Б.ОЧИРБАТ: Японд 1000 инженер бэлтгэх төсөл өгөөжтэй байна

Олон улсын тавцанд үнэлэгдэх оюуны үнэ цэнийг бүтээж, дэлхийн шилдэг 1000 их сургуулийн эгнээнд багтах алсын хараа бүхий зорилготой ШУТИС-ийн ректор Б.Очирбаттай Япон Улстай хамтран хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийнх нь талаар ярилцлаа.

-Монгол Улсын дээд боловсролын салбарт ШУТИС тодорхой жишиг тогтоосон гэж боддог. Танай хамт олон судалгаа болон үр дүнд суурилсан сургалтыг эрчимжүүлэхэд анхаарч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтдийн баг бий болгох, дэлхийн жишгээр судалгааны орчин бүрдүүлэх гэхчлэн амжилттай ажиллаж буй. Шинээр хичээлийн VIII байр барьж, Эрдэм шинжилгээ, судалгааны төвөө ашиглалтад оруулсан нь үүний ганц жишээ. Тэгвэл өдгөө хэд хэдэн лаборатори нээх гэж байна. Ярилцлагаа үүнээс эхлэх үү?

-ШУТИС түүхэн хөгжлийнхөө үе шатуудад эх орны хөгжлийн гарцыг тодорхойлох, хүн, байгальд ээлтэй шинжлэх ухаан, технологийн мэдлэг, инновацыг бүтээх авьяас, чадварын төвлөрөл болон хөгжиж ирсэн. Аливаа их, дээд сургууль судалгааны байгууллага болж ахиж дэвшдэг нь хөгжлийн онцлог юм. Орчин цагт дээд боловсролын сургуулийг судалгаагүйгээр төсөөлөх аргагүй. Дэлхийн их сургуулиудыг үнэлдэг, хүлээн зөвшөөрдөг хамгийн чухал үзүүлэлт бол тухайн байгууллагын багш, оюутнуудын судалгааны ажил, түүнийх нь үр дүн, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байдал, үүнээс гарах шинэ бүтээгдэхүүн, дэвшилт технологи, инновацын хөгжил юм. ШУТИС аж үйлдвэрийн бүхий л салбарт дээд боловсролтой инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэж байна. Мөн аж үйлдвэрийн салбарын эрдэм шинжилгээ, төсөл, гэрээт ажлуудыг захиалгаар гүйцэтгэдэг нь судалгааны орчныг шинэ шатанд гаргах, лабораториудыг олон улсын стандартад нийцүүлэн байгуулах шаардлага зүй ёсоор бий боллоо. Нөгөө талаас үр дүнд суурилсан сургалтыг эрчимжүүлэх, дэвшилт арга, технологи, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх шаардлага зайлшгүй. Энэ утгаараа сүүлийн жилүүдэд сургалт, судалгааны лабораториудыг сайжруулах, шинээр байгуулах ажилд ихээхэн анхаарал тавьж буй. ШУТИС-д докторын түвшний 86, магистрын 143, 165 мэргэжлийн бакалаврын 65 хөтөлбөр, 107 мэргэжлээр сургалт явуулж байна. Мөн мэргэжлийн сургалтын 14 чиглэл, дипломын боловсролын гурван хөтөлбөр бий. Хөтөлбөр бүр өөрийн онцлогт тохирсон лаборатори, тоног төхөөрөмж шаарддаг. Өнөөгийн байдлаар манай сургууль судалгааны дөрвөн хүрээлэн, 39 төвөөс гадна судалгааны 40, сургалтын 124 лабораторид үйл ажиллагаа явуулж байна. Бид лабораториудынхаа хүчин чадлыг нэмэх, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахад байнга анхаарч ажилладаг. Инженерийн сургалтын 40-50 хувийг лаборатори, практик орчинд явуулахаас өөр аргагүй. Тиймээс өөрсдийн боломж, гадаад, дотоод хамтын ажиллагаа, зээл тусламж, төрөөс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд лабораторийн сургалтын орчныг сайжруулж ирсэн. Төсөл, хөтөлбөрийн хувьд “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженерийн төслийг дурдахгүй өнгөрч болохгүй.

-ШУТИС-д хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?

