Б.Одончимэг: Олон улсын наадамд дахин өөрийгөө сорино

Энэтхэгийн Калькутта хотод зохион байгуулсан “International theatre-2019” олон улсын наадамд УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг нэг хүний жүжгийн төрөлд амжилттай оролцож, тэргүүн байр эзлэв. Эл наадам болоод уран бүтээлийнх нь талаар түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Олон улсын наадмын нэг хүний жүжгийн төрөлд тэргүүн байр эзэллээ. Наадамд хэчнээн орны хэдэн жүжигчинтэй өрсөлдөв?

-Энэтхэгийн Калькутта нь театрын хот гэгддэг юм билээ. Маш олон театртай хот юм байна. Тус хотын “Journey” театрт эл наадмыг зохион байгуулсан. 

Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтад жүжгийн бичлэгээ явуулж, тэнцсэнээр дараагийн шатанд өрсөлдөх эрх авсан юм. Сүүлчийн шатанд Энэтхэг, Бангладеш зэрэг орны долоон уран бүтээлч өрсөлдөн, би тэргүүн байр эзэллээ.

-Гадаадын уран бүтээлчдийн ур чадварыг хэрхэн үнэлэв. Жүжиг нь таалагдсан уу?

-Эхний шалгаруулалтыг олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг шүүсэн болохоор чадварлаг уран бүтээлчдийг шалгаруулсан нь дамжиггүй. 

Нэг хүний жүжгийн төрлийн дэд байрт наадмыг зохион байгуулсан “Journey” театрын жүжигчин шалгарсан. Сонирхолтой уран бүтээл үзүүлсэн шүү.

-Хэзээнээс нэг хүний жүжиг сонирхож, тоглосон бэ. Яагаад таны сонирхлыг татах болов?

-Таван жилийн өмнөөс жүжгийн энэ төрлийг сонирхон, тоглож байна. Зөвхөн жүжгийн монологоос сэдэвлэн тухайн дүрийн дотоод мөн чанар, хүсэл мөрөөдөл, сэтгэлийн гүн дэх нууцыг мэдэрч, тэр хүний ертөнцөөр амьдарна гэдэг гайхалтай. 

Нэг цагийн турш тайзан дээр ганцаараа тоглох нь жүжигчнээс олон чадвар шаарддаг.

-Энэ төрлийн хэчнээн уран бүтээлтэй болов?

-“Танихгүй эмэгтэйн захидал”, “Наташагийн мөрөөдөл” гэхчлэн дөрвөн уран бүтээлтэй болоод байна.

-Яагаад Д.Урианхайн “Цонхоор харсан хүн” жүжгийг тоглохоор зориглов?

-Эл жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар анхлан найруулсан. Харин сүүлд СУИС-ийн багш У.Эрдэнэбаяр шинэчлэн найруулсан юм. Үг багатай, үйлдэл ихтэй парадокс моно жүжиг. Биеийн хөдөлгөөнөөр үйл явдлыг тодруулж, илэрхийлдэг.

-Өнгөрсөн жил энэ бүтээлээрээ Коссовод болсон наадамд амжилттай оролцсон шүү дээ. Дахин өөр наадамд оролцохоор төлөвлөсөн үү?

-“Цонхоор харсан хүн” жүжгээрээ түрүү жил тус наадамд оролцож, биеийн хэлээр жүжигчний өндөр чадвар үзүүлсэн уран бүтээлчээр шалгарч байлаа. Энэ жил олон улсын наадамд дахин өөрийгөө сорихоор төлөвлөсөн. Гэхдээ энэ тухай мэдээллийг задлахад арай эрт байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)