Б.САРАНЧИМЭГ: Тэтгэврийн шинэчлэлд нэг удаагийн халамж биш, урт хугацааны шийдэл хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгтэй ярилцлаа.

-Таны өргөн барьсан хуулиудаас Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг энд онцолъё. Энэ хуулийн ач холбогдол нь юу вэ?

-Хаврын чуулган завсарлахтай зэрэгцээд Н.Учрал болон нэр бүхий таван гишүүнтэй хамтран тэтгэврийн шинэчлэл хийх санаачилга гаргаж, уг хуулийн төслийг өргөн барилаа. Энэ хуулийн төсөл нийтдээ 10 бүлэг, 39 зүйлтэй. Өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүхэн цалингаасаа нийгмийн даатгал төлж байгаа. Гэтэл насаараа ажиллаж байгаад тэтгэвэрт гарах болоход тэр нь амьжиргаанд нь хүрэлцдэггүй. Яагаад гэвэл энэ төлсөн татварын тодорхой хувь нь хуримтлагдаад, хадгалагдаад, магадгүй хүү нь өсөж байх ёстой. Гэтэл манайд ийм тогтолцоо байдаггүй. Бодит байдалд өнөөдөр төлсөн татварын хувь нь өсөх биш, ахмадууддаа тэтгэвэр олгохын тулд жишээ нь, 2020 онд улсын төсвөөс 399.4 тэрбум төгрөгийн нэмэлт татаас олгож байна. Иргэд цалингаасаа төлсөн 17 хувийнхаа дөрвөөр нь хувийн тэтгэврийн хуримтлал үүсгэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийг өргөн барьсан гэж ойлгож болно.

-Хувийн тэтгэврийн сантай болсноороо хуримтлалаасаа хүү олох боломжтой юу?

-Тийм. Дөрвөн хувь нь л хувийн тэтгэврийн сан руу орно. Бусад нь одоогийнхоо зарчмаар явна гэсэн үг. Хамгийн гол нь хувийн тэтгэврийн санг бусад улс орны жишигтэй адилхан байлгах хууль, эрх зүйн тогтолцоо нь хэрэгтэй байгаа юм. Ажлын хэсгийнхэн Монголд хэрэгжүүлж болох тэтгэврийн тогтолцоо нь сайн гэж дүгнэгдэж болохуйц долоон орны нийгмийн даатгалын хуримтлалын тогтолцоог судалж байж уг хуулийн төслийг боловсруулсан. Тиймээс дараагийн чуулганаар хамгийн түрүүнд батлагдах хууль гэж итгэж байна. Энэ хууль батлагдсанаар иргэд дөрвөн хувиараа хуримтлал үүсгэж, эрүүл мэндийн хэрэгцээндээ зориулах, орон сууц худалдаж авахдаа зарцуулах зэрэг нэн шаардлагатай хөрөнгө оруулалтынхаа урьдчилгаа төлбөрт хэрэглэх боломж бүрдэнэ. Тэтгэврийн хуримтлал нь хүний өмч учраас хэрвээ үүнийг авч чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзвэл өвлүүлэх боломжтой юм. Уг нь дэлхийн жишгээр бол тэтгэвэртээ гарсан хүмүүс аялж зугаалаад, хүссэн зүйлээ хийгээд явж байдаг. Харин Монголд амьдрал ахуйд нь хүрэлцэхгүй, хүүхдүүдээсээ хамааралтай, тэтгэврийн зээлтэй амьдарч байгаа нь харамсалтай.

-Энэ хууль батлагдах хэр боломжтой гэж та харж байна вэ?

-Өнөөгийн Засгийн газар тэтгэврийн зээлийг тэглэснээрээ энэ шинэчлэлийг хийх боломж бүрэн нээгдэж байна. Урьд нь ахмадуудын олонх нь зээлтэй учраас шинэчлэл хийхэд гацаа болдог байлаа. Харин одоо нэгэнт орчин нь бүрдчихсэн учраас хийх ёстой.

-Үе үеийн Засгийн газар сонгууль дөхөөд ирэхээр тэтгэврийн асуудлыг хөнддөгийг та мэдэж байгаа байх. Энэ удаагийнх юугаараа өөр вэ?

-Өмнө нь өргөн барьсан хуулийн төсөл бодит ажил болж байгаагүй юм билээ. Тэтгэврийн асуудал бол улс төр хийх сэдэв огт биш. Тиймээс тэтгэврийн асуудлыг нэг удаагийн халамж биш, урт хугацааны шийдэл болгож, хууль, эрх зүйн орчныг нь сайжруулах ёстой. Уг хуулийн төслийг өргөн барьсан нь энэ ажлын эхлэл болж чадна. Ажлын хэсэг чамбай хуулийн төсөл өргөн барьсан нь амжилт, зөв чиг рүү нэг том алхсан ажил гэж бодож байна. Өмнө нь халамжийг л илүү чухалчилж ирсэн шүү дээ.

