Б.Очирбат: Үнэмлэх хэвлэхгүй байгаа шалтгаан нь хууль, дүрэм зөрчих үндэслэл болохгүй

Жолоочийн үнэмлэх хэвлэхгүй нэлээд хугацаа өнгөрч буй юм. Энэ талаар ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Очирбатаас тодрууллаа.

-Жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссанаа мэдэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож яваад торгуулах явдал цөөнгүй байна. 

10 жилийн дараа жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусдаг гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй бололтой. Хуулийн ямар үндэслэлээр ийм арга хэмжээ авдаг юм бэ?

-2018 оны долдугаар сарын 8-нд баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17.2-т “Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил, Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг гурван жилийн хугацаагаар олгоно.

Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг олгох үед тухайн жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа гурван жилээс хэтрэхгүй байвал уг хугацаагаар хязгаарлана” гэж заасан байдаг. Энэ хуулийн 18.1-д “Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно” гээд “жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан”, “жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон”, “зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрсэн”, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан” гэж заасан. 

Мөн Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл”- тэй байх гэж заасан. Эдгээр заалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7-гийн нэг дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу арга хэмжээ тооцож байгаа.

-Үнэмлэх хэвлэхгүй байж хугацаа нь дууссан үнэмлэхтэй жолоочийг торгож байна гэх гомдол цөөнгүй гарч буй. Хэзээнээс үнэмлэх хэвлэж эхлэх юм бол. Ямар шалтгаанаар гацаад байна вэ?

-Үнэмлэх хэвлэхгүй байгаа нь хууль, дүрэм зөрчих, түүнийг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хугацаа дууссан, сунгуулах хүсэлт гаргасан тохиолдолд материалыг хүлээн авч журамд заасны дагуу түр үнэмлэх олгож байна. 

2017 онд бэлдэц, хор дагалдах хэрэгслийн хомсдолын улмаас хэвлэлтэд 120 000 гаруй үнэмлэх хүлээгдэж, улмаар 2018 онд хэвлэж иргэдэд олгосон. 2018 онд хэвлэлт хэвийн явагдсан ч “Жолоочийн үнэмлэхийн бэлдэц, хор дагалдах хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцсон байгууллагууд гомдол гаргаж шүүхэд хандсантай холбоотойгоор дахин хомсдол бий болсон. 

Үүнтэй холбоотойгоор 2018 оны арваннэгдүгээр сарын сүүлчээс түр үнэмлэх олгож эхэлсэн.

-Хэчнээн хүний үнэмлэх хэвлэгдээгүй байгаа юм бол?

-Өнөөдрийн байдлаар жолоодох эрхийн 50 000 орчим үнэмлэх хүлээгдэж байна. Тендертэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэсэн тул 2019 оны хоёрдугаар улиралд үнэмлэх хэвлэж, олгох ажил хэвийн явагдах нөхцөл бүрдсэн гэж үзэж болно. 

“Жолоочийн үнэмлэхийн бэлдэц, хор дагалдах хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер нь холбогдох хууль журмын дагуу явагддаг тул хугацаа шаардагддаг, маргаан үүссэн тохиолдолд шүүхийн шатны шийдвэр гардаг зэрэг шалтгааны улмаас тэр даруйд шийдэх боломж байдаггүй.

-Түр үнэмлэх хэдий хугацаанд хүчинтэй, хэдэн төгрөгийн төлбөртэй вэ?

-Хууль зүйн сайдын 2015 оны наймдугаар сарын 28-ны А/189 дүгээр тушаалаар баталсан жолоодох эрхийн үнэмлэх олгох журмын 3.3-т “Тодорхой шалтгааны улмаас (үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа тасалдсан, зогссон гэх мэт) үндэсний жолоочийн үнэмлэхийг хэвлэж олгох боломжгүй үед энэ тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан загварын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн түр зөвшөөрөл (цаашид “түр зөвшөөрөл” гэх)-ийг гурван сар хүртэл хугацаатай олгож болно” гэж заасны дагуу манай төв түр үнэмлэх олгож байгаа.

Иргэдэд анхааруулж хэлэхэд хаяж үрэгдүүлсэн гэсэн шалтгаанаар манайх 2018 онд 72 000 гаруй үнэмлэх хэвлэж олгосон. Энэ нь нэг талаас иргэдийн хариуцлагагүйгээс болж байгаа тул үүрэг хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)