Б.САЙНБУЯН: Эрэгтэй бөхчүүдэд хэд шийдүүлснийхээ дараа барилдахаа больё гэж бодcон

Самбо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Сайнбуян жүдо бөхөөр ч бас хичээллэдэг. Авга ах, улсын заан Д.Бумбаяр нь түүнийг бөхийн ертөнцөд хөтөлж авчирснаар тамирчин болох гараагаа эхэлжээ. Дэлхийн болоод эх орныхоо дэвжээнээс хэдэнтээ медаль хүртсэн түүнийг өвөө С.Дамиран нь хүүхэд байхаас нь самбо, жүдо бөхөөр хичээллүүлэхээр “уруу татсан” гэдэг. Үндэсний спортоо дээдэлж, үр хүүхдүүдээ бөх, сурын харваа, морьтой нөхөрлүүлэн амжилтад хүргэсэн өвөө нь ач, зээ нараасаа их спортод хөл тавиулахыг зорьсон нь тэр. Зорьсон хэрэг нь ч талаар болсонгүй. Охин нь мөрөөдлөө биелүүлж, ямар тамирчин болсноо дэвжээнд харуулан төрийн дууллаа эгшиглүүлэхэд аав, ээж нь ихэд баярлан, баярын нулимс унагаж байжээ.

Б.Сайнбуян (+64, +68, -72, -78, -80 кг) хамгийн олон жинд барилдсан тамирчин. Жин, жинд барилдсан барилдаан нь түүнд мартагдахааргүй дурсамж үлдээж байв. Тухайлбал, 2014 онд ОХУ-ын Москва хотод самбо бөхийн Дэлхийн супер цомын тэмцээний +68 кг-д хүч үзэж хүрэл, 2018 онд насанд хүрэгчдийн ДАШТ Румын улсын нийслэл Бухарест хотод болоход -80 кг-д зодоглож мөн л хүрэл медаль хүртсэн байдаг. Тэгвэл энэ удаа БНСУ-ын Чунжү хотод болсон дэлхийн тулааны спортын II наадамд оролцож, +64 кг-д барилдан алтан медаль хүртэж, спорт сонирхогчдыг баярлуулав.

ХОЖИЖ ЯВААД ХОЖИГДОХ, ХОЖИГДОЖ ЯВААД ХОЖИХ НЬ БАЙДАГ Л ЗҮЙЛ

-Медалийнхаа өнгийг хувиргаж, алтан медаль хүртсэн танд баяр хүргэе. Ойрд урмын үгэнд бялуурч байна уу?

-Баярлалаа. Онгоцноос буугаад л гэр бүл, ах дүүс, найз нөхдийнхөө урмын сайхан үгийг сонслоо. Одоо ч гэсэн утас дуугарсаар, баяр хүргэсэн хүн олон байна. Өнгөрсөн даваа гарагт хамт олон маань сайхан хүлээж авлаа. Самбо бөхийн шигшээ багийнхан энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцож, олон медаль авсандаа сэтгэл өндөр явна.

-Манайхан багаараа III байрт жагссаныг сонсоод чамлахааргүй амжилт гаргажээ гэж баярлаж суулаа.

-Тэмцээн дуусахаас хэд хоногийн өмнө багийнхаа оноог хартал хойгуур жагсаж байв. Тэр үед жин, жиндээ тамирчид сайн барилдаж байж байраа урагшлуулах юм байна даа гэж бодсон. Сүүлчийн өдөр манай самбочид учраагаа ялж, бүгд медаль хүртэж багийнхаа байрыг ахиулсан. Хасах жингээс нэмэх жинд анх удаа барилдсан болохоор надад бодох зүйл их байлаа. Дасгалжуулагч “Өөртөө итгэлтэй байж, сайн барилддаг юм шүү” гэж хэлээд дэвжээнд гаргасан. Эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Филиппин улсын тамирчинтай таарлаа. Эхлээд учраа олохгүй байсаар хоёр оноо алдав. Тэмцээний явцад барилдааных нь арга барилыг мэдэж, цаг дуусахад нэг минут дутуу байхад ялсан. Учраа маань жин их, бие том, бярдаж барилддаг, сууж үүрдэг бөх байсан. Тэр үед урагш, хойш мэх хийх үү, хэвтээ барилдаанд шилжих үү гэж бодож байтал сууж үүрэх гээд өөрийнхөө мэхэнд ороод ирэхэд нь арагш нь дарж 4:2-оор хожсон. Өрсөлдөгчөө судлахад +64 кг-д сайн барилддаг, ДАШТ-д хэдэн удаа оролцсон, хашир туршлагатай тамирчин байсан. Би түүнээс олон зүйл мэдэж авлаа. Тамирчдад санаанд оромгүй, гайхмаар зүйл олон тохиолддог. Тэмцээнд хожиж яваад хожигдох, хожигдож яваад хожих нь байдаг л зүйл. Надад ч ийм явдал тохиолоо.

-Алтан медалийн төлөө барилдсан барилдаан чинь сонирхол татаад байна л даа. Тодруулж яриач?

-Зооноосоо шалгарч, алтын төлөө хүч үзэхийн өмнө нөгөө зоонд барилдаж байгаа бөхчүүдийг харсан. Дэвжээнд өрсөлдөгчийнхөө барилдааны аргыг олж, хариу мэх хийж чадвал ялж болох юм байна гэж бодсон. Аваргын төлөөх барилдаанд учраа бөхөө би 8:0-ээр илүүрхэн буулгаж авсан. Монголын тамирчид бөхийн спортод амжилт гаргадаг нууц нь энгийн. Хэнд ч бууж өгөх дургүйгээс гадна хэрэглэж байгаа хүнс, амьдарч буй нутгийн агаар, ус тохирч байгаад хамаг учир бий. Бас манайхан хаана ч очсон дасан зохицох чадвар сайтай. Бэлтгэлд зориулсан эрч хүч, энерги нөхөх чадвараараа гадаадын тамирчдаас илүү. Тэдний хэрэглэдэг хоол хүнсний ихэнх хувийг ногоо эзэлдэг. Суурин амьдралтай болохоор цэвэр агаар, байгалиас авах энерги, эрч хүч их дутагдаж, амархан ядарч цуцдаг нь ажиглагдсан.

-Та хүсэл мөрөөдлийнхөө төлөө олон жил зүтгэж байгаа тамирчны нэг. Зорилгодоо хүрэхэд хэр ойрхон байна вэ?

-Би спортын ертөнцөд хөл тавиад 13 жил боллоо. Дэлхийн аварга болох зорилго өвөртөлчихөөд зүтгэж явна. БНСУ-ын Сөүл хотод ирэх арваннэгдүгээр сард ДАШТ болно. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Уг нь түрүүлэх боломж байсан ч өөрийнхөө алдаанаас болж ялагдсан юм. Дахиж алдахгүйг хичээж, бэлтгэл сургуулилалтаа сайн базааж байгаа.

-Спорт сонирхогчид өөрийг тань ААШТ, ДАШТ-ээс медальтай ирнэ гэж хардаг юм билээ. Олны итгэлийг алдахгүй дааж явна гэдэг нэг талаар амаргүй хариуцлага юм шиг санагддаг уу?

-Хойшдоо -80 кг-ын жинд барилдана. Энэ жинд надтай эн тэнцүү хүч үздэг туршлагатай тамирчин олон. Тэдний дундаас Беларусь, Болгарын тамирчинтай хэдэн удаа таарч барилдаад ялагдсан. Болгарын бөх ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн. Барилдааныг нь судалж байна. Даагаа нэхэж, ДАШТ-д хожино гэсэн зорилготой. Спорт намайг олон талаар өөрчилсөн. Хамгийн түрүүнд хатуужил, тэвчээрт сургалаа. Надад шантарч алдах, сөхрөөд босох үе бишгүй байсан. Жингийнхээ тамирчдаас шалгарч, дэлхийн тэмцээнд оролцох болохоор заавал түрүүлэх ёстой гэсэн бодол тээж яваа. Тэмцээн дөхөхөөр үүнээс өөр зүйл бодогддоггүй.

ӨРСӨЛДӨГЧИЙНХӨӨ НЭР АЛДАРТАЙ НЬ БИШ ӨӨРТЭЙ НЬ БАРИЛДАХ Л ЧУХАЛ

-Самбо бөх эрсдэлтэй спортод тооцогддог. Охиноо самбогоор хичээллэхээр сэтгэл шулуудахад аав, ээж тань хэрхэн хүлээн авч байв?

