Б.НАЙДАЛАА: Иргэдийг улс төрийн намын төлөө амьдруулдаг, зүтгүүлдэг байж таарахгүй

ХҮН-ын дарга Б.Найдалаатай ярилцлаа.

...Дүрмийн дагуу намын дэргэд ганцхан байгууллага ажиллуулж болно. Тэр нь бодлого, судалгааны хүрээлэн. Улс төрийн биш, судлаачдын баг тэнд ажиллана. Халаагаа бэлдэж байна гээд залуучуудыг яагаад улс төрөөр “бохирдуулах” ёстой гэж...

-Орон нутгийн ээлжит сонгууль дуусаад удаагүй байна. ХҮН нийслэл болон дүүргийн ИТХ-д хэд хэдэн суудалтай боллоо. Энэ нь та бүхний төсөөлж, төлөвлөсөн амжилт байв уу?

-УИХ-ын сонгуулийн дараа би “Монгол Улсад улс төрийн гуравдагч хүчин төрлөө” гэж хэлсэн. Өмнө нь АН, МАН-аас тусдаа УИХ-д суудалтай болсон нам бий ч тэд хэзээ ч орон нутгийн сонгуульд ийм амжилттай оролцож байгаагүй. ХҮН нийслэлийн ИТХ-д гурав, дүүргүүдэд тус бүр 2-4 суудалтай болсон. Манай нам одоо УИХ, нийслэл болон дүүргийн ИТХ-д төлөөлөлтэй том баг. Энэ бол Монголын улс төрийн амьдралд гарч байгаа цоо шинэ үзэгдэл. Цаашид цаг хугацаа үүнийг улам тодруулна гэдэгт итгэлтэй байгаа. Нийслэл, дүүргийн ИТХ бол улс, нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх суурь. Эдгээр шатанд төлөөлөлтэй болох нь улс төрийн нам төлөвшиж, багаараа бүх түвшинд ажиллан, тулгамдсан асуудлынхаа мөн чанарыг илүү мэдрэхэд дөхөмтэй.

ХҮН-ЫН САНАЛЫГ АН ХУВААСАН

-Сонгуулийн дараа ХҮН-ыг янз бүрээр харж, ярьсныг та бүхэн сонссон л байх. Тухайлбал, танай намыг гуравдагч хүчин биш, АН-ын саналыг хуваасан төдий гэж үнэлсэн хүмүүсийн тухайд юу хэлэх вэ?

-Харин ч эсрэгээрээ юм биш үү. Жишээ нь, Чингэлтэй дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшсэн хүмүүс ихэнх хороонд ХҮН-ынхнаас цөөн санал авсан. Өөрөөр хэлбэл, ХҮН-ын саналыг АН хуваасан. Хоёрдугаарт, улс төрийн сонгууль бол үзэл бодол, бодлогын уралдаан. Сул байдлаасаа болж ялагдчихаад хэн нэгэн санал хуваалаа, түүнээс, үүнээс болж ялагдлаа гэх нь эрүүл хүний хийх дүгнэлт биш. ХҮН хэн нэгнийг санал хуваалаа гэж гонгинодоггүй. Бид урдах ажлаа л хийж байгаа.

-Бас МАН-ын “халаасны нам” нь ХҮН гэж ярьсан.

-Ийм зүйл ярьж байгаа нь тун харамсалтай. Яагаад ХҮН аль нэг нам, ах нараас хамааралтай байх ёстой гэж. Эхлээд Ерөнхийлөгч Х.Баттулга, дараа нь З.Энхболд, М.Энхболд, Баабар, Ц.Элбэгдорж гээд л олон ч хүнтэй манай намыг холбосон. Бидэнд хэрэгтэй юм тэдэнд юу ч байхгүй. Ардын намаас ч тэр. Хэрэв бид Ардын намынх бол дотор нь ороод ажиллана биз дээ. Монголд АН, МАН-аас өөр улс төрийн хүчин хэрэгтэй байна. Бид хэлээд байгаа юм биш. Иргэд, сонгогчид, нийгэм үүнийг хүссэн. Тэд ХҮН-д бага багаар итгэж эхэлж байна. Учир нь бид зарчмаа л барьдаг. Бид АН, МАН, МАХН-тай зөвхөн суудал, сонгууль, албан тушаалын төлөө наймаалцахгүй, хуйвалдахгүй. Орон нутгийн сонгуулийн дараа үүнийгээ ч ил тод мэдэгдсэн.

-Нийслэлийн ИТХ-ын сонгуульд ХҮН-аас нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь олгохгүй нэлээд удсан. Хэрэв та бүхнийг сонгуульд оролцуулаагүй бол яах байсан бол?

-Монгол бол ардчилсан улс. Гэтэл том багтай, олон дэмжигчтэй, УИХ-ын сонгуулиар 210 мянган хүнээс санал авсан, хүлээлт өндөртэй, нөлөө бүхий улс төрийн хүчнийг сонгуульд оролцуулахгүй байна гэдэг нь ардчилсан улсад байж боломгүй зүйл. Үүний цаана нэр дэвшиж байгаа хэдхэн хүн биш, тэднийг дэмжиж, хүлээж байгаа иргэдийн сонголт, эрх хэрхэх байсан бол гэдгийг төсөөлөх ч арга алга. Сонгуулийн сурталчилгааны хугацааны талд нь бид ажиллаж чадаагүй. Энэ бол манай улс төрийн тод, муу жишээ. Жижиг зүйлээр шалтаглаж, зохиомлоор, шүүхийг ашиглаж намыг сонгуульд оролцуулахгүй байх гэж оролдсон нь Монголын улс төрийн түүхэнд үлдэнэ.

-Танай намыг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн нийслэлийн Сонгуулийн хорооны тогтоолыг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн нь тамга тэмдэг, бичиг баримтын зөрчилтэй гэх асуудлаас үүдэлтэй байсан. Өмнө нь иймэрхүү маргаан үүсэж байсан болоод тэр үү “ХҮН төлөвшөөгүй байна. Ийм намыг ер нь дэмжих хэрэг байна уу” гэж шүүмжлэх хүмүүс байсан.

-Энэ бол дахиад л зохиомол хэрэг, гүтгэлэг. Би тухайн үед ч хэлж байсан. ХҮН-д асуудал огт байхгүй. Ямар ч маргаангүй. Дотоод маргаантай мэт харагдуулахыг зөвхөн гаднаас л хүсэж байгаа юм. Манай намын гишүүн гэж өөрсдийгөө хэлээд байсан хүмүүс ХҮН-аас хэдийн гараад МАХН-д элссэн, С.Ганбаатарын сонгуулийн менежерээр ажиллаж байсан. Хуурамч тамга хийсэн болон хутган үймүүлсэн хэргийг нь хууль, цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хоёрдугаарт, Сонгуулийн хороонд өгсөн бичиг баримт бүрдүүлэлтэд ямар ч асуудал байхгүй. Бичиг баримтыг яаж боловсруулахаа бид мэднэ. Ийм хар пиар нь бүтээгүй л дээ.

-Гэхдээ л О.Бямбадэлгэр тэргүүтэй хүмүүс намын чинь тамгыг хуурамчаар хийхээс сэргийлж болоогүй юм уу. Тэд та бүхний эсрэг зүйл яриад л байсан шүү дээ.

-Сэргийлж, хаалт тавих ямар ч шаардлага байгаагүй. Яагаад гэвэл, тэр хүн манай намын гишүүн биш. Нэр дэвшигчдийнхээ бичиг баримт, холбогдох материалыг Сонгуулийн хороонд өгөхийн өмнө гэнэт гарч ирсэн. Энэ нь улс төрийн захиалга, гэмт хэрэг. Харин гаднын хүн аль нэг компани, намд өөрийн мэт дүр эсгээд, шүүхэд хандан, улмаар шүүгч түүнийг нь өлгөж аваад, үйл ажиллагааг нь гацаах гэж байгаа нь ноцтой. Яг энэ жишгээр аль ч компани, байгууллагын үйл ажиллагааг хэн ч зогсоож болох нь. Энэ л аюул.

-Ингэхэд танай нам яг хэдэн гишүүнтэй юм бэ?

-Анхны бүртгэлээр 1000 орчим гишүүн бий. Бид хатуу гишүүнчлэл баримталдаггүй. 2020 онд ХҮН-ын дэмжигч асар их нэмэгдсэн. Шинэчилсэн бүртгэл хийж байгаа учраас гишүүдийн тоо өсөх болов уу. Хатуу гишүүнчлэлтэй хүмүүсээс гадна дэмжигчдийн том хүрээ байдаг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу улс төрийн намд 20 мянган гишүүнтэй байх босго тавьсан. Энэ заалт хэрэгжвэл бид дэмжигчдээ гишүүнээр бүртгэж эхэлнэ гэсэн үг.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд улс төрийн намтай холбоотой энэ мэт суурь асуудал хөндөгдөхөөр буй. Намын шинэчлэлийн тухайд та ямар байр суурьтай явдаг вэ?

-Бидний байр суурь тодорхой. Монгол Улс, ялангуяа орон нутаг, сум, дүүрэгт намчирхал туйлдаа хүрчихсэн байна. Хүмүүс нь хоёр намд хуваагдаад талцдаг. Талцлыг нь намууд өөгшүүлдэг. Үүнийг дагаад авлига, шударга бус сонгууль, нийгмийн халамжийн тогтолцооны үр ашиггүй байдал гэх мэт бурангуй асуудал доод шатанд үүсэж байна. Намын гишүүнчлэлийг социализмын үеийнх шиг хатуу биш, арай зөөлөн, дэмжигч статустайгаар явуулах ёстой. Энэ саналаа ч хэлж байсан. Харамсалтай нь, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд намыг 20 мянгаас доошгүй гишүүнтэй байхаар тусгалаа. 1990 оноос өмнөх тогцолцооны үлдэгдэл байгаа суурин дээр хатуу гишүүнчлэл тогтоох нь нийгмийн хөгжлийг буруу тийш хөтөлнө. Гэхдээ хэт жижиг, 800 хүний гарын үсэг цуглуулаад л байгуулчихдаг, компанийн эзний ч юм уу, сонгууль болохоор “солиорч” байгаад аз таарвал суудал авчихдаг, албан тушаалын наймаа хийдэг, улс төрийг хэрэгсэл болгодог намуудад тодорхой тооны гишүүний босго тавих замаар шахах нь зөв. Магадгүй 20 мянга гэдэг нь хэт өндөр, намчирхлыг өдөөх босго байх.

-Сонгуулийн дараа АН, МАН-аас хамтрах санал хэр тавьж байна вэ?

-Манай намын төлөөлөгчид рүү ярьж санал тавьсан тохиолдлууд бий. Гэхдээ бидний зорилго бол аль ч түвшинд албан тушаал авч, хэдхэн хүний хэрэгцээг хангах биш. Монгол Улсын өмнө тулгамдсан асуудлыг шийдэх цэгцтэй, цэвэр, авлигагүй, шинэ улс төрийн хүчин байх нь ХҮН-ын зорилго. Манай гишүүдэд хэн ч, ямар ч санал тавьсан бай дураараа шийдвэр гаргаж, наймаанд орохгүй.

-Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Улаанбаатарыг удирдаж эхэллээ. ИТХ-д гурван төлөөлөгчтэй намын даргын хувьд юу бодогдож байна вэ?

-Хэнийг даргаар ажиллуулах нь эрх баригч намын асуудал. Хамгийн гол нь ажил хийж, мөрийн хөтөлбөрөө яс хэрэгжүүлээсэй. Шулуухан хэлэхэд, өмнөх сөрөг хүчин нийслэлийн хэмжээнд хангалттай ажиллаагүй. Авто замын хөдөлгөөн тэг зогсолт болж, барилга дундуур байшин барьсаар, Туулын бургасыг хядаж байгаа нь сөрөг хүчингүй байсны шинж. Сөрөг хүчин нэртэй боловч бие биедээ уусаж, хувааж “идсэний” үр дүн. Бид тогтолцоог өөрчилнө. Нийслэл, дүүргийн ИТХ юу хийдэг, иргэдтэйгээ яаж холбогддогийг цоо шинээр харуулна. Олонх хүн дүүргийн төлөөлөгч ямар үүрэгтэйг мэддэггүй. Хорооны Засаг даргыг эрх баригч нам нь хууль бусаар, хуйвалдааны замаар томилдог жишиг тогтчихсон. Улмаар хорооны Засаг дарга, хэсгийн ахлагчаас улс төрийн хамаг л муу, муухай нь эхэлдэг болчихоод байна шүү дээ. Үүний эсрэг байр суурь баримталж ажиллана.

-Хоёр ч сонгуулийн ард гарлаа. Ерөнхийлөгчийн сонгууль хүлээж байна. Үр дүн, төлөвлөгөөгөө ярих гэж ХҮН хуралдахгүй юм уу?

-Том хурал хийхгүй. Ажлын шугамаар бид байнга хуралдаж байгаа. Харин гишүүд, дэмжигчид нэмэгдэж байгаа учраас сонгуульт ажилтай хүмүүсийнхээ хариуцлага, ёс зүй, хоорондын харилцаа, холбоог улам сайжруулж, үр дүнтэй ажиллах, эрх ашиг биш, зарчимд үндэслэсэн институцийг бэхжүүлэх ажил бидний өмнө байна.

УИХ, НИЙСЛЭЛ БОЛОН ДҮҮРГИЙН ИТХ-Д СУУДАЛТАЙ БОЛСОН НАМЫН ДАРГА ЯАГААД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ЮМ БЭ

-ХҮН-ын бүтэц, зохион байгуулалтын хувьд бусад намаас юугаараа ялгаатай юм бэ?

-Манай нам шинэчлэн зохион байгуулагдаад таван жил болж байна. Аажмаар, зохион байгуулалттай, нөөц хүчээ төлөвлөж, хийсэн ажлын үр дүн одоо л гарч байгаа нь энэ. Сүүлийн хоёр сонгууль ХҮН-ыг шинэ шатанд гаргалаа. Одоо бид бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөх шаардлагагүй.

1990 оноос өмнөх намын тогтолцоог хуулахгүй байх гэж бид анхнаасаа хичээсэн. АН үүнийг хуулаад алдсан. Энэ тогтолцоо нь нээлттэй, ардчилсан нийгэмд зохихгүй. Иргэдийг намын төлөө амьдруулдаг, зүтгүүлдэг байж таарахгүй. Манай намын ганц том ялгаа нь энэ. Бид АН, МАН шиг нам бий болгохгүй. Монголын ирээдүйд ямар улс төрийн хүчин хэрэгтэй байна, түүнийг бүтээнэ. Ингэж байж улс хөгжинө. Бүх аймаг, сумд намын үүр, хороотой, тэдгээр нь даргатай, тамгатай, аль болох олон гишүүн элсүүлж, атгадаг, хайрцагладаг, халамж тараадаг хуучирсан тогтолцоог халах хэрэгтэй. Хатуу гишүүнчлэлгүй, хэн нэгэн намын гишүүн боллоо ч түүний төлөө амьдардаг биш байлгахыг хүсэж байна. Намд элсэхийн тулд хорооны үүрийн дарга дээр очиж “батлах” өвөртлөх ямар хэрэгтэй юм бэ. Үүнийг орчин үеийн залуус хүсэхгүй. Тэдэнд тэгж явах зав ч байхгүй. Сонирхлын бүлгүүд нэгдээд, улс төр, нийгмийн чиглэлээр идэвхтэй ажиллаж болно шүү дээ. Жишээ нь, сагсан бөмбөг сонирхогч залуучууд дуртай зүйлээ хийнгээ хороо, гудамж, спортоо хөгжүүлэх, нийгмийн ажилд оролцох боломжтой. Хороо, баг руу “орсон” бүтцийг бид аль болох хуулахгүй. Дэмжигчдийг арай өөр маягаар нэмнэ. Одоо дүүргүүдэд ХҮН-ын хороо ажиллаж байгаа ч үүр байгуулаагүй. Байгуулсан ч АН, МАН-ынхаас өөрөөр ажиллуулна. Мөн манай дүрэмд нам дэргэдээ залуучууд болон эмэгтэйчүүдийн байгууллага бий болгож, ажиллуулахгүй байх заалт бий. Дүрмийн дагуу намын дэргэд ганцхан байгууллага ажиллуулж болно. Тэр нь бодлого, судалгааны хүрээлэн. Улс төрийн биш, судлаачдын баг тэнд ажиллана. Халаагаа бэлдэж байна гээд залуучуудыг яагаад улс төрөөр “бохирдуулах” ёстой гэж. Тэр нь эргээд тамга тэмдэг, албан тушаал хөөцөлддөг шат, гишгүүр болж, “цүнх баригчдыг” төрүүлж байна шүү дээ.

-Та УИХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч бүдэрлээ. Хариуцлага хүлээх ёстой гэх байр суурь илэрхийлж байгаа хүмүүсийн яриаг анзаарсан л байлгүй.

-Дарга бол тэр намын гол манлайлагч, хариуцаж байгаа хүн. ХҮН гишүүд, олон дэмжигчтэй боллоо, хагарч бутарсангүй. УИХ, нийслэл болон дүүргийн ИТХ-д суудалтай боллоо. Улс төрийн намын зорилго ердөө л энэ. Ийм байхад дарга нь яагаад хариуцлага хүлээх ёстой юм бэ. Хоёрдугаарт, өөр намын гишүүд улс төрийн зорилгоор ийм мессеж хаяж байгааг нь ойлгохгүй юм. Үүнийг намын гишүүд шийддэг болохоос, гаднаас хийхгүй. Гуравдугаарт, би хувь улстөрчийн үүднээс амжилт олох нь миний зорилго биш. Би УИХ-ын гишүүн болохын тулд энэ намын дарга байгаа юм биш. УИХ-ын гишүүн болохын тулд улс төрд ороогүй. Цэвэр улс төрийн хүчин бий болгож, баг, институцээрээ улсынхаа хөгжилд дорвитой нэмэр болох тогтолцоо бүрдүүлэхийг л зорьж явна. Үнэхээр өөрөө л гишүүн болъё гэсэн бол өөр тойрог сонгон өрсөлдөх байсан. Би 2016 онд УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшсэний хувьд амаргүй тойрог гэдгийг нь мэднэ. Дарга гээд тойрог голж, шилэхээс илүү хэцүү ч гэлээ манлайлж, түүчээлж ажиллах нь чухал. Манай намын ялгарах онцлог нь энэ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ДАРАА МАНАЙ ГУРВАН НАМ НЭГДЭХ АСУУДАЛ ЯРИГДАХ БОЛОВ УУ

-Намын даргыг сонгож, чөлөөлөх талаар намын дүрэмд ямар заалт байдаг юм бол?

-Тогтсон хугацаа байхгүй. Тухайн үеийн улс төрийн нөхцөл ямар байна, гишүүд нь юу гэж бодож буйг нь харгалзан шийдэх асуудал л даа. Даргаар ажиллах боломжтой олон хүн манай намд бий. Хүний нөөцийн хувьд ямар ч асуудалгүй.

-2024 оны сонгуулиар одоогийнхоос бага амжилт үзүүлбэл та ажлаа өгөх нь, тийм үү?

-Тийм шалтгаан байж болно.

-Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь та бүхний хувьд том ажил байх нь гарцаагүй.

-Ерөнхийлөгчийн сонгууль бас л том даваа. Манай цөм багт нэр дэвших хүн одоогоор олон байхгүй, олонхынх нь нас хүрэхгүй. Бид өөрсдөө нэр дэвшихийн тулд энэ намыг байгуулаагүй шүү дээ. Нийгэм ямар хүн хүсэж байна, хэн Ерөнхийлөгч байвал хамгийн зохистой вэ гэдгийг харгалзаж, магадгүй иргэдээс саналыг нь асуусны үндсэн дээр нэр дэвшүүлнэ. Амжилттай оролцоно гэдэгтээ итгэлтэй байна.

-УИХ-ын сонгуульд “Электорат” хөдөлгөөн та бүхнийг дэмжсэн. Одоо тэдэнтэй холбоотой ажилладаг уу. Магадгүй тус хөдөлгөөнөөс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх юм биш биз?

-Холбоогүй. Тус хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан хүмүүсийг олон нийт мэдэж байгаа. Тэд биднийг “Зөв хүмүүс шүү” хэмээн дэмжсэн. Түүнээс биш намын үйл ажиллагаанд оролцдоггүй. Ерөнхийлөгчийн сонгуульд ч тэдэнтэй ямар ч холбоо, хамааралгүй оролцоно.

-Ингэхэд УИХ-ын сонгуулиар эвссэн МСДН, Зүй ёс намтай хамт орон нутагт хүч үзэж болоогүй юм уу?

-Ярилцаад тус тусдаа оролцохоор болсон. Зарим нь ХҮН-аас нэр дэвшин орон нутгийн сонгуульд оролцсон шүү дээ. Эвслийн гэрээний дагуу манай гурван нам сонгуулийн дараа нэг болж, нэгдэхээр тохирсон.

-Хэзээ нэгдэх бол?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа л яригдах болов уу.

-Танай намын үзэл баримтлал юу болохыг ярилцлагын төгсгөлд асууя.

-Манайх шиг тодорхой үзэл баримтлалтай нам байхгүй болов уу. “Хүн дээд үзэл” буюу монгол хүнээ хөгжүүлээд, бүх юмаа хүн рүүгээ чиглүүлээд байвал хөгжинө гэсэн санаа, үндсэн зарчим нь юм л даа. Үүнийг Барууны онолоор нь хэлбэл зүүн төвийн буюу социал демократ үзэл юм. Хоёр том хөрштэй, манайх шиг жижиг улсад ийм үзэл хамгийн тохиромжтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)