Б.ОТГОНБОЛД: Би наймын тоог бэлгэшээдэг, олимпын найм дахь эрхийг авлаа

Тайландын Бангкок хотод зохион байгуулсан байт харвааны олимпын эрх олгох Ази тивийн тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд цэц сорьсон Б.Отгонболд “Токио-2020” наадамд оролцох эрх авснаар “Мюнхен-1972” наадмаас эхлэн 1976, 1980, 1988, 1992, 1996, 2012, 2016 оны олимпод оролцсон Монголын байт харваачдын буухиаг Токиод үргэлжлүүлэхээр боллоо. Байт харваагаар 10 жил хичээллэж, аавыгаа ч энэ спортод урвуулсан түүний мөрөөдөл ийн биелэв. Өөрийгөө тамирчин болно гэж төсөөлөөгүй явсан тэрбээр дасгалжуулагч Б.Ганзоригийн шавь болж нум, сумтай анх нөхөрлөжээ. Мэргэн харваач болохоо олон тэмцээнд харуулсан тэрбээр “Алдар” спорт хорооны босгоор алхсан гэдэг. Өдгөө энэ байгууллагаар овоглосон алдартнуудаас ирэх жил болох олимпын наадмын эрх өвөртөлсөн тав дахь тамирчин нь. Б.Отгонболд УАШТ-д хоёр удаа түрүүлсэн, дэлхийн цэргийн спортын их наадмаас алт, Азийн цомын тэмцээнээс мөнгө, хүрэл, Азийн наадмын сорил тэмцээнээс хүрэл, Монголын бүх ард түмний спартакиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилттай.

-Та “Токио-2020” олимпод цэц сорих эрх авч, олон жилийн зорилгынхоо ард гарлаа. Одоо л нэг уужирч, урмын үгээр мялаалгав уу?

-Тийм ээ, “Токио-2020” зуны олимпын наадамд цэц сорих эрх авсандаа баяртай байна. Тэмцээний сүүлчийн өдөр үе үе салхи сэвэлзэж, харваачдын ур чадвар, мэдрэмж, чадал чансааг чамгүй шалгалаа. Энэ удаагийн тэмцээнд өөрт байгаа бүхнээ шавхсан. Үнэнийг хэлэхэд өөрийгөө олимпын эрх авсныг ч мэдээгүй. Хожигдчихлоо гэж бодож, өрсөлдөгч тамирчиндаа амжилт хүсээд, харвах шугам руу явж байтал багийн маань хоёр эгч “Миний дүү эрх авчихлаа шүү дээ” гээд бөөн баяр болчихсон ирэхэд нь өөрийн эрхгүй огшиж, баярын нулимс унагасан. Таньдаг, мэддэг хүмүүсээс гадна спорт сонирхогчид баярлаж буйгаа уламжилсаар байна. Би наймын тоог бэлгэшээдэг. Тэгсэн эх орондоо олимпын найм дахь эрхийг авчирлаа. Найман оронд багийн эрх олгох тэмцээн болоход зургааг нь Ази тивээс авсан. Тэгэхээр Азийн орнуудаас олимпын аварга төрөх өрсөлдөөн Токиод өрнөх болов уу.

-Байт харваагаар хичээллэсэн он жилүүд нүд ирмэхийн зуур өнгөрчээ гэж та өгүүлсэн. “Алдар” спорт хорооноос алдартнууд л төрдөг” гэдэг үг байдаг. Энэ том айлд хэрхэн тоогдов?

-2009 оны хоёрдугаар сарын 1-нд дасгалжуулагч Б.Ганзориг, Ө.Цэрэнмядаг багшийн удирдлагад байт харваагаар анх хичээллэсэн. Би их сонин тохиолоор энэ спорттой холбогдсон юм. Манай хоёр багш арван жилийн сургуулиудаар явж, байт харвааны тухай ярьж, сонирхсон хүүхдүүдийг бүртгэн авч байхтай таарсан. Байт харваа гэж спортын ямар төрөл болохыг мэддэггүй надад сонирхолтой санагдаад бүртгүүлчихлээ. Инженер болно гэж боддог байснаас биш тамирчин болчих юм гэж хэзээ ч төсөөлөөгүй. Байт харваагаар 100 гаруй хүүхэд анх хичээллэснээс арван жилийн дараа хоёр нь л үлдсэн. “Алдар” спорт хороонд хэн дуртай нь ороод амжилт гаргадаггүй юм шүү” гэж тэр үед багшийн хэлж байсан нь санаанд үлджээ. Хүсээд ч олдоггүй алдар хүндийг тамирчид “Алдар”-аас л хүртдэг. Анх энэ газарт бэлтгэл сургуулилалт базааж, нэрээр нь овоглон, амжилтаас атгаж байсандаа баярладаг юм.

-Хэр олон жил нум татахыг тань сорьсон саадтай бишгүй тулсан байх. Шантарч, буцмаар санагдахад өөрийг тань юу хурцалж талбайд авчирдаг байв?

-Байт харваа цаг хугацаа, уйгаггүй хөдөлмөр, тэсвэр хатуужил, торгон мэдрэмж шалгадаг спорт. Өөртөө зорилго тавьж ирсний хүчинд тэсвэр хатуужлын босгоор давсан гэж боддог. Сэтгэлээр унаж, өөрийгөө голоход зорилго минь хурцалж, урагшлуулдаг байлаа. Энэ спорт тамирчнаас их зүйл шаарддаг. Надад харвааны талбайд баярлаж, гуних үе зөндөө байсан. Баруун мөр, зүүн тохойдоо бэртэл авчихаад харваж чадахгүй сэтгэлээр унасан удаа бий. Тамирчин хүн хичээллэж байгаа спортынхоо арга барил, техникийг зөв эзэмшихгүй бол харамсах зүйлтэй нүүр тулдаг. Жилээс жилд туршлага суусаар 2015 онд үндэсний шигшээ багт ороход тэртээ хол санагддаг байсан зорилгууд минь алхам алхмаар урагшилсан. Олон жил харвахаар мэдрэмжтэй болж, дотор хүнийхээ үгийг илүү чагнадаг юм билээ. Хааяа дотор хүнтэйгээ зөрчилдөх тохиолдол ч бий.

-Аавыгаа байт харваа руу урвуулсан гэл үү?

-Намайг манайхан дэмжиж, оролцсон тэмцээн болгоныг үздэг. Байт харвааны тэмцээнд намайг дагаж явсаар байгаад аав сонирхож, сүүлдээ шүүгч болсон. Тамирчин хүн ойр дотнынхоо хүмүүсийн тус дэм, итгэл найдвар, урмын үгээр урагшилж амжилт гаргадаг. Намайг тэмцээнд оролцож байх үеэр ээж хөдөө ажлаар явж таарсан. Байт харвааны холбооныхон ээж рүү “Хүү тань олимпын эрх авчихлаа” гэж утсаар хэлэхэд баярлаад уйлсан гэнэ лээ. Аав, ээж минь намайг олимпын эрх авчихаасай гэж олон жил хүлээсэн. 2016 онд олимпын эрхээс атгаад алдсан бол одоо зорилгынхоо нэгээхэн хэсгийг биелүүллээ.

ТЭМЦЭЭНТЭЙ ӨДРҮҮДЭД ӨӨРИЙНХӨӨ ДОТОР ХҮНТЭЙ ИЛҮҮ ЯРИЛЦДАГ

-БНСУ байт харваагаар олон шилдэг тамирчинтай. Тэдний амжилтын нууцыг судлав уу?

-БНСУ-ын тамирчид Азидаа төдийгүй дэлхийд хүчтэй өрсөлддөг. Үе үеийн тамирчдынх нь амжилт хэзээ ч буурч байгаагүй. Тэднээс Пак Сун Хюн хэмээх эмэгтэй харваачийн ур чадвараар бахархдаг. Миний үлгэр дуурайл авдаг тамирчны нэг. Олимпын мөнгө, багийн алтан медальтай. Түүний амжилтыг сонирхон судалж, харвалтын техникийг нь ажигладаг. Тэрбээр өөрийгөө бүх зүйлээс тусгаарлаж, ганцаарчилсан бэлтгэл хийдэг юм билээ. Өөртэйгөө ажиллахаас гадна дасгалжуулагчийнхаа зөвлөгөөг сайн сонсож, хэрэгжүүлдэг, ачаалал даах чадвараа сайжруулахын тулд хүчний бэлтгэл сайтар базаадаг, амжилт гаргаснаа багш нарынхаа хөдөлмөр, хичээл зүтгэлтэй холбож ойлгодог гээд түүнээс суралцах зүйл их бий. Манлайлагч хүн ямар байдаг билээ, түүнд тийм шинж чанар бий. Өөртөө итгэлтэй нь амжилт руу хөтөлдөг шиг санагдсан.

-Харвааны спортоор хичээллэдэг тамирчид дуу цөөнтэй байдаг. Өөрийн тань зан чанарт тохирсон спорт мөн үү?

-Тэмцээн ойртох тусам намайг дуугаа хураадаг гэж хүмүүс хэлдэг. Хэнтэй ч удаан яриа өрнүүлдэггүй. Зөвхөн бэлтгэл сургуулилалт, харвалтын техниктээ анхаарал хандуулдаг. Мэдэхгүй хүмүүс анх харчихаад “Энэ ямар их зантай юм бэ” гэж боддог гэсэн. Хүмүүсээс өөрийнхөө тухай сонсоод эмзэглэдэггүй. Байт харвааны тамирчдад бөх, боксын тамирчид шиг сэтгэл хөдлөл, эрч хүч гаргах шаардлагагүй. Анхаарлаа төвлөрүүлж, тооцоолж байж харвадаг болохоор тайван байх ёстой. Тэмцээнтэй өдрүүдэд өөртэйгөө илүү ярилцдаг. Олимпын эрх авсан энэ тэмцээнд оролцохдоо өөрийгөө бүх зүйлээс тусгаарласан. Энэ арга миний амжилтад нөлөөлсөн болохоор “Токио 2020” олимпын наадамд оролцохдоо хэрэгжүүлэх бодол бий. Тэмцээнд харвахын өмнө Б.Ганзориг багш “Өөртөө итгэлтэй харва, зоригтой байж, хийнэ гэж бодсон зүйлээ гаргаарай, болохгүй бол нумаа шууд буулга” гэж зөвлөсөн. Энэ удаа өөрийгөө тайвшруулж, анхаарлаа төвлөрүүллээ. Олимпын эрх авахтай зэрэгцээд эх орныхоо нэрийг өндөрт гаргах, өөрийгөө олон талаар хөгжүүлж, нөхдөдөө болоод энэ спортоор хичээллэдэг залууст үлгэр дуурайл болох үүрэг хариуцлага дагаад ирэх шиг санагдсан.

-Байт харвааны тамирчдыг хүчний бэлтгэл хийхийг хараагүй. Гэхдээ та хүчний бэлтгэл базаадаг юм байна.

-Байт харваагаар анх хичээллэж байгаа тамирчид булчингаа зөв хөгжүүлэхийн тулд эхлээд резинтэй таталт хийдэг. Би бүтэн жил резин татаж, сууриа зөв тавьсан. Дараа нь зөөлөн нумаар харваж давтамжаа өндөр болгож ахиулдаг. Хатуу нумаар харваж эхлэх үед хүчний бэлтгэл давхар базаах хэрэгтэй. Өмнө нь манай тамирчид хийдэггүй байсан юм. Миний хувьд өнгөрсөн жилээс хувийн дасгалжуулагчтай болж хүчний дасгал хийж байгаа. Гар чичрэхгүй, нумаа даадаг байхад өндөр оноо авна. Өндөр оноог буулгахгүй барихын тулд хүчний бэлтгэл хэрэг болно. Олимпын эрх авахад хүчний бэлтгэл хийсэн минь их нөлөөллөө. Намайг “Алдар” спорт хорооны Л.Алдар багш дасгалжуулдаг. Бодибилдингээр хичээллэж, харвааны компаунд төрлөөр харвадаг туршлагатай тамирчин.

-Та одоо ямар фирмийн нум, сумаар харваж байна вэ?

-БНСУ-ын Win & Win wiawis TFT нум, Америкийн Х10 сумаар харвадаг. Тамирчдад нумны үнэ бус, тохирсон байх нь чухал. Би нэг нумаар дөрвөн жил харваад сольдог. Байт харваа өртөг өндөртэй. Анх хичээллэсэн цагаасаа өнөөг хүртэл гурван нум солилоо. Анхны нумаа 2011, хоёр дахийг нь 2015, гурав дахийг нь өнгөрсөн онд худалдаж авсан. Ээж минь миний төлөө бүхнээ харамгүй зориулсаар ирсэн. Анхны нумыг минь найман сая төгрөгөөр авч өгөхөд баярлаж, урам орж билээ. Оюутны универсиад наадамд оролцохоор БНСУ-д очих үед хоёр ах минь “Миний дүү хичээгээрэй, амжилт гаргана шүү” гэж урам хайрлаад шинэ нум авч өгсөн. Шинэ нумтай УАШТ, цэргийн спортын их наадамд оролцон түрүүлж, алтан медалиар мялаасан. Гадаадын тамирчид нумныхаа нумарсан хэсгийг, сумтай нь зургаан сар тутамд сольдог. Монголд одоохондоо солих боломжгүй. Байт харвааны тамирчид бор зүрхээр зүтгэж, тэмцээнд оролцдог. Манайд энэ спортын үзэгч ховор. Огт мэддэггүй хүмүүс ч байдаг. Гэхдээ Монголын тамирчдад хичээвэл боломж бий гэдгийг олон тэмцээнд харуулсан.

