Б.Одончимэг: Бөхийн өөр төрлөөр барилдахгүй гэж ам өгч байж чөлөөтөөр хичээллэсэн

Өнөө цагт барилдаж буй шилдэг бөхчүүдийн нэг Д.Сумъяаг жүдогоос гадна чөлөөт бөхөөр улсын аварга болжээ гэвэл уншигч та итгэх үү. Тамирчдын бэлтгэл хийх, өрсөлдөх нь шинжлэх ухаан болтлоо хөгжсөн өнөө үед бараг боломжгүй гэж хариулах хүн олон.

Тэгвэл ОУХМ Бадрахын Одончимэг 2004 онд чөлөөт бөх, жүдогоос гадна самбо, кураш, сүмогийн УАШТ-д түрүүлж, шуугиулсан юм. Чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий дөрвөн мөнгө, гурван хүрэл медальтай, улсын 11 удаагийн аварга түүний өмнө УАШТ-ий 12 түрүүтэй хоёрхон бөх (олимп, ДАШТ-ий хүрэл медальт Д.Оюунболд, Гавьяат тамирчин Ц.Энхжаргал) бий. 

Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Одончимэг УАШТ-ий хошой мөнгө, хүрэл, олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй “Алтан гран при”-гийн мөнгө, хүрэл, Армийн ДАШТ, Азийн наадмын хүрэл медальтай. 

Төв аймгийн Баянцогт сумын харьяат, 37 настай, олимпоос бусад бүх тэмцээнээс медаль авч, монгол түмнээ баярлуулсан тэрбээр өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэн, энэ онд дэвжээндээ эргэн ирсэн. Өдгөө ч жингийнхээ бөхчүүдийг өнгөлж, дэлхийн дэвжээнд улсынхаа нэрийг тахалж явна. Түүнтэй ярилцлаа.

-Монголдоо одоо ч босоо яваа таныг дасгалжуулагчийн албанд шилжиж байна гэж анзаарлаа. Өнөөдөр (уржигдар) дууссан чөлөөт болон сонгомол бөхийн олон улсын сургалтад хамрагдсан нь үүний илрэл болов уу?

-Ер нь тийм шүү. Тамирчнаас дасгалжуулагчийн карьераа эхлүүлж буй шилжилтийн үе минь юм уу даа. Олон улсын олимпын хороо (IOC), Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW), Монголын үндэсний олимпын хороо, Монголын чөлөөт бөхийн холбооны хамтын ажиллагааны дагуу “Олимпын эв нэгдэл”-ийн хүрээнд зохион байгуулсан олон улсын сургалтад хамрагдан, шалгалтад нь тэнцээд сертификат авлаа. 

Олон зүйл сурсан, туршлага хуримтлуулсан, өгөөжтэй, сургалт болсон. Саяхан “Алдар”-ынхаа өсвөрийн 11 бөхтэй хамт ӨМӨЗО-д очин, хамтарсан бэлтгэл хийгээд ирлээ. Тэндхийн дээд сургуульд Ц.Цогтбаяр багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Би одоо Ц.Хосбаяр багштайгаа хамт “Алдар” спорт хорооны тамирчдаа дасгалжуулдаг. Багшаасаа суралцан, туслаад л явна. Дасгалжуулагчийн ажлын хүнд, хүчрийг улам ойлгох болсон. Ёстой амаргүй юм аа.

Хүнд жингийн эмэгтэй болон өсвөр үеийн сайн тамирчин бэлтгэхэд түлхүү анхаарч байна. Би ер нь багаасаа дасгалжуулагч болохыг мөрөөдсөн. Түүндээ хүрэхээр үзүүрээс нь атгалаа. Тамирчдаа дасгалжуулахын хажуугаар бэлтгэл хийн, тэмцээнд зодоглоно.

-Та өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэсэн. Дасгалжуулагчийн их ажлын хажуугаар хувийн амьдралаа хэрхэн зохицуулж байна вэ?

-Манай хороонд өсвөр үеэс авхуулаад насанд хүрэгчдийн ангиллын тамирчид өдөрт хэд хэдэн ээлжээр хичээллэдэг. Бэлтгэл 09.00 цагаас эхэлж, тамирчдаа дасгалжуулсаар 20.00 цаг дөхүүлээд дуусдаг. Хосоо багшийг гадаад руу тэмцээнд явсан үеэр бүр ч самгардана. 

Хүү минь ой таван сартай. Ээж зээгээ харж, арыг минь даадаг. Заримдаа ядарна. Миний хүү амьдралыг маань улам утга учиртай, зорилготой болгож, гэрэл гэгээ нэмсэн.

-36 насандаа анхны хүүхдээ төрүүллээ. Амжилт гаргах хүсэл тань хувийн амьдралаа хойш тавьсаар өдий хүрэхэд нөлөөлсөн үү?

-Тэгсэн. Нөгөө талаар хувь заяа байх. Хүүхэд төрүүлсний дараа формдоо орох, барилдах ёстой амаргүй юм байна. Бэлтгэлдээ орсны дараа гар дээрээ ганц ч сунайж чадахгүй болсноо мэдсэн.

-Та жирэмсэн байхдаа, төрснийхөө дараа УАШТ-ийг өнжөөгүй. Амаржаад удаагүй байхдаа улсынхаа шилдгүүдтэй өрсөлдөхийг хараад бахархсан шүү.

-Баярлалаа. Уг нь энэ жил УАШТ-ийг өнжье гэж бодож байсан юм. Хосоо багш “Чиний насны тамирчин өнгөрсөн жил ДАШТ-ээс медаль хүртсэн. Миний шавь чадна” гэж зоригжуулаад байхаар нь барилдсан.

-Тамирчны замналаа жүдогоор эхлүүлсэн таныг чөлөөт бөхтэй амьдралаа холбоход юу нөлөөлөв?

-Ц.Цогтбаяр багшийнхаа ятгалгаар чөлөөт бөхөөр хичээллэсэн. Хоёр багшийнхаа анхны эмэгтэй шавь нарын нэг. Намайг эл спортоор барилдаж эхлэхэд “Алдар”-т дөрөвхөн эмэгтэй тамирчин байсан. Үнэнийг хэлэхэд би багадаа спортод тийм ч сонирхолтой байгаагүй. 

Аав, ээж хоёр Завхан аймгийн уугуул. Манай удамд даншгийн арслан цолтой хүн бий. Би эхээс тавуулаа. Төв аймгийн Баянцогт сумын Гунын бригадад төрсөн. Намайг тавдугаар ангид байхад манайх Эрдэнэт рүү шилжсэн юм. Ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа цана, хөнгөн атлетикаар хичээллэдэг байлаа. 

Улаанбаатарт ирсний дараа Гавьяат тамирчин Х.Батхишиг эгч “Бөхийн төрлийн спортоор хичээллэ. Сайн бөх болох ирээдүй чамд байна” гэж зөвлөв. Тэгээд Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа багшийн шавь болж, жүдогоор хичээллэсэн. 2004 онд Азийн АШТ-д V байрт шалгарч, “Алдар”-ын жүдоч боллоо. 

Тэгж явахад Цогоо багш “Чөлөөтөөр барилдвал бүр ч өндөр амжилт гаргахаар байна. Хосоо бид хоёрын шавь бол” гэсэн юм. Тэгэхэд Ч.Насантогтох багш, Ш.Цэвэлмаа дасгалжуулагч намайг чөлөөт руу алдахгүй гэж их хөөцөлдсөн, ятгасаан.

-Тэр жил та бөхийн таван төрөлд улсын аварга болж, Цогоо дасгалжуулагчийн төдийгүй олны хараанд өртсөн. Тэр тухайгаа сонирхуулахгүй юү?

-Тэр жил чөлөөт, жүдо, самбо, сүмо, кураш бөхийн УАШТ хоорондоо 10-аад хоногийн зайтай болсон юм. Түүнээс өмнө жүдо барилдахын хажуугаар эдгээр тэмцээнд зодоглон, цөөнгүйнх нь улсын аварга болчихсон байсан л даа.

Нэгд нь түрүүлэнгүүтээ маргаашаас нь нөгөөгийнх нь бэлтгэлийг хийгээд их ядарч билээ.

-Нэг жил бөхийн ийм олон төрөлд улсын аварга болсон монгол тамирчин байдаг болов уу?

-Мэдэхгүй ээ. Энэ талаар ёстой судалж үзээгүй.

-Жүдогоор улсын хошой аварга болж, Азийн АШТ-д V байрт шалгаран, амжилтын амтыг мэдэрчихсэн байхдаа өөр спорт руу урвах амаргүй байсан нь мэдээж. Чөлөөт бөхөөр зорилгодоо хүрч чадах, эсэх нь ч эргэлзээтэй үед бүхнийг шинээр эхлэхдээ эргэлзсэн үү?

-Огт эргэлзээгүй. Чадна гэж л бодсон. Бэлтгэлээ хоёр багшийнхаа удирдлагад хийн, чөлөөтөөр барилдвал илүү амжилт гаргана гэдэгтэй итгэлтэй байсан шүү. Тэгээд 2005 онд эл спорттой амьдралаа холбон, тууштай хичээллэсэн. Тэр жил чөлөөт бөхийн УАШТ-д зодоглох гэтэл МЧБХ-ноос зөвшөөрөөгүй. 

Бөхийн өөр төрлөөр барилдахгүй гэсэн амлалт өгөхийг үүрэгдсэн л дээ. Тэгэхээр нь “Дахиж жүдогоор өрсөлдөхгүй” гэж амлан, гарын үсэг зурж билээ. Тэр үеэс хойш өдий хүртэл чөлөөт бөхөөс өөр төрөлд зодоглоогүй. Эл спортоор хичээллэхээ больё, жүдогоор дахин барилдъя гэж бодож байгаагүй. 

2004 онд болсон И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээнээс медаль хүртээгүй ч дажгүй барилдсандаа их урамшсан. Хоёр жилийн дараа Монголд болсон оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, тууштай барилдвал амжилт гаргах юм байна гэх итгэл төрсөн юм. 

Өнөөгийн амжилт хоёр багштай минь салшгүй холбоотой. Тэднийхээ уйгагүй хөдөлмөр, намайг гэсэн сэтгэлийнх нь дэмээр өдий зэрэгт хүрсэн хүн дээ, би. Спортод төдийгүй амьдрал дээр надад их түшиг болдог. Даанч багш нарынхаа хөдөлмөр, зүтгэлийг хариулах хэмжээнд амжилт гаргаж хараахан чадахгүй явна.

-Чөлөөтөөр хичээллэсэн жилээ та Азийн АШТ-д зодоглохдоо эхний тойрогт ялагдсан. Гэр бүлийнхэн нь таны шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Аав, ээж хоёр миний хувийн амьдралд төдийлөн оролцдоггүй. “Миний охин өөрөө мэд” л гэдэг. Тухайн үед зөв, буруу гэж юм хэлээгүй. Тэр жил Азийн АШТ-д барилдахдаа Хятадын бөхөд ялагдсан. Өнөөх бөх тухайн онд дэлхийн аварга болсон юм. Түүнийг ялж яваад дийлдсэн болохоор нэг их сэтгэлээр унаагүй.

-Азийн АШТ гэснээс та тус тэмцээний долоон медальтай. Тивийнхээ аварга цолноос дөрвөн удаа атгаад алдсандаа харамсдаг уу?

-Харамсалгүй яах вэ. Нэгэнд нь ч яах вэ, яалт ч үгүй дийлдсэн, К.Ичод. Нөгөө гуравт нь түрүүлэх боломжоо ашиглаж чадаагүй. Хэдэн жилийн өмнө нэгэн сонинд “Азийн АШТ-ий хамгийн олон медальтай Монголын чөлөөт бөхийн тамирчин Б.Одончимэг” гэж бичсэн байна билээ. Надаас олон медальтай бөх байдаг, эсэхийг мэдэхгүй.

-Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд улсын 12 удаагийн аварга хоёрхон хүчтэн бий. Тэдний амжилтыг давтах, ахиулах бодол танд бий юү?

-Заавал тэгэх сэн гэж шунадаггүй. Энэ жил тэдний амжилтыг давтахыг хүссэн ч хүрэл медаль хүртсэн. Ирэх жил улсынхаа дэвжээнд өрсөлдөнө өө.

-Энэ жил ДАШТ-ий сорил тэмцээний шигшээд Г.Наранчимэгт дийлдсэн. Дэвжээндээ эргэн ирээд удаагүй, бэлтгэл дутуу байсан нь барилдаанд тань нөлөөлсөн үү?

-Амаржаад удаагүй байсан болохоор амархан ядарсан. Гэхдээ барилдаанд ядаргаа бус, бэлтгэл нөлөөлсөн тал бий. ДАШТ-д оролцох сон, амжилт гаргая гэж хэтэрхий хөдөлмөрлөөд бэлтгэлээ ихдүүлчихсэн.

-Танаас юу асуух вэ, юуны талаар ярилцах вэ гэж нэлээд судаллаа. Хэвлэлд өгсөн томоохон ярилцлага ер олдсонгүй.

-Аргагүй ээ, ДАШТ-ээс медаль хүртэх үедээ л ганц нэг ярилцлага өгсөн. Тэрнээс хойш нам гүм амьдарч байна. Сэтгүүлчид ярилцлага авах санал тавихаар нь зугтчихдаг (инээв).

-Спортын хорхойтнууд 2009 оны ДАШТ-ийг одоо ч дурсах дуртай. Учир нь тэмцээний сүүлчийн өдөр та Гавьяат тамирчин О.Бурмаагийн хамт хүрэл медаль хүртэн, тамирчдынхаа нүүрийг тахалсан шүү дээ. 

Монгол бөхчүүд тэмцээнээ дуусган, хамгийн сүүлчийн найдвар болон дэвжээнд гарахад сэтгэл зүйн дарамт мэдрэгдсэн үү?

-Өө, элдэв юм ер бодоогүй. Манай тамирчид нутаг руугаа буцан, О.Бурмаа бид хоёр дасгалжуулагч, эмчтэйгээ үлдэв. Тэд Монгол руу буцах замдаа бидний барилдааныг зурагтаар үзсэн гэсэн. Тэмцээний сугалаа гарахад эхний тойрогт дэлхийн таван удаагийн аварга, канад бөхтэй учраа таарлаа. Тэгэхэд би бэлтгэл үнэхээр сайтай байсан. 

Тэр хэрээр өөртөө итгэлтэй зодоглов. Даанч канад бөхийг дийлээгүй. Багшид нэлээд загнуулсан. Тэгэхэд хэлсэн үг нь намайг медаль хүртэхэд их нөлөөлсөн шүү. Хүрэл медалийн төлөө япон бөхтэй барилдсан. Тухайн үед манай эмэгтэй бөхчүүд ДАШТ-ээс медаль хүртээд удаагүй, бид япон тамирчдаас бэргэдэг байлаа шүү дээ. 

ДАШТ-ий өмнө болсон хамтарсан бэлтгэлийн үеэр түүнийг би ялж байсан юм. Япончууд намайг их сонирхон, тамирчдаа ээлжилж барилдуулаад байв. Судалж байгаа нь тэр. Тиймээс би юу гэж бүхнээ шавхах вэ. Барилдахаар гарахын өмнө япон бөх надаас эмээж байгааг нь мэдэрсэн. Өөртөө итгэлтэй өрсөлдөөд ялсан. 

Дөрвөн жил зүтгээд дэлхийн медальтан болохдоо хоёр багшаараа их бахархаж билээ. Намайг ДАШТ-ээс медаль хүртэхээс гурван жилийн өмнө аав бурхан болсон. Монголдоо ирэхэд ээж угтахад үнэхээр баярласан шүү. Амжилт гаргаад эх орондоо ирэхэд ээж намайг хоёрхон удаа тоссоны нэг нь тэр. Ээжийгээ баярын нулимс унаган зогсохыг хараад өөрөөрөө бахархсан.

-Та тухайн үед 63 кг-д барилдаж байсан ч дэлхийн дэвжээнд жин өгсөн, 67-кг-д өрсөлдсөн. Хэрвээ үндсэн жиндээ барилдсан бол медалийнхаа өнгийг хувиргах боломж хэр байв?

-Нэлээд байсаан. Нэгэнт болоод өнгөрсөн юманд тэгсэн, ингэсэн гэх дэмий болов уу. Хоёр багшийнхаа зөвлөсний дагуу 2012 оны Лондоны олимпод 72 кг-д барилдах төлөвлөгөөтэй байв. Тиймээс жингээ алсаас өсгөхийн тулд 2009 онд 67 кг-д барилдах болсон. 

Түүнээс хойш амжилтаа ахиулахын төлөө дэлхийн шилдгүүдтэй дөрвөн удаа өрсөлдсөн. Хамгийн харамсалтай нь 2010 оны ДАШТ. Амжилтаа батална, дэлхийн аварга болох зорилготой Орост очив. Намайг барилдахын өмнөх өдөр С.Батцэцэг өрсөлдсөн юм.

Түүнийг Монголын чөлөөт бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга болоход магнайгаа хагартал баярлаж билээ. Сэтгэл их догдлоод ч тэр үү, нойр хулжин, унтаж чадаагүй. Тэгсэн нь амжилтад их нөлөөлсөн л дөө.

-Дэлхийн шилдгийн нэг болоод Монголдоо ирсний тань дараа “Б.Одончимэгт Гавьяат тамирчин цол олгохоор болж” гэх яриа гараад таг болсон. Тэр үнэн юм уу, эсвэл цуурхал байсан уу?

-Юу ч гэмээр юм бэ дээ. Үнэнийг хэлэхэд андуурсан юм билээ. Дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртэн, Монголдоо ирээд хэдхэн хоносны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газраас утсаар холбогдон “Танд Гавьяат тамирчин цол олгохоор боллоо. Маргааш Төрийн ордонд бэлэн байгаарай” гэв. Бөөн баяр бололгүй яах вэ. 

Хамгийн түрүүнд ээждээ, хоёр багшдаа хэллээ. Цогоо багш “Юмыг яаж мэдэх вэ, горьдов оо” гэдэг юм байна. Багш Гавьяат тамирчин цолыг олон жил хүлээсэн болохоор хаширласан байх, зовлонг нь илүү мэднэ. Маргааш нь яваад очлоо. 

Төрийн ордонд яг орохын өмнө Цогоо багш “Үнэн гэнэ. Шавьдаа баяр хүргэе” гээд үнсэв. Тэгээд ортол Гавьяатаар шагнуулах гэж буй хүмүүс зүүн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулах нь баруун талд зогсоорой гэв. Би зүүн тал руу нь зогсох гэж байтал нэг хүн нэр асууснаа “Баруун талд зогсох юм байна” хэмээсэн.

-Эвгүй байдалд орох мөчид юу бодов?

-“Андуурсан юм байлгүй дээ. Дараа жил амжилтаа баталж, ахиулаад л Гавьяат болчих юм чинь” гэж бодсон. Өөр юу ч бодох вэ дээ.

-Дэлхийн медальтан болсныг нь улсаас үнэлээгүй хуруу дарам тамирчдын нэг нь, та. ДАШТ-ий хүрэл медаль төдийгүй олон улсын, Монголынхоо болон Азийн дэвжээнд гаргасан амжилтыг тань дэнсэлбэл нэлээд жин дарна. Амжилтыг тань үнэлэхгүй байгаад гомддог уу?

-Юу гэж тэгэх вэ. Олимпоос бусад бүх тэмцээнээс медаль хүртсэн ч би заавал Гавьяат болох учиртай гэж боддоггүй. Өнөөгийнхөөсөө илүү амжилт гаргах сан л гэж боддог. 

Бусдад хүлээн зөвшөөрөгдсөн цагт алдар нэр, гавьяа шагнал аяндаа ирнэ. Тамирчид багадаа олимп, дэлхийн аварга болох мөрөөдөлтэй байдаг. Түүнээс биш Гавьяат болно гээд алдар нэр хүсдэггүй шүү дээ.

-Улсын цол хүртсэн бөхчүүдийг хэрхэн шагнаж, урамшуулдгийг хүмүүс сайн мэднэ. Дэлхийн дэд аваргынхаа амжилтыг хэрхэн мялаав?

-Улсаас журмын дагуу хоёр сая төгрөг, “Алдар” спорт хорооноос хоёр өрөө байраар урамшуулсан. Намайг үргэлж дэмждэг Д.Дугаррагчаа захирагчтай зэвсэгт хүчний 311 дүгээр анги, “Алдар” спорт хорооны хамт олон, гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа баярлаж явдгаа илэрхийлье.

-Токиогийн олимпод оролцохын төлөө зүтгэх үү?

-Боломж гарвал зүтгэхийг хичээнэ. Түүнээс биш би заавал оролцоно, амжилт гаргана гэж шунахгүй. Монголын хүнд жинд залгамж халаа жаахан тасарсан нь үнэн. Тиймээс амжилт гаргахаас илүү залуу тамирчдад үлгэрлэн, заавар зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцахыг хүсдэг. 

Сайн бэлтгэвэл мундаг болох ирээдүйтэй залуу тамирчин миний жинд олон бий. Нөгөө талаар Монголд чөлөөт бөхийн эмэгтэй дасгалжуулагч хуруу дарам цөөн. Тиймээс эмэгтэй тамирчидтай тулж ажиллана. Надад нэг нууцхан мөрөөдөл бий. Тэр бол олон шилдэг эмэгтэй тамирчинтай клубтэй болох.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)