Б.Мөнхтөр: Өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа

хайгуулын тусгай зөвшөөрөл

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөртэй ярилцлаа.

-Геологийн судалгаа уул уурхайн салбарын хөгжлөөс 20 жилээр түрүүлж явах ёстой гэдэг. Гэтэл түрүүлж хөгжиж чадахгүй байна гэж ярих боллоо. Геологийн судалгаа урагшлахгүй байгаа нь ямар учир шалтгаантай вэ?

-Геологийн судалгаа, эрэл хайгуулын салбар нь уул уурхайн салбараас 15-20 жилийн өмнө түрүүлж хөгжих ёстой. Бид газар нутгийнхаа геологийн тогтолцоог судлаад, тодорхой ашигт малтмалын хэтийн төлөвтэй хэсэгт нь хайгуул хийн, орд нээж, нөөцийг нь эрдэс баялгийн сандаа бүртгэж авах учиртай юм. Үүний дараа тухайн орд газруудыг улсын бодлого, төлөвлөлтийн дагуу олборлох тогтолцоотой. Монгол Улсын нийгэм, эдийн засагт уул уурхайн салбар их үүрэг, нөлөөтэй болсон. Хойшид ч ийм байна. Мэдээжийн хэрэг бусад салбараа хөгжүүлсний дараа уул уурхайн үүрэг, нөлөө багасаж болно. 

Нийгэм, эдийн засгийн төлөвлөлтөөс уул уурхайн салбар мөн 20 орчим жил түрүүлж явах ёстой юм. Уул уурхайн салбарыг дагаж нийгэм, эдийн засгийн байдал өөрчлөгдөж байдаг. Улс орнууд газар нутгийнхаа геологийн судалгаа, ашигт малтмалын хэтийн төлөвтөө үндэслэн бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөгөө гаргадаг. Манай улсын хувьд геологийн салбар нь уул уурхайн салбараас түрүүлж хөгждөг тогтолцоо алдагдаад нэлээд хугацаа өнгөрлөө. Бид илрүүлж тогтоосон орд газрууд, нөөцөө олборлоод дуусаж байна гэж хэлж болно. Шинэ орд газар нээх нь цөөрлөө.

Тэгэхээр геологийн судалгаагаа сайжруулахад анхаарах хэрэгтэй. Сайжруулахад салбарын институц талаасаа болон бодлого, хөрөнгө гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Өмнө нь бий болгосон сайн тогтолцоо задарчихаар эргүүлээд босгоход хугацаа ордог юм байна. Геологийн салбарын ур чадвартай мэргэшсэн инженер, техникийн ажилчид дутмаг байх жишээтэй. Шинэ орд газар нээх нь геологичийн ур чадвараас шууд хамаардаг. Геологийн салбарын хөгжил удааширсан нь иймэрхүү олон хүчин зүйлээс хамааралтай. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ асуудлыг цэгцлэх ажлыг зохион байгуулж байгаа. 

Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажлыг нэмэгдүүллээ. Геологийн судалгааны ажилд 2009 онд улс хоёр тэрбум төгрөг төсөвлөж байсан. Тэгвэл энэ онд 24.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр геологийн судалгааны ажил хийхээр төлөвлөсөн. Гэхдээ үүнийг нэмэгдүүлэх шаардлага бий. Ийм хэмжээний хөрөнгөөр наад тал нь 30-40, цаад тал нь 60 жил ажиллаж байж Монгол Улсын газар нутгийг геологийн судалгааны үе шатны ажлуудаар бүрхэх, бүрэн судлах, ашигт малтмалын хувьд хэтийн төлөвөө тодорхойлох зорилгоо биелүүлнэ.

-Судалгаагаа яаравчлахад зарцуулах хөрөнгөө хэр хэмжээгээр нэмэх шаардлагатай вэ?