-Сурагчдын өвлийн амралтын үеэр телевизээр Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Д.Цэрэнханд нарын тухай нэвтрүүлэг гарсан юм. Нэвтрүүлэг үзэж суусан өвөө минь надад “Чи бөхийн спортоор хичээллээч. Хөл, гар, биеийг чинь харахаар бөх болмоор санагдах юм” гэж хэлсэн. Бөхийн удамтай болоод ч тэр үү би үеийнхнээсээ өндөр, биерхүү хүүхэд байв. Нэг өдөр авга ах, улсын заан Д.Бумбаяр намайг бөхийн клуб рүү авч явлаа. Очтол нэг ч эмэгтэй тамирчин харагдсангүй. Ингэж л би дасгалжуулагч Г.Барсүрэн багшийн удирлагад бөхөөр хичээллэн, эрчүүдтэй хамт тамирчин болох гараагаа эхэлж билээ.

Багш маань хичээллэж эхэлсэн эхний өдрөөс самбо бөхийн барилдааны онцлог, арга барил, техник, тамирчин хүн зөв унаж, биеэ хэрхэн хамгаалж сурах талаар зөвлөсөн. Бэлтгэл дээр эрэгтэй тамирчдад хэд шидүүлээд л барилдахаа больё гэж бодсон. Хичээлдээ анхаараад самбогоос нэг хэсэг хөндийрчихсөн байтал өвөө “Чи бэлтгэл яагаад хийхгүй байна. Бөхийн спорт чамд тохирно. Клубтээ оч, тамирчидтайгаа хичээллэ” гэв. Бэлтгэл хийж, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд орж түрүүллээ. Тэр тэмцээн надад тамирчин болох урам хайрласан. Хичээх тусах самбод улам дуртай болсоор байлаа. Өглөө хичээлдээ явна гэж гараад танхимд очно. Орой тамирчдын ирэхийг хүлээж байгаад бэлтгэл хийх боллоо. Сургуулийн захирал, багш нар намайг мэдэж, тэмцээнтэй үед хичээлээс чөлөөлдөг болж билээ.

-Өвөөг тань бөх барилддаг байсныг санаж байна. Хүүхдүүдээ үндэсний спорттой нөхөрлүүлж, амжилтад хүргэсэн тухай нутгийнхан нь ярьдаг юм билээ?

-Тийм ээ. Өвөөг маань С.Дамиран гэдэг. Үндэсний бөхөөр барилдаж, аймгийн арслан цол хүртсэн. Бөхийн удмыг нь залгуулж Бумбаяр ах барилдан, улсын заан цол хүртсэн. Авга эгч Д.Норжмаа үндэсний сур харвадаг, улсын даян мэргэн, авга ах Баатархүү хурдан морь уяж наадамд уралдуулдаг, аймгийн алдарт уяач. Авга ах, эгчийнхээ спортод гаргасан амжилтаар бахархдаг. Тэд үндэсний спортоо дээдэлж, өв соёлоо тээж яваа. Монголд бахархал болсон ийм гэр бүл ховор шүү дээ.

-Тамирчин хүн сайн өрсөлдөгчтэй байж амжилт гаргадаг гэдэг. Учраа бөхчүүдийнхээ давуу талаас суралцдаг уу?

-Суралцалгүй яах вэ. Беларусь улсын 72 кг-д хүч үздэг тамирчин босоо барилдаанаас хэвтээ рүү их эвтэйхэн шилждэг. Гарнаас хөл рүү шилждэг мэх нь уран. Ихэвчлэн хөл татаж ялдаг. Дэвжээнд барилдах тусам цочроо гардаг шиг өрсөлдөгчтэйгөө хэдэн удаа таарахаар арга барилыг нь мэддэг болчихдог. Нэр алдартай нь биш өөртэй нь барилдах л чухал. Басаж биш давуу талуудаас нь суралцах хэрэгтэй. Тамирчин хүн өрсөлдөгчөө судлахгүйгээр амжилт гаргахгүй. Учраа бөхийнхөө барилдааных нь онцлогт тааруулж, мэхнийх нь эсрэг хийх хувилбар бодож олно. Би учраа бөхийнхөө хөл рүү ордог, тахимдах, суйлах, өмсөх мэхээр оноо авдаг. Миний дархан мэх гэж ойлгож болно. Чөлөөт, жүдо, үндэсний бөхийн мэхний олон хувилбарыг самбо өөртөө багтаадаг. Жүдо гар өчдөг, самбо хөл өчдөг онцлогтой. Байлдааны самбо тун сонирхолтой, үзэгч олонтой. Бокс, холимог тулааны шинж агуулдаг. Тулалдах явцдаа барилдана, барилдах явцдаа тулалдана.

-Тамирчин хүн өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй. Учраагаа басаж байгаад хожигдсон тохиолдол байдаг уу?

-Бий, бий. 2014 онд Токиод болсон ДАШТ-д +68 кг-д Финланд улсын тамирчинтай таарсан. Өмнө нь түүнийг хоёр ч удаа хожиж байсан болохоор яагаад ч юм сэтгэлд багтаад. Энэ улсыг самбо бөхийн алдартай тамирчидтай гэж сонсоогүй, хожчих байх гэж бодоод дэвжээнд гарсан. Нэг оноогоор хожиж явснаа барилдаан дуусахад 10 секунд дутуу байхад оноо алдаж хожигдсон. Дэвжээнээс буухад ОХУ-ын дасгалжуулагч “Чи яагаад хожигдож байгаа юм бэ” гээд цохиод авсан. Хэрвээ намайг хожсон бол Оросын тамирчин дагах барилдаан хийх байсан юм.

МИНИЙ ШАРЫГ МАЛТАЖ, ТООМЖИРГҮЙ ХАНДАХ ТУСАМ ХИЧЭЭДЭГ

-Шантарч буцахад чинь хамгийн их зориг өгч, урагшлуулсан зүйл юу вэ?

-Тамирчин хүнд жин хасах, бэртэл авах хамгийн хэцүү. Тийм үед сэтгэлийн хат тэвчээр, гэр бүлийн дэмжлэг хэрэг болдог. Мэдээж хүн л юм чинь ядарч халгана, шантарч буцна, уйлж тайвширна, баярлаж гомдоно. Тамирчин гээд л төмөр шиг биетэй, хатуужсан сэтгэлтэй байдаг гэж ойлгож болохгүй. Хүнд байдаг сэтгэл хөдлөлийг бид ч гэсэн гаргана шүү дээ. Тэмцээнээс тэмцээнд оролцох тусам зорилготой болж, барилдах тусам бусдаас суралцаж, ир ордог юм билээ. Нэг үеэ бодвол магтаал, шүүмжлэл даадаг болжээ. Магтахад учиргүй хөөрч, шүүмжлэхэд гомдохоо больсон. Би дуу цөөнтэй, юманд тайван, хүлээцтэй ханддаг. Барилдахдаа ч энэ зангаа гаргана. Учраа бөхөө тайван барилдуулж байгаад л барилдааны цаг дуусах дөхөхөөр өөрт байгаа бүхнээ гаргаж хождог. Гадаадын зарим тамирчин намайг “Энийг юу байх вэ, дор нь хожчихно” гэж бодож дэвжээнд гардаг юм шиг байгаа юм. Хожигдчихоод гайхсандаа толгой сэгсэрч байгаа харагддаг. Надад хожигдсон нэг тамирчин “Чи миний бодож байснаас огт өөр юм, харагддаг шигээ биш юм байна” гэж хэлж билээ.

-Ямар нэг мэргэжлээр суралцдаг уу?

-Үгүй ээ. Ажлаа хийхийн хажуугаар бэлтгэл сургуулилалтдаа зав гаргаж байна. Би Дотоодын цэргийн 05 дугаар ангид дэд ахлагч цолтой. Надад ажил маань таалагддаг. Цэргийн байгууллагад ажиллах цаанаа өөр, эрч хүч, дайчин байдал, цог жавхааг

мэдрүүлдэг юм. Өглөө болгон “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” гэж ёсолдог. Тэмцээнд “Бид чадна, бид ялна” гэсэн өөдрөг бодолтой оролцоно. Цэргийн хүн бүх зүйлд бэлэн байх ёстой, тиймээс хамгийн түрүүнд дэг журам, сахилга баттай болдог. Ажилдаа хариуцлагатай хандахаас гадна зөв хандлагатай байхыг эрхэмлэдэг.

-Гэр бүл тань хамгийн найдвартай ар тал байдаг байх. Ойр дотнын хүмүүс тань ялалт, ялагдлыг чинь ойлгодоггүй бол амжилт гаргахад хэцүү шүү дээ?

-Миний хамгийн найдвартай бат цайз бол гэр бүл маань. Аав, ээж минь дэмжсэний хүчинд би эргэж буцахгүйгээр тамирчны зам сонгосон. Гэрийнхэн маань чадахаараа тусалж, хамтдаа зүтгэдэг. Орой бэлтгэлээс ядраад ирэхэд ээж халуун хоол, цайтай угтана. Тайван амарч, алжаал тайлах боломжоор хангадаг гэр бүлдээ баярладаг. Спортоор залуу насандаа л амжилт гаргана. Тиймээс гэрлэх асуудлыг хойш тавиад, бэлтгэл сургуулилалт, тэмцээнд анхаарлаа хандуулж байгаа.

-Тамирчдынхаа жаргал, зовлонтой нь дасгалжуулагч хамгийн ойр байдаг. Багшийн зааж сургах, зөвлөхөөс амжилт ихээхэн шалтгаална биз?

-Тамирчдынхаа зан чанарт тохируулаад бэлтгэл хийлгэдэг дасгалжуулагч байдаг. Тухайлбал, заримынх нь хор шарыг малтах тусам сайжирдаг бол зарим нь сэтгэлийн дэм, урам зоригоор урагшилдаг. Миний шарыг малтаж, тоомжиргүй хандах тусам хичээдэг. Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан багш “Чамд боломж байхад ер ашиглахгүй юм. Барьцаа ингэж татахгүй яасан юм. Чамайг олон тэмцээн хүлээж байна, хичээгээч, хичээгээч” гэж шар малтдаг бол, Ц.Очирбат дасгалжуулагч тэмцээнд тааруухан оролцвол бэлтгэл хийлгэдэг байснаасаа ч тоомжиргүй хандана. Хэнэггүй, хямсгар байдал нь “дургүй” хүргэнэ. Тийм үед “Би яасан юм бол, бэлтгэлээ улам сайн хийх ёстой юм болов уу. 

Эсвэл намайг тэмцээнд амжилт гаргаж чадахгүй гэж бодоод байгаа юм болов уу” гэж боддог. Заримдаа тэмцээн дээр огт өөр хүн шиг болчихно. Г.Үүрцолмон дасгалжуулагч шударга зантай. Тамирчны бурууг нүүрэн дээр нь түс тас хэлнэ. Өглөөний дасгалд хүчний бэлтгэл түлхүү хийлгэдэг. Өөрөө туухай өргөлтийн тамирчин болохоор барилдаанд гарын барьцыг бяртай, хүчтэй байлгах тал дээр их анхаардаг. Би багшийнхаа хийдэг дасгалуудыг харсаар байгаад туухай өргөх дуртай болсон. Өдөр болгон өөр дасгал хийлгэдэг. Багшийг байхгүй үед дасгал сургуулилалт хийсэн ч хийгээгүй юм санагддаг. “Тамирчид аа, эрчтэй, эрчтэй, хурдан хурдан” гээд л заалаар нэг хашхирна, бид ч багшийгаа дагаж хашхираад л бэлтгэл хийдэг.

-Спортын өөр төрлөөр сонирхож хичээллэмээр санагддаг уу?

-Нэг хэсэг газрын теннис сонирхон судалж үзсэн. Багш олоод хичээллэж үзэхээр хайсан ч олдоогүй. Спортын гоё төрөл ч гэлээ манайд сайн хөгжөөгүй болохоор тэгсхийгээд орхисон. Улсын даян мэргэн Д.Норжмаа эгч намайг үндэсний сураар хичээллүүлэхээр сурын талбайд хэдэн удаа авч очлоо. Үндэсний сураар хичээллэсэн хүн гартаа бяртай байдаг юм, чи татаад үз дээ” гээд нумаа өгөв. Татаж үзтэл чанга, хүнд гэж жигтэйхэн. Нум хэд татаад л барахгүй юм байна гэдгээ мэдсэн.

-Танд чөлөөт цаг хэр гардаг вэ. Хамгийн сүүлд найз нөхөдтэйгөө ямар үзвэр үзэв?

-Зав тун бага. Энэ жил олон тэмцээнд оролцлоо. Одоохондоо ажил, гэр, тэмцээн, бэлтгэл сургуулилалт гэсэн жимээр л явж байна. Тэмцээн дөхсөн үед бэлтгэл шаргуу хийхээр жаахан ядардаг болж. Тиймээс аль болох гэртээ тухтай амрахыг боддог. Хааяа саун, бассейнд орж алжаал тайлдаг. Бэлтгэл хийсний дараа хөнгөн хэмнэлтэй хөгжим, аяз, уянгын дуу сонсож тайвширдаг. Гоё хөгжим сонсоод бэлтгэлдээ ороход сэтгэл сэргээд сайхан болдог юм. Энэ дашрамд, намайг үргэлж дэмжиж ирсэн “Алдартан” бөхийн дэвжээ, “Хүч” спорт хорооны багш дасгалжуулагч, тамирчдад, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчдадаа баярлаж талархсанаа уламжилъя.

Бэлтгэсэн: Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)