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлуулсныг тань ярихгүй бол болохгүй байх. Энэ хууль нь Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй хоёр дахь компакт гэрээ буюу хаягдал усыг дахин ашиглах, усны тогтвортой менежментийг бий болгох ажилтай холбоотой байсан гэж ойлгож байна, тийм үү?

-Усны зөв хэрэглээ, цэнгэг усны асуудал зөвхөн манай улс гэлтгүй дэлхий дахины хувьд маш хурцаар яригдаж байгаа. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь бидний амин хэрэгцээ болсон ус хомсдож буй энэ цаг үед цэнгэг усныхаа хэрэгцээг хамгаалахад маш том хувь нэмэр оруулсан гэж үзэж байна. Харин Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний зорилго бол хэрэглэсэн усаа дахин ашиглах, зөв менежмент хийх юм. Өнөөдөр цэнгэг усаа жорлондоо хэрэглэдэг манайх шиг улс орон цөөн. Монгол Улс маш азтай. Одоохондоо бидэнд цэнгэг усны нөөц байна. Гэхдээ байгаа нөөцөө бохирдуулаад, хэмжээ хязгааргүй хэрэглээд байвал хэзээ нэгэн цагт дуусна шүү дээ.

Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг авахын тулд бидний хүлээсэн нэг үүрэг бол Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байсан юм. Мөн Туул, Онон, Орхон, Хэрлэн зэрэг 10 гаруй голд 100.3 сая шоо метр бохир ус цутгаж байсан. Харин уг хууль батлагдаж хэрэгжсэнээр ус бохирдуулах нь багассан судалгааны дүн гарч байгаа нь эхний эерэг үзүүлэлт гэдгийг хэлэх нь зүйтэй.

-Эко гишүүн гэдэг нэртэй болтлоо ногоон хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулсан хүний нэг нь та. Харин сүүлийн жилүүдэд нийгмийн хамгааллын чиглэлд анхаарлаа хандуулаад байна уу?

-Байгаль орчин бол миний анхаарч ажиллах гол асуудлын маань нэг. Б.Саранчимэг гэдэг иргэн, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байхдаа ч, УИХ-ын гишүүнийхээ хувьд ч байгаль орчинтой зөв зохистой харилцааг тогтоохын төлөө, улсынхаа ногоон хөгжлийн бодлогын төлөө ажилласаар ирсэн. Цаашид ч энэ чиглэлээ орхихгүй ажиллана. 2019 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Байгаль хамгаалал ч, нийгмийн даатгалын системийг сайжруулах ажил ч төрийн хамгаалах үндсэн үүрэг мөн. Нийгмийн даатгалын системийн хувьд ахмад настнуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа иргэд, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах эрх зүйн орчин юм. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн санаачлагчаар мөн ажиллалаа.

-Таныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Саранчимэг гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Японы Киото дахь Монголын төлөөлөгч Сато Норикогоос өөрийн чинь тухай сонсож байсан юм. Харин одоо цэцэрлэгт хүрээлэн арай л онцгүй болсон шиг санагдах юм.

-Хамгийн анх ажлаа аваад шороо эргэсэн, шарилж ургасан хоосон газарт 27 ажилтантайгаа очиж байснаа тод санаж байна. Мод ургах, үгүй нь ч тодорхойгүй газрын хил хязгаарыг тогтоохоос эхлээд их л ажлыг хамт олныхоо уйгагүй хичээл зүтгэлээр хийсэн. Улсынхаа бодлогоор хүрээлэнгээ илүү хөгжүүлээсэй гэж хүсдэг. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлж, 110 гаруй мянган мод, бут, сөөг тарьж ургуулсан. Тэр үед хүрээлэнгийн газраас нэг ч сөөмийг өөр зориулалтаар ашиглаагүй. Энэ хүрээлэнгийн ногоон байгууламжийг дагаад эдийн засгийн хөгжил ирнэ гэж боддог. Хэзээ нэгэн цагт үрслүүлсэн модныхоо сүүдэрт сууна даа. Ямар ч юмыг барьж байгуулсны дараа арчилж тордох нь чухал шүү дээ.

-Тухайн үед хүрээлэнгийн газрыг, бас уг төсөлд зориулж хандивласан мөнгийг мод тарихад зориулна гэдэгт итгэсэн хүн цөөн байсан болов уу?