-Манайх 1:200 000 масштабтай геологийн зураглалыг улсынхаа газар нутагт бүрэн хийсэн. Мөн 1:200 000-ны масштабын геологийн иж бүрдэл зураглалыг бүрэн хийсэн. Одоо 1:50 000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг бүрэн хийх ёстой. Цаашид хүн амын сууршлын бүс, дэд бүтэц, бүсчилсэн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан тодорхой бүс нутгуудад 1:25 000 масштабын нарийвчилсан геологийн зураг зохиох ажлыг эхлүүлэх шаардлага бий. Геологийн зураглал дотроо геологи, геофизик, геохимийн судалгааг агуулдаг. Тиймээс геологийн судалгааны ажлын үр дүнг дэд бүтэц, хот төлөвлөлт, газар тариалан, экологи, барилгын салбарынхан ашиглаж болно. 

Одоогийн хөрөнгө оруулалтын түвшнээ баривал геологийн судалгааны ажлаа 30-40 жилийн хугацаанд хийж дуусах бололцоотой. Жилд 40-50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулбал дээрх хугацааг хоёр дахин наашлуулна. Геологийн судалгааны ажил хийх бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэх хэрэгцээ бий. Хуучин нийгмийн үед Дорнодын, Төвийн, Баянхонгорын, Хөвсгөлийн, Чойрын гэх мэт геологийн экспедицийн олон мэргэжилтэн Монгол Улсын газар нутгийн судалгааг хийдэг байсан. Энэ бүтэц тогтолцоог татан буулгасны улмаас салбарын хөгжил удааширчихаад байна.

-Үндэсний геологийн алба байгуулж, өргөн хүрээнд ажиллуулах шийдвэр гаргасан. Геологийн албаа хэзээ байгуулах вэ?

-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт геологийн алба байгуулах талаар тусгасан. Мөн Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Ашигт малтмалын тухай хуульд тусгаж, эрх зүйн зохицуулалтыг нь хийгээд байгаа. Геологийн алба байгуулах асуудал бодлогын шинжтэй бичиг баримтад бүгдэд нь тусгагдсан гэж хэлж болно. Геологийн албаа байгуулахгүй удаад байгаа нь төсөв санхүү, зохион байгуулалттай холбоотой. Төсөвт дарамт болохгүйгээр байгуулахаар холбогдох яамдаас санал авч, Засгийн газрын хуралдаанд танилцуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ жилд багтаагаад байгуулчих болов уу.

-Алба байгуулсны дараа геологийн судалгаа өмнөх шиг далайцтай болно гэсэн хүлээлт бий.

-Бид одоогоор геологийн судалгааг тендер маягаар аж ахуйн нэгжүүдээр хийлгэж байна. Энэ бол зөв тогтолцоо биш. Баталсан төсвөөрөө төрийн судалгааны байгууллагаар хийлгэж байх ёстой. Геологийн судалгаа нь үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай, стратегийн ач холбогдолтой, зарим талаар нууцлал шаардах ажил байдаг. Тиймээс аж ахуйн нэгжүүдээр хийлгэх нь зохистой биш. 

Төрийн мэргэшсэн байгууллага нь геологийн судалгааг нь хийдэг, төр түүнийгээ ашигладаг тогтолцоотой байх ёстой. Геологи, уул уурхай хөгжсөн олон орон геологийн албатай байдаг. Хятад, Орос, АНУ, Канад гэх мэт томоохон улс бүгд геологийн албатай. Тэр нь өндөр статустай ажиллаж, мэдээллээ ил гаргахыг нь гаргаж, нууцлахыг нь нууцалдаг. Геологийн алба бол чухал институт.

-Геологийн судалгааг хэр нарийвчлалтай хийсний дараа газар нутгаа бүрэн судалсан гэж үзэх вэ?

-Наандаж 1:50 000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлаар бүх газар нутгаа бүрхсэн тохиолдолд эхний ээлжид хангалттай гэж үзэж болно. Ийм зураглал, ерөнхий эрлийн ажлаа хийсний дараа улсынхаа уул уурхайн салбарын нөөц боломжийг бүрэн мэднэ гэсэн үг. Түүнээс сонгоод дэд бүтэц болон ашигт малтмалын зориулалтаар тодорхой бүс нутагт том масштабын нарийвчилсан геологийн зураглал, хайгуулын ажил хийх шаардлага бий. Орд газар нээхийн тулд илүү нарийвчлалтай судалгаа хийх ёстой нь мэдээж.

-1:50 000 масштабын геологийн зураглалыг хийх ажил хэдэн хувьд хүрсэн бэ?

-Өнөөдрийн байдлаар улсын газар нутгийн 40.7 хувьд 1:50 000 масштабтай геологийн зураглал, ерөнхий ажил хийгээд байна.

-Та ашигт малтмалын орд цөөн нээгдэж байна гэлээ. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгжүүд лицензтэй талбайдаа өрөм тавих гэхээр иргэнийн нийгмийн байгууллага, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах болсон. Энэ нь геологи хайгуулын хөгжилд тээг болж байна уу. Зохицуулалт хэрэгтэй юм шиг санагддаг?

-Зохицуулалт хэрэгтэй. Улсын төсвийн хөрөнгөөр хийж буй геологийн судалгааны ажилд ч, хайгуулын компаниудын үйл ажиллагаанд ч иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэд саад хийж байна. Үүнийг засаж залруулах шаардлага бий. Аж ахуйн нэгжүүд уул уурхайн үйл ажиллагаа явуулаад нөхөн сэргээлт хийгээгүй орхисон тохиолдол бий. 1990-ээд оноос 2000-аад оны эх хүртэлх хараа хяналт сул байсан үед ийм асуудал үүссэн. Гэхдээ хавтгайдаа ийм биш. Үүнээс шалтгаалаад хөдөө орон нутгийн иргэд сөрөг ойлголттой болсон. Иргэний нийгмийн байгууллагууд үүнийг нь дэвэргэж хандах тохиолдол гаргадаг. 

Орон нутгийн зарим удирдлага ч салбарын нөхцөл байдлыг ойлгохгүй эсэргүүцэх, үйл ажиллагаанд нь саад болох тохиолдол гарч байна. Ашигт малтмалын орд нээгдээд, зөв төлөвлөлтөөр эдийн засгийн эргэлтэд оруулбал улсдаа ч, орон нутагтаа ч хэрэгтэйг ойлгоосой. Нутагтаа хайгуул хийлгэсний үр өгөөж юу вэ гэж хүмүүс харж байх шиг. Уг нь тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэх мэтээр үр өгөөжөө өгч байгаа. Төлбөрийг нь улсын төсөв рүү шууд татдаг тогтолцоотой явж ирсэн учраас үр өгөөжөөс нь орон нутагт хуваарилах асуудал орхигдоод байгаа нь үнэн. 

Тэгэхээр зарим татвар хураамжийг орон нутагт нь үлдээдэг зохицуулалт, хууль хэрэгжвэл иргэд уул уурхайн үр өгөөжийг шууд хүртэх, мэдрэх боломжтой. Хэдийгээр татвар, хураамжийг улсын төсөвт төвлөрүүлж байгаа ч, эргээд уул уурхайн салбарын орлогоос цалин, тэтгэвэр болж иргэдэд үр өгөөжөө өгч байгааг ойлгох хэрэгтэй.

-Хүн ам олноор төвлөрөн суудаг, гол, нууртай газрын иргэд нутагтаа хайгуул хийхийг хүчтэй эсэргүүцэж байгаа нь анзаарагддаг. Тэгэхээр ийм газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо болгоомжтой хандах хэрэгтэй юм болов уу?

-Судалгаанууд байгаа учраас малчдын өвөлжөө, хаваржаа, зуслангийн газарт тусгай зөвшөөрөл өгч буй зүйл байхгүй. Техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу төлөвлөлт хийж, үйл ажиллагаа явуулаагүйгээс хаягдлын далан нь сэтрээд уурхайн бохир ус гол руу нийлж, бохирдуулах тохиолдол мэр сэр гарсан. Ийм тохиолдолд орон нутгийн иргэд хүчтэй эсэргүүцдэг. Манай яамны зүгээс ийм байдлыг өөгшүүлэхгүй гэсэн байр суурьтай, холбогдох арга хэмжээ авч байгаа. Энэ асуудлыг ойрын хугацаанд цэгцэлж, уурхайнуудыг төлөвлөлтийн дагуу үйл ажиллагаа явуулдаг болгоно. Цэгцэлж чадвал хаана хаанаа нэгдсэн ойлголттой болж, уул уурхайг зөв өнцгөөс харах болов уу.

