүхдүүдийнхээ хүсэл, сонирхлыг хүндэлдэг. Урлаг, спорттой ойр орчинд өсөж байгаа болохоор мэдрэмжтэй нь ажиглагддаг юм. Хэрвээ охид маань бүжиг сонирхвол хичээллүүлнэ. Түүнээс биш та нар бүжгээр заавал хичээллэ гэж тулгахгүй. Юу сонирхож байна, тэр зүйлд нь анхаарал хандуулна.

-ДАШТ-д оролцох гэж бэлтгэлээ өдөр, шөнөгүй базаасан байх. Их ажлын ард гарсан болохоор алжаал тайлж амрах бодолтой байна уу?

-Намар ажил өрнүүн байдаг хойно бүжгийн спортын тэмцээн шил шилээ дараад болдог. Оролцох тэмцээн олон болохоор амрахаа түр хойшлуулаад, ажилдаа ханцуй шамлан ороод байна. Манайх латин, стандарт формейшн бүжгийн хамтлагтай. УАШТ-д амжилттай оролцож, эхний хоёр байр эзэлсэн хамтлаг ДАШТ-д өрсөлдөх эрхтэй. Амжилтын үр дүн биднээс шалтгаалах учраас маш их хичээнэ. Монголдоо ирээд завгүй ажиллахаа мэдэж байсан болохоор тэмцээний дараа ОХУ-д эхнэртэйгээ хэд хоног амарсан. Энэ ташрамд, бидэнд ДАШТ-д оролцох боломж олгосон МБСХ-ны ерөнхийлөгч А.Мөнгөнхуяг, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг болоод тэмцээнд оролцоход сэтгэлээрээ дэмжсэн бүжгийн спорт сонирхогчдод, мөн “Мастер дэнс” хамтлагийнхаа бүжигчдэд талархсанаа илэрхийлье.

Бэлтгэсэн: Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)