-Худал амлалт сонссоор байгаад иргэд, тэр бүү хэл тухайн үеийн удирдлагууд хүртэл итгэл муутай л байсан. Тэгээд л их эсэргүүцэлтэй тулгарсан байж магадгүй. Гэхдээ их ярихаас хийх нь дээр. Хийсэн зүйл нь бодитоороо байхад түүнийг тайлбарлах шаардлагагүй гэж би боддог. Дотоодоос гэлтгүй гадаадаас их олон байгууллага болон хүмүүс тусалсан, тэдэнд маш их талархаж явдаг. Хүрээлэнгээ төлөвлөхдөө зөвхөн ногоон ургамал ургахаас гадна иргэдийн маань цагаа зөв зохистой өнгөрөөх орчин нь бүрдсэн газар байх ёстой гэдэг зорилго тавьсан. Тэнд гүйж яваа хүмүүс, хөлбөмбөг, сагсан бөмбөг тоглож, дугуй унаж буй хүүхэд, залуусыг хараад бидний ажил үр дүнгээ өгч дээ гэж баярладаг шүү.

-Та Баянзүрх дүүрэгт бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж буй юм байна лээ. Тэр тухайгаа ярина уу?

-УИХ-ын гишүүн дүүргийнхээ сургууль, цэцэрлэгийн асуудалд анхаарах нь зүй ёсны үүрэг гэж боддог. Тэр иргэдийг төлөөлж байгаагийн хувьд юуны өмнө тэдний сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хүүхдүүдийн тоглох орчинд анхаарч ажиллах ёстой. Баянзүрх дүүрэг маань хамгийн олон хүн амтай хэрнээ эрүүл, аюулгүй орчин нь бүрэн хангагдаж чадаагүй л байна. Анх 2016 онд иргэдтэй уулзаж байхад маш олон санал, хүсэлт ирж байсан. Тэдний зарим нь бүрэн ажил хэрэг болоод хэрэгжээд явж байгаа. Ногоон байгууламж, цагаа зөв зохистой өнгөрөөх газраас гадна эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу байсан. Баянзүрх дүүргийн XIV хороо гэхэд улсын нэг ч цэцэрлэггүй байсан. Харин одоо улсын хоёр цэцэрлэгтэй болсон. Баянзүрх дүүрэгт цэцэрлэг, сургуулиас гадна гудамж, талбайн камержуулалт, гэрэлтүүлэг, зам, талбайн тохижуулалт гээд хийгдсэн ажил олон бий. Цаашдаа ч хийх ажил их байгаа.

-Зөвхөн та гэлтгүй танай гэр бүл эрүүл амьдрал, эрүүл хооллолт гэдэгт их анхаардаг юм байна лээ. Танай хүүг ч бас “Монгол HD” телевизээр гардаг гэдгээр нь хүмүүс андахгүй байх.

-Манай том хүү sport science буюу спортын эмч мэргэжлээр суралцаж төгссөн. Би анх хүүгээ олон улсын харилцааны мэргэжилтэн болоосой гэж хүсэж байсан юм. Гэтэл сургуульдаа орчихоод “Ээж ээ, энэ зам минийх биш юм байна аа. Би эрүүл хоололтоор мэргэшмээр байна” гэхэд нь дэмжсэн. Бид их зүйлийг хүүгээсээ суралцсан. Одоо бас бага хүүгээсээ суралцаж байна даа. Бага хүү маань дэлхийд тренд болоод байгаа минималист амьдралын хэвшилтэй.

-Эрүүл хооллолт гэх сонголтын хувьд танай нөхөр дургүйцээгүй юү?

-Нээрээн л нэг хэсэг гэрт маань “асуудал” үүссэн шүү. (инээв) Гэхдээ эрүүл амьдрал хэр чухлыг хүү маань бидэнд ойлгуулж чадсан. Хүү маань спортын эмч мэргэжил эзэмшиж, гэрийнхэндээ гэлтгүй олон хүнд эрүүл амьдралын хэв маягийн талаар сургалт явуулж байгаагаар нь бахархдаг. Бид өвдсөнийхөө дараа санаа зовох биш, өвдөхгүй байхын төлөө эрүүл сайхан амьдарч, зөв бодолтой байх ёстой. Мөнхөө бид хоёр оюутан байхдаа танилцаад 30 жил хамт амьдарч байна. Манай хүн хүүхдүүдийнхээ гэлтгүй миний бодож, хийж буй бүхнийг зөв л байвал үргэлж дэмждэг. Би өөрийгөө их азтай эмэгтэй гэж боддог.

-Хүүгээ өөр мэргэжил сонгоосой гэж бодож байсан гэж ярилаа. Та их ховор мэргэжилтэй хүн юм шиг санагддаг.

