Б.Пүрэвдорж: Ш.Батхүүгийн эхэлж зээлсэн 50 сая ам.долларын 48 саяыг нь “Ocean partners” төлсөн

УИХ-д зөвлөл байгуулан ажиллаж буй АН-ынхан өчигдөр хуралдаж, мэдээлэл хийлээ. Тухайлбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж буй гишүүн Х.Нямбаатарын мэдээллийг тэд сонссон байна. Мөн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж буй ажлын хэсэгт санал, дүгнэлт хүргүүлэхээр санал нэгджээ. Харин АТГ-ын удирдлагад нэр дэвшүүлсэн хүмүүсийн талаар тодорхой мэдээлэлгүй тул тухайлан ярилцаагүй гэнэ. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангалтгүй буюу 26 хувьтай гэж дүгнэсэн байна.

Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”, “Стандарт” банкны өрийн асуудалтай холбоотойгоор байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг Б.Пүрэвдорж гишүүн сэтгүүлчдэд танилцууллаа. “Жаст” группийн захирал Ш.Батхүү нарын “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан өр төлбөрийг барагдуулахын тулд тус үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаад буй. Үүнийг барагдуулахдаа манай Засгийн газар Английн “Ocean part¬ners” компаниар дундын зуучлал хийлгэж, “Стандарт” банкныхантай тохиролцоонд хүрсэн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлсэн. Тэгвэл “Ocean partners” компанийн зуучлалын хөлсөнд нь зэсийн баяжмал хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх гэрээ хийсэн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж онцолсон юм. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн тодорхой хувийг барьцаалан авсан зээлд “Ocean partners” компани холбогддог. Энэ нь 1998 оноос хойш “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг тасралтгүй борлуулсан компани. Уг компани тус зээлийг авахад зуучилсан. Өөрөөр хэлбэл, “Жаст”-ын гэгддэг Ш.Батхүүгийн авсан эхний 50 сая ам.долларын зээлийн буцаан төлөлтийн 48 саяыг нь зэсийн баяжмалынхаа төлбөрөөс “Ocean partners” төлсөн байна. Сая 40 сая ам.доллар төлөхөд тус компани дахин оролцсон. Энэ компани анхнаасаа санхүүгийн луйварт хамжигчаар ажилласан. Трейдер компани атлаа олон улсад явагддаг өрийн зуучлалд оролцсон. Сая зуучлалаар ажиллахдаа дахин таван жил зэсийн баяжмалын трейдерээр орох хэлцлийг улс төрийн нөлөө бүхий хүнтэй тохирсон байна. Эндээс “Стандарт” бол нэр төдий банк болох нь харагдаж байна. “Ocean partners” өөрөө зээл өгч, түүнийг төлөхөд нь ч оролцсон. Тус компани 1998 оноос хойш нийт 2.3 сая тонн баяжмал борлуулсан. Үүнийг өнөөдрийн ханшаар тооцоход 3.2 тэрбум ам.доллартой тэнцэнэ. Энэ “Ocean partners”-ынхан Монголын улстөрчидтэй гүн хэлхэлдсэн нь харагдаж байна. Тиймээс “Жаст”-ын Ш.Батхүү болон буруутай этгээдээр “Стандарт” банканд тавьсан 143 тэрбум төгрөгийн өрийг төлүүлэх ёстой. Үүнийг эрх баригчдад байнга сануулах болно” гэв. Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Төрийн өмчийн компани хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид батлан даалт гаргасан шалтгааныг хууль, хяналтын байгууллагууд шалгах ёстой. “Эрдэнэт үйлдвэр”-ийн олборлосон баялгийн борлуулалтыг олон нийтэд ил тод болгох шаардлагатай. “Стандарт” банканд төлөх өрийг бууруулахад зуучлалын хөлс, хэлэлцээрт зарцуулсан бусад зардлыг тооцоход 38 тэрбум төгрөг болсон байна. Үүнийг хэн төлөх ёстой вэ гэдгийг эрх баригчид ярих цаг болсон” хэмээсэн. Улмаар Засгийн газар болон улсын ерөнхий прокурорт албан тоот хүргүүлэхээр тогтжээ.

Өнгөрсөн долоо хоногт С.Зориг агсны хэргийг шалгах түр хороог УИХ байгуулсан бөгөөд АН-ынхан санал, дүгнэлт хүргүүлэх гэнэ. Тухайлбал, уг хэргийн мөн чанарыг алдагдуулж, үнэн, зөвийг нь бүдгэрүүлэх, нийгэмд төөрөгдөл бий болгож, захиалагчийг нь илрүүлэн тогтооход улс төрийн аргаар саад бэрхшээл үүсгэж болохгүйг сануулж буй юм байна. Мөн түр хороо нь хууль дээдлэх зарчмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, хууль, шүүхийн байгууллагын бие даасан үйл байдалд улс төрийн зорилгоор нөлөөлөх бус, олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд санал, зөвлөмж гарган ажиллах ёстой гэж тэд үзэж буй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)