Б.МӨНХТУЯА: “Хурд” хамтлагийн дуунаас сэдэвлэн хоёр ч кино зохиол бичсэн

“Чононгоо” фильмийн захирал, продюсер, кино зохиолч Б.Мөнхтуяаг “Нямын зочин”-оор урилаа.

-Уран бүтээлийн гараагаа хэрхэн эхлүүлсэн юм бэ?

-2001 онд “Буцааж нэхэхгүй хайр” киногоор уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн. Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нар продюсероор ажиллан, миний зохиолоор кино бүтээсэн нь тэр. Би туслах найруулагчаар ажиллаж байлаа.

-Түүнээс хойш уран бүтээлээ завсарласан уу?

-2001-2007 оны хооронд уран бүтээлчид миний зохиолоор “Буцааж нэхэхгүй хайр” “Нулимсанд дэвтсэн хайр”, “Тэнгэрт харвасан од”, “Дутуу эдэлсэн жаргал” бүрэн хэмжээний дөрвөн уран сайхны кино хийсэн. Тэр болгонд би туслах найруулагч, зургийн даргаар ажиллаж байлаа. Кино хэрхэн бүтээдгийг мэдэх гээд л ядаад явсан юм. Түүний дараа “Битгий яваач”, “Би чамд хайргүй” нэртэй жүжгийн хоёр зохиол бичсэнийг Архангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид найруулан тавьсан. Тухайн үед залуу ч байж. Жилд нэг кино өлгийдөөд л, түүндээ онгирч ч явлаа. Тэгэхийн зэрэгцээ нэг тийм сонин мэдрэмж төрсөн юм. Хэдийгээр тухайн үеийн нийгмийн амьдралаас сэдэвлэсэн кино хийсэн ч нэг л сэтгэлд хүрдэггүй байв. Арилжааны кино хийж байхаар үлдэцтэй уран бүтээл хийх сэн гэж хүсдэг байв. Азаар “Үхэж үл болно: Чингис хаан” кинонд ажиллах боломж олдсон. Тус киноны Хэнтий аймагт авсан зургийн ажлын туслах найруулагчаар ажиллаж, Монголын кино урлагийн сор болсон хүмүүсээс үгийг нь сонсох завшаан гарсан. Үнэхээр сэтгэл зүрхээ зориулж ажилласан даа. Гэтэл киноны продюсер солигдсоноор намайг кино багаас хассан. Энэ шийдвэрт их гомдсон. Нөгөө талаас намайг маш их хурцалсан. Тэр үед “Барилгачдын голсон чулуу барилгын тулгуур чулуу болно” гэж эшлэл л санаанд орж байлаа. Тэгээд л өөрөө уран бүтээл хийхээр шийдсэн юм.

-“Чононгоо” фильмээ хэрхэн байгуулав?

-Аавыг өөд болоход дэргэд ээж минь байсан учир би уй гашуугаа даван туулж чадсан юм. Гэтэл ээжийгээ өөд болоход би үнэхээр хүнд байдалд орсон. Харин тэр үед зээ хүү минь мэндэлж, ээжийгээ алдсан харууслыг минь нөхсөн. Тэр үед “Одоо л ажилдаа оръё. Монголын хатдын түүхээр цуврал кино бүтээе гэж шийдсэн дээ. 2007-2015 оны хооронд би есөн хатны түүхээс сэдэвлэн кино зохиол бичсэн юм. Яваандаа 21 болгох зорилготой. Тэдгээрээс хамгийн эхнийх нь болох Алтайн нүүдэлчдийн домогт өгүүлдэг Чононгоо хатны нэрээр фильмээ нэрлэсэн.

-“Чононгоо”-гийн эхний уран бүтээл болох “Ээж” кино дэлгэцэд гарсан даруйдаа үзэгчдэд их таалагдсан.