-Дундговь аймгийн нэгдүгээр арван жилийг алтан медальтай төгсөөд, 360 хүүхдээс нэгт орлоо гэхэд аав минь ирсэн сургуулийн хуваариудыг хараад удирдлагын автоматчлагдсан системийн инженер мэргэжил хамгийн ирээдүйтэй нь шүү гэж хэлсэн. Аавынхаа энэ зөвлөмжийн дагуу мэргэжлээ сонгосон. Аав минь их мундаг эдийн засагч, их ч юм бичдэг хүн байсан. Тэгээд Орос явахаасаа өмнө Эрдэнэтийн удирдлагын системийг аваачиж үзүүлж байлаа. Тэр үед том шкаф шиг л системүүд байсан. Яагаад ч юм тэрийг хараад л аавын маань зөв гэдэгт бүрэн итгэсэн. Новосибирскт их сургуульдаа очоод дандаа л тоо, физиктээ их сайн хүүхдүүд цугларсан байхыг хараад аав минь ирээдүйтэй мэргэжил гэхээсээ гадна намайг тоонд илүү сонирхолтойг бодоод ийм зөвлөмж өгч дээ гэж ойлгосон. Энэ мэргэжил өнөөдөр амжилттай явахад минь ч гэсэн их нэмэр болж, сэтгэлгээг илүү задалж, аливаа ажлыг системтэй хийдэг болгоход нөлөөлсөн юм уу гэж хардаг.

-Та мэргэжлээрээ ажилласан уу?

-УИХ-ын Тамгын газарт системийн инженерээр ажилд ороод Төрийн ордны дотоод сүлжээ, программ, техник хангамжийг нь анх хариуцан хийж байлаа. Тэр үед вэб хуудас дөнгөж нээж байсан үе. Төрийн байгууллагуудын дунд уралдаан зарлахад хийсэн вэб хуудас маань нэгт орж байсан, төрийн далбааг хийсгэдэг болгох гээд программ бичиж байсан маань саяхан юм шиг л санагдаж байна. Миний мэргэжил их гоё шүү.

-Их сонин түүх байна. Та хэзээнээс шатар сонирхож эхэлсэн бэ?

-Би багаасаа л шатарт дуртай хүүхэд байсан. Хажуу айлд маань өвөө нар ирж, шатар тоглоно. Тэгэхэд анх харж дурлаад, сурсан.

Өвөөгийнхөө бэлэглэсэн модон шатрыг сугавчлаад л хүмүүсийг тоглоё гээд гуйгаад явдаг охин байлаа. Тэр цагаас хойш 46 жил өнгөрчээ. Мөрөөдөл минь биелж, Карповтой уулзаж, бүр Москва хотноо болсон дэлхийн парламентын гишүүдийн дунд зохиогддог шатрын олон улсын тэмцээнд эмэгтэй гишүүдийнхээ дунд тэргүүн байрт орж, шагналаа түүнээс гардаж авснаар бахархдаг.

-Шатар таныг төлөвшүүлэхэд их нэмэр болсон уу. Номоо яагаад “Шийдэмгий нүүдэл” гэж нэрлэсэн юм бэ?

-Шатар бол хүнд тэвчээр суулган, аливааг томоор харж, системчлэхээс гадна шийдвэр гаргах чадварыг суулгадаг. Энэ бол оюуны спорт төдийгүй амьдралын ухаан. Шатарт ухарч нүүх боломж байдаггүй. Тиймээс бүгдийг тооцож байж хожлын төлөө нэг л шийдэмгий нүүдэл хийх ёстой болдог. Амьдрал ч гэсэн яг ийм. Амьдралын нүүдлийг буцаах боломжгүй учраас хамгийн зөв шийдвэр гаргахыг хүнээс алхам тутамдаа шаарддаг. Том шийдвэр гаргах үед шатар одоо ч надад тус болдог. Бодоход туслахаасаа гадна нүүдэл, сонголт хийлгэхэд сургасан. Тэр ч утгаараа шатрын спортыг хүүхэд, залуучуудын дунд хөгжөөсэй гэж их хүсдэг. Оюуны спортын ордон байгуулагдаж, шатрын холбоо үндэсний шигшээгээс хасагдсан байснаа больж, шатрын клубүүдтэй боллоо. “Ногоон бэрс” клубийнхээ хүрээнд 10 мянга гаруй хүүхдийг шатартай амьдралаа холбоход нь хувь нэмэр оруулсандаа сэтгэл дүүрэн байна.

-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Таны санаачлан хийж байгаа ажлуудад амжилт хүсье. Мөн Олон улсын парламентын холбооны Аюулгүй байдал, хүний эрхийн байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр Монгол Улсаас сонгогдсон анхны эмэгтэй гишүүн болж, улсынхаа нэрийг гаргасан танд дахин баяр хүргэе.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ()