Б.Найдалаа: Жижиг 76 тойргийн системийг халах хэрэгтэй

Хөдөлмөрийн үндэсний намаас мэдээлэл хийж, Сонгуулийн тухай хуулийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

“ХҮН”-ын дарга Б.Найдалаа "Сонгуулийн тухай хууль бол Үндсэн хуулийн дараа ордог чухал хууль. Монгол Улсын цаашдын хувь заяаг тодорхойлох суурь нь сонгуулийн тухай хууль байдаг. Гэтэл урьдын адил эрх баригч намууд өөрсдийн эрх ашигт нийцсэн  хуулийг санаачилж байгаа нь үнэхээр харамсалтай байна” хэмээн хэллээ.

Тус намынхан өнөөдрийн хэвэлийн хурлын үеэр дараах саналуудыг танилцууллаа. Энэ талаар Б.Найдалаа,

"Нэгдүгээрт, Монгол Улс жижиг 76 тойрогт хуваагдсан байна. Нэр дэвшигчид тойрогоосоо хулгайгаар олсон мөнгөөр ард түмэнд янз бүрийн эд материалын зүйлс болон мөнгө тараадаг. Тиймээс энэ 76 тойргийн тогтолцоог халах хэрэгтэй. Үүнээс өөр сонгон шалгаруулалтын хувилбарыг санаачлах шаардлагатай. Хэрэв жижиг 76 тойрогтой систем байвал Монгол Улс цаашдаа хөгжихгүй, мөн нийгмийн асуудал огт шийдэгдэхгүй.

Хоёрдугаарт, Монгол Улсын нийт иргэдийн таван хувь нь гадаадад амьдарч байна. Эдгээр иргэдийн сонгох эрхийг Үндсэн хуульд тусгасан байдаг. Энэ үүргийнхээ хүрээнд гадаад улсуудад амьдарч, ажиллаж байгаа иргэдийг сонгуульд бүрэн оролцох боломжоор хангаж өгөх хэрэгтэй.

Гуравдугаарт, одоогийн сонгуулийн тогтолцоонд бүрдээд байгаа “мөнгөний сонгууль” буюу хөрөнгө мөнгөөр ялгаварласан, мэдлэг, чадвартай нэр дэвшигч бус харин хөрөнгөлөг хэсэг, авлигачид сонгогддог энэ буруу ёсыг халахын тулд сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулах зохицуулалтыг Сонгуулийн тухай хуульд тусгах шаардлагатай байна. Тухайлбал, нэг хэмжээтэй нэгдсэн самбар гаргаж өгөх, олон нийтийн радио, телевизээр ижил хугацааны сурталчилгаа явуулдаг байх, нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааг нэгдсэн байдлаар зохион байгуулж, улсын төсвөөс бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлэх гэх мэт зохицуулалтуудыг Сонгуулийн тухай хуульд тусгах хэрэгтэй байна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)