-“Уул уурхайг бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлье. Говь, тал хээрийн бүсэд уул уурхайг түлхүү ажиллуулж, гол ус, ой хөвчтэй хойд бүсэд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлье” гэсэн санал гарч байгаа. Уул уурхайг бүсчлэн хөгжүүлэх боломж бий юү?

-Бүсчилсэн хөгжил байж болно. Гэхдээ ерөнхий төсөөллөөр асуудалд хандаж болохгүй. Юунд суурилах вэ гэдгээ сайтар бодох учиртай. Манай улсын газар нутаг хойд тал нь хангай, дунд хэсэг тал хээр, өмнөд хэсэг нь говь гэсэн онцлогтой. Эхлээд бүс нутгийнхаа геологийн судалгааг бүрэн хийчих хэрэгтэй. Ашигт малтмалын ямар төрөл геологийн тогтоцын хувьд хаана хаана байна гэдгээ тодорхой болгох нь зүйтэй. Дараа нь хүнд болон жижиг дунд үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн салбараа хөгжүүлэх асуудлыг цогцоор нь судлах хэрэгтэй. 

Тэгээд хаана ямар бүс нутагт аль салбараа хөгжүүлэх вэ гэдгээ сайтар судалж шийдэх ёстой. Мөн экологийн судалгаа хийх хэрэгтэй. Ингэж тал талаас нь судалсны үндсэн дээр төлөвлөлт хийх шаардлагатай. Суурь судалгаа нь дутуу байхад төлөвлөлт хийх төвөгтэй. Ядаж 1:50 000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлаа бүрэн хийх хэрэгтэй юм. Ингэсэн тохиолдолд уул уурхай, хүнд үйлдвэрийн болон бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтийн суурь тодроод ирнэ.

-Геологи хайгуулд хийж буй хөрөнгө оруулалт хэр өсөж байна вэ?

-Маш тааруу гэж хэлж болно. Үүнд гадаад, дотоод хүчин зүйл нөлөөлж байгаа. Гадаадын хүчин зүйл гэвэл олон улсын зах зээлд ашигт малтмалын үнэ төдийлөн өндөр биш байна. Хайгуулын жижиг компаниуд үйл ажиллагаагаа хумьсан, харзнасан байдалтай байна. Дотоод хүчин зүйл гэвэл эрх зүйн нөхцөл төвөгтэй хэвээр байгаа. Манайх хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгох хууль баталсан. Төсвийн орлого бүрдүүлэх талаас бол энэ нь боломжийн хувилбар. 

Үүнтэйгээ давхар өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгох хувилбартай байх ёстой гэж мэргэжлийн хүний хувьд боддог. Ингэж байж бид хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг тэлнэ. “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” гэх мэт төрийн өмчит компаниудыг эс тооцвол хайгуулын ажил хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад тулгуурлаж явдаг. Ашигт малтмалын хайгуулын ажилд төрөөс хөрөнгө оруулдаггүй гэдгийг бодолцох ёстой. Хайгуулын ажил ерөнхийдөө хумигдмал байна. Тиймээс эрх зүйн орчныг бүрдүүлж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих хэрэгтэй.

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг хэзээнээс өргөдлийн дагуу олгож эхлэх вэ?

-Засгийн газраас өмнөх хуулийг хэрэгжүүлээд удаагүй байгаа учраас үр дагаврыг нь харж байж дараагийн санал шийдлийг шийдвэрлэе гэсэн байр суурьтай байгаа. Бид Ашигт малтмалын тухай хууль хэрэгжээд тодорхой хугацаа өнгөрлөө, үр дагаврыг нь харчихлаа, тэгэхээр хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаас гадна өргөдлийн дагуу олгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Өргөдлийн дагуу олгохын тулд хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн барилаа гэхэд Засгийн газраар, дараа нь УИХ-аар хэлэлцүүлнэ. Тодорхой хугацаа хэлэх боломжгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)