БИ ӨДӨР БҮР БЭЛТГЭЛИЙН ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛДӨГ

-Монголын байт харваачид өөрсдөө санаачлан “360” талбайг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан. Стандартад нийцсэн талбайд бэлтгэл хийхэд амжилтад ч нөлөөлж эхэлсэн болов уу?

-Тийм ээ. Өмнө нь манай тамирчид зориулалтын талбайгүй, зун тэшүүрийн талбайд бэлтгэл хийдэг байсан. Өөрсдөө санаачилж байгуулсан талбайгаа бид “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” гэж нэрлэсэн. Тамирчид өвлийн бэлтгэлийг зааланд хийдэг юм. Анх БНСУ-д тэмцээнд очоод байт харвааны тамирчиддаа зориулж барьсан ордныг нь харж, манайх ийм ордонтой болгочихвол амжилт гаргана даа гэж бодож суусан. Хятадын тамирчид ч гэсэн солонгосчуудаас дутахгүй орчинд байрлаж, бэлтгэл сургуулилалт хийдэг юм билээ. Ар гэртээ санаа зовох юмгүй, бүх зүйлээр нь хангахаар тамирчид нь амжилт гаргалгүй яах вэ. Хэрвээ бид тийм орчинд бэлтгэл базаавал тэднээс ч илүү амжилт гаргана.

-Ар араасаа болсон тэмцээнд амрах завгүй оролцлоо. Нэг хэсэгтээ алжаал тайлаад, бэлтгэлээ базаах уу?

-Тамирчин хүнд эрүүл мэнд хамгийн чухал. Олимпын эрх авах гэж амрах сөхөөгүй бэлтгэл хийсэн. Ядаргаагаа тайлж, сэргэлт авах маягаар сар амарч байгаад шинэ оны дараа бэлтгэлдээ гарна. Би чөлөөт цагаараа зураг зурж, сагсан бөмбөгийн тэмцээн үзэх дуртай. Амралтын өдөр найз нөхөдтэйгөө Богд уул руу алхдаг. Уулын оройд гарчихаад цэвэр агаар амьсгалж зогсоход хийморь сэргэдэг юм. Алхах нэг талаар бэлтгэл болдог.

-Таныг ШУТИС-ийн оюутан гэж сонссон. Хичээл, спортын аль алинд нь гүйх амаргүй биз.

-Би 2013 онд ШУТИС-ийн геологи, уул уурхай, геодизийн ангид элссэн ч дүүргэж амжаагүй л явна. Мэргэжилдээ дуртай ч тэмцээн уралдаан гэсээр сүүлийн гурван жил чөлөө авлаа. Нэг ангид мөр зэрэгцэн орсон нөхөд минь сургуулиа төгсөөд, Таван толгой, Оюутолгойд инженер болчихсон мэргэжлээрээ ажиллаж байна. Биеийн тамирын дээд сургуулийн удирдлага намайг манайд сураач гэж урихад нь татгалзсан. Надаас хүмүүс “Чи спортын зам сонгох байсан юм бол Биеийн тамирын дээд сургуульд суралцахгүй яасан юм бэ” гэж асуудаг. Надад төлөвлөж бодсон зүйл, хэтийн зорилго бий. Би тамирчин болсноор цаг сайн барьж, аливаа зүйлд хариуцлагатай хандаж сурлаа. Өдөр бүр бэлтгэлийн тэмдэглэл хөтөлдөг. Гурван дэвтэр дуустал тэмдэглэл хөтөлж, төлөвлөсөн зүйлүүдээ бичсэн. Дэлхийн болоод Азийн аварга, дэлхийн цом, олимпын тэмцээнээс медаль авахаас бусад нь биелжээ.

Үүнээс гадна Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар гээд л тэмдэглэлийн дэвтэр дээрх төлөвлөж бичих зүйл цааш үргэлжилнэ шүү дээ. (инээв) Тэмцээнд оролцсоор байгаад гадаадын тамирчидтай найз болсон. Тайланд, Япон, БНСУ-ын тамирчидтай ойр дотно нөхөрлөдөг. Бид нэгэндээ амжилт хүсээд өрсөлддөг. Амжилттай оролцвол медалийн тавцанд нэгэндээ баяр хүргээд зогсдог. Энэ ташрамд, ялалт, ялагдалд минь хамт байж, чин сэтгэлээсээ туслан дэмжиж ирсэн гэр бүл, найз нөхөд, багийнхаа харваачид болоод “Алдар” спорт хорооны хамт олон, тамирчин дасгалжуулагчдад, мөн бидний тэмцээнийг үзэж урам хайрлан, эрч хүч өгдөг спорт сонирхогчиддоо баярлаж явдгаа уламжилъя.

Бэлтгэсэн: Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)