-БШУЯ-ны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвартай инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилготой. Энэ төслийг 2014 оноос хойш зургаа дахь жилдээ МУИС, ШУТИС-д амжилттай хэрэгжүүлж байна. ШУТИС нь тус төслийн хүрээнд “Коосэн хөтөлбөр”, “Бакалаврын хамтарсан хөтөлбөр”, “Хамтарсан судалгааны хөтөлбөр”-үүд хэрэгжүүлж байгаа. “Коосэн хөтөлбөр” нь дотоодын аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийн эрэлтийг богино хугацаанд хангаж, инженер, технологийн өндөр мэдлэг, практик туршлагатай хүний нөөц бэлтгэх зорилготой. Үүний хүрээнд оюутнууд ШУТИС-ийн бэлтгэл хөтөлбөрт 1.5, дараа нь Япон Улсын “Коосэн” сургуульд гурван жил суралцан төгсдөг. ШУТИС-ийн 147 оюутан эл хөтөлбөрт хамрагдан суралцаж, эхний хоёр элсэлтийн 54 оюутан төгсөөд, өдгөө эх орондоо мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна. Одоо Япон Улсад 59 оюутан суралцаж буй.

“Бакалаврын хамтарсан хөтөлбөр” нь ШУТИС-ийн бакалаврын сургалтын хөтөлбөрийн чанарыг олон улсын буюу Японы түвшинд хүргэх, сургалтын орчныг сайжруулах, инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвар бүхий мэргэжилтэн, хүний нөөц бэлтгэх зорилготой. Энэ чиглэлээр оюутнууд ШУТИС-д хоёр, Япон Улсын Консорциумын 10 их, дээд сургуульд мэргэжлийнхээ дагуу мөн хоёр жил суралцаад, хос дипломтой төгсдөг онцлогтой. Тус хөтөлбөрт төслийн санхүүжилтээр 172 оюутан суралцаж, анхны 51 төгсөгч энэ онд эх орондоо ирсэн. Одоогийн байдлаар Японд 56, ШУТИС-д 152 оюутан сурч байна. Энэхүү төслийн хүрээнд манай багш нар Японы тэргүүлэх эрдэмтэдтэй хамтарсан судалгаа хийж байгаа юм. Багш нар маань япон эрдэмтэдтэй хамтарсан судалгаа хийгээд зогсохгүй магистр, докторын хөтөлбөр, богино хугацааны сургалтад ч хамрагддаг. Богино хугацааны сургалтын үеэр Японы их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн лабораториудад ажилладаг. Мөн тус төслийн хүрээнд МУИС, ШУТИС-ийн сургалт, судалгааны тоног төхөөрөмжийг сайжруулах ажлыг шат дараатай зохион байгуулж байна.

-1000 инженерийн төсөл хэрэгжүүлснээр олон талын ашиг тустай. Түүнчлэн энэ төслийн хүрээнд МУИС, ШУТИС-ийн судалгааны орчин, лабораторийг шинэчилж байгаа нь том өгөөж гэж бодож байна.

-Дээр хэлсэнчлэн гадаад, дотоод хамтын ажиллагаа, зээл тусламж, төрөөс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд лабораториудын орчныг сайжруулж ирсэн. Нэг дор хийхэд хялбар бус ажлыг 1000 инженерийн төслийн багийнхан урт хугацаанд, нарийн төлөвлөгөөний дагуу судалгаа, эрэлт, хэрэгцээнд тулгуурлан гүйцэтгэж буй. “Бакалаврын хамтарсан хөтөлбөр”-ийн хүрээнд сургалтын орчны хэрэгцээ шаардлагыг үндэслэн 2017, 2018 оноос эхлэн лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах ажил зохион байгуулсны үр дүнд ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн математик, хими, физикийн лабораториудад 31 төрлийн 58 ширхэг тоног төхөөрөмж авчээ. Мөн Барилга, архитектурын сургуулийн хөрсний механикийн, газар хөдлөлтийн инженерчлэлийн, авто замын материал судлалын, барилгын дулааны физик, агаар судлалын, архитектурын физикийн, хүрээлэн буй орчин, усны шинжилгээний, байгууламжийн сорил, шинжилгээний лабораторид нийт 21 төрлийн 42 тоног төхөөрөмж, Эрчим хүчний сургуулийн системийн автоматжуулалтын, үйлдвэрлэлийн автоматжуулалтын, цахилгаан электроник, хүчний электроникийн лабораторид 64 нэр төрлийн 168 тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Энэ бүхний нийт өртөг 4.2 тэрбум төгрөг болжээ. Өнөөдөр эдгээр тоног төхөөрөмжийг бакалаврын болон ахисан түвшний сургалтад өргөн ашиглаж байгаа. Мөн тус төслийн хүрээнд хэрэгжүүлж буй хамтарсан судалгааны төслүүдийн лабораториудыг өдгөө нээх юм.

-“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд хамтарсан хэчнээн судалгаа хэрэгжүүлж байна вэ?

-ШУТИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэл болох шинэ материал, нөөцийн технологи, эрчим хүч байгаль орчны болон автоматжуулалт, системийн инженерчлэл, био инженеринг чиглэлийн хүрээнд хамтарсан судалгааны 10 төсөл хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд 2014-2020 онд Японы шилдэг 20 орчим их, дээд сургуульд зэргийн болон зэргийн бус хөтөлбөрт ШУТИС-ийн 220 орчим судлаач, Японоос манайд 150 гаруй зочин судлаач урт, богино хугацаатай ажилласан. Хамтарсан судалгааны үр дүнд эрдэм шинжилгээний гадаад өгүүлэл 130, дотоод 141, зохиогчийн эрх болон шинэ технологи тус бүр гурав, ашигтай загвар 11, мөн нэг стандарт бий болгожээ. Японы найман их, дээд сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, илүү өргөн хүрээнд ажиллаж байна. Хамтарсан судалгааны хувьд Геологи, уул уурхайн сургуулийн профессор С.Жаргалан “Монгол орны эрдэс баялгийн суурь судалгаа” төсөл, Барилга, архитектурын сургуулийн профессор Д.Сүнжидмаа “Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг барилгад ашиглах, ногоон ирээдүй төсөл”, Механик тээврийн сургуулийн профессор М.Дэлгэрмаа “Шинэ материалын дэвшилт технологийн судалгаа, хөгжүүлэлт” төсөл, Механик тээврийн сургуулийн профессор Б.Эрдэнэбат “Монголын тэнгэрийн дэд бүтэц” төсөл, Геологи, уул уурхайн сургуулийн профессор О.Мөнхцэцэг “Хүрээлэгч орчны бохирдлын хяналтын цогцолбор судалгаа, тогтвортой хөгжил: Төв Монголын Туул, Хараа голын ай савын жишээн дээр” төсөл, Эрчим хүчний сургуулийн профессор Б.Сэргэлэн “Эрчим хүчний дамжуулалт түгээлтийн инновацын судалгаа” төсөл, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн ахлах багш Г.Хишигжаргал “Дэвшилт технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ ба ахуйн ухаалаг системийн хөгжүүлэлтийн судалгаа” төсөл, Нээлттэй боловсролын төвийн захирал, профессор Д.Ганбат “Хүний тогтвортой хөгжлийг хангах Био-инженерчлэлийн судалгаа, хөгжүүлэлт” төсөл, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн профессор Ц.Одбаяр “Монголын хүнсний зарим бүтээгдэхүүний хатаах аргын харьцуулсан судалгаа” төсөл, Барилга, архитектурын сургуулийн багш Ц.Цоггэрэл “Монгол орны хүрээлэн буй орчин, газар хөдлөлтийн инженерчлэлийн судалгаа”-ны төслийг удирдан хэрэгжүүлж байна.

-Хамтарсан судалгааны хүрээнд ямар ямар лаборатори байгуулж байгаа талаараа тодруулна уу?

-Бид дэлхийн шилдэг их, дээд сургуулийн жишигт нийцүүлэн судалгааны орчин бүрдүүлэхээр зорьж буй. Үндэсний болон олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн салбар дундын судалгааны төв, хүрээлэн лабораториудыг хөгжүүлж ашиглалт, хамтын ажиллагааг дээшлүүлнэ. Өөрөөр хэлбэл, нээлттэй, салбар дундын магадлан итгэмжлэгдсэн лабораториуд байгуулахад анхаарч байна. Бид түүхэн хөгжлийнхөө явцад олон улсын стандартад нийцсэн, өөрийн улсад цорын ганцад тооцогдох олон лаборатори байгуулсан хамт олон. 1000 инженерийн төслийн хүрээнд Барилга, архитектурын сургуулийн профессор Д.Сүнжидмаа “Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг барилгад ашиглах, ногоон ирээдүй төсөл”-ийнхөө хүрээнд анхны судалгааны лаборатори байгуулж, Монгол орны үнсийг барилгын салбарт хэрэглэх боломжийг тогтоох суурь болон практик судалгааг удирдан ажиллаж байна. Тус төслийн Японы талын хамтрагчаар “Тохокү” их сургуулийн профессор Динил Пушпалал ажилладаг юм. Мөн профессор Б.Сэргэлэн удирдагчтай “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацын судалгаа” төслийн тоног төхөөрөмжийг Эрдэм шинжилгээ, технологи, инновацын төвдөө байршуулаад байна. Геологи, уул уурхайн сургуулийн профессор С.Жаргалан удирдагчтай “Монгол орны эрдэс баялгийн суурь судалгаа” төслийн судалгааны тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байна.

Эцэст нь хэлэхэд, манай хамт олонтой хамтран ажиллаж буй бүх шатны байгууллага болон “Инженер, технологийн төсөл” хэрэгжүүлэгч БШУЯ, Япон Улсын ЭСЯ, ЖАЙКА олон улсын байгууллага, Боловсролын зээлийн сан, Төслийн нэгжийн хамт олонд нийт профессор багш нар, оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)