Б.Мөнх-Амин: Орчуулсан номынхоо орлогын талыг нь сайн үйлсийн аянд зарцуулна

АНУ-ын комик зураач Рейна Телгемайер өөрийнх нь амьдралд тохиолдсон нэгэн хөгжилтэй түүхийг комик зургийн аргаар өгүүлсэн “Эгч дүүс” хэмээх номыг 10 настай хүүхэд орчуулан гаргасан байна. Энэхүү бүтээл нь бага насны охидын дунд ихээхэн алдартай. Ингээд тус номыг орчуулсан Нийслэлийн “Сэлбэ” сургуулийн 6-р ангийн сурагч Б.Мөнх-Аминтай ярилцлаа.

-Манай уншигчид өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Баярмагнайгийн Мөнх-Амин гэдэг. Нийслэлийн “Сэлбэ” сургуулийн 6-р ангид суралцдаг. 10 настай. Багаасаа англи хэл сурсан. Ном унших дуртай. Аав, ээж, хоёр ах, дүүгийн хамт амьдардаг.

-Рейна Телгемайерийн бүтээл “Эгч дүүс” гэдэг номыг анх яагаад орчуулах санаа төрсөн бэ? Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Ээж маань Америкаас Рейна Телгемайерийн “Эгч дүүс” гэдэг номыг найзаасаа авчирч өгсөн. Уг номыг уншихаар гоё санагдаад дахин дахин уншдаг байсан. Гэтэл нэг өдөр надад аав маань тус номыг орчуулах санал тавьсан. Англи хэл мэдэхгүй байгаа хүүхдүүд Монгол хэлээр нь хүргэж болно гэж аав хэлж би зөвшөөрсөн юм. Ингээд орчуулж эхэлсэн.

-Энэхүү номыг орчуулснаар хүүхдүүдэд юуг ойлгуулахыг зорьсон бэ?

-Энэ номыг уншихаар дүү бид хоёртой маш адилхан санагдсан. Учир нь бид хоёр жаахан байхдаа хоорондоо маш их маргалдаж тоглоомоо булаацалддаг байв. Харин энэ номонд эгч дүүс хоорондоо эвтэй байж, нэг нэгнийгээ хайрлах тухай гардаг болохоор эдгээрийг хүүхдүүд ойлгож аваасай гэж энэхүү номыг орчуулсан юм. Ялангуяа эгч дүүс бие биенээ маш сайн ойлгох хэрэгтэй гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон.

-10 настай хүүхэд ном орчуулж гаргаж байгаа нь үнэхээр бахархалтай санагдаж байна. Номыг орчуулахад хэцүү санагдсан зүйл бий юу?

-Мэдэхгүй үг мэдээж байсан. “Эгч дүүс” номыг хоёр жилийн өмнө анх уншсанаасаа хойш 30 гаруй удаа уншсан. Орчуулгын ажлаа 2019 оны 7-р сарын 8-нд эхэлж байсан. МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр ах орчуулга дээр тусалж, зарим дуу авиа, үг хэллэгэн дээр ажилласан нь ихээхэн урам өгсөн.

-Ном орчуулсан гэдгээ найзууддаа хэлсэн үү? Найз нөхөд нь хэрхэн хүлээж авч байна вэ?

-Мэдээж найзууддаа хэлсэн байгаа. Манай найзууд намайг ямар мундаг бэ?, чамаар бахархаж байна шүү гээд зөндөө гоё гоё урмын үг хэлж, номын нээлт дээрээ уриарай гэж хэлсэн. Найзуудаасаа урмын үг сонсоход үнэхээр сайхан санагдсан.

-Найзууд нь номын нээлтэндээ уриарай гэж хэлсэн юм байна. Тэгвэл хоёулаа найзууддаа зориулж номынхоо нээлтийн талаар мэдээлэл өгвөл

-Ном маань хэвлэлтээс найман сарын 26-нд гарсан. Нээлт нь маргааш Интер номын дэлгүүрт болно.

-Номоо орчуулахад хэр их хугацаа зарцуулсан бэ?

-Коронавирус гараад удсан. Бараг нэг жил болж байж хэвлэлтээс гарч байгаа.

-Түрүүн багаасаа Англи хэл сурсан гэж хэлж байсан. Яг хэдэн настайгаасаа Англи хэл сурсан бэ? Аав ээж нь зааж өгсөн үү

-Тайланд асрагч намайг болон манай дүүг хардаг байсан. Тэр асрагч маань намайг Англи хэл сурахад ихээхэн нөлөөлсөн. Учир нь надад Англиар үлгэр уншиж өгдөг байсан. Мөн хамгийн анх ус гэдэг үгийг Англиар зааж өгсөн юм. Бас “Орчлон” цэцэрлэгт явж байхад надад Англи үсэг, нэрээ яаж бичих талаар зааж өгсөн юм. Дөрвөн настайгаасаа л эхэлж Англи хэлийг сурсан. Англи хэлийг сурахад аав минь их тусалсан юм.

-Том болоод ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог вэ?

-Багш болно гэж боддог. Одоохондоо юуны багш болохоо шийдээгүй байгаа. Бүжиглэх, дуулах дуртай. Мөн Англи хэлэндээ сайн болохоор аль нэгнийх нь багш болно доо.

-Орчуулсан номынхоо орлогоор юу хийхээр төлөвлөсөн бэ?

-Номноосоо олсон орлогоо хадгаламжиндаа хийнэ гэж бодож байгаа. Мөн орчуулсан номынхоо орлогын талыг нь сайн үйлсийн аянд зарцуулна. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахыг маш их хүсдэг. Үүнийгээ биелүүлнэ.

-За ярилцсанд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ()