Б.Орхонбаяр аймгийн хурц арслан болов

Ардын хувьсгалын 98, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, харцага Т.Өсөх-Ирээдүй, Н.Саранцогт, Б.Одгэрэл, өсөх идэр начин Н.Бүрэнбаатар тэргүүтэй 256 бөх зодоглов. Тэднээс хамгийн ахмад нь 52 настай, аймгийн хурц арслан Б.Бямбаа байлаа. Барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх, аймгийн арслан Б.Орхонбаяр найм даван түрүүлэв. 

Ингэснээр өнгөрсөн жилийн амжилтаа баталсан тэрбээр аймгийн хурц арслан боллоо. 21 настай Б.Орхонбаяр үзүүр, түрүүнд Мандал сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Таван хан” бөхийн дэвжээ, “Монзол” компанийн бөх, аймгийн арслан Н.Баярбаатарыг өвдөг шороодуулав. Их шөвөгт Хүдэр сумын харьяат, аймгийн начин Д.Баясгалан, сумын заан Э.Хүдэрсайхан нар шалгарч, аймгийн харцага цол хүртжээ. Мөн сумын заан Б.Болд-Эрдэнэ, Батжаргал, Одбаяр нар шөвгөрч, аймгийн начин боллоо. Сэлэнгэ аймгийн наадамд жил дараалан түрүүлсэн хүчтэн хуруу дарам. Б.Орхонбаярын амжилтыг өмнө нь улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн хурц арслан Ж.Сундуй нар гаргасан түүхтэй. 

Боохой хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутаг болох Цагааннуур сумд 1998 оны долдугаар сарын 1-нд төрсөн Б.Орхонбаяр 95 кг жинтэй, 180 см өндөр. Бэлтгэлээ 2015 оноос хойш улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн удирдлагад хийж, гурван жилийн өмнө Цагааннуурын наадамд түрүүлж, сумын заан болсон. Өнгөрсөн жил Сэлэнгийн наадамд зодоглохдоо наймын даваанд Н.Энхжаргалыг өвдөг шороодуулан, аймгийн арслан цол хүртсэн юм.

Үндэсний бөхтэй холбоотой өөр мэдээ дуулгахад, Налайх дүүргийн наадамд Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн начин Д.Батбаатар түрүүлж, арслан болов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)