Б.Найдалаа: Авлигачдаа шийтгэхгүй байгаа улс хар жагсаалтаас гарч чадахгүй

Монгол Улс Европын холбооны "хар жагсаалт"-д орсонтой холбогдуулан Хөдөлмөрийн үндэсний намаас мэдэгдэл хийлээ. 

ХҮН-ын дарга Б.Найдалаа "Монгол Улс дэлхийн хамгийн бүтэлгүй 10 улстай хамт нэг хайрцагт орлоо. Зарим улстөрч "энэ жагсаалтаас удахгүй гарна, түр зуурын зүйл" гэх мэтээр ярьж байна. Үгүй, тийм биш. Энэ бол Монгол Улсыг олон улсын санхүү, бизнес, хөрөнгө оруулалтын сүлжээнээс тасалж буй явдал юм. 

Хар жагсаалтад орсон шалтгаан бол их энгийн. Энэ бол Монгол Улсад авлига хулгай хэрээс хэтэрсний нотолгоо юм. Өөрөөр хэлбэл, манай улсын эрх баригчдыг авлигын сүлжээнд орсон гэж олон улс үзээд, "хар жагсаалт" гэх үнэлгээг өгчээ. Жишээ нь оймсондоо мөнгөө нуусан даргын асуудал, Ардчилсан намын сонгуульд зориулсан 100 саяын хахууль зэрэг н манай төрийг авлигад идэгдсэний нотолгоо юм. Мөн шүүхээр шийдэгдээгүй олон хэрэг байна. 

Улсын төсвийг тодотгох хэрэгтэй гэж бид олон удаа шаардсан. Засгийн газар коронавирусийг далимдуулаад бүдүүлэг алдаа хийж байна. Үүний цаана хулгайн мөнгө эргэлдэж байна гэж олон улс үзжээ. Тиймээс ХҮН нам эрх баригчдад гурван шаардлага тавьж байна. 

Нэгдүгээрт, хулгай авлигын хэрэгтэй тууштай тэмц. Шүүхээр шийдэгдээгүй хэргүүдээ хурдан шийдээч ээ. Авлигачдаа шийтгээгүй цагт Монгол Улс хар жагсаалтаас гарахгүй.

Хоёрдугаарт, төсвөө хуулийн дагуу тодотгооч ээ. Төсвийн мөнгийг усан оргилуур мэтийн хэрэггүй зүйлд зарцуулдаг байвал бид хар байтугай, саарал жагсаалтаас гарч чадахгүй. 

Гуравдугаарт, хар жагсаалтаас гарах урт болон богино хугацааны хөтөлбөр санаачлах хэрэгтэй байна. Хэрэв иймэрхүү байдалтайгаар сонгуульд орвол Монгол Улс ядуурал, сүйрлийн ирмэг дээр очно" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)