-Нэгэнт фильм байгуулсан учраас уран бүтээл эхлэх хэрэгтэй, гэхдээ шуудхан түүхэн цуврал кино хийх боломжгүй учир өөр, орчин үеийн сэдэвтэй кино хийхээр шийдсэн. Надад долоо, найман кино зохиол бэлэн байсан юм. Гэсэн ч ээждээ, ханийг минь төрүүлсэн, өсгөсөн хоёр ээжид зориулж уран бүтээл хийхээр шийдсэн. Киноны гол дүрийг дүрслэхдээ ээжийнхээ болон ханийнхаа хоёр ээжийн зан чанар, туулж өнгөрүүлсэн түүхээс шингээсэн. Амьдралаас ургуулсан, эгэл ээжүүдээс сэдэвлэсэн дүрийг Ардын жүжигчин Д.Мэндбаяр эгч бүтээсэн нь хүмүүст илүү хүрсэн байх. Кино зохиолоо “Эх” нэртэйгээр бичиж, Б.Эрдэнэцэцэг найруулан, дэлгэцэд “Ээж” нэртэйгээр гаргасан. Хятадын CCTV-гээр гаргасан анхны монгол кино болсон. Тус телевиз дотроо олон жижиг сувагтай. Эхлээд нэг сувгаар нь гаргаад, үзэгчдэд хүрвэл дараа дараагийнхаар нь үзүүлдэг юм билээ. Манайх жижиг сувгуудаас нь гадна үзэгчдийн хүсэлтээр төв CCTV-гээр нь үзүүлж, эрэлттэй киногоор шалгарсан. Энэ онд дахин гаргах хүсэлтийг бидэнд тавьсан.

-“Ээж”-ийг олон улсын хэчнээн наадамд сойсон бол?

-Олон улсын 17 наадамд шалгарч оролцсоны есөөс нь шагнал хүртсэн.

-Ажиглах нь ээ, та киноныхоо дүрүүдийг бүтээх жүжигчдийг маш нарийн сонгодог хүн шиг санагдсан.

-Үнэнийг хэлэхэд би дүрийн сонгон шалгуулалтыг жүжигчин, найруулагч Д.Бямбацогт найздаа даатгачихдаг. Миний мундгийнх биш. Ирэх долоо хоногоос зургийг нь авч эхлэх шинэ уран бүтээлд тоглуулах жүжигчдийг ч найз минь сонгосон. Мөн Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг зөвлөхөөр ажиллана.

-Өнгөрсөн зун Ээж хадны домгоос сэдэвлэн кино бүтээсэн гэсэн. Үзэгчдэд яагаад хүргэхгүй байгаа юм бэ?

-Хүмүүс Ээж хайрханы тухай олон янзын домог ам дамжуулан ярьдаг юм билээ. Тэдгээрээс нэг нь миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Ганц хүүтэй эмэгтэй дайн, тулаанд амь үрэгдсэн хүмүүсийн зургаан хүүхдийг өсгөжээ. Хүүхдүүд нь ч эрийн цээнд хүрэн, дайнд мордож, зарим нь үрэгдэв. Тэр ээж хүүхдүүдээ эсэн мэнд ирээсэй хэмээн залбирч, Хэнтийн нуруунаас сунаж мөргөсөөр одоо Ээж хайрхан буй газар ирж мөнхөрсөн гэдэг. Ээжийгээ алдаад, зээгээ үзсэний дараа надад буцахдаа бэлдэж эхлэх болсон мэт санагдсан. Ингээд энэ домгоос сэдэвлэн зохиолоо бичиж, өнгөрсөн зун, намар дамнуулан зургаа авч дуусгасан. “Ээж хадны домог” киногоо бэлэн болгочихсон. Олон улсын кино наадмуудад сойхоор төлөвлөсөн ч коронавирусийн улмаас заримыг нь хойшлуулж, заримыг нь бүр цуцалчихлаа. Нөхцөл байдал хэвийн болтол хүлээнэ дээ.

-Ирэх долоо хоногоос шинэ уран бүтээлийн зургаа авч эхэлнэ гэлээ. Та өөрөө найруулна гэсэн үү?

-“Ээж хадны домог” кинонд залуу жүжигчин Б.Билгүүн тоглосон. Тус уран бүтээлд ажиллах үед түүний ур чадвараас гадна хувь хүнийг нь ажигласан юм. Ингээд дараагийн уран бүтээлдээ ч түүнтэй хамтран ажиллахаар шийдсэн. Киноны зохиолоо ч түүнээс юу гаргаж болох, түүнийг хэрхэн өөрөөр харуулж болохыг бодож бичсэн. Б.Билгүүн гэлтгүй Б.Хосчимэг, н.Анар нарын залуу уран бүтээлчийг найруулагчаар бэлтгэж байгаа. “Чононгоо” фильм залуу уран бүтээлчдийг дэмжиж, боловсон хүчнээ бэлтгэх зорилготой. Түүний зэрэгцээ туршлагатай ахмад уран бүтээлчдээ ч түших нь ойлгомжтой. Галт тэргээр зүйрлэвэл би толгой нь болж хэсэг чирээд, яваандаа эд нартаа даатгаж үлдээх хүсэлтэй юм. “Чононгоо” фильмийн гурав дахь уран бүтээл болох “Хор” киногоо би өөрөө найруулна. Бодит үйл явдлаас сэдэвлэсэн. Олон улсын А зэрэглэлийн 15 кино наадамд сойх зорилготойгоор бүтээж буй.

-Олон улсын наадмуудад бүтээлээ сойх хүсэлтэй залуу уран бүтээлч олон бий. Тэд юунд илүү анхаарах ёстой вэ. Манайхны гаргадаг нийтлэг алдаа юу бол?

-Олон улсын наадмууд явуулсан кино болгоныг оролцуулахгүй. Юуны түрүүнд киноны төрөл, хэлэх гэсэн санаагаа маш сайн тодорхойлох ёстой. Дараа нь тухайн төрлөөр дагнасан наадмууд болон тэр төрлийн кино өрсөлдөж болохуйц наадмуудыг судалж, бүтээлээ илгээх хэрэгтэй. Киноны зохиол, найруулга, жүжигчдийн ур чадварын хувьд манайхан хаана ч гологдохгүй. Харин дуу болон зураг авах ажил, пост продакшны гүйцэтгэл хоцрогдмол байгаа нь үнэн. Тэдгээрт анхаарах хэрэгтэй.

-Уран бүтээлд ажиллах явцдаа таны баримталдаг гол зарчим юу вэ?

-Хүн мөрөөдөж, итгэж, зорьж чадвал амжилтад хүрдэг. Би мөрөөдөлтэй залуустай хамтарч ажиллахыг хүсдэг. Мөрөөдлийнхөө төлөө ажиллаж буй хүн ямар эрч хүчтэй, тууштай байдаг гээч. Уран бүтээл бол хамтын хөдөлмөр. Олны өмнө ил харагддаг жүжигчин, найруулагчаас гадна киноны арын албыг үүрдэг уран бүтээлчдэдээ итгэдэг, тэднийг урамшуулдаг байх хэрэгтэй гэж боддог. Ээж минь тогоо дүүрэн хоол хийж, хавь ойрын хүмүүст хүртээчихээд өөрөө ёроолыг нь хуруугаараа хусаж, долоогоод “Сайхан хоол болжээ” гээд инээж суудаг хүн байлаа. Би “Чононгоо”-г зориод ирсэн хүмүүст яг л ээж шигээ сэтгэлээр хандахыг хичээдэг.

-Та найруулагч мэргэжил хаана эзэмшсэн юм бэ?

-Би “Харцага” кино урлагийн дээд сургуулийг төгссөн. Өөр мэргэжлээр сурчихаад элссэн болохоор ангийнхнаасаа эгч. Нэгдүгээр дамжаанд байхад “Буцааж нэхэхгүй хайр” анхны, хоёрдугаар дамжаанд “Нулимсанд дэвтсэн хайр” удаах киногоо олонд хүргэсэн. Тухайн үед хоёр кино хийгээд, тэдгээр нь хүмүүст хүрчихлээ гээд л хөөрч явлаа. Одоо харамсдаг юм. Кино гэж явж байхдаа би хичээлдээ бараг суугаагүй.

-Яагаад энэ мэргэжилд дурлав?

-Миний багын мөрөөдлүүдийн нэг нь жүжигчин болох байв. КУДС-ийн жүжигчний ангид шалгуулсан боловч тэнцээгүй. Тэгээд л “Харцага”-д элссэн. Оюутан байхад багш “Яг үнэндээ чи жүжигчин болох хүн биш” гэхэд нь их гомдож билээ. Гэхдээ “Чи найруулагч болж болно шүү дээ. Чамд авьяас байна” гэж хэлэхэд нь их урамшсан.

-Тэгвэл хэзээнээс зохиол бичиж эхэлсэн бэ?

-Сурагч байхаасаа л уран зохиолд сонирхолтой байлаа. Ангийн багш минь намайг “Шүлэг сайхан уншдаг. Зохион бичлэгийнхээ утга санааг сайн гаргадаг” гэж урамшуулдаг байв. Намайг уран зохиолд дөртэй болгосон хүн дээ. Би их удаан бодож яваад, буулгахдаа их хурдан биччихдэг онцлогтой. Би дотор хүнээ их сонсдог юм. Сэтгэлд багтаж, “Болно доо” гэж бодсон л бол болгохын төлөө бүхнээ зориулдаг, бүтээдэг.

-Кино зохиолыг найруулагч дэлгэцэд амилуулахдаа зохиолчийн дотроо төсөөлж бичсэнээс өөрчлөх үе бий. Тийм тохиолдолд танд харамсал, бухимдлын аль нь төрдөг вэ?

-Миний төсөөлж бүтээсэн “юм”-ны зүсийг хувиргаж, утга санааг нь өөрчлөхөд таатай санагдахгүй. Эмзэглэхээс илүү сэтгэлд дутуу санагддаг. Цухал төрдөг ч гэхэд болох юм. Гэхдээ нэгэнт би тухайн найруулагчид итгээд зохиолоо өгсөн л бол орхихоос аргагүй. Тэр зохиолын хувь заяа тийм л юм байлгүй.

-Яруу найраг оролддог уу?

-Ёстой чаддаггүй.

-Таныг “Хурд” хамтлагийн шүтэн бишрэгч гэж сонссон. Тус хамтлагийн хоёр ч дуунаас сэдэвлэн кино зохиол бичиж, олонд хүргэсэн байх аа?

-Ёстой үнэнч шүтэн бишрэгч. Бүх цомог нь бий. “Буцааж нэхэхгүй хайр” киноны зохиолоо “Хурд” хамтлагийн ижил нэрт дуунаас сэдэвлэн бичсэн. “Хурд”-ынхан ч намайг дэмжиж, тус дуугаа киноны үндсэн дуугаар ашиглахыг зөвшөөрсөн. Дараа нь “Дутуу орхисон жаргал” дуунаас нь сэдэвлэн “Дутуу эдэлсэн жаргал” киногоо бүтээсэн.

-Дараагийн уран бүтээлээ төлөвлөсөн үү?

-“Охин тэнгэр” нэртэй зохиол бэлэн бий. Байгаль эх, хүний амьдралыг зэрэгцүүлэн харуулсан кино. Киноны дийлэнх хэсэгт тусгай эффект, график ашиглах болохоор яарахгүй байна.

-Хатдын тухай цуврал киногоо хэзээ хийж эхлэх бол?

-Одоогоор Чононгоо, Алунгоо, Өэлүн, Сорхогтунбэхи, Чингис хааны Бөртэ, Есүй, Есүгэн, Хулан нарын дөрвөн хатан, Сорхоншарын охин Хадаан нарын түүхээс сэдэвлэсэн кино зохиол бэлэн байна. Зөвхөн Монголын түүхэн эх сурвалжууд, зохиолуудаас гадна гадаадын орчуулгын бүтээлүүдийг нэлээд судалж байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)